Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 145

 

 

 

 

 

 

 

 

 

 

А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

З-ад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00950 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: З-ад холбогдох,

Түрээсийн төлбөр 907.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч А-, хариуцагч З- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие өөрийн нэр дээрх Уурхайчин багийн 3-23-136 тоот 1 өрөө байрыг 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл (10 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулснаар) З-ад түрээслүүлж эхэлсэн. Түрээсийн гэрээнд хөлслүүлэгчийн үүрэг (2.1)-ийг дурдаж, үүргийн дагуу бүрэн бүтэн байрыг хүлээлгэн өгч, элэгдэл, гэмтэлтэй эд хөрөнгийг "Эд хөрөнгө хүлээлцэх акт"-нд тусгасан. Гэвч хариуцагч нь байрыг турээслэх хугацаандаа байрны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, гадна талын бүргэд хаалгыг эвдлэн, өнгө үзэмжийг нь муутгаж, хаалганы гадна бариулыг алга болгон, цоожны голыг дур мэдэн сольж, ашиглах боломжгүй болгосон ба гэрээний 3.1, Иргэний хуулийн 288.2.3-т заасны дагуу хохирлыг нөхөн төлөхийг шаардахад удаа дараалан хэл амаар доромжилж, татгалзсаар ирсэн. Мөн байрнаас гарахаас 1 сарын өмнө гарах тухайгаа мэдэгдэх үүрэгтэй хэдий ч дээрх хугацаанд мэдэгдээгүй нь байрыг цаашид түрээслэх түрээслэгч олох боломжийг алдагдуулж, түрээсийн орлогын эрсдэлд оруулсан тул дараах зүйлсийг нэхэмжилж байна.

Үүнд: Гэрээний сүүлийн 1 сарын түрээсийн төлбөр 350.000 төгрөг, гэрээний сүүлийн 1 сарын байр (цахилгаан, ус, дулаан, даатгал, хог)-ны мөнгө 57 000 төгрөг, Байрны гадна хаалга болон түүнийг суурьлуулах төлбөр 500.000 төгрөг. Нийт 907 000 төгрөг гаргуулж өгнө үү? Тэмдэгтийн хураамжид 26.318 төгрөг төлсөн гэжээ.

Хариуцагч З- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

З- миний бие А-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. А-ын нэхэмжилсэн 933.318 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие А-тай түрээсийн гэрээ байгуулж, тус орон сууцыг түрээсэлсэн нь үнэн. 2018 оны 09 дүгээр сарын 04-нд орон сууц байгуулах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Тус гэрээний 1.1.5-д байрны сар бүрийн төлбөрийг 325.000 төгрөг байхаар тооцож гэрээ байгуулагдсан. Төлбөрийг би 3 сар тутамд гэрээнд заасны дагуу төлсөн ба ингэхдээ 1 050 000 төгрөгөөр буюу 75 000 төгрөгийг илүү төлж явсан. /Нийт 3.150.000 төгрөгийг А-ын Хаан банкны 5037223815 данс руу хийсэн/ Бидний дунд байгуулагдсан гэрээ 2019 оны 07 дугаар сарын 02-нд дуусах байсан боловч би тус гэрээний 1.4-д заасны дагуу гэрээг хугацаанаас 30 хоногийн өмнө цуцалж, хөлслүүлэгчид мэдэгдэж түлхүүрийг түүнд хүлээлгэж өгсөн болно. Иймээс миний амьдараагүй 1 сарын төлбөрийг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. А-тай гэрээ цуцалж байгаа тухай 2019 оны 05 дугаар сарын 28, 2019 оны 06 дугаар сарын 01-нд түүний 99084210 дугаар руу утасдаж мэдэгдэж 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байрандаа ирэхэд нь түлхүүрийг нь хүлээлгэж өгөөд гарсан. Ярьсан ярианы дэлгэрэнгүйг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 06-нд байрны төлбөр төлөхдөө бүх тооцоог төлөөд баримтыг Анхбаярт өгөөд гарсан тул дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг хүлээж авахад хаалганы цоож гацдаг байсан. Энэ тухайгаа эд хөрөнгө хүлээлцсэн актанд дурдсан байдаг. Цоож удаа дараа гацаж өгсөн нэг түлхүүр нь хугарсан тул хаалганы цоожыг 35.000 төгрөгөөр сольсон. Түүнээс дур мэдэн сольсон юм байхгүй. /Түлхүүрийг хүлээлгэж өгсөн/ Хаалганы эвдрэл гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан төлбөрөөс илүү 225.000 төгрөгийг илүү төлсөн байна. Байрны тог, ус цахилгааны төлбөрийн хувьд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хэрэглээний төлбөрийг холбогдох байгууллагаас нь тодорхойлуулсаны үндсэн дээр гарах төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00950 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг баримтлан хариуцагч З-аас 287.359 /хоёр зуун наян долоон мянга гурван зуун тавин есөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 619.641 /зургаан зуун арван есөн мянга зургаан зуун дөчин нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.318 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч З-аас 9.271 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А- давж заалдсан гомдолдоо:

А- би Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн З- (ФБ77101879)-д холбогдох гэрээний үүрэгт холбогдох 907.000 (есөн зуун долоон мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар З- өөрөө оролцсон. Тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 142/ШШ2019/00950 шийдвэрийн хаалганы төлбөрийг гаргуулах тухай хэсгийг зөвшөөрч байгаа ч зарим шийдвэр дээр дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах шугамаар гомдол гаргаж байна. Үүнд: Түрээсийн гэрээ байгуулж, дуусах хугацааг гэрээнд тодорхой заасан, мөн З- түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гарсан, албан ёсоор хүлээлцсэн акт үйлдэж байрнаас гараагүй. Бас З-ын надруу 1 сарын өмнө байрнаас гарах тухайгаа утсаар хэлсэн нь нотлох баримтаар батлагдаагүй байхад сүүлийн 1 сарын түрээсийн төлбөрийг З-аас гаргуулаагүй /350.000 төгрөг/, Гэрээний хугацаа дуусах хугацаа хүртэлх байр /цахилгаан, ус, дулаан, даатгал, хог/-ны мөнгийг З-аас гаргуулаагүй /57.000 төгрөг/, байрны сарын түрээсийн төлбөр 350.000 төгрөгөөр тохирсон ч гэрээн дээр бичихдээ сарын 325 000 төгрөг гэж техникийн алдаа гаргаж буруу бичсэн боловч нотлох баримтаар сарын 350.000 төгрөгийг З- өөрөө сайн дураараа, маргаангүй төлсөн нь батлагдаж, шүүх танхимд энэ тухайгаа өөрөө хэлж, батлаж байхад дээрх үнийн дүнгийн зөрүүг миний нэхэмжилж буй үнийн дүнгээс хасч тооцсон /250.000 төгрөг/. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх гурван хэсгийг нотлох баримтанд үндэслээгүй, үндэслэлгүй гарсан шийдвэр гэж үзэж буй тул дээрх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч З- давж заалдсан гомдолдоо:

Миний бие Сүхбаатар овогтой Зууннаст А-ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон. Шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа боловч эвдэж ашиглах боломжгүй болгосон гэх хаалганы үнийг нэхэмжлэгчийн шаардлагаар төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь уг хаалга нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн бүргэд хаалга байсан бөгөөд /205х86 хэмжээтэй/ энэ нь одоогийн зах зээлийн ханшаар шинэ нь 350.000-400.000 төгрөгийн үнэтэй /хүргэлт, суулгалт, дулаалгын хөөс орсон үнэ/ байх бөгөөд эзэмшигч 2013 оноос хойш ашиглаж байгаа гэдгээ шүүх хуралдаан дээр хэлсэн. Шүүх хурал орохын өмнө А- нь шинэ орос хаалга авсан зарлагын баримт авч ирсэн байсан. Надад хаалганд үнэлгээ хийлгэх бололцоо өгөөгүй. Хаалганы үнэ Орос болон Хятад улсад үйлдвэрлэснээрээ, мөн шинэ, хуучин гэдгээрээ, чанар байдлын хувьд ижил 500.000 төгрөг байх боломжгүй. Иймд хаалганы үнэлгээг тогтоолгож миний илүү төлсөн 225.000 төгрөгийг хасаж тооцож мөн эвдэж ашиглах боломжгүй болсон гэх хуучин хаалгыг /би хаалганы үнийг бүрэн хариуцаж төлөхөөр бол/ миний эзэмшилд олгуулж өгөхөөр хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А- байрны дулаан, цахилгаан, усны төлбөр, хаалганы үнэ 907.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “...06 сарын 06-нд байрандаа ирэхэд нь түлхүүрийг нь өгсөн, хаалгыг нь засаж цоож сольсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, цахилгаан, ус дулааны төлбөрөөс зохих хэмжээгээр төлнө” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг баримтлан хариуцагч З-аас 287.359 /хоёр зуун наян долоон мянга гурван зуун тавин есөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 619.641 /зургаан зуун арван есөн мянга зургаан зуун дөчин нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Талууд 2018 оны 09 дүгээр сарын 04–ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хөлслөгч сар бүр түрээсийн төлбөр 325.000 төгрөг төлөх, гэрээний хугацааг 10 сар буюу 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай, хөлслүүлэгч  хугацаанаас өмнө гэрээг цуцлахаар бол 1 сараас багагүй хугацааны өмнө хөлслөгчид мэдэгдэх, хөлслөгч гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө орон сууц хөлслөх гэрээг сунгах хүсэлтээ гаргах, шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрх эдлэхээр харилцан тохиролцсон ба шүүх уг байрны ус, цахилгаан, дулааны төлбөрийг 12.359 төгрөг гэж тооцсон нь зөв байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч З- нь Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө байрнаас гарсан, уг байрны хаалгыг эвдэлж гэмтээсний улмаас өөр хаалгаар сольсон, нэхэмжлэгч А- тус байрыг 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд өөр хөлслөгч олж хөлслүүлээгүй, хөлслүүлэгч гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй болох нь тогтоогдож байхад шүүх 1 сарын байрны хөлс 325.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хариуцагч З- нь уг байрыг хөлслөх үед хаалганы цоож гэмтэлтэй байсан, уг хаалгыг бүрэн эвдэрсэн хаалгыг бүрэн солихоос өөр боломжгүй байсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хаалгыг эвдэлж гэмтээсэн байдлыг харуулсан зураг нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хариуцагчаас хаалганы үнийг бүрэн хэмжээгээр эсхүл тодорхой хувиар тооцож гаргах боломжгүй байх тул хаалганы үнийг хариуцагчаас байрны төлбөрийг илүү төлсөн хэмжээгээр буюу 225.000 төгрөгөөр тооцож, хариуцагч З-аас байрны хөлс 325.000 төгрөг, дулаан, цахилгаан, усны төлбөр 12.359 төгрөг, хаалганы үнийг илүү төлсөн төлбөр 225.000 төгрөг тус тус гаргуулж төлүүлэх боломжтой гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ/2019/00950 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “... 287.359 төгрөг гэснийг 337.359 төгрөг гэж, 619.641 төгрөг гэснийг 569.641 төгрөг” гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд “...9.271  төгрөг гэснийг 10.771 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.318 төгрөг, хариуцагч З-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                М.ХҮРЭЛБААТАР

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