Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2019/00632

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХБ

Хариуцагч: Д.Ц

Хариуцагч: М.М

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр 48 241 296.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г , Д.Э , Б.Б , хариуцагч бөгөөд хариуцагч М.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХБ ХХК-ний Орхон салбарын захирал Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Ц , хамтран зээлдэгч М.М нар нь Хаан банкны Орхон салбар тооцооны төвөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1 тоот зээлийн гэрээ, 2 тоот үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 60 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлдэгч Д.Ц , М.М нар нь 2017 оны 9 дугаар сарын 29-ний өдөр ЗГ-3 -1 тоот гэрээ байгуулан зээлийн төлөлтөнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд:

1. Иргэн Д.Ц , Б.Г , Б.Н нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-4 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Б баг 5 хороолол 7 байрны 6 тоот 31.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

2. Бараа материалын үлдэгдэл, бэлэн хувцас зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.

Зээлдэгч Д.Ц , М.М нар нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүтэн 212 хоног гэрээгээр хүлээсэн үүргийхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2018 оны 05 дугаар сарын 2-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээл төлөх мэдэгдэл тус тус хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна. Иймд зээлдэгч Д.Ц , М.М нартай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот, 2017оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ3 -1 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 39 998 336.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 289 207.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47 453.76 төгрөг, нийт зээл хүүгийн төлбөр 44 334 997.65 төгрөг гаргуулах, нотариатын үйлчилгээний хураамж 7 500 төгрөг нийт 44 342 497.65 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг зээлдэгч нар нь мөнгөн хэлбэрээр сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б баг 5 хороолол 7 байрны 25 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-4 дугаарт бүртгэгдсэн 31.3 м.кв 2 өрөө орон сууц, мөн бараа материалын үлдэгдэл болох бэлэн хувцас зэргийг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Зээлийн хүүнд 3 692 559 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 213 741 төгрөг нийт 3 906 299 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч Д.Ц , М.М  нараас нийт 48 241 296.65 төгрөг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлийн нэмэлт гэрээ нь үндсэн гэрээтэй салшгүй холбоотой. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нийт 48 241 296.65 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б баг 5-7-6 тоотод байрлах 31.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, бараа материалын үлдэгдэл, бэлэн хувцас зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2001 оноос хойш тасралтгүй 17 жил харилцаж байгаа ба уг хугацаанд тус банкнаас бизнесээ өргөжүүлэх зорилгоор олон удаа зээл авч байсан. Гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөө нэг хоног ч хэтрүүлж байгаагүй. Гэвч 2016 оны 02 дугаар сарын 26-нд авсан зээлийг өөрийн найзын хамт хамтарч бизнес хийгээд алдсан. Үүний улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлт хоцорч эхэлсэн. Үүний өмнө нь манайх Пирамид төвд Вера мода бэлэн хувцасны дэлгүүр, үйлчилгээний төв болон Төгөл их дэлгүүрт тус тус салбартай байсан ба уг зээлээ төлж чадаагүйгээс ломбарднаас өндөр хүүтэй мөнгө авч тэрийгээ төлөөд зээлийн төлөлтөө хоцроож эхэлсэн. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр авсан зээлдээ нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн 41 000 000 төгрөгөө төлөх болсон боловч 10, 11, 12, 1, 2 сард төлөөд үүнээс хойш бараа татан авалт багасч салбаруудаа ажилуулахаа больж бараан зах дээр хүний лангуу давхар түрээсэлж суух болсон учир зээлийн төлөлтөнд саад гарч эхэлсэн. Гэхдээ би эхэлж авсан 60 000 000 төгрөгнөөс үндсэн зээл 20 001 663 төгрөг, зээлийн хүүний төлбөр 20 914 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139 253 төгрөг, нийт 41 055 009 төгрөгийг төлсөн. 2017 оны 9 дүгээр сарын 29-нд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээ нь 4 жилээр хийсэн ба гэрээний хугацаа дуусахад 3 жил дутуу байгаа. Иймд миний бизнесийн үйл ажиллагаа доголдсоныг бодолцож зээлийн үлдэгдэл, хүү, алданги нийт 44 342 497 төгрөг төлөх 18 сарын хугацаа өгөхийг хүсч байна. Уг зээлийг авч хэрэглэсэн нь үнэн ба төлөхгүй гэсэн санаа зорилго огт байгаагүй гэжээ.

