Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2019/00010

 

 

 

Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

хариуцагч нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/01198 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******,******* нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр 44.342.497.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, хариуцагч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, А.Болор-Эрдэнэ, С.Гантогтох, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч *******, хамтран зээлдэгч******* нар нь Хаан банкны Орхон салбар тооцооны төвөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201642562168 тоот зээлийн гэрээ, БГ/201642562168 тоот үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээл, хүү тогтмол төлөх нөхцөлтэйгөөр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлдэгч *******,******* нар нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ-201642562168-1 тоот гэрээ байгуулан зээлийн төлөлтөнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд:

Иргэн *******, Б.Гүнсанаа, Б.Номин-Эрдэнэ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаар бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5 хороолол 7 байрны 25 тоот 31.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, бараа материалын үлдэгдэл, бэлэн хувцас зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Зээлдэгч *******,******* нар нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүтэн 212 хоног гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2018 оны 05 дугаар сарын 2-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2018 оны 06 дүгээр сарын 16-ны өдөр зээл төлөх мэдэгдэл тус тус хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна. Иймд зээлдэгч *******,******* нартай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201642562168 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ201642562168-1 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 39.998.336.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.289.207.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47.453.76 төгрөг, нийт зээл, хүүгийн төлбөр 44.334.997.65 төгрөг гаргуулах, нотариат үйлчилгээний хураамж 7.500 төгрөг нийт 44.342.497.65 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг зээлдэгч нар нь мөнгөн хэлбэрээр сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн, Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5 хороолол 7 байрны 25тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаарт бүртгэгдсэн, 31.3 м.кв 2 өрөө орон сууц, мөн бараа материалын үлдэгдэл болох бэлэн хувцас зэргийг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь 2001 оноос хойш тасралтгүй 17 жил харилцаж байгаа ба уг хугацаанд тус банкнаас бизнесээ өргөжүүлэх зорилгоор олон удаа зээл авч байсан. Гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөө нэг хоног ч хэтрүүлж байгаагүй төлж байсан. Гэвч 2016 оны 02 дугаар сарын 26-нд авсан зээлийг өөрийн найзын хамт хамтарч бизнес хийгээд алдсан. Үүний улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлтөө хоцруулж эхэлсэн. Үүний өмнө нь манайх Пирамид төвд Вера мода бэлэн хувцасны дэлгүүр, үйлчилгээний төв болон Төгөл их дэлгүүрт тус тус салбартай байсан ба уг зээлээ төлж чадаагүйгээс ломбардаас өндөр хүүтэй мөнгө авч тэрийгээ төлөөд зээлийн төлөлтөө хоцруулж эхэлсэн. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр авсан зээлдээ нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн 41.000.000 төгрөгөө төлөх болсон боловч 10, 11, 12, 1, 2 сард төлөөд үүнээс хойш бараа татан авалт багасаж салбаруудаа ажиллуулахаа больж бараан зах дээр хүний лангуу давхар түрээсэлж суух болсон учир зээлийн төлөлтөнд саад гарч эхэлсэн. Гэхдээ би эхэлж авсан 60.000.000 төгрөгөөс үндсэн зээл 20.001.663 төгрөг, зээлийн хүүний төлбөр 20.914.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139.253 төгрөг, нийт 41.055.009 төгрөгийг нийт төлсөн. Миний 2017 оны 9 сарын 29-нд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээ нь 4 жилээр хийсэн ба гэрээний хугацаа дуусахад 3 жил дутуу байгаа. Иймд миний бизнесийн үйл ажиллагаа доголдсоныг бодолцож зээлийн үлдэгдэл, хүү, алданги нийт 44.342.497 төгрөгийг төлөх 18 сарын хугацаа өгөхийг хүсч байна. Уг зээлийг авч хэрэглэсэн нь үнэн ба төлөхгүй гэсэн санаа зорилго огт байгаагүй гэжээ.

Хариуцагч******* шүүхэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие******* өөрийн охин *******ын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр авсан зээлийг батлан хамтран зээлдэгчээр орсон. 2016 оны 02 дугаар сард авсан 60.000.000 төгрөгөөс 41.055.009 төгрөгийг төлсөн гэж хэлсэн. Нийт төлсөн мөнгөний ихэнхи хувь нь хүүнд төлсөн гэсэн. Иймд одоо үндсэн зээлийн үлдэгдэл 39.998.336 төгрөгийг хугацаа олгож төлөх боломжоор хангаж өгөхийг хүсч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/01198 дугаар шийдвэрээр:

Монгол улсын Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Хаан банк ХХК, хариуцагч *******,******* нартай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201642562168 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ201642562168-1 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, Хулууд овогт Дашбалбарын Цэвэлноров /РД:ИЦ74122364/, Мээрин овогт Манлайгийн Мягмар /РД:ИЦ51052062/ нараас 44.334.997.65 /дөчин дөрвөн сая, гурван зуун гучин дөрвөн мянга, есөн зуун ерэн долоон төгрөг, жаран таван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Орхон салбар Төв тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс нотариатын үйлчилгээний хураамж 7.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379.662 /гурван зуун далан есөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* нараас 379.624 /гурван зуун далан есөн мянга зургаан зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Орхон салбар Төв тооцооны төвд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал давж заалдсан гомдолдоо:

ХААН Банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй *******,******* нарт холбогдох ...Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр 44.342.497.65 төгрөг гаргуулж, Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/01198 дугаартай шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч *******,******* нар нь зээлийн гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3.999.336.08 төгрөг, дээлийн хүүгийн төлбөрт 4.289.207.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47.453.76 төгрөг нийт 44.334.997.65 төгрөг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь. зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, барьцааны гэрээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, барьцааны гэрээ, зээл хүсэгчийн анкет зээлийн бүртгэлийн анкет /харилцааны менежер А.Болор-Эрдэнэ гарын үсэг зурсан/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдлүүд зэргээр тогтоогдож байх тул хариуцагч *******,******* нараас зээлийн гэрээний төлбөр 44.334.997.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгох үндэслэлтэй байна. Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнүүд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуульд нийцсэн байна гэж тус тус дүгнэж, шүүхийн тогтоох хэсэгт иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан Хаан банк ХХК, хариуцагч *******,******* нартай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201642562168 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/201642562168-1 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, Хулууд овогт Дашбалбарын Цэвэлноров, Мээрин овогт Манлайгийн Мягмар нараас 44.334.997.65 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Орхон салбар төв тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс нотариатын үйлчилгээний хураамж 7.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнүүд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар дурдалгүй орхисон байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д ...Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж барьцаа хөрөнгө болох Ү-2101001169 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5 хороолол 7 байрны 25 тоотод 31.3 м.кв талбайтай 2 өроө орон сууц, бараа материалын үлдэгдэл, бэлэн хувцас зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

Би зээл авснаас хойш нийтдээ 41.055.009 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад дахин сунгасан. Банкнаас надад зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж байгаагүй. Би 2016 оны 12 дугаар сараас хойш зээлээ хугацаанд нь төлж байгаагүй нь үнэн .Тэхдээ миний дансанд орж байгаа мөнгийг банк шууд аваад зээлийг эхлээд төлөх ёстой байхад эхлээд нэмэгдүүлсэн хүү, дараа нь хүү, дараа нь зээлийн төлөлтийг хийж байснаас болоод ийм их хэмжээний зээлийн өр хуримтлагдсан юм байна лээ. Хаан банк шүүхэд миний мэдэхгүй нэг дансны хуулга гэдэг зүйлийг гаргаж өгсөн байсан. Би Хаан банканд харилцах болон зээлийн гэсэн 2 данстай бөгөөд түүнийхээ хуулгыг гаргуулан авч шүүхэд өгсөн чинь банкны гаргаж өгсөн миний гэх данстай зөрж байсан. Учрыг нь нэхэмжлэгчээс асуухад ийм данс байдаг гэхээс өөр зүйл хэлээгүй. Би бодохдоо миний төлсөн мөнгийг хугацаа хэтэрсэн тохиолдолд Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу эхлээд зээл дараа нь хүү эцэст нь нэмэгдүүлсэн хүү гэж авах ёстой байтал дээрхи байдлаар төлөх мөнгөний хэмжээг багасгахгүй илүү мөнгө авах арга хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх миний гаргаж өгсөн дансны хуулгыг үнэлж үзээгүй, банкны гаргаж өгсөн тамга тэмдэггүй дансны хуулга гэгчийг үндэслэж нэхэмжлэлийн үнийн дүнгээр шийдсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх 3 дансаар мөнгө төлж байсан гэх хоорондоо зөрүүтэй данснуудын учрыг ололгүй үнэлэх боломжгүй дансны хуулгыг үнэлж бидний хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж нэхэмжлэгчийн талд ашигтай шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг 50%-иар бууруулсан заалтыг оруулна уу.

Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно. Би шүүхийн шийдвэрийг гардаж гэж хэлэх үед Улаанбаатар хотод охиноо төрөх үед хамт байхгүй бол болохгүй байсан тул өөрийн таньдаг хүнээр шийдвэрийг 12 дугаар сарын 24 нд авахуулсан тул өнөөдөр давж заалдах гомдол гаргаж байгаа болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь хариуцагч *******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр 44.342.497.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын тооцооны төв нь хариуцагч *******,******* нартай 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 60 сая төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор 36 сарын хугацаатай авсан байх бөгөөд зээлийн барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст баг 5-7-25 тоот 31.3 м2 талбай бүхий 2 өрөө байр, 6.745.550 төгрөгийн үнэ бүхий бараа материал барьцаалсан, үндсэн зээлд 18.400.000 төгрөг хүүнд 16.785.588 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 101.201 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээл төлөх хугацааг 36 сараар сунгасан гэрээ байгуулсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй гэрээний үүргийг зөрчсөн тул нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар хариуцагч нарт зээл төлөх мэдэгдлүүдийг хүргүүлсэн байх ба зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хариуцагч *******,******* нартай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн болон 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж 44.334.997.65 төгрөг төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын төв тооцооны төвийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасантай нийцээгүй, үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь зээлийн гэрээний хугацааны хэтрэлт, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, тооцооллоо нотлох баримтаар гаргаж өгөөгүй, хавтаст хэргийн 23-25 дахь талд авагдсан зээлийн бүртгэлийн карт гэсэн баримтыг нэхэмжлэгч тал зээлийн тооцоолол гэж мэтгэлцэж байгаа боловч тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй / байгууллагын тамга тэмдгээр баталгаажаагүй / тул үнэлэх боломжгүй, нөгөө талаар хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн нь үнэн боловч хариуцагчаас төлсөн мөнгийг юунд аваад байгаа нь тодорхойгүй тиймээс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр авсан 60 сая төгрөгийн төлөлтүүдийг сар бүрээр, өдрөөр нь гаргуулж, юу төлүүлсэн гэдгийг тодруулмаар байна гэсэн хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт болон зээлийн тооцоолол хэрэгт ач холбогдолтой байхад шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105.1.-т заасныг зөрчсөн байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын талаар дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгт энэ шаардлагыг шийдвэрлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/01198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