Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 121

 

А.Сгийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Тд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч  С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01149 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Сгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Тд холбогдох,

Барааны дутагдал 2.480.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч А.Сгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “А.С би нарийн боовны цех ажиллуулдаг бөгөөд “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн А заалны 4-р лангууг түрээсээр ажиллуулж, бүтээгдэхүүнээ борлуулдаг юм. 2019-2020 оны 03 дугаар сар хүртэл Туяаг худалдагчаар авч ажиллуулсан. Ажиллах хугацаанд 2019 оны 10, 11, 12 дугаар сараас 2020 оны 01, 02 дугаар сарын тооцоо зөрүүтэй гарсан. Тооцоо нийлэх гэхээр дэвтрээ мартсан, олохгүй байна гэх мэт шалтаг тоочсоор өдийг хүрлээ. Тооцоо нийлсэн актан дээр гарын үсэг зур гэхээр би болохгүй ном уншуулсан, 3 жил хаяг, гарын үсэг зурж болохгүй гэж сонин юм ярьдаг. Би сүүлдээ шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өгсөн боловч бас л элдэв арга заль хэрэглээд маргаантай байсан учраас сум дундын шүүхэд хандаж байна. Би Туяаг цехэд ажиллаад тооцооноосоо хасуул гэхэд ажиллахгүй, заавал лангуунд ажиллана гээд зүтгээд байсан юм. Иймд тооллогоор гарсан зөрүү 2 480 000 төгрөгийг Туяагаас гаргуулж надад олгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч С.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Миний бие С.Т нь А.Сгийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Би А.Сгийн “9 Эрдэнэ” худалдааны төвийн лангуун дээр 2018 оны 11 дүгээр сарын 18-наас эхлэн худалдагчаар ажиллаж эхэлсэн. А.С бид хоёр тухайн үедээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сарын 350 000 төгрөгөөр цалинжихаар тохиролцож, сард 15 хоног ажиллаад 15 хоногт амрах, 2 худалдагч ээлжилж ажилладаг байсан. Тухайн үедээ А.С надтай болон ээлжийн худалдагч Жтай тооцоо нийлээд бараагаа хүлээлцээд яваад байдаг байсан тул ямар нэгэн алдагдал дутагдал гарч байгаагүй. Тэгтэл А.С намайг лангуун дээр ажиллахаа болиод манай нарийн боовны цехэд ажилла тэгвэл би цехийн ажилтныхаа тоог гүйцээж байгаад улсаас тэтгэмж хөнгөлөлт авах гээд байна гэхээр нь би зөвшөөрөөгүй, түүнээс болж намайг 2020 он 03 дугаар сард ажлаас халсан. Тэгэхдээ надад сүүлийн 5 сарын цалин өгөөгүй байсан болохоороо түүнийгээ дарахын тулд өнөөдөр худал хуурмаг зүйл бичиж гаргаж ирэн надаас үндэслэлгүй мөнгө төгрөг нэхэмжилж байгааг эс зөвшөөрч байна. А.Сгийн шүүхэд гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт гэх зүйл нь намайг ажлаас гарах болсны дагуу сүүлд нөхөж хийсэн хуурамч тооцоо, тухайн цагтаа хийсэн тооцоо бол биш, энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болох байх яагаад гэвэл шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэж үзнэ. Энэ тооцоог сүүлд нэг өдөр сууж байгаад хийсэн тэгээд намайг гарын үсгээ зур гээд шахаад байхаар нь би хуурамч юман дээр гарын үсэг зурахгүй гэхэд А.С зур гээд шаардаад байхаар нь би арга ядаад “ламд ном уншуулсан байгаа чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд ч А.Сгийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн акттай хамт өгсөн падааныг нэмэхээр өөр тооцоо гарч ирж байгаа юм. Тухайлбал Акт 1-д 10 ширхэг падаан байгаа ба падаанд байгаа үнийн дүнг нэмэхээр 1 303 900 төгрөг болж байхад А Сэрчмаа 1 748 500 төгрөг гэж бичээд зарлагад 986 880 төгрөгийг хасаад тооллогоор 294 100 байсан зөрүү 367 520 төгрөг гэж бодсон нь үндэслэлгүй болсон. Акт 2, 3-т нийтдээ 24 ширхэг падаан байгаа ба 4 ширхэг падаан нь ээлжийн худалдагч Жын авсан барааны падаан байгаа тул надад хамааралгүй тул 454 100 төгрөгийг хасч тооцно, падаанд байгаа үнийн дүнг нэмэхээр 2.237.100 төгрөг болж байна үүнээс 454 100 төгрөгийг хасахаар 1 783 000 төгрөг болж байхад А.С 2 087 500 төгрөг гэж бичээд зарлагад 1.663.200 төгрөгийг хасаад тооллогоор 1 150 600 байсан зөрүү 273 700 төгрөг гэж бодсон нь үндэслэлгүй болсон. /энэ хоёр тооцооны үнийн дүнг нэмж бодсон болно/ Акт 4-д 18 ширхэг падаан байгаа ба үнийн дүнг нэмэхээр 2.225.400 төгрөг болж байхад А.С 2 978 300 төгрөг гэж бичээд зарлагад 810 300 төгрөгийг хасаад тооллогоор 440 900 төгрөг байсан зөрүү 810 300 төгрөг гэж буруу бодсон. Акт 5-д 10 ширхэг падаан байгаа ба үнийн дүнг нэмэхээр 1 357 800 төгрөг болж байхад А.С 1 975 000 төгрөг гэж бичээд зарлагад 849 800 төгрөгийг хасаад тооллогоор 327 100 байсан зөрүү 798 300 төгрөг гэж буруу бодсон. Акт 6-д 17 ширхэг падаан байгаа ба падаанд байгаа үнийн дүнг нэмэхээр 3 632 600 төгрөг болж байхад А.С 4 482 800 төгрөг гэж бичээд зарлагад 3 101 568 төгрөгийг хасаад тооллогоор 1 150 100 байсан зөрүү 231 132 төгрөг гэж буруу бодсон. А.Сгийн тооцоогоор падааны үнийн нийт дүн нь 13 095 400 төгрөг болж байгаа боловч падаанд дурдсан үнийн дүнг нэмэхээр 10 756 800 төгрөг болж байна зөрүү нь 2 338 600 төгрөг болж байна. Эндээс харахад би ямар нэгэн дутагдал гаргаагүй болох нь тодорхой байгаа тул А.Сгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч С.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