Хариуцагч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.М өөрийн охин Д.Ц ын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр авсан зээлийг батлан хамтран зээлдэгчээр орсон. 2016 оны 02 дугаар сард авсан 60 000 000 төгрөгнөөс 41 055 009 төгрөгийг төлсөн гэж хэлсэн. Нийт төлсөн мөнгөний ихэнхи хувь нь хүүнд төлсөн гэсэн. Иймд одоо үндсэн зээлийн үлдэгдэл 39 998 336 төгрөгийг хугацаа олгож төлөх боломжоор хангаж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч бөгөөд хариуцагч М.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 60 000 000 төгрөгийн зээл авсан. 2017 оны 05 дугаар сар хүртэл төлж байсан. 2017 оны 9 дүгээр сард зээлийн гэрээг шинэчилж байгуулсан. 2018 оны 02 сараас зээлээ төлж чадахгүй болсон. Нийт зээлийн төлбөрт 41 055 000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс 20 001 663 төгрөг, хүүнд 20 914 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 139 200 төгрөг төлсөн байсан. Үндсэн зээлээсээ давсан илүү хүү төлсөн. Гэрээгээр төлбөл зохих хүүгээ төлсөн учир банкыг хохироогоогүй гэж бодож байна. Дахиж нэмж зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Би гэрээнд заасан дансаар зээлээ төлдөг байсан боловч огт мэдэхгүй данс гарч ирснийг зөвшөөрөхгүй. Үндсэн зээл 39 998 000 төгрөгийг төлөх хугацаа олгож өгнө үү. Гэр бүлийн гишүүдтэйгээ хамт 2 өрөө байранд амьдарч байгаа болохоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Уг байр нь миний хүүд хадам талаас авч өгсөн байр. Гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Г шаардлагадаа: Б овогтой Г би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 6 тоот улсын бүртгэлийн Ү- 4 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны өмчлөгч билээ. Энэ орон сууцыг би ээж Д.Ц , эгч Б.Н нарын хамт хамтран өмчилдөг юм. Бидний гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг ээжийгээ ХБ ны барьцаанд тавьсаныг мэдээгүй. Сүүлийн хэдэн жил манайх маш хүнд байдалтай амьдарч ирсэн аав минь нас барж өөр байраа зальтай хүмүүст алдаад, ээжийн минь наймаа зогсож одоо ямар ч орлогогүй бүр ч хэцүү байгаа. Ээж минь банкнаас авсан зээлээ төлж чадахгүй болоод байраа алдахад хүрээд байгаа юм байна. Энэ байр бол ээж болон миний эгч бид гурвын ганц өмч. Өөр ямар ч хөрөнгө байхгүй. Тийм учраас одоо би насанд хүрсэн тул энэ байрнаас өөрт оногдох хэсгийг авах эрхтэй гэж үзээд энэ өргөдөлийг гаргаж байна. Манай байр бол одоогийн зах зээл дээр хамгийн багадаа 75 000 000 төгрөгийн үнэтэй гэж бодож байна. Үүнийг гэр бүлийн 3 хүнд хуваахад надад 6 000 000 төгрөг оногдох ёстой гэж үзэж байна. Энэ мөнгийг би байрны үнээс гаргуулж авмаар байна. Хэдийгээр би одоо 19 настай оюутан хүн боловч удахгүй сургуулиа төгсөнө, өөрийн гэсэн эд хөрөнгөтэй байж гэмээнэ ажил төрөлтэй болно, гэрлэнэ гэсэн бодлын үүднээс энэ шаардлагыг гаргаж байгаа юм. Иймд улсын бүртгэлийн Ү-4 дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 6 тоот 2 өрөе орон сууцны үнээс надад оногдох хэсэг буюу 6 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Г шаардлагаа тодруулахдаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХБ ны байрьцаанд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 6 тоот 2 өрөе орон сууцны үнээс Б.Г д оногдох хэсэг буюу 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ХБ наас гаргуулж өгнө үү. Гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шаардлага гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч ХБ бие даасан шаардлагын хариу тайлбарт: Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ц , М.М нарт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч Б.Г гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Б.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 6 тоот улсын бүртгэлийн Ү-4 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны үнээс 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.Г гийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1- 61.1.6- д заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл тухайн барьцааны орон сууцны төлбөрт 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэнээс нь нэхэмжлэж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч ХБ ны Орхон салбарын хувьд зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д ...Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна гэж заасан бөгөөд барьцаалагчийн хувьд дээрх хуулийн дагуу тухайн зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 6 тоот улсын бүртгэлийн Ү-4 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны өмчлөгч Д.Ц , Б.Н , Б.Г нар байх бөгөөд өмчлөгч Д.Ц нь хамтран өмчлөгч Б.Н эс уг орон сууцыг барьцаалах, үүргийн гүйцэтгэлийн хангах талаар итгэмжлэлээр зөвшөөрлөө олгосон бөгөөд тухайн үед Б.Г нь насанд хүрээгүй байсан тул Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д ...7-14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ гэж заасны дагуу түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ц төлөөлөх эрхийн хүрээнд төлөөлсөн барьцаалагч буюу зээлдэгч ХБ ны хувьд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д ...Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч ХБ ны хувьд Д.Ц , М.М нар нь үүргээ гүйцэтгээгүй тул хуульд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд бие даасан шаардлага гаргагч гуравдагч этгээд Б.Г гийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчиж байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч бөгөөд хариуцагч М.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц бие даасан шаардлагын хариу тайлбарт: Би өөрийн хүү Б.Г гийн өргөдөлтэй танилцлаа. Хүү маань аргагүй эрхэнд ийм өргөдөл гаргах болсон байх гэж бодож байна. Миний хүү надтай зөвлөлдөлгүй аавынхаа дүү нартай ярилцаад ийм шийдвэр гаргасан байсан. Иймээс би хүүгийнхээ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Аав нь амьд сэрүүн байхад бидний амьдрал үнэхээр сайхан байсан. Санхүүгийн ямар нэгэн асуудалгүй бизнес хэвийн явагдаж байсан. 2007 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот гурван өрөө байрыг С.П гэдэг хүнээс 20 000 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Гэтэл С.П нь уг байрыг Гэрэл гэж хүнээс худалдаж аваад Гансүх гэдэг хүний нэр рүү шилжүүлсэн байсан. Ингээд Гансүхээс бид авсан боловч Гэрэлээс П авахдаа залилж авсан гээд 2013 онд С.П нь залилангийн хэргээр ял шийтгүүлж бидний байр авсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоод Я.Гэрэл гэж хүнд байрыг авч өгсөн. Тэгээд С.П ээс бид байр худалдаж авсан 20 000 000 төгрөгөө буцааж авах шийдвэр гарсан. Энэ хэрэг маш удаан жил үргэлжилсэн. Энэ хугацаанд миний нөхөр нас барж хүүхдүүд маань том болж оюутнууд болсон. Мөн найзтайгаа хамтарч хийсэн бизнес бүтэлгүйтэж санхүүгийн алдагдалд орж эхэлсэн. Энэ үед С.П ээс байрны зах зээлийн үнэлгээгээр нэмж 75 500 000 төгрөг гаргуулах шийдвэр гарсан боловч С.П нь жирэмсэн гэсэн хуурамч материал бүрдүүлж ирэхэд шүүх ялыг нь хойшлуулсан. Ингээд Гэрэл гэдэг хүн байрнаас хөөж нөхөр маань байхдаа хүүдээ авч тавьсан байсан ч ээж дүү нараа амьдруулж байсан. 5-7-6 тоот 2 өрөө байрандаа нүүж очсон. С.П ээс 75 000 000 төгрөг гаргуулж надад өгөх шийдвэрийг 2015 оны 06 дугаар сарын 09-нд гаргасан. Мөн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 20 000 000 төгрөг, нийт 95 000 000 төгрөг авах ёстой боловч яг өнөөдрийн байдлаар ердөө 322 000 төгрөг л төлөгдсөн. Харин шийтгэх тогтоолоор залилуулсан гэх Гэрэл нь шийдвэр гарсанаас хойш байранд байсан гэх шалтгаанаар П эд өгөх ёстой 1 500 000 төгрөгөө П ийн төлбөрөөс хасуулсан. Энэ хугацаанд миний хань нас барж зальтай хүмүүсийн хийсэн гэмт хэргийн улмаас гурван өрөө байраа алдаж байрны мөнгөө ч одоог хүртэл авч чадаагүй /95 000 000 төгрөг/. Энэ бүгдээс шалтгаалж бизнес маань доголдож банкны зээлээ төлж чадахгүйд хүрээд хүүхдүүдийнхээ төлбөр төлж сургахад ч хэцүү болсон. Энэ бүгдээс болж миний хүү ааваасаа өөрт үлдсэн байрыг барьцаанд тавьсаныг мэдээгүй байсан учир ядаж өөрт ногдох хувийг авна гэдэг нь зөв гэж бодоод түүний нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБ ХХК-ний Орхон салбар нь хариуцагч Д.Ц , М.М нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44 342 497.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3 906 299 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 48 241 296.65 төгрөг гаргуулах, нотариатын үйлчилгээний хураамж 7 500 төгрөг гаргуулах шаардлагаа үл дэмжиж байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч анх байгуулсан гэрээгээр төлбөл зохих хүүний төлбөрийг бүрэн төлсөн тул үндсэн зээлийн төлбөрийг хариуцан төлнө, барьцаа хөрөнгө болох орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэж мэтгэлцэж байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ХБ ны барьцаанд байгаа гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцнаас өөрт ногдох 6 000 000 төгрөгийг ХБ ХХК-наас гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч шаардлагыг дэмжиж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ХБ ХХК-ний Орхон салбар нь хариуцагч Д.Ц , М.М нартай 2016 оны 02 сарын 26-нд 1 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б баг 5-7-6 тоотод байрлах 54 600 000 төгрөгийн үнэ бүхий 31.3 м.кв 2 өрөө орон сууц, 6 745 550 төгрөгийн үнэ бүхий бараа материал бэлэн хувцас барьцаалж 2 дугаартай барьцааны гэрээ байгуулжээ.

Хариуцагч Д.Ц , М.М нар 60 000 000 төгрөгийн зээлээс үндсэн зээлд 20 001 663.92 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 20 914 092 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 139 253.53 төгрөг, нийт 41 055 009.45 төгрөг төлсөн ба зээлдэгчийн бизнесийн орлого буурсан шалтгааны улмаас зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1 -1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 36 сараар сунган эргэн төлөлтийн хуваарийг баталсан бөгөөд уг нэмэлт гэрээ байгуулахад зээлдэгчийн зээлийн үлдэгдэл төлбөр 41 600 000 төгрөг болсон байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу ХБ шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээл буцаан дуудах мэдэгдэл, зээл төлөх мэдэгдлүүдийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрүүдэд тус тус хүргүүлж байсан байна.

Талуудын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 1 -1 тоот гэрээ нь хүчин төгөлдөр байх тул хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөрт 39 998 336.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7 981 766.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 261 193.76 төгрөг, нийт 48 241 296.65 төгрөг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, барьцааны гэрээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн бүртгэлийн карт, дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдлүүд зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Д.Ц , М.М нараас зээлийн гэрээний төлбөрт нийт 48 241 296.65 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Д.Ц 10 тоот дансыг огт мэдэхгүй, зээлийн гэрээнд 9 тоот дансаар зээл төлөхөөр тохиролцсон гэж мэтгэлцэж байх боловч уг данс нь хариуцагч нарын зээлийн данс бөгөөд анх зээл олгоход 10 данснаас олгож, зээлтэй холбоотой гүйлгээ дээрхи дансаар хийгдсэн болох нь хариуцагч Д.Ц ын нотлох баримтаар ирүүлсэн 9 депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн 10 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б баг 5-7-6 тоотод байрлах Ү-4 улсын бүртгэлийн дугаартай 31.3 м.кв орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Г гийн ХБ ХХК-ний барьцаанд байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б баг 5-7-6 тоотод байрлах Ү-4 улсын бүртгэлийн дугаартай 31.3 м.кв 2 өрөө орон сууцны өөрт ногдох хувь 6 000 000 төгрөгийг ХБ ХХК-наас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.Г , Д.Ц , Б.Н нар бөгөөд нэхэмжлэгч эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж аваагүй, үр шимийг хүртээгүй, хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг хуульд заасны дагуу авсан болох нь нотлох баримтаар ирүүлсэн Б.Номин-Эрдэний итгэмжлэл, Ү-4 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 цаг болгон хойшлуулсан бөгөөд шүүх хуралдааны товыг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гардаж авсан байна. Өмгөөлөгч Д.О нь товлосон өдөр, цагт шүүхэд хүрэлцэн ирээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай талаар хүсэлт, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 457 112.78 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц , М.М  нараас улсын тэмдэгтийн хураамжинд 457 112.78 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-ний Орхон салбарт олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан ХБ ХХК, хариуцагч Д.Ц , М.М нартай байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1 -1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Ц , М.М нараас 48 241 296.65 /дөчин найман сая хоёр зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ерэн зургаан төгрөг жаран таван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Орхон салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц , М.М нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б баг 5-7-6 тоотод байрлах Ү-4 улсын бүртгэлийн дугаартай 31.3 м.кв 2 өрөө орон сууц, бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангах, албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

3. ХБ ны барьцаанд байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б баг 5-7-6 тоотод байрлах Ү-4 улсын бүртгэлийн дугаартай 31.3 м.кв 2 өрөө орон сууцны оногдох хэсэг 6 000 000 төгрөгийг ХБ наас гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Г гийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 457 112.78 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц , М.М нараас 457 112.78 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-ний Орхон салбарт олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