Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2021/00045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-14-23 тоотод оршин суух Чулуут овгийн Моломжавын Нямсүрэн /регистрийн дугаар ИЙ81090201/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох,

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020-06-03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал нь хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн онлайнаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Нямсүрэн нь тус үйлдвэрийн БЗЦ-д 2003 оноос 2007 он хүртэл нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2007 оноос 2019.03 сар хүртэл РСЦ"-д нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2019.03 сараас РСЦ" ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2019.08.01-нээс "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын БЗЦ-ийн хүний нөөцийн мэргэжилтнээр Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 1-р орлогч Ерөнхий инженер Т.Батмөнхийн орон тооны хувиар баталсны дагуу өнөөг хүртэл ажиллаж байна. Гэтэл жирэмсний амралттай буюу хүний нөөцийн мэргэжилтэн Л.Бат-Итгэлийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд тус албанд хүний нөөцийн мэргэжилтнээр түр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсугай гэсэн Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020.06.03-ний өдрийн Б/933 дугаартай тушаал гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Уг тушаалаар миний өмнө ажиллаж байсан хүний нөөцийн мэргэжилтэн нь түр орон тоонд бус үндсэн ажилтнаар ажиллаж байсан ба тус үйлдвэрт 17 жил тасралтгүй өнөөг хүртэл ажилсаар ирсэн болно.

