Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00333

 

2021           04            06                                          001/ХТ2021/0033

 

................ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00950 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаар магадлалтай,

 

................ын нэхэмжлэлтэй

................ад холбогдох

 

907,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ................ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

 

Нэхэмжлэгч ................ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн нэр дээрх Уурхайчин багийн 3-23-136 тоот 1 өрөө байрыг 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл (10 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулснаар) ................ад түрээслүүлж эхэлсэн. Түрээсийн гэрээнд хөлслүүлэгчийн үүрэг (2.1)-ийг дурдаж, үүргийн дагуу бүрэн бүтэн байрыг хүлээлгэн өгч, элэгдэл, гэмтэлтэй эд хөрөнгийг "Эд хөрөнгө хүлээлцэх акт"-нд тусгасан. Гэвч хариуцагч нь байрыг турээслэх хугацаандаа байрны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, гадна талын бүргэд хаалгыг эвдлэн, өнгө үзэмжийг нь муутгаж, хаалганы гадна бариулыг алга болгон, цоожны голыг дур мэдэн сольж, ашиглах боломжгүй болгосон ба гэрээний 3.1, Иргэний хуулийн 288.2.3-т заасны дагуу хохирлыг нөхөн төлөхийг шаардахад удаа дараалан хэл амаар доромжилж, татгалзсаар ирсэн. Мөн байрнаас гарахаас 1 сарын өмнө гарах тухайгаа мэдэгдэх үүрэгтэй хэдий ч дээрх хугацаанд мэдэгдээгүй нь байрыг цаашид түрээслэх түрээслэгч олох боломжийг алдагдуулж, түрээсийн орлогын эрсдэлд оруулсан тул дараах зүйлсийг нэхэмжилж байна. Үүнд: Гэрээний сүүлийн 1 сарын түрээсийн төлбөр 350.000 төгрөг, гэрээний сүүлийн 1 сарын байр (цахилгаан, ус, дулаан, даатгал, хог)-ны мөнгө 57 000 төгрөг, Байрны гадна хаалга болон түүнийг суурьлуулах төлбөр 500.000 төгрөг. Нийт 907 000 төгрөг гаргуулж өгнө үү? Тэмдэгтийн хураамжид 26.318 төгрөг төлсөн гэжээ.

 

Хариуцагч ................ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ................ миний бие ................ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. ................ын нэхэмжилсэн 933.318 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие ................тай түрээсийн гэрээ байгуулж, тус орон сууцыг түрээсэлсэн нь үнэн. 2018 оны 09 дүгээр сарын 04-нд орон сууц байгуулах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Тус гэрээний 1.1.5-д байрны сар бүрийн төлбөрийг 325.000 төгрөг байхаар тооцож гэрээ байгуулагдсан. Төлбөрийг би 3 сар тутамд гэрээнд заасны дагуу төлсөн ба ингэхдээ 1 050 000 төгрөгөөр буюу 75 000 төгрөгийг илүү төлж явсан. /Нийт 3.150.000 төгрөгийг ................ын Хаан банкны ................ данс руу хийсэн/ Бидний дунд байгуулагдсан гэрээ 2019 оны 07 дугаар сарын 02-нд дуусах байсан боловч би тус гэрээний 1.4-д заасны дагуу гэрээг хугацаанаас 30 хоногийн өмнө цуцалж, хөлслүүлэгчид мэдэгдэж түлхүүрийг түүнд хүлээлгэж өгсөн болно. Иймээс миний амьдараагүй 1 сарын төлбөрийг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. ................тай гэрээ цуцалж байгаа тухай 2019 оны 05 дугаар сарын 28, 2019 оны 06 дугаар сарын 01-нд түүний 99084210 дугаар руу утасдаж мэдэгдэж 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байрандаа ирэхэд нь түлхүүрийг нь хүлээлгэж өгөөд гарсан. Ярьсан ярианы дэлгэрэнгүйг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 06-нд байрны төлбөр төлөхдөө бүх тооцоог төлөөд баримтыг ................т өгөөд гарсан тул дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг хүлээж авахад хаалганы цоож гацдаг байсан. Энэ тухайгаа эд хөрөнгө хүлээлцсэн актанд дурдсан байдаг. Цоож удаа дараа гацаж өгсөн нэг түлхүүр нь хугарсан тул хаалганы цоожийг 35.000 төгрөгөөр сольсон. Түүнээс дур мэдэн сольсон юм байхгүй. /Түлхүүрийг хүлээлгэж өгсөн/ Хаалганы эвдрэл гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан төлбөрөөс илүү 225.000 төгрөгийг илүү төлсөн байна. Байрны тог, ус цахилгааны төлбөрийн хувьд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хэрэглээний төлбөрийг холбогдох байгууллагаас нь тодорхойлуулсны үндсэн дээр гарах төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00950 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг баримтлан хариуцагч ................аас 287.359 /хоёр зуун наян долоон мянга гурван зуун тавин есөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ................т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 619.641 /зургаан зуун арван есөн мянга зургаан зуун дөчин нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.318 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ................аас 9.271 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................т олгож шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ/2019/00950 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд ... 287.359 төгрөг гэснийг 337359 төгрөг гэж, 619.641 төгрөг гэснийг 569.641 төгрөг гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд ...9.271 төгрөг гэснийг ..... төгрөг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч ................ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,318 төгрөг, хариуцагч ................ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,260 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ................ хяналтын гомдолдоо: Шийдвэрийн зарим шийдвэр дээр эс зөвшөөрч давж заалдах шугамаар гомдол гаргасан. Магадлалыг хэсэгчлэн зөвшөөрч байгаа хэдий ч доор дурдсан 2 үндэслэлийг нотлох баримтыг үндэслээгүй, хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд: 1. ................ нь байрыг анх түрээслэхдээ эд хөрөнгийн үнэ, чанарыг нь тодорхой зааж өгсөн (хаалгыг 500,000 төгрөгөөр үнэлж) гэрээ, актан дээр гарын үсэг зурж байрыг хүлээн авсан. Гэвч тэрээр хаалгыг гэмтээж, өнгө үзэмжийг илт муутгасан. Гэрээ, эвдэлсэн хаалганы зураг зэрэг нотлох баримтыг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслээгүй юм. Мөн хаалганы эвдрэл, гэмтлийг ................ад өөрт нь би харуулахыг хичээж, олон дахин хэлсэн боловч тэрээр зориуд ирж үзэлгүй зугтааж, холбоо барилгүй хаяад явсан юм. 2. Давж заалдах шатны шийдвэрт байрны түрээсийн төлбөрийг 350,000 биш 325,000 төгрөгөөр тооцсон байна. Амаар ярьж тохирохдоо бид 350,000 төгрөгөөр төлбөрийг тохирсон ч би сарын 325,000 төгрөг гэж техникийн алдаа гаргаж гэрээн дээр бүруу бичсэн. Гэвч ................ надтай анх тохирсныхоо дагуу улирал бүр 350,000 төгрөгөө надруу ямар нэгэн маргаангүйгээр төлсөөр ирсэн нь анх 350,000 төгрөгөөр тохирсныг баталж байгаа. Мөн анхан шатны шүүх танхимд мэдүүлэг өгөхдөө ................ анх 35,000 гэж тохирсон тухайгаа өөрөө хэлж, баталж байхад шүүх дээрх түрээслэгчийн хэлсэн үгийг баримт гэж үзэлгүйгээр шийдвэр гаргаж 350,000 болон 325,000 төгрөгийн 11 сарын зөрүү 225,000 төгрөгийг миний нэхэмжилж буй үнийн дүнгээс хасч тооцсон нь дээрх үндэслэл, баримтуудыг харгалзаж үзээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх миний дурдсан асуудлууд нь бүгд баримт болон мэдүүлгээр нотлогдож байхад давж заалдах шатны шүүх ................ын баримтгүй мэдүүлэг дээр үндэслэсэн шийдвэр гаргаж, баримттай дутуу танилцаж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дээрх 2 үндэслэлтэй холбоотой хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ................ хариуцагч ................ад холбогдуулан орон сууцны хөлс, хаалганы үнэ нийт 907,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч ашиглалтын зардлын зохих хэсгийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 287,359 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................т олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 337,359 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасан асуудлыг бүрэн тусгаж, ойлгомжтой, тодорхой биелэгдэх боломжтой илэрхийлэгдсэн байх шаардлагыг агуулдаг бөгөөд энэ зарчим нь давж заалдах шатны шүүхийн магадлалд нэгэн адил хамаарна. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа бол шийдвэрийн аль хэсгийг хэрхэн өөрчилснөөр шийдвэр ойлгомжтой, биелэгдэх боломжтой үлдэж байгаа эсэхийг анхаарах учиртай.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шийдвэрийн өөрчилж байгаа хэсгийг бүрэн тусгаагүйгээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг ойлгомжгүй үлдсэн, шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон байна.

Иймд уг алдааг залруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ................ хяналтын журмаар гомдол гаргахдаа “...сарын хөлсийг 350,000 төгрөгөөр тохирсон нь нотлогдсон, хариуцагч 350,000 төгрөгөөр тооцож төлж байснаас гадна ийнхүү тохирсноо шүүхийн танхимд хэлж баталж байхад шүүх анхаараагүй, ...хаалганы үнэ 500,000 төгрөг болохыг эд хөрөнгө хүлээлцэх актад тусгасан байхад үнийг дутуу гаргуулсан... нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

 

Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Хэрэгт байгаа баримтаар, талууд 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр гэрээ байгуулж, ................ нь орон сууцаа хөлслүүлэх, ................ нь сар бүр хөлс төлөх, гэрээний хугацаа 10 сар боловч 1 сарын өмнө орон сууцыг буцаан өгсөн, хариуцагч нь нийт 3,150,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээг орон сууц хөлслөх гэрээ, гэрээг дуусгавар болсон гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.1.3 дах хэсгийг зөрчөөгүй байна. Гэрээнд, түүнчлэн талууд тайлбартаа орон сууцыг түрээсэлсэн гэж байгаа боловч орон сууцыг хөлсөлсөн агуулгатай болохыг шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Нэхэмжлэгч сар бүрийн хөлсийг 350,000 төгрөг гэсэн бол хариуцагч 325,000 төгрөг гэж маргасан, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээг цуцлахдаа мэдэгдээгүй, буруутай гэж 1 сарын хөлс, хаалга эвдэлсэн тул хохирлыг тус тус шаардсан, энэ талаарх хариуцагчийн үүрэг гэрээгээр тодорхойлогдсон байна.

 

Гэрээний “нийтлэг үндэслэл” гэх хэсгийн 5-д 3 сарын төлбөр 975,000 төгрөг гэж зааснаас үзэхэд сарын хөлс 325,000 төгрөг байх тул уг баримтад үндэслэн шүүх дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Эд хөрөнгийг эзэмших хугацаанд ердийн элэгдэл байдаг тул хөлслөгч хаалгыг эвдэж гэмтээгээгүйгээс бусад тохиолдолд хаалганы үнийг хариуцах үндэслэлгүй юм.

 

Хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл сарын хөлсийг 350,000 төгрөгөөр тохирсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдоогүй, түүнчлэн хаалга эвдэрсэнд хариуцагч ямар буруутай болохыг нэхэмжлэгч нотлоогүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэл муутай байна.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т заасан үндэслэлээр гэрээг цуцалж болдог ба нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар 1 сарын өмнө мэдэгдээгүй гэснээс үзэхэд талууд гэрээнд хугацааг өөрөөр тогтоосон, хариуцагч нь энэ үүргээ зөрчсөн тул 1 сарын хөлс 325,000 төгрөгийг төлөх ёстой гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Хариуцагч нь хэрэглэсэн ус, цахилгаан, дулааны төлбөрийн үлдэгдэл 12,359 төгрөгийг төлөхийг маргаагүй байв. Давж заалдах шатны шүүх хариуцагчаас хаалганы үнийг байрны төлбөрийг илүү төлсөн хэмжээгээр буюу 225,000 төгрөгөөр тооцож төлүүлэх боломжтой гэж үзсэн нь үндэслэл муутай, энэ талаарх дүгнэлт ойлгомжгүй болсон боловч 337,359 төгрөгийг гаргуулсан магадлалд хариуцагч гомдол гаргаагүйг зөвшөөрсөн гэж үзэх тул шийдлийг хэвээр үлдээнэ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 287,359 /хоёр зуун наян долоон мянга гурван зуун тавин есөн/ төгрөг гэж, 619,641 /зургаан зуун арван есөн мянга зургаан зуун дөчин нэгэн/ төгрөг гэж заасан хэсгийг давж заалдах шатны шүүх өөрчлөхдөө зөвхөн тоон дүнг өөрчилсөн нь алдаатай болсон тул залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...287.359...”  гэснийг “...287,359 /хоёр зуун наян долоон мянга гурван зуун тавин есөн/...” гэж, “...619.641...” гэснийг “...619,641 /зургаан зуун арван есөн мянга зургаан зуун дөчин нэгэн/...” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисгуай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 26,318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                               Х.СОНИНБАЯР

                                                                                               Г.ЦАГААНЦООЖ