Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2019/00112

 

 

Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

хариуцагч *******, *******нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00632 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр 48.241.296.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, Б.Батдорж, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч *******, хамтран зээлдэгч *******нар нь Хаан банкны Орхон салбар тооцооны төвөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201642562168 тоот зээлийн гэрээ, БГ/201642562168 тоот үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээл, хүү тогтмол төлөх нөхцөлтэйгөөр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлдэгч *******, *******нар нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ-201642562168-1 тоот гэрээ байгуулан зээлийн төлөлтөнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд: Иргэн *******, Б.Гүнсанаа, Б.Номин-Эрдэнэ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаар бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5 хороолол 7 байрны 25 тоот 31.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, бараа материалын үлдэгдэл, бэлэн хувцас зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Зээлдэгч *******, *******нар нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүтэн 212 хоног гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2018 оны 05 дугаар сарын 2-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2018 оны 06 дүгээр сарын 16-ны өдөр зээл төлөх мэдэгдэл тус тус хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна. Иймд зээлдэгч *******, *******нартай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201642562168 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ201642562168-1 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 39.998.336.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.289.207.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47.453.76 төгрөг, нийт зээл, хүүгийн төлбөр 44.334.997.65 төгрөг гаргуулах, нотариат үйлчилгээний хураамж 7.500 төгрөг нийт 44.342.497.65 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг зээлдэгч нар нь мөнгөн хэлбэрээр сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн, Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5 хороолол 7 байрны 25тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаарт бүртгэгдсэн, 31.3 м.кв 2 өрөө орон сууц, мөн бараа материалын үлдэгдэл болох бэлэн хувцас зэргийг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Зээлийн хүүнд 3.692.559 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 213.741 төгрөг нийт 3.906.299 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч *******, *******нараас нийт 48.241.296.65 төгрөг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь 2001 оноос хойш тасралтгүй 17 жил харилцаж байгаа ба уг хугацаанд тус банкнаас бизнесээ өргөжүүлэх зорилгоор олон удаа зээл авч байсан. Гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөө нэг хоног ч хэтрүүлж байгаагүй төлж байсан. Гэвч 2016 оны 02 дугаар сарын 26-нд авсан зээлийг өөрийн найзын хамт хамтарч бизнес хийгээд алдсан. Үүний улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлтөө хоцруулж эхэлсэн. Үүний өмнө нь манайх Пирамид төвд Вера мода бэлэн хувцасны дэлгүүр, үйлчилгээний төв болон Төгөл их дэлгүүрт тус тус салбартай байсан ба уг зээлээ төлж чадаагүйгээс ломбардаас өндөр хүүтэй мөнгө авч тэрийгээ төлөөд зээлийн төлөлтөө хоцруулж эхэлсэн. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр авсан зээлдээ нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн 41.000.000 төгрөгөө төлөх болсон боловч 10, 11, 12, 1, 2 сард төлөөд үүнээс хойш бараа татан авалт багасаж салбаруудаа ажиллуулахаа больж бараан зах дээр хүний лангуу давхар түрээсэлж суух болсон учир зээлийн төлөлтөнд саад гарч эхэлсэн. Гэхдээ би эхэлж авсан 60.000.000 төгрөгөөс үндсэн зээл 20.001.663 төгрөг, зээлийн хүүний төлбөр 20.914.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139.253 төгрөг, нийт 41.055.009 төгрөгийг нийт төлсөн. Миний 2017 оны 9 сарын 29-нд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээ нь 4 жилээр хийсэн ба гэрээний хугацаа дуусахад 3 жил дутуу байгаа. Иймд миний бизнесийн үйл ажиллагаа доголдсоныг бодолцож зээлийн үлдэгдэл, хүү, алданги нийт 44.342.497 төгрөгийг төлөх 18 сарын хугацаа өгөхийг хүсч байна. Уг зээлийг авч хэрэглэсэн нь үнэн ба төлөхгүй гэсэн санаа зорилго огт байгаагүй гэжээ.

Хариуцагч *******шүүхэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие *******өөрийн охин *******ын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр авсан зээлийг батлан хамтран зээлдэгчээр орсон. 2016 оны 02 дугаар сард авсан 60.000.000 төгрөгөөс 41.055.009 төгрөгийг төлсөн гэж хэлсэн. Нийт төлсөн мөнгөний ихэнх хувь нь хүүнд төлсөн гэсэн. Иймд одоо үндсэн зээлийн үлдэгдэл 39.998.336 төгрөгийг хугацаа олгож төлөх боломжоор хангаж өгөхийг хүсч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Гүнсанаа шаардлагадаа:

Бадрал овогтой Гүнсанаа би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 25 тоот улсын бүртгэлийн Ү- 2101001169 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны өмчлөгч билээ. Энэ орон сууцыг би ээж *******, эгч Б.Номин-Эрдэнэ нарын хамт хамтран өмчилдөг юм. Бидний гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг ээжийгээ Хаан банкны барьцаанд тавьсныг мэдээгүй. Сүүлийн хэдэн жил манайх маш хүнд байдалтай амьдарч ирсэн аав минь нас барж өөр байраа зальтай хүмүүст алдаад, ээжийн минь наймаа зогсож одоо ямар ч орлогогүй бүр ч хэцүү байгаа. Ээж минь банкнаас авсан зээлээ төлж чадахгүй болоод байраа алдахад хүрээд байгаа юм байна. Энэ байр бол ээж болон миний эгч бид гурвын ганц өмч. Өөр ямар ч хөрөнгө байхгүй. Тийм учраас одоо би насанд хүрсэн тул энэ байрнаас өөрт оногдох хэсгийг авах эрхтэй гэж үзээд энэ өргөдлийг гаргаж байна. Манай байр бол одоогийн зах зээл дээр хамгийн багадаа 75.000.000 төгрөгийн үнэтэй гэж бодож байна. Үүнийг гэр бүлийн 3 хүнд хуваахад надад 25.000.000 төгрөг оногдох ёстой гэж үзэж байна. Энэ мөнгийг би байрны үнээс гаргуулж авмаар байна. Хэдийгээр би одоо 19 настай оюутан хүн боловч удахгүй сургуулиа төгсөнө, өөрийн гэсэн эд хөрөнгөтэй байж гэмээнэ ажил төрөлтэй болно, гэрлэнэ гэсэн бодлын үүднээс энэ шаардлагыг гаргаж байгаа юм. Иймд улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 25 тоот 2 өрөө орон сууцны үнээс надад оногдох хэсэг буюу 25.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Гүнсанаа шаардлагаа тодруулахдаа:

Хаан банкны байрьцаанд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 25 тоот 2 өрөө орон сууцны үнээс Б.Гүнсанаад оногдох хэсэг буюу 25.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Хаан банкнаас гаргуулж өгнө үү. Гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банк бие даасан шаардлагын хариу тайлбартаа:

Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******, *******нарт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч Б.Гүнсанаагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Б.Гүнсанаа нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 25 тоот улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны үнээс 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.Гүнсанаагийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1- 61.1.6- д заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл тухайн барьцааны орон сууцны төлбөрт 25.000.000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэнээс нь нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын хувьд зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна гэж заасан бөгөөд барьцаалагчийн хувьд дээрх хуулийн дагуу тухайн зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 25 тоот улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны өмчлөгч *******, Б.Номин-Эрдэнэ, Б.Гүнсанаа нар байх бөгөөд өмчлөгч ******* нь хамтран өмчлөгч Б.Номин-Эрдэнээс уг орон сууцыг барьцаалах, үүргийн гүйцэтгэлийн хангах талаар итгэмжлэлээр зөвшөөрлөө олгосон бөгөөд тухайн үед Б.Гүнсанаа нь насанд хүрээгүй байсан тул Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д 7-14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ гэж заасны дагуу түүний хууль ёсны төлөөлөгч ******* төлөөлөх эрхийн хүрээнд төлөөлсөн барьцаалагч буюу зээлдэгч Хаан банкны хувьд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. Иймд бие даасан шаардлага гаргагч гуравдагч этгээд Б.Гүнсанаагийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчиж байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч бөгөөд хариуцагч М.Мягмарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* бие даасан шаардлагын хариу тайлбартаа:

Хүү маань аргагүй эрхэнд ийм өргөдөл гаргах болсон байх гэж бодож байна. Миний хүү надтай зөвлөлдөхгүй аавынхаа дүү нартай ярилцаад ийм шийдвэр гаргасан байсан. Иймээс би хүүгийнхээ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Аав нь амьд сэрүүн байхад бидний амьдрал үнэхээр сайхан байсан. Санхүүгийн ямар нэгэн асуудалгүй бизнес хэвийн явагдаж байсан. 2007 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот гурван өрөө байрыг С.Пүрэвцэнд гэдэг хүнээс 20.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Гэтэл С.Пүрэвцэнд нь уг байрыг Гэрэл гэж хүнээс худалдаж аваад Гансүх гэдэг хүний нэр рүү шилжүүлсэн байсан. Ингээд Гансүхээс бид авсан боловч Гэрэлээс Пүрэвцэнд авахдаа залилж авсан гээд 2013 онд С.Пүрэвцэнд нь залилангийн хэргээр ял шийтгүүлж бидний байр авсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоод Я.Гэрэл гэж хүнд байрыг авч өгсөн. Тэгээд С.Пүрэвцэндээс бид байр худалдаж авсан 20.000.000 төгрөгөө буцааж авах шийдвэр гарсан. Энэ хэрэг маш удаан жил үргэлжилсэн. Энэ хугацаанд миний нөхөр нас барж хүүхдүүд маань том болж оюутнууд болсон. Мөн найзтайгаа хамтарч хийсэн бизнес бүтэлгүйтэж санхүүгийн алдагдалд орж эхэлсэн. Энэ үед С.Пүрэвцэндээс байрны зах зээлийн үнэлгээгээр нэмж 75.500.000 төгрөг гаргуулах шийдвэр гарсан боловч С.Пүрэвцэнд нь жирэмсэн гэсэн хуурамч материал бүрдүүлж ирэхэд шүүх ялыг нь хойшлуулсан. С.Пүрэвцэндээс 75.000.000 төгрөг гаргуулж надад өгөх шийдвэрийг 2015 оны 06 дугаар сарын 09-нд гаргасан. Мөн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 20.000.000 төгрөг, нийт 95.000.000 төгрөг авах ёстой боловч яг өнөөдрийн байдлаар ердөө 322.000 төгрөг л төлөгдсөн. Харин шийтгэх тогтоолоор залилуулсан гэх н.Гэрэл нь шийдвэр гарснаас хойш байранд байсан гэх шалтгаанаар Пүрэвцэндэд өгөх ёстой 1.500.000 төгрөгөө Пүрэвцэндийн төлбөрөөс хасуулсан. Энэ хугацаанд миний хань нас барж зальтай хүмүүсийн хийсэн гэмт хэргийн улмаас гурван өрөө байраа алдаж байрны мөнгөө ч одоог хүртэл авч чадаагүй /95.000.000 төгрөг/. Энэ бүгдээс шалтгаалж бизнес маань доголдож банкны зээлээ төлж чадахгүйд хүрээд хүүхдүүдийнхээ төлбөр төлж сургахад ч хэцүү болсон. Энэ бүгдээс болж миний хүү ааваасаа өөрт үлдсэн байрыг барьцаанд тавьсныг мэдээгүй байсан учир ядаж өөрт ногдох хувийг авна гэдэг нь зөв гэж бодоод түүний нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00632 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Хаан банк ХХК, хариуцагч ******* , *******нартай байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/201642562168-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *******, *******нараас 48.241.296.65 /дөчин найман сая хоёр зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ерэн зургаан төгрөг жаран таван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Орхон салбарт олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч *******, *******нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-7-25 тоотод байрлах Ү-2101001169 улсын бүртгэлийн дугаартай 31.3 м.кв 2 өрөө орон сууц, бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангах, албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Хаан банкны барьцаанд байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-7-25 тоотод байрлах Ү-2101001169 улсын бүртгэлийн дугаартай 31.3 м.кв 2 өрөө орон сууцны оногдох хэсэг 25.000.000 төгрөгийг Хаан банкнаас гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Гүнсанаагийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 457.112.78 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******нараас 457.112.78 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-ний Орхон салбарт олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 48.241.296.65 төгрөг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 10 дугаартай магадлалаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1198 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа нэхэмжлэгч Хаан банк зээлийн гэрээний хугацаа хэтрэлт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, тооцоогоо нотлох баримтаар гаргаж өгөөгүй, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6, 105.1-д заасныг зөрчсөн байна гэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх магадлалын энэ заалтыг биелүүлээгүй. Миний өмнө өгсөн 41.055.000 төгрөгийн 20.001.663 төгрөгийг үндсэн зээлээс хасаад хүү, нэмэгдүүлсэн хүүд нь 21.080.253 төгрөг авсан байна. Би хэдийгээр зээлийн хугацааг хэтрүүлсэн ч гэсэн олдсон мөнгөө зээлийн гэрээнд тусгасан дансанд төлж байсан тохиолдолд уг мөнгийг үндсэн зээлийн төлөлтөнд тооцож хасах тухай иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан байна. Мөн иргэний хуулийн 216.1-д ...төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэсэн байна. Гэтэд банк миний төлсөн 41.000.000 төгрөгийн 50 хувь нь хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцож авсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.Тиймээс үндсэн зээлийн үлдэгдэл 18.944.991 төгрөг төлөх ёстой. Харин хүүнд 21.605.388 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 43.210 төгрөг төлөх ёстой гэж дээрх хуулийн заалт болон зээлийн гэрээ түүний хавсралтыг үндэслэн тооцож байна. Харин илүү нэхэмжилж байгаа 7.647.707 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Миний зөвшөөрч байгаа хэмжээ бол 40.593.559 төгрөг юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт миний зөвшөөрсөн хэмжээгээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч хаан банкны Орхон салбар нь хариуцагч *******, *******нараас зээлийн гэрээний үүрэгт 44.342.497.65 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* зээлийн хүүг бүрэн төлж дууссан гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 48.241.296.65 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Гүнсанаа Хаан банкны барьцаанд байгаа орон сууцнаас өөрийн өөрт ногдох 25.000.000 төгрөгийг Хаан банкнаас гаргуулах тухай шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь хариуцагч *******той 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201642562168 дугаартай зээлийн гэрээ байгуулж 60.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн хариуцагч *******нь хамран зээлдэгчээр оролцсон ба барьцааны гэрээгээр Баян-Өндөр сум Бүрэнбүст 5-7-25 тоотод байрлах 31.3м2 талбай бүхий 2 өрөө байр, бараа материал бэлэн хувцас зэргийг барьцаалсан, 60.000.000 төгрөгийг зээлээс үндсэн зээлд 20.001.663.92 төгрөг, хүүнд 20.914.092 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 139.253.53 төгрөг нийт 41.055.009.45 төгрөг төлсөн, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Хаан банкнаас хариуцагч *******ын зээл төлөх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч нар нь хуульд заасны дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй ба зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул Хаан банк хариуцагч нараас шаардах эрхтэй болно.

Анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээлд 39.998.336.08 төгрөг, хүүнд 7.981.766.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 261.193.76 төгрөг нийт 48.241.296.65 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд нийцсэн байна.

Хариуцагч *******ын зээлийн хүүг төлсөн гэж маргасан нь үндэслэлгүй тул түүний давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