Иймд "Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020.06.03-ний өдрийн Б\933 дугаартай тушаалыг М.Нямсүрэн миний бие нь эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож, ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Нямсүрэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулахдаа: Анх шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлага: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020.06.03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа үндэслэл: Миний бие М.Нямсүрэн нь тус үйлдвэрийн БЗЦ-д 2003 оноос 2007 он хүртэл нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2007 оноос 2019.03 сар хүртэл РСЦ ХХК-д нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2019.03 сараас РСЦ ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, 2019.08.01-ээс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 1-р орлогч Ерөнхий инженер Т.Батмөнхийн орон тооны хувиар баталсны дагуу "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын БЗЦ-ийн хүний нөөцийн мэргэжилтнээр өнөөг хүртэл ажиллаж байна. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын бүтцийн нэгж болж өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Батмөнхөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ажилтны орон тооны хуваарь: Барилга засварын цех-ийн дагуу Ажил хуваарилагч-аар хуваарилагдсан байсан ажилтан Л.Бат-Итгэлийг хуваарилагдсан ажилд нь томилохгүйгээр тус албанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэж, харин батлагдсан хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг Хүний нөөцийн мэргэжилтнээр томилохгүйгээр 2020.06.03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалаар Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаа Л.Бат-Итгэлийн оронд түр томилсон агуулгаар тушаал гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Бодит байдал ийм байгаа учир өмнөх нэхэмжлэлийн гаргасан шаардлагатайгаа уялдуулан эхлээд уг маргаан бүхий тушаал нь хууль бус болохыг тогтоож, үүний зэрэгцээ тус маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, хүчин төгөлдөр батлагдсан хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгаж шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Иймд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020.06.03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал нь хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Нэмэгдүүлж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлага: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020.06.03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал нь хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах тухай гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Нямсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дугаар тушаалаар РСЦ ХХК-ийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулах тушаал гарч РСЦ ХХК нь үйлдвэрийн нэг цех болсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг тогтоолыг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаалаар үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан. Бүтэц орон тоо баталсан дээрх тушаалын хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтцийг баталж, хавсралт 2.31-ээр тус цехийн орон тоог баталсан бөгөөд хавсралт 2.31-ээр баталсан цехийн орон тоонд хүний нөөцийн алба нь хүний нөөцийн мэргэжилтэн-2 гэсэн орон тоотой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. 40.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй. гэсэн заалтуудыг тус тус үндэслэн РСЦ ХХК-ийн статус үйлдвэрийн газрын Барилга засварын цех болон өөрчлөгдсөн тул РСЦ ХХК-д ажиллаж байсан ажилтнуудын эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилтан гэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч М.Нямсүрэн нь РСЦ ХХК-ийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цех болгохоос өмнө РСЦ ХХК-д нарийн бичиг- бичээчээр ажиллаж байгаад РСЦ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр шилжин ажиллаж байсан. Харин РСЦ ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн алба нь Хүний нөөцийн мэргэжилтэн Э.Чимэгмаа /РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.02.05-ны Б/32 дугаар тушаалаар/, Ахлах хүний нөөцийн мэргэжилтэн, хуульч Л.Бат-Итгэл /РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.03.13-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар/ гэсэн 2 хүний нөөцийн мэргэжилтэнтэй ажиллаж байсан. РСЦ ХХК-д Ахлах хүний нөөцийн мэргэжилтэн, хуульч Л.Бат-Итгэл нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр жирэмсний амралтаа авч, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөгөө авсан. РСЦ ХХК-ийг Барилга засварын цех болгосноос хойш Л.Бат-Итгэлийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулах тухай тушаал гараагүй байж байгаад Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/931 дүгээр тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч М.Нямсүрэн нь РСЦ ХХК-д Захиргаа хүний нөөцийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтэц орон тоог баталсан тушаалаар уг орон тоо цомхтгогдсон тул жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан Л.Бат-Итгэлийн оронд ажил үүргийг нь гүйцэтгэж байсан учраас Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаалаар Л.Бат-итгэлийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хүний нөөцийн мэргэжилтнээр түр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаал нь хэвээр хадгалагдана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь энэ нөхцөл байдлыг ойлгохгүйгээр Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтний үндсэн орон тоонд ажиллах ёстой гэж өөрийгөө үзэн Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал нэмэгдүүлж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: М.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Батмөнхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан барилга засварын цехийн орон тооны хуваарийг үндэслэн Л.Бат-Итгэлийг ажил хувиарлагчаар томилсон талаар дурдсан байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг тогтоолыг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаалаар үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан. Уг тушаалыг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дугаар тушаалаар РСЦ ХХК-ийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулах тушаал гарч РСЦ ХХК нь үйлдвэрийн нэг цех болсон. Ерөнхий захирлын цех, бүтцийн нэгжүүдийн бүтэц орон тоог баталсан тушаалыг үндэслэн үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засан хариуцсан орлогч ажил үүргийн хуваарийн дагуу цех, бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчид, ажилтны орон тооны хуваарийг баталдаг. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн орон тооны хуваарийг үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч баталсан. Нэхэмжлэгч нь Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр ямар орон тооны хуваарь батлуулсан талаар яриад байгаа нь ойлгомжгүй байна. Цех бүтцийн нэгжүүдийн орон тооны хуваарийг Ерөнхий захирлын бүтэц орон тоог баталсан тушаалыг үндэслэн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч, захирлууд баталсаар ирсэн. Хэрэгт ч Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор батлуулсан Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь-ийг үйлдвэрийн газрын Эдийн засгийн хэлтсээс гаргуулан авч нотлох баримтаар өгсөн байгаа. Нөгөөтэйгүүр орон тооны хуваарь дээр албан тушаалын нэр, уг албан тушаалд хэдэн орон тоо байгаа, зэрэг, зэрэглэл код, тарифт цалингийн ангилал, нэгдсэн тарифын сүлжээний шатлал, цалингийн шатлалын дээд, дунд, доод хязгаарыг хэдэн төгрөгөөр тогтоох, ажлын хуваарь, ажлын байрны байршил зэрэг тухайн ажлын байранд хэдэн хүнийг, хэдэн төгрөгийн цалингаар, цалингийн ямар шатлалаар бодож явах талаарх мэдээллийг харуулсан баримт бичиг юм. Энэ нь тухайн бүтцийн нэгжийн бүтэц орон тоонд үндэслэн тухайн цехэд тогтмол мөрдөгдөх баримт бичиг юм. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийг нь орон тооны хувиараар хүний нөөцийн мэргэжилтэн гэж бичсэн, Л.Бат-Итгэлийг ажил хувиарлагч гэж бичиж баталсан гэж яриад байгаа нь огт үндэслэлгүй юм. Ямар ч цех, бүтцийн нэгжийн орон тооны хуваарьт дээрх мэдээллүүд л байдаг хүний нэрээр баталсан орон тооны хуваарь байхгүй юм. Мөн нэхэмжлэгч нь Л.Бат-Итгэлийг ажил хувиарлагч болсон гэдгийг нотлох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж үйлдвэрийн газраас нотлох баримт бүрдүүлээд байх шиг байна. Үүндээ Барилга засварын цехийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 тоот тушаал, Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас №0590059, уг хуудсаар жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсаар олгосон цалингийн хуудас зэргийг гаргуулан авсан. Гэтэл дээрх баримтууд нь хууль ёсны дагуу үйлдэгдсэн баримт материал огт биш юм. Учир нь Л.Бат-Итгэл нь тус үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт 2019.11.05-ны өдөр өргөдөл гаргаж, өргөдөлдөө ...