“Миний бие С.Т нь А.Сгийн “9 Эрдэнэ” худалдааны төвийн лангуун дээр 2018 оны 11 дүгээр сарын 18-наас эхлэн худалдагчаар ажиллаж эхэлсэн. А.С бид хоёр тухайн үедээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сарын 350 000 төгрөгөөр цалинжихаар тохиролцож, сард 15 хоног ажиллаад 15 хоногт амрах тул хагас цалингаар буюу 175 000 төгрөгөөр цалин авч өгөхөөр тохиролцож ажилласан. Тухайн үедээ А.С надад 175 000 төгрөгөө сар бүр гүйцэд өгдөггүй байсан 100 000, 150 000 гэх мэтээр хагас дутуу өгдөг би цалингаа нэхэхээр “гайгүй болохоороо өгнөө” гээд байсан, би гэртээ зүгээр сууж байхаар яахав гэж бодоод яваад байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сараас эхлээд 2020 оны 02 дугаар сар хүртэл надад огт цалин өгөөгүй, энэ үеэс эхлээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн тул сарын цалинг 400 000 төгрөг болгосон юм. Би Ж гэдэг хүнтэй ээлжилж 15 хоногоор ажиллаж, амардаг байсан харин зарим сардаа бүтэн ажилладаг. Би 2019 оны 10 дугаар сард 15 хоног ажилласан тул 200 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард 25 хоног ажилласан тул 333 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард бүтэн ажилласан тул 400 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 15 хоног ажилласан тул 200 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сард бүтэн ажилласан тул 400 000 төгрөгний цалин авах ёстой байсан боловч А.С надад огт цалин өгөөгүй. Би гэртээ зүгээр суухаар энд тэнд ажиллаж олны дунд явж байвал зүгээр юм уу, тэгж байгаад цалинг маань өгөх байх гэж бодоод өнөөдрийг хүртэл тэвчээд хүлээгээд яваад байсан юм. Иймд би А.Сгаас миний ажлын цалин хөлс болох 1 533 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.  

