Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01100

 

 

                             А.С-гийн нэхэмжлэлтэй иргэний

                                 хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01149 дүгээр шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 121 дүгээр магадлалтай,

А.С-гийн нэхэмжлэлтэй,

С.Т-д холбогдох,

Барааны дутагдал 2,480,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, цалин 1,533,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.С- нь хариуцагч С.Т-д холбогдуулан худалдагчаар ажиллаж байхдаа дутагдуулсан төлбөр 2,480,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч цалин 1,533,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01149 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Т-гаас 2,480,000 төгрөг гаргуулах А.С-гийн үндсэн нэхэмжлэлийг, А.С-гаас 1,533,000 төгрөг гаргуулах С.Т-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 54,630 төгрөг, хариуцагчийн төлсөн 39,478 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн дэвтрийг хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 121 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01149 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Т-гаас 2,480,000 төгрөг гаргуулах А.С-гийн үндсэн нэхэмжлэлийг, А.С-гаас 1,533,000 төгрөг гаргуулах С.Т-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “... Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч С.Т-гаас дутагдал болох 1,432,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,047,540 төгрөгийг, А.С-гаас 1,533,000 төгрөг гаргуулах С.Т-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай ...” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 54,630 төгрөг, хариуцагчийн төлсөн 39,478 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй...” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,630 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Т-гаас 37,832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.С-д олгосугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч А.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.03-ны өдрийн 121 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Магадлалд “анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй” гэжээ. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндсэн нэхэмжлэлийн хувьд хууль ёсны үндэслэл бүхий болсон гэж үзэж, харин давж заалдах шатны шүүхийн магадлалыг дээрх зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үздэг. Учир нь анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн талаар дэлгэрэнгүй бөгөөд хэнд ч ойлгомжтой тайлбарлаж, тооцоо нийлсэн баримт, акт зэрэг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудын талаар үндэслэл бүхий тайлбарлан шийдвэрээ гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар тодорхойлж тайлбарлаагүй атлаа 11,625,900 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн, хариуцагч хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 6-90 дүгээр хуудаст авагдсан тооцооны хуудас, зарлагын баримтуудаар тогтоогджээ гэж буруу тооцоолж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн падааныг бүгдийг нь нэмбэл 11,210,900 төгрөг болох ба үүнээс н.Жаргалд өгсөн 4 падааны нийлбэр үнэ буюу 454,100 төгрөгийг хасахаар 10,756,800 төгрөг болно. Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч, хариуцагч нар цалингаа тогтмол хугацаанд банкны дансаар шилжүүлээгүй тул нотлох баримт бүрдүүлэх, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход хүндрэлтэй байсан болохоор анхан шатны шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж гомдол гаргаагүй. Миний хувьд сөрөг нэхэмжлэл хангагдах боломжтой байсан гэж үздэг тул Улсын дээд шүүх иргэний хэргийг бүхэлд нь хянаж  энэ талаар үнэлэлт өгөх байх гэж бодож байна.

4.2. Мөн магадлалд “...нэхэмжлэгчийн хэрэгт ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч тооцоо нийлсэн акт, баримтуудыг өөрөө гараараа нэг дор суугаад хуулж бичээд авчирч өгсөн эх хувийг хэрэгт өгөөгүй талаараа давж заалдах шатны шүүхэд хэлсэн. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хурал дээр энэ талаар огт дурдаагүй, миний өгсөн анхны баримтуудыг хэрэгт өгсөн гэж тайлбарлаж мэтгэлцсэн байхад анхан шатны шүүх гараар нэг цаг хугацаанд хуулж бичсэн баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь болон нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.3. “Хариуцагч нь хавтаст хэргийн 150 дугаар хуудаст 2019.10.01-ний өдрөөс 2019.10.15-ны өдрийг хүртэлх эцсийн үлдэгдэл бараа гэж нийт 4,408,300 төгрөг гэсний дараа зарлагдсан 1,047,540 төгрөг гэж тайлбарласнаас үзэхэд дээрх төлбөрийг нийт хүлээн авсан барааны үлдэгдэл дүнгээс хасаж тооцсон эсэх нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,480,000 төгрөгөөс хавтаст хэргийн 151 дүгээр хуудаст авагдсан хариуцагч С.Т-гийн бичсэн зарлага болох 1,047,540 төгрөгийг хасаж шийдвэрлэх нь үндэслэлтэй юм” гэж давж заалдах шатны шүүх буруу тооцоолж дүгнэсэн төдийгүй ээлжийн хоёр худалдагч буюу н.Жаргал, С.Т нарын ажил хүлээлцэж бараагаа өгч, авалцаж байсан баримтыг С.Т-, А.С- нарын бараа хүлээлцсэн баримт мэтээр, мөн С.Т-гийн А.С-д төлөх нийт төлбөр гэж буруу ойлгосон. Худалдагч нар сар бүр 15 хоног ажилладаг, ажлаа хүлээлцэхдээ бичиж байсан барааны үлдэгдлийг бичсэнээс биш нийт ийм мөнгөний төлбөрт ороогүй. Нэхэмжлэгч яагаад 2,480,000 төгрөг шаардаад байгаагаа тодорхойлж гаргаж ирээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад давж заалдах шатны шүүх 2,480,000 төгрөгөөс зарлага 1,047,540 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч А.С-гаас хариуцагч С.Т-д холбогдуулан худалдагчаар ажиллаж байхдаа дутагдуулсан төлбөр 2,480,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулж цалин 1,533,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 1,432,460 төгрөгийг гаргуулж, үлдэх 1,047,540 төгрөгт холбогдох шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож өөрчилсөн байна.

7. Нэхэмжлэгчээс “... 2019-2020 оны 3 дугаар сар хүртэл С.Т-г худалдагчаар авч ажиллуулсан. Ажиллах хугацаанд 2019 оны 10, 11, 12 дугаар сараас 2020 оны 01, 02 дугаар сарын тооцоо зөрүүтэй гарсан. Тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зур гэхээр элдэв арга заль хэрэглээд зурдаггүй, төлбөр тооцооны маргаантай учраас шүүхэд хандаж байна. Иймд тооллогоор гарсан зөрүү 2,480,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “... А.С надад сүүлийн 5 сарын цалин өгөөгүй байсан болохоороо түүнийгээ дарахын тулд худал хуурмаг зүйл бичиж надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. А.С-гийн шүүхэд гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт гэх зүйл нь намайг ажлаас гарах болсны дагуу сүүлд нөхөж хийсэн хуурамч тооцоо, тухайн цагтаа хийсэн тооцоо биш. Энэ тооцоог сүүлд нэг өдөр сууж байгаад хийсэн тэгээд намайг гарын үсгээ зур гээд шахаад байхаар нь би хуурамч баримт дээр гарын үсэг зурахгүй гээд зураагүй... Тэгээд ч А.С-гийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн акттай хамт өгсөн падааныг нэмэхээр өөр тооцоо гарч ирж байгаа юм. Тухайлбал, акт 1-д 10 ширхэг падаан байгаа ба падаанд байгаа үнийн дүнг нэмэхээр 1,303,900 төгрөг болж байхад А.С- 1,748,500 төгрөг гэж бичээд зарлагад 986,880 төгрөгийг хасаад, тооллогоор 294,100 төгрөг байсан, зөрүү 367,520 төгрөг гэж бодсон нь үндэслэлгүй ... А.С-гийн тооцоогоор падааны үнийн нийт дүн нь 13,095,400 төгрөг болж байгаа боловч падаанд дурдсан үнийн дүнг нэмэхээр 10,756,800 төгрөг, зөрүү нь 2,338,600 төгрөг байна. Эндээс харахад би ямар нэгэн дутагдал гаргаагүй болох нь тодорхой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “... Миний бие А.С-гийн лангуун дээр 2018.11.18-ны өдрөөс эхлэн худалдагчаар ажиллаж эхэлсэн. А.С- бид хоёр тухайн үедээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сарын 350,000 төгрөгөөр цалинжихаар тохиролцож, сард 15 хоног ажиллаад 15 хоногт амрах тул хагас цалингаар буюу 175,000 төгрөгөөр цалин авч, өгөхөөр тохиролцож ажилласан. Тухайн үедээ А.С надад 175,000 төгрөгөө сар бүр гүйцэд өгдөггүй байсан ба 100,000, 150,000 төгрөгөөр хагас дутуу өгдөг, цалингаа нэхэхээр гайгүй болохоороо өгнөө гэдэг байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сараас эхлээд 2020 оны 02 дугаар сар хүртэл надад огт цалин өгөөгүй, энэ үеэс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн тул сарын цалинг 400,000 төгрөг болгосон юм... Иймд цалин хөлс болох 1,533,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэснийг,