Л.Бат-Итгэл миний бие 2018.03.2-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 100 хувийн охин компани болох РСЦ ХХК-д хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, хуульч албан тушаалд томилогдсон. РСЦ ХХК нь үйлдвэрийн газрын бүтцийн нэгж болж одоогийн байдлаар хэрэгжилтийн шатанд явж байгаа боловч миний хөдөлмөрийн гэрээ болон ажил, албан тушаалд ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй болно. Мөн миний бие 2019.07.18-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт эдлэн, 2019.09.26-ны өдрөөс амаржсан. Амаржсан даруйдаа Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авахын тулд эмнэлгийн байгууллагаас амаржсан тухай хуудас бичүүлж, цехийн даргаар баталгаажуулах зорилгоор ажилтан М.Нямсүрэнд өгүүлсэн. Гэтэл ажилтан М.Нямсүрэн эмнэлгээс бичиж өгсөн хуудсыг дур мэдэн устгаж, өөрөө дахин очиж хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалыг ажил хувиарлагч болгон өөрчлөн бичүүлсэн. Энэхүү бичиг баримтыг хувийн санаа сэдлээр хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна гэсэн байдаг. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын 2019.11.28-ны өдрийн 113/527 тоот албан бичгээр уг гомдлыг судалж, дүгнэлт гаргуулахаар Хуулийн хэлтэст хандсан. Хуулийн хэлтсээс уг гомдлыг болон холбогдох баримт материалыг бүрдүүлэн судалж үзээд ...Л.Бат-Итгэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй байгаа хэдий ч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилга засварын цехийн бүтэц орон тооны хувиарийг үндэслэн /Хавсралт1.31, Хавсралт 2.31/ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасны дагуу түүний эрхэлж буй ажил, албан тушаал хэвээр хадгалагдахаар заасны дагуу түүнийг Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн гэж үзэх үндэслэлтэй юм. Барилга засварын цехийн дарга нь Л.Бат-Итгэлийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд байх ажил эрхлэлтийн мэдээллийг ажил хувиарлагч болгон өөрчилсөн нь гомдолд хавсарган ирүүлсэн Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас №0590059-аар нотлогдож байна. Л.Бат-Итгэл нь Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас №05900045-ыг амаржсаны дараа цехийн даргадаа ирүүлснийг Барилга засварын цехийн даргын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 40/228 тоот албан бичгээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Ерөнхий эмч Б.Одноод хандан ...Л.Бат-Итгэл нь Захиргааны санаачлагаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цех /БЗЦ/-ийн Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсгийн Ажил хувиарлагчаар ажиллах тул Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудасны Хаана ямар ажил эрхэлдэг гэсэн хэсэгт албан тушаалын залруулга хийж өгнө үү...гэсэн утга бүхий алба бичгийг №05900045 дугаартай жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсын хамт хүргүүлсэн байна. Ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/375 дугаар тушаалын 1-т Албан хэрэг хөтлөлтийн заавар-ын 3.4.4.9 дэх заалтад "Гаднын байгууллагад Ерөнхий захирлын тушаалаар тэмдэг хэрэглэх эрх олгогдоогүй бүтцийн нэгжийн удирдлага өөрийн нэрийн өмнөөс албан бичиг явуулахыг хориглоно. мөн Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/810 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тэмдэг хэрэглэх бүтцийн нэгжийн жагсаалтад Барилга засварын цех ороогүй байна. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгож заавар-ын З.Ю.-т Эмнэлгийн хуудас авсан заавал даатгуулагч нь ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад, сайн дурын даатгуулагч нь харьяалах нийгмийн даатгалын байгууллагад тус тус өгнө., З.П.-т ...ажил олгогчоос болон нийгмийн даатгалын байгууллагаас олговол зохих тэтгэмжийг тооцон олгоно. гэж заасныг зөрчин даатгуулагчийн өмнөөс эмнэлгийн хуудсыг дахин бичүүлэн авсан, Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/501 тушаалаар бүтцийн нэгжийн дарга нарт ажилтныг ажилд авах, томилох шийдвэр гаргах эрхийг Ерөнхий захирлаас шилжүүлээгүй байхад ...Захиргааны санаачлагаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цех /БЗЦ/-ийн Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсгийн Ажил хувиарлагчаар ажиллах тул... гэж үзэн хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалыг үндэслэлгүйгээр өөрчлөн бичүүлсэн зөрчил гаргасан байна... гэсэн утга бүхий Хуулийн хэлтсийн дүгнэлт хүргүүлэх тухай 2019.12.09-ний өдрийн 117/1274 тоот албан бичгийг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт хүргүүлсэн. Мөн Барилга засварын цехийн даргын дээрх үйлдэл нь холбогдох хууль тогтоомж, үйлдвэрийн газарт мөрдөгдөж байгаа холбогдох журмыг зөрчсөн үйлдэл байсан учраас Хуулийн хэлтсийн 2019.12.09-ний өдрийн 117/1272 тоот албан бичгээр Орхон аймаг дахь Цагдаагийн газарт Л.Бат-Итгэлийн Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд байх ажил эрхлэлтийн мэдээллийг дур мэдэн, үндэслэлгүйгээр өөрчлөн бүрдүүлж эрх бүхий этгээдэд шилжүүлсэн байна гэж үзээд уг үйлдлийг шалган шийдвэрлүүлэхээр хандсан. Мөн Л.Бат-Итгэл нь 2019.12.04-ний өдөр Хуулийн хэлтэст Барилга засварын цехэд холбогдуулан Захиргаа-Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2018-2019 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээнд заасан хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажилтанд сар бүр олгох 500,000 төгрөгийн тэтгэмж, Эрдэнэт үйлдвэрийн ажилтанд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-д заасан шинээр мэндэлсэн хүүхдэд нэг удаа олгох 200,000 төгрөгийн тусламжийг авах тушаал гаргуулах утга бүхий гомдол ирүүлсэн. Уг гомдлыг судалж үзээд Хуулийн хэлтсийн 2019.12.13-ны өдрийн 117/1292 тоот албан бичгээр гомдлыг хангах үндэслэлтэй талаар дурдаж, Л.Бат-Итгэлийн гомдлыг шийдвэрлүүлж холбогдох тушаалуудыг гаргах талаар дурдаж өргөдлийг шийдвэрлэсэн. Мөн Л.Бат-Итгэл нь 2020.05.22-ны өдөр Хуулийн хэлтэст Барилга засварын цехэд хандсан дахин гомдол ирүүлсэн. Уг гомдолдоо ажилтан нь амаржаад 8 сар болж байгаа хэдий ч одоог хүртэл хүүхэд асрах чөлөөгөө эдлээгүй, үйлдвэрийн газраас амаржсан эхчүүдэд олгодог тэтгэмж, хүүхэд асрах чөлөөгөө эдлээгүйн улмаас төрөөс олгох тэтгэмж зэргийг авч чадаагүй тул эдгээр тэтгэмжүүдийг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар дурдсаныг Хуулийн хэлтсээс өргөдлийг хангах үндэслэлтэй талаар дүгнэлт бичиж Л.Бат-Итгэлтэй холбогдох асуудлыг шийдвэрлэхийг 2020.05.26-ны өдрийн 117/786 тоот албан бичгээр Барилга засварын цехэд хүргүүлсэн. Энэ мэтчилэн ажилтан Л.Бат-Итгэл нь 2019 оны 11 дүгээр сараас эхлэн удаа дараа өргөдөл, гомдол гаргасан байдаг. РСЦ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/57 тоот тушаалаар Л.Бат-Итгэлийг тус компанийн ахлах хүний нөөцийн менежер, хуульчийн ажилд томилсон. Л.Бат-Итгэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилга засварын цехийн бүтэц орон тооны хувиарийн /Хавсралт1.31, Хавсралт 2.31/, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. 40.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй. гэсэн заалтуудыг тус тус үндэслэн РСЦ ХХК-ийн статус үйлдвэрийн газрын Барилга засварын цех болон өөрчлөгдсөн тул РСЦ ХХК-д ажиллаж байсан ажилтнуудын эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилтан гэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Дээрхээс харахад Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/501 тушаалаар бүтцийн нэгжийн дарга нарт ажилтныг ажилд авах, томилох шийдвэр гаргах эрхийг олгоогүй бөгөөд энэ эрхийг зөвхөн Ерөнхий захирал эдэлдэг, ажил олгогч буюу Ерөнхий захирал ажилтан Л.Бат-Итгэлтэй байгуулах хөдөлмөрийн гэрээг ажил хувиарлагч гэж шинэчлэн байгуулаагүй тохиолдолд цехийн даргын санаачлагаар түүнийг цаашид ажил хувиарлагч-аар ажиллана гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийг хүний нөөцийн мэргэжилтний үндсэн орон тоонд ажиллах ёстой гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Нямсүрэн нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020-06-03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал нь хууль бус болохыг тогтоолгож, уг тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Нямсүрэн нь нэхэмжлэлдээ Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн /тухайн үеийн нэрээр/ Барилга засварын цехэд 2003 оноос 2007 он хүртэл нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2007 оноос 2019 оны 03 дугаар сар хүртэл РСЦ" ХХК-д нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2019 оны 03 дугаар сараас РСЦ" ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2019 оны 08 дугаар сарын 01-нээс "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байна гэсэн байх ба, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/96 дугаартай РСЦ" ХХК-ийн гүйцэтгэх захиралын тушаалаар тус компанийн нарийн бичиг-бичээчийн ажлаас Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр мөн өдрөөс түр шилжүүлэн ажиллуулахаар болж, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3-62 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