 

Нэхэмжлэгч А.С сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

 

“Миний бие А.С нь С.Тгийн нэхэмжлэхийг  эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Би С.Тг 2018 оны 11-р сард “Есөн-Эрдэнэ” худалдааны төвд өөрийн нарийн боовны нэрийн лангуунд худалдагчаар авч ажиллуулсан юм. Энэ хооронд /2018 оны 11-р сараас 2019 оны 9-р сар/ тооцоо нийлэхэд зөрүү гарсан, манай охин тооцоо нийлж 26 864 төгрөгний зөрүү гарч арга буюу цалинг тооцож суутгаад 101 620 төгрөгний зөрүү үлдэгдэлтэйгээр тооцоо гарсан. Ингээд 3-4 хоног ажилдаа ирээгүй УБ хот явсан байсан. Би оронд нь Ж гэдэг хүнийг худалдагчаар авч ажиллуулсан, би Туяатай утсаар холбогдоход эмнэлэгт үзүүлсэн гэж байсан. Чамайг ажлаа хаяад явж байгаа юм байх гээд хүн авч ажиллуулж байгаа, чи ажиллавал 15 хоногоор ажилла, харин тооцоон дээр дахин алдаа гаргахгүй шүү гэж тохироод ажилласан юм. 2019 оны 10-р сард тооцоо тооллого хийж 367 520 төгрөгний зөрүү гарахад ийм байх ёсгүй би хүнд зээл өгсөн юм байгаа, за за би өөрөө ахиж бодоод тооцоо нийлнэ гэж хэлдэг. Би тооцоо нийлсэн актан дээр баримтжуулахаар гарын үсэг зуруулах гэхээр би болохгүй, хөл гарын үсгээ харж болохгүй, яагаад гэсэнд би 5 хүнээ алдсан юм 3 жил хөл гарын үсгээ зурж, хэлж болохгүй гэсэн гээд сонин юм яриад байсан. Уг нь бид 2 сууж тулгалт хийсэн гэвч эцсийн дүнг зөвшөөрдөггүй би өөрөө ирнэ гээд алга болдог, яасан гэхээр паданаа өгдөггүй, эсвэл дэвтрээ мартсан, дараа хийе гэсээр одоог хүрсэн. Гэтэл ээлжийн худалдагч Жтай тооцоо нийлэхэд бага зэрэг зөрүү гарахад Ж 20, 30 мянган төгрөг төлөөд тооцоо дуусдаг. Гэтэл С.Ттай огт тооцоо нийлдэггүй, зөрүү их гардаг. Туяа би чиний тооцоо 2 сая гараад явчихлаа чамайг лангуун дээр ажиллуулахгүй, чи цехэд ажиллаж зөрүү мөнгөнөөсөө хасуул гэхэд би цехэд ажиллахгүй, заавал лангуун дээр ажиллана цехэд ажиллахгүй гээд зүтгээд байсан. Дараа нь манай лангууны өөдөөс харсан лангуун дээр 1 сарын хөлс төлөөд бараа тавьж ажиллуулсан тэгээд 1 сар суугаад гарсан. Би тооцоогоо хийе гэж тулгалт хийхэд цалингаасаа давсан тооцоо гарахаар ингэх ёсгүй гээд уурлаад явчихна. Тэгээд чи бүх баримт чинь байгаа орлого зарлага чинь тохирч байна гэхэд ер хүлээн зөвшөөрдөггүй арга ядаад надад итгэхгүй бол мэргэжлийн ня-бо-гоор бодуулаач гэж хэлж үзсэн. С.Тгийн хэлдэг үг актан дээр гарын үсэг зурахгүй ламд ном уншуулсан гэдэг л үг хэлдэг. Хамгийн сүүлд уулзаад би дараа ирж тооцоо хийе гэж хэлээд алга болсон. Би хүн амьтнаас асууж сураглаж байгаад хаягийг нь олж“Эвлэрүүлэн зуучлах” шүүхэд өгсөн бид 2-г уулзуулж тооцоо хийхгүй би мөнгө аваагүй гээд гараад явсан. Ингээд “Эвлэрүүлэн зуучлах шүүх та 2 шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн. Иймд С.Т нийлэх баримтаа авч ирэх шаардлагатай байна. Мөн С.Т чи зөвхөн паданыхаа нэмээд эхний үлдэгдлээ нэмэхгүйгээр тооцоо буруу бодсон зэргээс хамаарч 5 сарын цалин болох 1 533 000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн тул нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01149 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1. дэх хэсэгт заасныг баримтлан С.Тгаас 2.480.000 төгрөг гаргуулах А.Сгийн үндсэн нэхэмжлэлийг, А.Сгаас 1.533.000 төгрөг гаргуулах С.Тгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 54 630 төгрөг, хариуцагчийн төлсөн 39.478 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.С давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх миний гаргаж өгсөн баримтуудыг үнэлэхдээ тооцооны хуудсуудыг шалгаж үзэхэд падааны тооцоо болон бусад баримтууд нь өөрийнх нь тооцоотой нийлэхгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хариуцагч талаас миний гаргаж өгсөн тооцооны дэвтэр, падаанууд дээр худалдагч С.Т гарын үсэг зураагүй, гэхдээ ажиллаж байсан талаараа маргахгүй гэдгээ хэлж тайлбар гаргадаг. Гэхдээ нэхэмжлэгчийн гаргасан баримтуудад шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасныг шүүх хангаагүй байдаг. Миний гаргаж өгсөн падаанууд эх хувиар нь өгсөн байхад нотлох баримтыг гаргаж өгөөгүй, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Миний зүгээс өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй нь миний буруу байсан ч нотлох баримтуудад шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангасан бол тооцооны талаар талуудын зөрүүтэй гэх үнийн дүнг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Надад шүүхээс өмгөөлөгч авах боломжтой эсэх, хууль сануулж гарын үсэг зуруулахдаа хэлж тайлбарлаж өгөөгүй. Мөн шүүх хурлын мэтгэлцээний үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай дэлгүүрийн лангууны худалдагч С.Тг бүрэн орлож өмнөөс нь тайлбарлаж мэтгэлцэхгүй байна. Тиймээс би С.Тг шүүх хуралд оролцуулах талаар хүсэлт гаргаж, нүүр нүүрээ харж байж хэлэлцэхийг хүссэн боловч шүүх анхаараагүй. Хэрэв С.Тг шүүх хуралд өөрийг нь оролцуулсан бол асууж тодруулах, С.Тгийн хүнсний тооцоо хүлээж авсан, нөгөө худалдагчдаа хүлээлгэж өгч байсан, барааны үлдэгдлийг хэрхэн тоолж хүлээж авч байсан талаар асууж тодруулах байсан юм. Мөн ээлжийн худалдагч гэрч Жыг шүүх хуралд оролцуулж, С.Ттай бараа бүтээгдэхүүний үлдэгдлийг хэрхэн тооцож, тоолж, хүлээж авч байсан талаар хэлж гэрчлэх хүсэлтийг шүүх хуралд хэлсэн боловч мөн авч хэлэлцээгүй. Би сөрөг нэхэмжлэлийн тайлбар дээр С.Т өөрийг нь оролцуулах талаар хүсэлт гаргаж байсан болно. С.Тд ээлжийн худалдагч Ж хэдэн төгрөгний бараа хүлээлгэж өгсөн, хэдийг нь зарж борлуулсан эсэх барааны үлдэгдэл, орлого, зарлага зэргийг шүүх хурал дээр ойлгомжтой ярьж хэлсэн боловч шүүх миний гаргаж өгсөн падаан, тооцооны дэвтэр зэрэг нь хоорондоо зөрүүтэй байна гэж үзсэнд гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01149 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгч Б.Баасанжав хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч талууд шүүхэд нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргахдаа хуульд заасны дагуу гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг хангуулахаар өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй. Зохигчид энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн тул анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн падаанууд нь эх хувиараа ирсэн боловч тооцоо нийлсэн акт дээрээ илт зөрүүтэй бодож тооцсон, урдны үлдэгдэл гэж бичсэн зүйлийнхээ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, үнэхээр ийм үлдэгдэл байсан эсэх нь тодорхойгүй байсан тул шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Өмгөөлөгч авах эрхтэй талаар шүүх хурал дээр шүүгч болон шүүгчийн туслахууд байнга хэлдэг, эрх үүрэг танилцсан баримт дээр зохигчид гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчийг өмгөөлөгч авах эрхийг хангаагүй гэж үзэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дах хэсэгт “өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй” гэж заасны дагуу хариуцагч С.Т биечлэн оролцоогүй, энэ хүсэлтийг шүүх хүлээж авах боломжгүй. Хүсэлтийг нь шүүхэд гаргахдаа тусад нь гаргаж, өгдөг харин тайлбар дотор бичсэн зүйлийг хүсэлт гэж хүлээж авахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв хэрэглэж, тайлбарлаж, хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэсэн байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01149 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.С нь хариуцагч С.Тд холбогдуулан худалдагчаар ажиллаж байхдаа дутагдуулсан төлбөр 2.480.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,  хариуцагч С.Т нь нэхэмжлэгч А.Сд холбогдуулан цалин  1.533.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1. дэх хэсэгт заасныг баримтлан С.Тгаас 2.480.000 төгрөг гаргуулах А.Сгийн үндсэн нэхэмжлэлийг, А.Сгаас 1.533.000 төгрөг гаргуулах С.Тгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116  дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Хариуцагч С.Т нь нэхэмжлэгч А.Сгийн Есөн-Эрдэнэ худалдааны төвийн лангуун дээр 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш худалдагчаар ажиллаж эхэлжээ.

Нэхэмжлэгч А.С  хариуцагч С.Т нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргийг хуулиар хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгчийн хэрэгт ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 10 дугаар сарын 15-наас 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртлэх хугацаанд нийт 11.625.900 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн, нь хариуцагч С.Т нь хүлээн авсан болох нь х/х-ийн 6-90 дүгээр хуудсанд авагдсан тооцооны хуудас, зарлагын баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч нь би ямар нэгэн дутагдал гаргаагүй тул А.Сгийн гаргасан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө гэж тайлбар гаргаж байгаа боловч тэрээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын  үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д заасан

 

 

“нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч нь х/х-ийн 150 дугаар хуудсанд 2019 оны 10 дугаар сарын 1-нээс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх эцсийн үлдэгдэл бараа гэж нийт 4.408.300 гэсний дараа зарлагадсан 1.047.540 төгрөг гэж тайлбарласнаас үзэхэд дээрх төлбөрийг нийт хүлээн авсан барааны үлдэгдэл дүнгээс хасч тооцсон эсэх нь тодорхойгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2.480.000 төгрөгнөөс х/х-ийн 151 дүгээр хуудсанд авагдсан хариуцагч С.Тгийн бичсэн зарлага болох 1.047.540 төгрөгийг хасч шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.

Хариуцагч С.Т нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжихаар тохиролцож, хоёр худалдагч ажилладаг тул 15 хоногтоо цалингаа хувааж авдаг байжээ. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч А.Сгийн давж заалдсан гомдлын зарим хэсэг нь үндэслэлтэй байх тул хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч А.Сгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.630 төгрөгийг буцаан олгох зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01149 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг  “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1. дэх хэсэгт заасныг баримтлан С.Тгаас 2.480.000 төгрөг гаргуулах А.Сгийн үндсэн нэхэмжлэлийг, А.Сгаас 1.533.000 төгрөг гаргуулах С.Тгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг  “...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1. -д зааснаар хариуцагч С.Тгаас дутагдал болох 1.432.460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.047.540 төгрөгийг, А.Сгаас 1.533.000 төгрөг гаргуулах С.Тгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай ...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1.-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 54.630 төгрөг, хариуцагчийн төлсөн 39.478 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй...” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1.-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.630 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Тгаас 37.832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Сд олгосугай... ” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч А.Сгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                                    Б.БАТТӨР