нэхэмжлэгч эс зөвшөөрч “...тооцоо нийлдэггүй, өр төлбөртэй гарсан, 5 сарын цалин болох 1,533,000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

8. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Нэхэмжлэгч 2019 оны 10 сараас 2020 оны 3 сар хүртэлх тооцоо гэх баримт өгсөн бөгөөд энэ нь хоёр талын тооцоо нийлсэн баримт биш, эхний үлдэгдэл тооцооны талаар хэрэгт ямар нэгэн баримт байхгүй, үүнийгээ нэхэмжлэгч нөгөө худалдагчаас хүлээж авч буй бараа гэж тайлбарласан боловч хэдийд хэнээс хэдэн төгрөгийн барааг хүлээн авсан талаар албан ёсны гарын үсэг бүхий баримт биш, түүнчлэн нэхэмжлэгчийн тооцооны хуудсуудыг шалгаж үзэхэд падааных нь тооцоо өөрийнх нь тооцоо нийлсэн гэх баримтуудад гаргасан тооцооноос зөрүүтэй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байх тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй... Хариуцагч С.Т- нь анх 2018 оны 11 дүгээр сараас эхлэн А.С-гийн лангуун дээр худалдагчаар ажилласан гэж тайлбарладаг бөгөөд түүнээс хойш 2019 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны цалин дээр маргаан гаргахгүй байгаа нь нэхэмжлэгчийн “... С.Т-д мөнгө хэрэгтэй байна гэхээр нь бэлэн мөнгөнөөсөө аваад хэрэглэж бай, дараа нь тооцчихъё гэдэг байсан, мөн дутагдал гарвал цалингаасаа тооцоод хасуулаад явдаг байсан...” гэсэн тайлбараар нотлогдсон гэж үзэхээр байна, тиймээс хариуцагч нь цалингаа ямар хэлбэрээр авч байсан нь тодорхойгүй, зөвхөн дансаар шилжүүлээгүй гэдэг үндэслэлээр цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадаагүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

9. Харин давж заалдах шатны шүүх “... Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хэрэгт ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагчид 2019.10.15-ны өдрөөс 2020.02.23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11,625,900 төгрөгийн барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон, хариуцагч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, хариуцагч нь 2019.10.01-ний өдрөөс 2019.10.15-ны өдрийг хүртэлх эцсийн үлдэгдэл бараа гэж нийт 4,408,300 төгрөг гэсний дараа зарлагдсан 1,047,540 төгрөг гэж тайлбарласнаас үзэхэд дээрх төлбөрийг нийт хүлээн авсан барааны үлдэгдэл дүнгээс хасаж тооцсон эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,480,000 төгрөгөөс хариуцагчийн бичсэн зарлага болох 1,047,540 төгрөгийг хасаж шийдвэрлэх үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангажээ.

10. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзлээ.

11. Учир нь, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тооцоо нийлсэн акт болон тэдгээрт хавсаргасан тооцооны хуудас, зарлагын баримтын дүн зөрүүтэй, нэхэмжлэгч нийт хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгснөөс хэдэн төгрөг дутсан нь бүрэн тогтоогдоогүй,  хавтаст хэргийн 151 дэх талд авагдсан хариуцагч С.Т-гийн бичсэн “зарлагууд” гэх бичвэрт тусгагдсан “...сүү 300,840 төгрөг авсан, хөргөгч тог мөнгө 140,0, буцаалт 124,800... зарлагдсан 1,047,540 төгрөг ...” гэх зэрэг тооцоо нь хариуцагчийн зарцуулсан буюу дутаасан мөнгө болох нь тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүх уг баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардсан төлбөрийн зөрүү гэх 2,480,000 төгрөгөөс хасаж, үлдэх 1,432,460 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

12. Иймд, “... нэхэмжлэгч яагаад 2,480,000 төгрөг шаардаад байгаагаа тодорхойлж гаргаж ирээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад давж заалдах шатны шүүх 2,480,000 төгрөгөөс зарлага 1,047,540 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 121 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01149 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 37,870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                           Б.МӨНХТУЯА