РСЦ ХХК нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захиралын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дугаартай тушаалаар татан буугдаж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цех болон өөрчлөгджээ.

РСЦ ХХК-ийн статус Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цех болон өөрчлөгдсөн тул РСЦ ХХК-д ажиллаж байсан ажилтнуудын эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилтан гэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан болох нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч М.Нямсүрэн нь РСЦ ХХК-ийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цех болохоос өмнө РСЦ ХХК-д нарийн бичиг, бичээчээр ажиллаж байгаад РСЦ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр шилжин ажиллахаар болсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...би өмнө нь РСЦ ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, 2019-08-01-ний өдрөөс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 1-р орлогч Ерөнхий инженер Т.Батмөнхийн баталсан орон тооны хуваарийн дагуу "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын БЗЦ-ийн хүний нөөцийн мэргэжилтнээр өнөөг хүртэл ажиллаж байна. Гэтэл РСЦ ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын бүтцийн нэгж болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Т.Батмөнх захиралын баталсан хуваарийн дагуу Ажил хуваарилагч-аар хуваарилагдсан байсан ажилтан Л.Бат-Итгэлийг хуваарилагдсан ажилд нь томилохгүйгээр тус албанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэж, харин батлагдсан хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг Хүний нөөцийн мэргэжилтнээр томилохгүйгээр 2020-06-03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалаар Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаа Л.Бат-Итгэлийн оронд түр томилсон агуулгаар тушаал гарсныг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

