Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00541

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 25 001/ХТ2021/00541

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00548 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******-т холбогдох,

 

Урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын мөнгө бодож олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018.12.10-нд тус байгууллагад Хүний нөөцийн менежерийн ажилд орж туршилтын хугацаанд цалингүй ажиллаж байгаад 2019.02.01-ний өдрөөс тушаалаар томилогдон цалинжиж ажилласан. 2019.4.08-ны өдөр ажилдаа иртэл тодорхой үндэслэл шалтгаангүй ажлаас халсан. 2019.5.08-ны өдөр Орхон аймгийн Сум дундын анхан шатны шүүхэд ажил мэргэжилдээ эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, ажил олгогч байгууллагын зүгээс ажилд нь буцаан авах талаар маргаангүй хэмээн өгсөн тайлбарыг шүүх үндэслэн ажилд эгүүлэн тогтоосон захирамж гарган шийдвэрлэсэн. Ажилдаа эргэн орохоор хүлээсэн ч ажил олгогч тушаал шийдвэр гаргаж, холбоо барилгүй удсан ба өөрийн шууд удирдлага болох Дэд захиралтай ажилдаа орох талаар хэд хэдэн удаа холбогдсон боловч өөрийн биеэр ирж уучлалт гуйгаад өргөдөл бичээд захиралтай уулзаад үз гэдэг байр суурийг илэрхийлсэн тул Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гарган, албадан гүйцэтгүүлж 2019.12.09-ний өдөр Ажилд томилох тухай Б-19/26 тоот тушаалаар ажилдаа эргүүлэн тогтоогдсон. 2020.02.21-ний өдөр *******-т Хүний нөөцийн ажлын байр цомхтгогдож 2020.3.21-нээс хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл танилцуулагдсан тул ажлаас чөлөөлөгдөж байна. 1. Урьд эрхэлж байсан ажил мэргэжлээс үндэслэлгүй халагдсан тул 2019.4.08-ны өдрөөс 2019.12.09-ний өдрийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулах, 2. мөн дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 3. ажилгүй байсан хугацааг нөхөн тооцуулах тул 2020.01.01-нээс ээлжийн амралт авах эрх үүсч 2020.01.09-ний өдөр ээлжийн амралтаа биеэр бус эдлэхээр ажил олгогчид өргөдөл гаргасан татгалзсан хариулт өгч амралтын мөнгө бодож олгоогүй. Иймд ээлжийн амралтын мөнгө бодож олгох зэрэг нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүний нөөцийн менежер *******ыг манай үйлдвэрийн газарт дэд захирлаар ажиллаж байсан Д.Байгальмаагийн судлан санал болгосноор 2019.02.01-ний өдрөөс ажилд авсан. Ажиллаж эхлээд олон удаа алдаатай баримт, бичиг, тайлан, мэдээ, танилцуулга боловсруулж ажилдаа хариуцлагагүй хандаж байсныг тухай бүр гаргасан алдаа, дутагдлуудыг тайлбарлаж, хэлж өгч, зааж, зөвлөж, анхааруулж байсан. Хамгийн сүүлд 2019.03.25-ны өдөр аймгийн Засаг дарга Засгийн газрын хуралдаанд явахаас өмнө өглөөний 08:30 цагт намайг бэлэн байж, чухал баримт бичгүүд бэлдэж танилцуулах, батлуулах үүрэг өгсөн байсан. Би баримт бичгүүдийг боловсруулж дуусаад *******д зөвхөн хувилж авчрах үүрэг өгсөн. Урьд өмнө нь хариуцлагагүй алдаанууд гаргаад байсан учир өмнөх өдөр нь үүрэг даалгавар өгөөд, өглөө 30 минутын өмнө 08:00 цагт Засаг даргын өрөөнд баримт бичиг авчруулсан. Гэтэл миний боловсруулсан баримт бичгийн талыг авчирсан. Учрыг асуутал би дутуу хэвлэсэн байна хурдан хэвлээд ирье гээд явсан. Эргээд ирэхэд Засаг дарга замд гарах цаг тулаад танилцуулж амжаагүй. Энд үйлдвэрийн газар маш том хохирол амссан. Энэ талаар *******тай уулзаж гаргасан алдааг тайлбарлаад ажилдаа сайн суралцах хэрэгтэй байгаа талаар урьд нь удаа дараа хэлсэн, анхааруулсан, зааж зөвлөсөн, эрсдэлийг тооцоод өмнөх өдөр нь хэвлээд ир гээд явуулсан чухал бичиг баримтын талыг нь авчирсан. Ийм байдлаар би чухал ажлуудаа хариуцлагагүй хүнд даатгаад байж чадахгүй, манай ажилд тэнцэхгүй байна гэж хэлтэл ******* ажлаас халах гэж байгаа бол чамтай өөрөөр ярина гээд үгийн зөрүүгүй уурлаад гараад явсан. Хэд хоногийн дараа ******* өөр ажил олтол 2019 оны 04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл тасрах гээд байна, энэ асуудлыг шийдээд өгвөл өөр асуудал, гомдолгүй гэж хэлүүлсэн байхаар нь 2019 оны 03 дугаар сарын цагийг бүтэн, 04 дүгээр сарын цагийг 70 хувиар тооцож цалин олгон, нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл энэ цалингаа авч, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсний дараа шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэлтэй танилцаад цаашид ажилдаа хариуцлагатай хандаж, сайн суралцаж, ажиллана байх гэж үзээд ажилд нь авахад татгалзахгүй хариу тайлбар өгснөөр нэхэмжлэлийг хангасан шүүгчийн захирамж гарсан. Би ажилд эргүүлэн авна гэдгээ нэхэмжлэлийн хариу тайлбарт тодорхой илэрхийлсэн. ******* нэхэмжлэлдээ ажилд орохоор дэд захиралд хэд хэдэн удаа хандсан гэсэн байна. Шүүгчийн захирамж гарснаас хойш ажил олгогч буюу үйлдвэрийн газрын захирал надтай ирж уулзаагүй, утсаар ч яриагүй, огт хандаагүй. Гэтэл хавар, зун, намар өнгөрөөд 2019 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан байсан. Үүний дараа би *******тай уулзаад заавал ингэж шүүхийн шийдвэрээр асуудлаа шийдвэрлүүлж байхаар яагаад ирээд уулзаж болоогүй юм бэ, би ажилд авна гэдгээ албан ёсоор нэхэмжлэлийн хариу тайлбарт өгсөн. Би таныг ажилдаа ирж орох хүсэлтэй байгаа, үгүйг мэдэхгүй, тэгээд ч судалгаа, технологийн ажлаар би маш их ажилтай, завгүй байдаг, томилолтоор их явдаг, ирээд ажилдаа орох ёстой байсан талаар тайлбарласан. Би *******ыг хавар, зун, намар өөр ажил төрөл хийж байгаад, эсвэл амарч байгаад өвөл болохоор шүүхийн шийдвэрт хандсан гэж бодож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөн ажилд нь авъя гэсэн тайлбараа өгөөд 2019 оны 12 дугаар сард ажилд авсан. ******* ажилд эргэж ороод удалгүй 2020 оны 01 сард ээлжийн амралт авах хүсэлт гаргасан. Үйлдвэрийн газарт 2019 онд 3 сар ажилласан тул амралтын эрх үүсэхгүй, хуваарь, хууль, дүрэм, журмын дагуу амралт олгоно гэсэн хариу өгсөн. Байгууллагын 2020 оны бүтэц ТУЗ-өөр батлагдахад 2019 онд олон удаа цалингаа тавьж чадаагүй, цаашид зардал хэмнэх шаардлагатай гэж үзээд захиргаа зөвхөн 3 ажилтантай ажиллана гээд хүний нөөцийн менежерийн ажлын байрыг цомхтгосон. Энэ талаар шийдвэрийг 2020.02.21-ний өдөр *******д бичгээр танилцуулж, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохыг нэг сарын өмнө мэдэгдсэн. 2020.03.23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2020 оны 03 дугаар сарын ажилласан цагт харгалзах цалин болон хуулийн дагуу нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 750,000 төгрөгийг шимтгэлгүйгээр 2020.03.23-ны өдөр олгосон. Харин ч би буруу хэвлүүлсэн олон тооны танилцуулга, алдаатай боловсруулсан, хугацаа хоцрогдуулсан баримт бичиг, тайлангаас үүдсэн хохирлыг тооцож төлүүлээгүй. Иймд шүүгчийн захирамжийн дагуу ******* өөрөө ажилдаа ороогүй, өөрийн буруугаас огт ажиллаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00548 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-аас 2019.04.08-ны өдрөөс 2019.12.09-ний өдрийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын мөнгө олгуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 110,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...1. Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг үндэслэн шийдвэрлэжээ. Энэ нь: Хэрэгт авагдсан нотлох баримт болох 2019.4.08-ны өдөр ажлаас буруу халагдаж, 2019.5.08-ны өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилдаа эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, 2019.05.21-ний өдөр №00659 дугаартай шүүгчийн захирамжаар ажилдаа эргүүлэн тогтоогдсон. Ажлаас буруу халагдаад 1 сарын дотор шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн нь хугацааны хувьд зөрүүгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 2. Магадлалд: ...Ажил олгогчийн гаргасан тушаалын огноо зөрүүтэй байх тул ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан эсэхийг тогтоох боломжгүй байна... гэсэн нь хэргийн материалыг дутуу судласан байна гэж үзэж байна. 2019.05.21-ний өдөр №00659 дугаартай шүүгчийн захирамжаар ажилдаа эргүүлэн тогтоогдсоны дараа хэд хэдэн удаа холбогдсоныг эс тооцон дээрх захирамжинд тодорхой дурдсан ажил олгогч өөрөө тушаал гарган ажилд авах байсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгүүлж байж гаргасан 2019.12.09-ний өдрийн Ажилд томилох тухай Б-19/26 тоот тушаалаар ажилд эргүүлэн авсан ба ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай ажил хүлээн авснаас хойш 3 сарын дотор буюу 2020.03.09-ний өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хугацааны хувьд хуулийн дагуу тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм. 3. Мөн магадлалд: ...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.., 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хариуцуулсан нь зөв байна... гэж магадлажээ. Харин хэргийн нотлох баримтад: нэхэмжлэгч ******* би Ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл, 2019.05.21-ний өдөр №00659 дугаартай шүүгчийн захирамж, 2019.06.27-ны өдрийн Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай 142/ШЗ2018/03401 дугаартай шүүгчийн захирамж, №547 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Ажил олгогчийн 2019 оны 12 сарын Б-19/26 тоот ажилд томилох тухай тушаал /Нэхэмжлэгчийн хүсэлтээр ажил олгогчоос гаргуулсан/, 1 сарын үндсэн цалингийн хэмжээг тодорхойлсон баримт /Нэхэмжлэгчийн хүсэлтээр ажил олгогчоос гаргуулсан зэргийг шүүхэд нотлох баримтаар гарган хавсаргасан нь хэрэг хянан шийдвэрлэхэд нотлогдохгүй ойлгомжгүй зүйлгүй хэрэглэх ёсгүй хуулийн заалт хэрэглэсэн ба харин хариуцагч тал ажилд эргүүлэн аваагүй шалтгаанаа нотлох баримтаар огт гаргаж өгөлгүй бүтэн 8 сарын хугацаанд цалингүй ажилгүй байсаар нэхэмжлэгч миний амьдралд санхүүгийн эх үүсвэргүй нийгмийн болон эрүүл мэндийн даатгал завсардсан зэрэгт гомдолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардага болох 2019.04.08-наас 2019.12.09-ний өдрийг хүртэлх 8 сарын цалин болох /750,000*8= 6,000,000/ 6 сая төгрөг, мөн эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дээрх хугацаанд ажилласанд тооцон ээлжийн амралт эдлэх эрх үүсэх тул ээлжийн амралтын мөнгийг хуулийн дагуу бодож олгуулах зэрэг шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2019.04.20-ны өдрийн 142/ШШ2020/00548 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020.05.25-ны өдрийн 80 дугаартай магадлал зэргийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан 2019.4.08-ны өдрөөс 2019.12.09-ний өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын мөнгө бодож олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас үнэлж чадаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулаагүй нь буруу байна.

 

Нэхэмжлэгч ******* нь *******-т хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад 2019.4.08-ны өдөр ажлаас халагдаж, улмаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр 2019.5.21-ний өдрийн 142/ШШ2019/00659 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тус шүүгчийн захирамжийг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар биелүүлж, тус газрын захирлын 2019.12.04-ний өдрийн Б-19/26 дугаар тушаалаар *******ыг 2019.12.09-ний өдрөөс эхлэн үйлдвэрийн газрын Хүний нөөцийн менежерээр ажиллуулж, цалин, урамшууллыг зохих журмын дагуу олгохоор шийдвэрлэсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч ******* нь ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны буюу 2019.4.08-ны өдрөөс 2019.12.09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар 2020.3.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан, нэхэмжлэгч ажилд орсон 2019.12.09-ний өдрөөс нэхэмжилж буй олговрыг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар гомдол гаргах гурван сарын хугацааг тоолоход 2020.3.09-ний өдөр дуусахаар байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтууд, 2020.3.23-ны өдрийн төлбөрийн баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч *******д 2019 оны 4 дүгээр сараас хойш ажилгүй байсан хугацаанд цалин олгогдоогүй, тэрээр 2019.4.08-ны өдрөөс 2019.12.09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас энэ хугацааны олговор болон ээлжийн амралтын мөнгийг зохих журмын дагуу тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00548 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний ажилгүй байсан 2019.4.08-ны өдрөөс 2019.12.09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон ээлжийн амралтын мөнгийг хариуцагч *******-аас зохих журмын дагуу тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА