Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/00950

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: С.З

907 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А , хариуцагч С.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие өөрийн нэр дээрх Уурхайчин багийн *** тоот 1 өрөө байрыг 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл (10 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулснаар) С.З ад түрээслүүлж эхэлсэн. Түрээсийн гэрээнд хөлслүүлэгчийн үүрэг (2.1)-ийг дурдаж, үүргийн дагуу бүрэн бүтэн байрыг хүлээлгэн өгч, элэгдэл, гэмтэлтэй эд хөрөнгийг "Эд хөрөнгө хүлээлцэх акт"-нд тусгасан. Гэвч хариуцагч нь байрыг турээслэх хугацаандаа байрны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, гадна талын бүргэд хаалгыг эвдлэн, өнгө үзэмжийг нь муутгаж, хаалганы гадна бариулыг алга болгон, цоожны голыг дур мэдэн сольж, ашиглах боломжгүй болгосон ба гэрээний 3.1, Иргэний хуулийн 288.2.3-т заасны дагуу хохирлыг нөхөн төлөхийг шаардахад удаа дараалан хэл амаар доромжилж, татгалзсаар ирсэн. Мөн байрнаас гарахаас 1 сарын өмнө гарах тухайгаа мэдэгдэх үүрэгтэй хэдий ч дээрх хугацаанд мэдэгдээгүй нь байрыг цаашид түрээслэх түрээслэгч олох боломжийг алдагдуулж, түрээсийн орлогын эрсдэлд оруулсан тул дараах зүйлсийг нэхэмжилж байна. Үүнд:

Гэрээний сүүлийн 1 сарын түрээсийн төлбөр 350 000 төгрөг.

Гэрээний сүүлийн 1 сарын байр (цахилгаан, ус, дулаан, даатгал, хог)-ны мөнгө 57 000 төгрөг.

Байрны гадна хаалга болон түүнийг суурьлуулах төлбөр 500 000 төгрөг. Нийт 907 000 төгрөг гаргуулж өгнө үү. Тэмдэгтийн хураамжид 26 318 төгрөг төлсөн гэв.

Хариуцагч С.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.З миний бие Б.А ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Б.А ын нэхэмжилсэн 933 318 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Б.А тай түрээсийн гэрээ байгуулж, тус орон сууцыг түрээсэлсэн нь үнэн. 2018 оны 09 дүгээр сарын 04-нд орон сууц байгуулах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Тус гэрээний 1.1.5-д байрны сар бүрийн төлбөрийг 325 000 төгрөг байхаар тооцож гэрээ байгуулагдсан. Төлбөрийг би 3 сар тутамд гэрээнд заасны дагуу төлсөн ба ингэхдээ 1 050 000 төгрөгөөр буюу 75 000 төгрөгийг илүү төлж явсан. /Нийт 3 150 000 төгрөгийг Б.А ын Хаан банкны *** данс руу хийсэн/ Бидний дунд байгуулагдсан гэрээ 2019 оны 07 дугаар сарын 02-нд дуусах байсан боловч би тус гэрээний 1.4-д заасны дагуу гэрээг хугацаанаас 30 хоногийн өмнө цуцалж, хөлслүүлэгчид мэдэгдэж түлхүүрийг түүнд хүлээлгэж өгсөн болно. Иймээс миний амьдараагүй 1 сарын төлбөрийг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Б.А тай гэрээ цуцалж байгаа тухай 2019 оны 05 дугаар сарын 28, 2019 оны 06 дугаар сарын 01-нд түүний 2 дугаар руу утасдаж мэдэгдэж 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байрандаа ирэхэд нь түлхүүрийг нь хүлээлгэж өгөөд гарсан. Ярьсан ярианы дэлгэрэнгүйг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 06-нд байрны төлбөр төлөхдөө бүх тооцоог төлөөд баримтыг А т өгөөд гарсан тул дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг хүлээж авахад хаалганы цоож гацдаг байсан. Энэ тухайгаа эд хөрөнгө хүлээлцсэн актанд дурдсан байдаг. Цоож удаа дараа гацаж өгсөн нэг түлхүүр нь хугарсан тул хаалганы цоожыг 35 000 төгрөгөөр сольсон. Түүнээс дур мэдэн сольсон юм байхгүй. /Түлхүүрийг хүлээлгэж өгсөн/ Хаалганы эвдрэл гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан төлбөрөөс илүү 225 000 төгрөгийг илүү төлсөн байна. Байрны тог, ус цахилгааны төлбөрийн хувьд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хэрэглээний төлбөрийг холбогдох байгууллагаас нь тодорхойлуулсаны үндсэн дээр гарах төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А хариуцагч С.З ад холбогдуулан нэг сарын түрээсийн төлбөр 350 000 төгрөг, ус дулаан цахилгааны хэрэглээний төлбөр 57 000 төгрөг, бүргэд хаалганы үнэ 500 000 төгрөг, нийт 907 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч С.З орон сууцанд байсан хугацааны хэрэглээний төлбөрийг тооцон төлөхөд татгалзах зүйлгүй бусад төлбөрийг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан нэхэмжлэгч Б.А ын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг *** тоот 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай, 3 сар тутамд төлбөрийг нэг удаа авах, 3 сарын нийт төлбөр 975 000 төгрөг байх нөхцөлтэйгөөр байгуулсан бөгөөд гэрээний хавсралтаар 8 нэр төрлийн эд зүйлсийг хариуцагч С.З ад хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээ болон эд хөрөнгө хүлээлцсэн актаар нотлогдож байна. /хх 2-4/

Хариуцагч С.З 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл дээрхи орон сууцанд амьдарсан бөгөөд Эрдэнэт ус ДТС ОНӨХК-д 2019 оны 05 дугаар сарын төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн болох нь Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ний төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хх-5/

Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: хариуцагч С.З нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, орон сууцнаас гарахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө хэлж мэдэгдээгүй тул орлого олох боломжгүй болгосон, байрны нэг сарын төлбөр, хүлээлгэн өгсөн эд зүйлийг эвдсэн тул шинээр авч дахин суурилуулах төлбөр нийт 907 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч С.З нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Байранд суугаагүй хугацааны төлбөрийг хариуцан төлөх үндэслэлгүй, харин 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байрнаас гарсан тул энэ хэд хоногийн мөнгийг тооцож төлөхөд татгалзах зүйлгүй, хаалга эвдээгүй, цоож гацдаг байсны улмаас түлхүүр хугарсан тул гол сольсон, шинэ хаалганы үнээр төлөх үндэслэлгүй, сар бүр илүү төлөлттэй тооцоо хийж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасан орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул талуудын хооронд иргэний эрх зүйн орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

Талууд тухайн орон сууцны өмчлөгч хийгээд гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, харин гэрээнд заасан хугацааны өмнө гэрээ цуцлах талаар мэдэгдээгүйгээс олох байсан орлогоо алдсан. Иймд 1 сарын төлбөр, хэрэглээний төлбөрийг гаргуулна, эд хөрөнгө хүлээлгэн өгөх актаар өгсөн эд зүйлийг гэмтээж, муутгасан тул хаалга солих зардлыг үнэлгээгээр тооцон гаргуулна, гэрээнд техникийн шинжтэй алдаа гарч үнийн дүнг буруу тооцсон гэж маргаж байна.

2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээнд тухайн орон сууц нь Б.А ын өмч, Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа болохыг нотолж гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн бөгөөд Б.А аас өөр хүн хөлслөх хугацаанд холбогдож байгаагүй гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэн шаардах эрх Б.А т байгаа гэж дүгнэв. Тодруулбал өмчлөгчийн талаар маргаагүй үйл баримтанд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно гэж тодорхойлсон атлаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байгаа нь гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй хэдий ч зохигчид энэ талаар маргаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан тул хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

Гэрээний нийтлэг үндэслэлийн 5 дахь хэсэгт орон сууц хөлсөлсний төлбөрийг 3 сар тутамд нэг удаа нийт 975 000 төгрөг байхаар тохирсон бөгөөд хариуцагч С.З аас 1 050 000 төгрөгөөр 3 удаа нийт 3 150 000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны дипозет дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул түүний илүү төлж байсан гэсэн тайлбар үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгчийн техник алдаа гэсэн тайлбар үндэслэлгүй болох нь төлбөрийн үнийн дүнг тоо болон үсгэн хэлбэрээр бичсэн байдалтай нийцэхгүй байх тул 350 000 төгрөгөөр тохирсон гэсэн шаардлага үндэслэл бүхий биш гэж үзэв.

Мөн хариуцагчаас гэрээ цуцлахтай холбоотой Б.А т утсаар хэлсэн, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байрыг хүлээн авсан үйлдэл нь тогтоогдож байх тул 1 сарын төлбөр 350 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл амьдран суугаагүй хугацааны төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй байна.

Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ний 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 565 дугаартай албан бичигт *** тоот орон сууцны хэрэглэгчийн ус, дулаан, цахилгааны төлбөрийг сар бүрийн 25-наар тасалбар болгон төлбөрийн тооцоог гаргадаг тул 6-ны өдрөөр тооцоо гаргах боломжгүй гэсэн хариуг 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 30 897.62 төгрөгийн дэлгэрэнгүй тооцооны хамтаар ирүүлжээ.

Хариуцагч С.З ын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 12 359 төгрөг байхаар тооцож /30 897.62төгрөг / 30 хоног *12 хоног/ гаргуулах нь зүйтэй байна.

Эд хөрөнгө хүлээлцэх актаар бүргэд хаалганы чанар байдлыг үнэлээд 500 000 төгрөг гэж тооцсон бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ойгон арвижих ХХК-ний зарлагын баримтаар 530 000 төгрөгийн үнэ бүхий хаалга авсан болох нь нотлогдож байх тул хариуцагчаас хаалганы үнэ 500 000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

Хариуцагч хаалга шинэ байгаагүй, би муутгаагүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаар баримтаа ирүүлээгүй, татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүйг дурдав.

Иймд хариуцагч С.З аас хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрт 12 359 төгрөг, бүргэд хаалганы төлбөрт 500 000 төгрөг, илүү төлсөн 225 000 төгрөгийг хасч нийт 287 359 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 619 641 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 26 318 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9 271 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг баримтлан хариуцагч С.З аас 287 359 /хоёр зуун наян долоон мянга гурван зуун тавин есөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 619 641 /зургаан зуун арван есөн мянга зургаан зуун дөчин нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 318 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.З аас 9 271 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