Л.Бат-Итгэл нь РСЦ ХХК-д 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б/57 дугаартай тус компанийн захиралын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар Ахлах хүний нөөцийн менежер, хуульч-ийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралтаа авсан байх ба одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа болох нь эмнэлгийн хуудас, гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар нотлогдсон.

РСЦ ХХК-ийн ажилчид "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цех болон өөрчлөгдөхөд өөрсдийн өмнө нь ажиллаж байсан тус бүрийнхээ ажил албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хариуцагч болон гэрч Э.Чимэгмаагийн мэдүүлгээр нотлогдож байх ба, М.Нямсүрэн, Л.Бат-Итгэл, Э.Чимэгмаа гуравтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байж байгаад сүүлд Л.Бат-Итгэл, Э.Чимэгмаа нартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, харин М.Нямсүрэн өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэсэн учир хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа гэж гэрч Э.Чимэгмаа мэдүүлсэн.

2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч Т.Батмөнх нь Барилга засварын цехийн Ажилчны орон тооны хуваарь-ийг баталсан байна.

Дээрх "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч Т.Батмөнхийн баталсан Ажилчны орон тооны хуваарь-ийг нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгодог бол, хариуцагч тал Ерөнхий захирлын цех, бүтцийн нэгжүүдийн бүтэц орон тоог баталсан тушаалыг үндэслэн үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч ажил үүргийн хуваарийн дагуу цех, бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчид, ажилтны орон тооны хуваарийг баталдаг. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн орон тооны хуваарийг үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч баталсан, баталсаар ч ирсэн. Т.Батмөнх захирал орон тооны хуваарийг батлах эрхтэй хүн биш гэж мэтгэлцсэн.

Т.Батмөнх захиралын баталсан Ажилчны орон тооны хуваарь-т Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагч, М.Нямсүрэнг хүний нөөцийн мэргэжилтэн гэж хуваарь гаргаснаас маргааны эх үүсвэр гарсан байна.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд одоогийн байдлаар ажилчдыг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь бүгдийг томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан ч, М.Нямсүрэнг түр ажлын байран дээр ажиллуулахаар тушаал гаргаж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэсэн заалтыг зөрчжээ.

Харин нэхэмжлэгч нь: ...Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагчаар, өөрийгөө хүний нөөцийн мэргэжилтнээр Ажилчны орон тооны хуваарь-т оруулсан байхад намайг хүний нөөцийн мэргэжилтэн гэдгээр тушаал гаргахгүй, харин Л.Бат-Итгэлийг хүний нөөцийн мэргэжилтэнээр тушаал гаргаж, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний оронд өөрийгөө түр албан тушаал дээр хүний нөөцийн мэргэжилтний орон тоонд түр ажиллуулж байгаа тушаал нь өөрөө хууль бус гэж үзэж байна.

М.Нямсүрэн нь РСЦ ХХК байх үед нарийн бичиг, бичээчийн ажил албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд, тус компани нь "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга засварын цех болохоос өмнөхөн буюу 2019-03-20-ны өдрөөс эхлэн РСЦ ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр шилжин ажиллаж байсан байдаг.

Нэхэмжлэгч М.Нямсүрэн нь анхнаасаа хүний нөөцийн мэргэжилтний ажил албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллаж байгаагүй, харин Т.Батмөнх захиралын баталсан Ажилтны орон тооны хуваарь-ийн дагуу хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллах ёстой гэж үзэж буй нь хууль бус гэж шүүх үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Аж ахуй нэгж байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Барилга засварын цехийн ажилчдыг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилсон байхад нэхэмжлэгч нь өөрийгөө өмнө эрхэлж байгаагүй хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд томилуулна гэж буй нь үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэжээ.

Ажилтан ямар ажил, албан тушаал эрхлэхийг ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулдаг.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч, ажилтны аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй.

М.Нямсүрэн хүний нөөцийн мэргэжилтний ажил, албан тушаалд өмнө нь ажиллаж байгаагүй, түүнчлэн "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч Т.Батмөнхийн баталсан Ажилтны орон тооны хуваарь-ийг М.Нямсүрэнгийн ажил албан тушаалыг өөрчил гэсэн ажил олгогчийн шийдвэр гэж үзэхгүй, хэрэв ажилтны ажил, албан тушаалыг өөрчлөх бол ажил олгогч, түүнтэй зөвлөлдөж шийдвэрлэх нь зүйн хэрэг байхаар байна.

Тиймээс үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнхөд ажил олгогчийг төлөөлж ажилтны ажлын байрыг өөрчлөх эрх олгогдсон гэж үзэхээргүй байх ба, Т.Батмөнхийн баталсан Ажилтны орон тооны хуваарь нь М.Нямсүрэнг хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд өөрчлөн томил гэсэн эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэр биш юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Чимэгмаа гэрчээр мэдүүлэхдээ: ...хөдөлмөрийн гэрээг өмнө нь ажиллаж байсан албан тушаалаар нь шинэчлэн байгуулсан. Ерөнхий захирал нэг ч хүнийг халахгүйгээр хуучин байсан албан тушаал дээр нь хөдөлмөрийн гэрээг байгуулах чиг үүрэг өгсөн гэсэн бөгөөд РСЦ ХХК-ийн ажилчид өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалдаа томилогджээ.

Тиймээс М.Нямсүрэнгийн ажил хуваарилагч Л.Бат-Итгэлийг хүний нөөцийн мэргэжилтэнээр томилж, түүний оронд би түр хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалыг эрхэлж байгаа гэдэг нь үндэслэлгүй.

Л.Бат-Итгэл нь РСЦ ХХК байхад хүний нөөцийн менежер, хуульчаар ажиллаж байсан, тус компани "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цех болоход хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсныг буруутгах боломжгүй.

Харин М.Нямсүрэнгийн өмнө нь эрхэлж байсан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаал нь түр шилжүүлэн ажиллуулахаар тушаал гарсан бөгөөд тухайн орон тоо нь бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020-06-03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул, уг тушаалыг хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргуулахыг даалгуулах тухай М.Нямсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020-06-03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал нь хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгуулах М.Нямсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА