Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2020/01105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,

Хариуцагч: ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 6 082 495 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч ******* 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* овогтой ******* нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/4185 зээлийн шугамын гэрээ, БГ/4185 барьцааны гэрээг тус тус байгуулан 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай, орон сууц хашаа байшингийн зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд олох орлого,барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгчийн тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь ЗГ/4185 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа , дугаарын утсаар болон албан мэдэгдлээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрөөс 36.849 төгрөг, үндсэн хүүнээс 13.203 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.612 нийт 73.665 төгрөгийг төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөр нь 496.885 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.583.830 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222.805 нийт 2.303.521 төгрөг болж хуримтлагдсан байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/4185 тоот зээлийн гэрээг үндэслэн дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл: 496.885 /Дөрвөн зуун ерэн зургаан мянга найман зуун наян таван/ төгрөг, хүү: 1.583.830 /Нэг сая таван зуун наян гурван мянга найман зуун гучин/ төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 222.805 /Хоёр зуун хорин хоёр мянга найман зуун таван/ төгрөг, Нийт: 2.303.521 /Хоёр сая гурван зуун гурван мянга таван зуун хорин нэгэн төгрөгийг гаргуулах. Иймд хариуцагч Б.*******, В.******* нартай байгуулсан ЗГ/4185 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 2.303.521 /Хоёр сая гурван зуун гурван мянга таван зуун хорин нэгэн/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Зээлдэгч ******* овогтой ******* нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/4185 зээлийн шугамын гэрээ, БГ/4185 барьцааны гэрээг тус тус байгуулан 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай, орон сууц хашаа байшингийн зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд олох орлого барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгчийн тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь ЗГ/4185 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа , дугаарын утсаар болон албан мэдэгдлээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрөөс 36.849 төгрөг, үндсэн хүүнээс 13.203 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.612 нийт 73.665 төгрөгийг төлсөн. 2020 оны 05 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж 2.303.521 төгрөг нэхэмжилсэн боловч одоогийн байдлаар төлөлт хийгдээгүй. Тухайн зээлийн хугацаа нь 2020 оны 08 сарын 01 -ны өдөр дуусгавар болж байгаа тул зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн хүүний төлбөр 312.710 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 3.466.266 төгрөг нийт 3.778.976 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/4185 тоот зээлийн гэрээг үндэслэн дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл: 3,466,266 /Гурван сая дөрвөн зуун жаран зургаан мянга хоёр зуун жаран зургаан/ төгрөг, хүү: 312,710 /Гурван зуун арван хоёр мянга долоон зуун арван / төгрөг, Өмнөх нэхэмжлэлийн дүн: 2,303,521 /Хоёр сая гурван зуун гурван мянга таван зуун хорин нэгэн/ төгрөг, нийт: 6,082,495 /Зургаан сая наян хоёр мянга дөрвөн зуун ерэн таван/төгрөгийг гаргуулах. Иймд хариуцагч Б.*******, В.******* нартай байгуулсан ЗГ/4185 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 6,082,495 /Зургаан сая наян хоёр мянга дөрвөн зуун ерэн таван/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ******* нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч ******* овогтой ******* нь Тялс төгрөг ХЗХ-той 2018 оны 10 сарын 26-ны өдөр ЗГ/2852 тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 /Таван сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2019 оны 10 сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийг бүрэн төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний хугацаа дуусч зээлийг бүрэн төлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлэхэд бизнесийн орлого муудсан тул Махimus фитнес клубд ресепшиний орон тоонд ажилд орсон иймд сар бүрийн цалингаасаа зээлийн төлбөрөө хийнэ гэсэн тайлбарыг өгч байсан. Манай байгууллага нь ******* нөхцөл байдлыг харгалзан үзэж анх байгуулсан зээлийн гэрээний сарын хүү болох 8%-ийг бууруулан 5% болгон зээлийн гэрээг байгуулсан. Нөхцөл өөрчлөгдсөнөөр шинээр зээлийн гэрээ байгуулах шаардлагатай тул 2019 оны 08 сарын 30-ны өдөр ЗГ/4185 тоот зээлийн гэрээ байгуулж 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр болсон. Энэхүү сунгасан хугацааны турш мөн л адил төлөхгүй байнга шаардуулж байсан тул манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.******* би Гялс төгрөг Хадгаламж зээлийн Хоршооны Орхон салбарын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ******* би 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 2 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээл авч , ******* миний ХААН банкны 5323010609 данснаас Гялс төгрөгийн 5094685590 дансанд 3 сарын турш 1 529 000 төгрөг төлж барагдуулан , нэмж 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4 080 000 төгрөг нэмж зээл авч үүнээс хойш мөн миний дээрх данснаас болон бэлэн өгсөн мөнгө 3 236 000 төгрөгийн төлөлт хийсэн. Мөн миний нөхөр А.Тальлаасүрэн ХААН банкны 5024453594 данснаас мөн эргэн төлөлт хийж байсан. Одоо манай нөхөр хөдөө байгаа учир дансны хуулгыг авч үнийн дүнг гаргаж чадахгүй байна. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр надтай тооцоо нийлэхгүйгээр тулган шаардаж, Монгол банканд мэдээлэл явуулж хар жагсаалтанд оруулна хэмээн сүрдүүлж үлдэгдэл 4 000 000 төгрөг дээр шинэ гэрээ хууль бусаар хийсэн. Миний тооцоогоор зээлсэн 5 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн гэж үзэж байна. Иймд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож , нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч В.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: В.******* би 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Гялс хадгаламж зээлийн хоршооны орхон салбараас 2 500 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4 080 000 төгрөг мөн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл мөнгө 4 000 000 байхаар дээрх гэрээнүүдэд батлан даагч болсон. Миний хувьд Гялс хадгаламж зээлийн хоршооноос гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарын төлөөлөгч , ******* нар нь 2019 оны 08 дугаар сард өмнөх зээлийн үлдэгдэл болон хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4 сая төгрөг болсон, энэ 4 сая төгрөг дээрээ шинээр гэрээ хий, хийхгүй бол Монгол банканд мэдээлэл явуулж хар жагсаалтад оруулна гэж хэлээд, тооцоо ч нийлэлгүй хүчээр гарын үзэг зуруулуулсан. Одоо нэхэмжлэлд дурдсанаар 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б.******* миний ХААН банкны 5323010608 тоот дансанд 4 сая шилжүүлсэн зүйл байхгүй юм. Иймд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185 зээлийн шугаман гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Б.******* миний бие Гялс төгрөг Хадгаламж зээлийн Хоршооны Орхон салбарын шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад дараах тайлбар, хүсэлтийг гаргаж байна. Миний бие Б.******* нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээл авч, үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл өдөр бүр 25 000 төгрөг төлж байгаад мөн өдөр нэмж-4 080 000 төгрөг зээлээд гэрээ байгуулсан юм. Иймд *******ноос 2018 оны 08 дугаар сарын 09 болон мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтын шаардлагад нийцсэн хэлбэрээр гаргуулж, хэргийн материалд хавсаргаж өгнө үү. *******ноос гаргасан хариу тайлбарт ..... хүүг бууруулж зээлийн гэрээ байгуулсан, нөхцөл өөрчлөгдсөнөөр шинээр гэрээ байгуулах шаардлагатай тул гэрээ байгуулсан гэжээ. Зээлийн гэрээ болон гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар Иргэний хуульд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон ...... эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан тооцохоор мөн үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, эдгээр хэлбэр шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар хүсэлт нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хоршоо нь гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо, эргэн төлөлтийн талаар болон бусад шаардлагатай мэдээллээр нэг ч удаа хангаж байгаагүй, гэрээний гол нөхцөл болох хүү, зээлийн хүү хэрхэн бодож авах талаар тохиролцоогүй, 2018 оны 08, 10 дугаар сард байгуулсан гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй хэрнээ нэмэгдүүлсэн хүү 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс тооцсон, хуульд зааснаар зээлийг тодорхой хугацаатай зээлдэг байтал зээлийн эргэн төлөлтийг хуваарийг зээл авсны маргаанаас өгөхөөр зээлийн гэрээнд тусгасан зэрэг нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж, 2018 оны 08 сараас хойш намайг төөрөгдүүлж, хуурч мэхлэн гэрээ хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анх зээл хүссэн өргөдөл бичүүлж авахдаа 5 хувийн хүүтэй зээл олгож өгнө үү гэж бичүүлж авсан хэрнээ зээлийн гэрээнд 5 хувь гэдгээ урамшуулал гэх утгаар оруулсан байсан, \үүнийг тухайн үед байгуулсан гэрээ байхгүй тул яг ямар утгаар оруулсныг тодорхой хэлж мэдэхгүй байна\ мөн зээлийн хүү хэтэрхий өндөр өөрөөр хэлбэл жилийн хүү 96%, сарын хүү нь 8% \5%\ байгаа нь бусад банк болон эрх бүхий бусад зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас хэт өндөр байна, 2018-2020 оны хугацаанд Банкны дундаж бизнесийн зээлийн жилийн хүү 63-57% буюу нэг сарын хүү 2.1-1.9%, цалингийн зээлийн хүү 48-36%, нэг сарын хүү нь 1.6-1.2%, бусад зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг эрх бүхий байгууллагын бизнесийн зээлийн жилийн хүү 72-66%, нэг сарын хүү 2.4-2.2% байна. Миний бие Б.******* анх лангуу түрээслэн жижиглэнгийн худалдаа эрхэлж үр хүүхдээ тэжээх зорилготой зээл авсан гэтэл одоо лангууны түрээсээ төлж чадахгүй түрээслэгчид бүх бараа хураалган алдсан санхүүгийн хүнд нөхцөлд орсон байна. Худалдаа эрхэлж буй надад өдөр бүр эргэн төлөлттэй, нэг өдөр алгасахад хүү болон нэмэгдүүлсэн хүү бодон өгсөн мөнгийг үндсэн зээлээс хасагдах ямар ч нөхцөлгүй зээлийн хүүг бодох аргачлалаар бодож үйл ажиллагааг минь дампууруулсанд гомдолтой байна. Иймд нэмэгдүүлсэн шаардлага болон анх нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл: Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршоо болон Орхон салбар нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль болон Иргэний хуулийг зөрчиж, ашиг олох зорилгоор гишүүн гэх нэр төдий зүйлээр дулдуйдаж, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагын хүүгээс ч хэт өндөр хүү тогтоосон нь хуульд заасан ашгийн төлөө бус байх үндсэн зорилгоо зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ны Орхон салбар нь Б.*******, В.******* нарт холбогдуулан нийт 6 082 495 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.******* нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: ...Б.*******, В.******* нар нь эхний саруудад зээлээ төлж явж байгаад төлөлгүй хугацаа хэтэрсэн. Ингээд гэрээний хугацаа дууссан учир өөрийнх нь хүсэлтээр 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр шинээр гэрээ байгуулсан. Иймд 2018-08-30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай гэрээний дагуу нэхэмжлэлээ гаргасан... гэсэн.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч тал нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...2018-08-30-ны өдөр 4,0 сая төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж аваагүй, миний дансанд ийм мөнгө шилжиж ороогүй тул ЗГ/4185 дугаартай зээлийн шугаман гэрээ нь хүчин төгөлдөр гэж маргасан.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор заажээ.

Гялс төгрөг ХЗХ нь 2018-08-30-ны 4185 дугаартай 4,0 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулахдаа уг мөнгийг хариуцагч нарт шилжүүлээгүй, өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл дээр шинээр гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өөрийнх нь тайлбараар нотлогдож байна.

Иймд 4185 дугаартай зээлийн шугамын гэрээ нь хүчин төгөлдөр бус байх ба уг гэрээний дагуу мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас хүү нэхэмжлэх боломжгүй гэж үзэв.

Хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авч нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-с 2018-08-09-ны ЗГ/2572 дугаартай гэрээ, 2018-10-26-ны өдрийн ЗГ/2852 дугаартай зээлийн шугамын гэрээнүүдийг хэрэгт ирүүлсэн.

Нэхэмжлэгч тал дээрх хоёр гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгоогүй ч, хариуцагч тал уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.******* нь 2018-08-09-ны өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж 2 500 000 төгрөгийн зээл авсан байх ба энэ гэрээний дагуу 2 475 000 төгрөг, 2018-10-26-ны өдрийн ЗГ/2852 дугаартай зээлийн шугамын гэрээний дагуу 4 080 000 төгрөг тус бүр ******* дансанд орсон болох нь нотлогдож байх ба хариуцагч ч мөн хүлээн зөвшөөрсөн.

Дээрх хоёр гэрээг хариуцагч тал хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж буй нь тодорхойгүй байх ба уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

Тиймээс 2018-08-09-ны өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугамын гэрээ, 2018-10-26-ны өдрийн ЗГ/2852 дугаартай зээлийн шугамын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай зээлийн шугамын гэрээнд үндэслэж байгаа хэдий ч, өмнө авсан зээлийн гэрээгээ үндэслэж шинээр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг тул ******* дансанд Гялс төгрөг ХЗХ-ноос нийт 6 555 000 төгрөг шилжиж орсноос хариуцагч нь 5 507 000 төгрөгийг буцааж төлсөн болох нь талуудын тайлбарууд, дансны хуулгуудаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчид 1 048 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.*******г батлан даагч гэж тайлбарлан зээлийн төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд 4185 дугаартай зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гэдгээр гарын үсэг зурсан байх ба, В.******* уг зээлийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд авч хэрэглээгүй, ирээдүйд орж ирэх өөрийн орлогоо барьцаалж зээл аваагүй байх тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 520 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 29 702 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******ээс 1 048 000 төгрөг гаргуулан *******ны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 0340495 төгрөгийг, мөн В.*******д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай шугамын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 2018-08-09-ны өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугамын гэрээ, 2018-10-26-ны өдрийн ЗГ/2852 дугаартай зээлийн шугамын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 520 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 29 702 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА