Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2020/01149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******тоотод оршин суух *******овгийн А.С /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух *******овгийн С.Т /регистрийн дугаар *******/-д холбогдох,

2 480 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 1 533 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.С би нарийн боовны цех ажиллуулдаг бөгөөд Есөн-Эрдэнэ худалдааны төвийн А заалны 4-р лангууг түрээсээр ажиллуулж, бүтээгдэхүүнээ борлуулдаг юм. 2019-2020 оны 03 дугаар сар хүртэл Туяаг худалдагчаар авч ажиллуулсан. Ажиллах хугацаанд 2019 оны 10, 11, 12 дугаар сараас 2020 оны 01, 02 дугаар сарын тооцоо зөрүүтэй гарсан. Тооцоо нийлэх гэхээр дэвтрээ мартсан, олохгүй байна гэх мэт шалтаг тоочсоор өдийг хүрлээ. Тооцоо нийлсэн актан дээр гарын үсэг зур гэхээр би болохгүй ном уншуулсан, 3 жил хаяг, гарын үсэг зурж болохгүй гэж сонин юм ярьдаг. Би сүүлдээ шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өгсөн боловч бас л элдэв арга заль хэрэглээд маргаантай байсан учраас сум дундын шүүхэд хандаж байна. Би Туяаг цехэд ажиллаад тооцооноосоо хасуул гэхэд ажиллахгүй, заавал лангуунд ажиллана гээд зүтгээд байсан юм. Иймд тооллогоор гарсан зөрүү 2 480 000 төгрөгийг Туяагаас гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.С сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.С нь С.Тгийн нэхэмжлэхийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Би С.Тг 2018 оны 11-р сард Есөн-Эрдэнэ худалдааны төвд өөрийн нарийн боовны нэрийн лангуунд худалдагчаар авч ажиллуулсан юм. Энэ хооронд /2018 оны 11-р сараас 2019 оны 9-р сар/ тооцоо нийлэхэд зөрүү гарсан, манай охин тооцоо нийлж 26 864 төгрөгний зөрүү гарч арга буюу цалинг тооцож суутгаад 101 620 төгрөгний зөрүү үлдэгдэлтэйгээр тооцоо гарсан. Ингээд 3-4 хоног ажилдаа ирээгүй УБ хот явсан байсан. Би оронд нь Жаргал гэдэг хүнийг худалдагчаар авч ажиллуулсан, би Туяатай утсаар холбогдоход эмнэлэгт үзүүлсэн гэж байсан. Чамайг ажлаа хаяад явж байгаа юм байх гээд хүн авч ажиллуулж байгаа, чи ажиллавал 15 хоногоор ажилла, харин тооцоон дээр дахин алдаа гаргахгүй шүү гэж тохироод ажилласан юм. 2019 оны 10-р сард тооцоо тооллого хийж 367 520 төгрөгний зөрүү гарахад ийм байх ёсгүй би хүнд зээл өгсөн юм байгаа, за за би өөрөө ахиж бодоод тооцоо нийлнэ гэж хэлдэг. Би тооцоо нийлсэн актан дээр баримтжуулахаар гарын үсэг зуруулах гэхээр би болохгүй, хөл гарын үсгээ харж болохгүй, яагаад гэсэнд би 5 хүнээ алдсан юм 3 жил хөл гарын үсгээ зурж, хэлж болохгүй гэсэн гээд сонин юм яриад байсан. Уг нь бид 2 сууж тулгалт хийсэн гэвч эцсийн дүнг зөвшөөрдөггүй би өөрөө ирнэ гээд алга болдог, яасан гэхээр паданаа өгдөггүй, эсвэл дэвтрээ мартсан, дараа хийе гэсээр одоог хүрсэн. Гэтэл ээлжийн худалдагч Жаргалтай тооцоо нийлэхэд бага зэрэг зөрүү гарахад Жаргал 20, 30 мянган төгрөг төлөөд тооцоо дуусдаг. Гэтэл С.Ттай огт тооцоо нийлдэггүй, зөрүү их гардаг. Туяа би чиний тооцоо 2 сая гараад явчихлаа чамайг лангуун дээр ажиллуулахгүй, чи цехэд ажиллаж зөрүү мөнгөнөөсөө хасуул гэхэд би цехэд ажиллахгүй, заавал лангуун дээр ажиллана цехэд ажиллахгүй гээд зүтгээд байсан. Дараа нь манай лангууны өөдөөс харсан лангуун дээр 1 сарын хөлс төлөөд бараа тавьж ажиллуулсан тэгээд 1 сар суугаад гарсан. Би тооцоогоо хийе гэж тулгалт хийхэд цалингаасаа давсан тооцоо гарахаар ингэх ёсгүй гээд уурлаад явчихна. Тэгээд чи бүх баримт чинь байгаа орлого зарлага чинь тохирч байна гэхэд ер хүлээн зөвшөөрдөггүй арга ядаад надад итгэхгүй бол мэргэжлийн ня-бо-гоор бодуулаач гэж хэлж үзсэн. С.Тгийн хэлдэг үг актан дээр гарын үсэг зурахгүй ламд ном уншуулсан гэдэг л үг хэлдэг. Хамгийн сүүлд уулзаад би дараа ирж тооцоо хийе гэж хэлээд алга болсон. Би хүн амьтнаас асууж сураглаж байгаад хаягийг нь олжЭвлэрүүлэн зуучлах шүүхэд өгсөн бид 2-г уулзуулж тооцоо хийхгүй би мөнгө аваагүй гээд гараад явсан. Ингээд Эвлэрүүлэн зуучлах шүүх та 2 шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн. Иймд С.Т нийлэх баримтаа авч ирэх шаардлагатай байна. Мөн С.Т чи зөвхөн паданыхаа нэмээд эхний үлдэгдлээ нэмэхгүйгээр тооцоо буруу бодсон зэргээс хамаарч 5 сарын цалин болох 1 533 000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн тул нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Т нь А.Сгийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Би А.Сгийн 9 Эрдэнэ худалдааны төвийн лангуун дээр 2018 оны 11 дүгээр сарын 18-наас эхлэн худалдагчаар ажиллаж эхэлсэн. А.С бид хоёр тухайн үедээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сарын 350 000 төгрөгөөр цалинжихаар тохиролцож, сард 15 хоног ажиллаад 15 хоногт амрах, 2 худалдагч ээлжилж ажилладаг байсан. Тухайн үедээ А.С надтай болон ээлжийн худалдагч Жаргалтай тооцоо нийлээд бараагаа хүлээлцээд яваад байдаг байсан тул ямар нэгэн алдагдал дутагдал гарч байгаагүй. Тэгтэл А.С намайг лангуун дээр ажиллахаа болиод манай нарийн боовны цехэд ажилла тэгвэл би цехийн ажилтныхаа тоог гүйцээж байгаад улсаас тэтгэмж хөнгөлөлт авах гээд байна гэхээр нь би зөвшөөрөөгүй, түүнээс болж намайг 2020 он 03 дугаар сард ажлаас халсан. Тэгэхдээ надад сүүлийн 5 сарын цалин өгөөгүй байсан болохоороо түүнийгээ дарахын тулд өнөөдөр худал хуурмаг зүйл бичиж гаргаж ирэн надаас үндэслэлгүй мөнгө төгрөг нэхэмжилж байгааг эс зөвшөөрч байна. А.Сгийн шүүхэд гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт гэх зүйл нь намайг ажлаас гарах болсны дагуу сүүлд нөхөж хийсэн хуурамч тооцоо, тухайн цагтаа хийсэн тооцоо бол биш, энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болох байх яагаад гэвэл шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэж үзнэ. Энэ тооцоог сүүлд нэг өдөр сууж байгаад хийсэн тэгээд намайг гарын үсгээ зур гээд шахаад байхаар нь би хуурамч юман дээр гарын үсэг зурахгүй гэхэд А.С зур гээд шаардаад байхаар нь би арга ядаад ламд ном уншуулсан байгаа чадахгүй гэж хэлсэн. Тэгээд ч А.Сгийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн акттай хамт өгсөн падааныг нэмэхээр өөр тооцоо гарч ирж байгаа юм. Тухайлбал Акт 1-д 10 ширхэг падаан байгаа ба падаанд байгаа үнийн дүнг нэмэхээр 1 303 900 төгрөг болж байхад А Сэрчмаа 1 748 500 төгрөг гэж бичээд зарлагад 986 880 төгрөгийг хасаад тооллогоор 294 100 байсан зөрүү 367 520 төгрөг гэж бодсон нь үндэслэлгүй болсон. Акт 2, 3-т нийтдээ 24 ширхэг падаан байгаа ба 4 ширхэг падаан нь ээлжийн худалдагч Жаргалын авсан барааны падаан байгаа тул надад хамааралгүй тул 454 100 төгрөгийг хасч тооцно, падаанд байгаа үнийн дүнг нэмэхээр 2.237.100 төгрөг болж байна үүнээс 454 100 төгрөгийг хасахаар 1 783 000 төгрөг болж байхад А.С 2 087 500 төгрөг гэж бичээд зарлагад 1.663.200 төгрөгийг хасаад тооллогоор 1 150 600 байсан зөрүү 273 700 төгрөг гэж бодсон нь үндэслэлгүй болсон. /энэ хоёр тооцооны үнийн дүнг нэмж бодсон болно/ Акт 4-д 18 ширхэг падаан байгаа ба үнийн дүнг нэмэхээр 2.225.400 төгрөг болж байхад А.С 2 978 300 төгрөг гэж бичээд зарлагад 810 300 төгрөгийг хасаад тооллогоор 440 900 төгрөг байсан зөрүү 810 300 төгрөг гэж буруу бодсон. Акт 5-д 10 ширхэг падаан байгаа ба үнийн дүнг нэмэхээр 1 357 800 төгрөг болж байхад А.С 1 975 000 төгрөг гэж бичээд зарлагад 849 800 төгрөгийг хасаад тооллогоор 327 100 байсан зөрүү 798 300 төгрөг гэж буруу бодсон. Акт 6-д 17 ширхэг падаан байгаа ба падаанд байгаа үнийн дүнг нэмэхээр 3 632 600 төгрөг болж байхад А.С 4 482 800 төгрөг гэж бичээд зарлагад 3 101 568 төгрөгийг хасаад тооллогоор 1 150 100 байсан зөрүү 231 132 төгрөг гэж буруу бодсон. А.Сгийн тооцоогоор падааны үнийн нийт дүн нь 13 095 400 төгрөг болж байгаа боловч падаанд дурдсан үнийн дүнг нэмэхээр 10 756 800 төгрөг болж байна зөрүү нь 2 338 600 төгрөг болж байна. Эндээс харахад би ямар нэгэн дутагдал гаргаагүй болох нь тодорхой байгаа тул А.Сгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие С.Т нь А.Сгийн 9 Эрдэнэ худалдааны төвийн лангуун дээр 2018 оны 11 дүгээр сарын 18-наас эхлэн худалдагчаар ажиллаж эхэлсэн. А.С бид хоёр тухайн үедээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сарын 350 000 төгрөгөөр цалинжихаар тохиролцож, сард 15 хоног ажиллаад 15 хоногт амрах тул хагас цалингаар буюу 175 000 төгрөгөөр цалин авч өгөхөөр тохиролцож ажилласан. Тухайн үедээ А.С надад 175 000 төгрөгөө сар бүр гүйцэд өгдөггүй байсан 100 000, 150 000 гэх мэтээр хагас дутуу өгдөг би цалингаа нэхэхээр гайгүй болохоороо өгнөө гээд байсан, би гэртээ зүгээр сууж байхаар яахав гэж бодоод яваад байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сараас эхлээд 2020 оны 02 дугаар сар хүртэл надад огт цалин өгөөгүй, энэ үеэс эхлээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн тул сарын цалинг 400 000 төгрөг болгосон юм. Би Жаргал гэдэг хүнтэй ээлжилж 15 хоногоор ажиллаж, амардаг байсан харин зарим сардаа бүтэн ажилладаг. Би 2019 оны 10 дугаар сард 15 хоног ажилласан тул 200 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард 25 хоног ажилласан тул 333 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард бүтэн ажилласан тул 400 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 15 хоног ажилласан тул 200 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сард бүтэн ажилласан тул 400 000 төгрөгний цалин авах ёстой байсан боловч А.С надад огт цалин өгөөгүй. Би гэртээ зүгээр суухаар энд тэнд ажиллаж олны дунд явж байвал зүгээр юм уу, тэгж байгаад цалинг маань өгөх байх гэж бодоод өнөөдрийг хүртэл тэвчээд хүлээгээд яваад байсан юм. Иймд би А.Сгаас миний ажлын цалин хөлс болох 1 533 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.С нь С.Тд холбогдуулан 2 480 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.Т нь 1 533 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

С.Т нь А.Сгийн Есөн-Эрдэнэ худалдааны төвийн лангуун дээр 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш худалдагчаар ажиллаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжихаар тохиролцсон байх ба, хоёр худалдагч ажилладаг тул 15 хоногтоо цалингаа хувааж авдаг байсан талаар малууд маргаагүй.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... 2019 оны 10, 11, 12 дугаар сараас 2020 оны 01, 02 дугаар сарын тооцоо зөрүүтэй гарсан. Тооцоо нийлэх гэхээр дэвтрээ мартсан, олохгүй байна гэх мэт шалтаг тоочдог. Тооцоо нийлсэн актан дээр гарын үсэг зур гэхээр би болохгүй ном уншуулсан, 3 жил хаяг, гарын үсэг зурж болохгүй гэсэн гэдэг. Иймд тооллогоор гарсан зөрүү 2 480 000 төгрөгийг С.Тгаас гаргуулж өгнө үү... гэсэн.

Хэрэгт 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын тооцооны хуудсууд, мөн нэхэмжлэгчийн өөрийнх нь тооцсон гэх тооцоо нийлсэн акт ирсэн. Тооцоо нийлсэн гэх актууд дээр хариуцагч С.Т гарын үсэг зураагүй байдаг.

Нэхэмжлэгч тооцоо нийлсэн гэх актуудад нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа бөгөөд уг тооцоо нийлсэн гэх актын тооцооноос үзэхэд нийт тухайн сард хэдэн падаанаар хэдэн төгрөгний бараа бүтээгдэхүүн авсан, мөн эцсийн үлдэгдэл, зөрүү гэж тооцсон байх ба, нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа эхний үлдэгдэлийг бас тооцдог гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч мөн хэрэгт 2019 оны 10 сараас 2020 оны 3 сар хүртлэх тооцоо гэх баримт /гараар бичсэн/ өгсөн бөгөөд энэ нь хоёр талын тооцоо нийлсэн баримт биш, өөрөөр хэлбэл талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж үзэх боломжгүй байна. Уг баримт буюу тооцоонд жишээлбэл 2019 оны 10 сарын 01-15-ны өдрийн 10 хоногийн тооцоог бодохдоо: Жаргалаас эхний үлдэгдэл: хүнс, бараа, эхний үлдэгдэл, падаан орлого, нийт орлого гэсэн байх ба, Зарлагыг: бэлэн мөнгө, сүүний ашиг, цалин, зарлага, нийт зарлага гэсэн, мөн Эцсийн үлдэгдлийг: хүнс, бараа, эцсийн үлдэгдэл гэж тооцжээ.

Дээрх тооцооноос харахад эхний үлдэгдэл тооцооны талаар хэрэгт ямар нэгэн баримт байхгүй байна. Үүнийгээ нэхэмжлэгч энэ нь нөгөө худалдагчаас хүлээж авч буй бараа гэж тайлбарласан бөгөөд энэ нь хэдийд хэнээс хэдэн төгрөгний барааг хүлээн авсан талаар албан ёсны гарын үсэг бүхий баримт хэрэгт ирээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн тооцооны хуудсуудыг шалгаж үзэхэд падааных нь тооцоо өөрийнх нь тооцоо нийлсэн гэх баримтуудад гаргасан тооцооноос зөрүүтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргийг хуулиар хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгчийн хэрэгт ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сараас эхлээд 2020 оны 02 дугаар сард огт цалин өгөөгүй. Иймд цалин 1 533 000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн.

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба, хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахдаа: ...хоёр удаа л дансаар цалинг шилжүүлж өгч байсан гэдэг.

Хариуцагч 2019 оны 10 дугаар сараас хойших хугацааны цалинг нэхэмжилсэн. Хэдийгээр хоёр удаа дансаар цалинг шилжүүлсэн боловч өмнөх саруудын цалин дээр хариуцагч маргаагүй.

Нэхэмжлэгч: ...С.Тд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь бэлэн мөнгөнөөсөө аваад хэрэглэж бай, дараа нь тооцчихьё гэдэг байсан, мөн дутагдал гарвал цалингаасаа тооцоод хасуулаад явдаг байсан. Хүнийг юу гэж цалингүй ажиллуулах вэ дээ. Цалин өгөхгүй бол хүн юу гэж ажиллаад байхав дээ. Цалин энэ тэрийг нь тооцоод би нэхэмжлэлээ гаргасан гэсэн.

Нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч эсэргүүцэж үгүйсгээгүй.

С.Т нь анх 2018 оны 11 дүгээр сараас эхлэн А.Сгийн лангуун дээр худалдагчаар ажилласан гэж өөрөө тайлбарладаг бөгөөд түүнээс хойш 2019 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны цалин дээр маргаан гаргахгүй байгаа нь нэхэмжлэгчийн ...Туяад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь бэлэн мөнгөнөөсөө аваад хэрэглэж бай, дараа нь тооцчихьё гэдэг байсан, мөн дутагдал гарвал цалингаасаа тооцоод хасуулаад явдаг байсан гэсэн тайлбараар нотлогдсон гэж үзэхээр байна.

Тиймээс хариуцагч С.Т нь цалингаа ямар хэлбэрээр авч байсан нь тодорхойгүй байх ба, зөвхөн дансаар шилжүүлээгүй гэдэг үндэслэлээр цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадаагүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 54 630 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 39 478 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1. дэх хэсэгт заасныг баримтлан С.Тгаас 2 480 000 төгрөг гаргуулах А.Сгийн үндсэн нэхэмжлэлийг, А.Сгаас 1 533 000 төгрөг гаргуулах С.Тгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 54 630 төгрөг, хариуцагчийн төлсөн 39 478 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн дэвтрийг /ягаан алаг хавтастай/ хариуцагчид буцаан олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА