Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2019/00959

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЭС ХХК

Хариуцагч: Ш.Э

4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , хариуцагчийн өмгөөлөгч А.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЭС ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ш.Э нь тус компанийн худалдан борлуудаг Кирби хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 6 200 000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 500 000 төгрөг төлж үүнээс хойш сар бүр 250 000 төгрөгөөр тооцоо хийж 22 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно. Гэвч хариуцагч нь урьдчилгаа болон хуваарьт төлөлтөөр 2 250 000 төгрөг төлсөн боловч 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Хариуцагчтай утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төлөх боломжгүй гэх хариу өгөх болсон. Хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл үнэ болон алдангийн төлбөрийг гаргуулан авахыг шаардаж байна. Гэрээний хугацаа 2017 оны 03 сарын 20-ны өдрөөр дуусгавар болсноос хойш 717 хоног өнгөрсөн бөгөөд гэрээний 7.3-ын дагуу алданги тооцвол 14 160 750 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувийг давсан байна. Иймд барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл 3 950 000 төгрөг, алданги 550 000 төгрөг буюу нийт 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү, баримт шүүж төлбөр төлсөн он сар өдрийг тодорхой болгосон байгаа, үлдэгдэл төлбөрийн үнийн дүн хэвээрээ гэв.

Хариуцагч Ш.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: ЭС ХХК-иас надад хандаж тус шүүхээр дамжуулан Кирби хивс цэвэрлэх төхөөрөмжийг худалдан авсан үнийг төлөөгүй гэж барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл 3 950 000 төгрөг, алданги 550 000 нийт 4 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Тухайн байгуулага анх надтай тохирохдоо 4 800 000 төгрөг болж хямдарсан байгаа гэсэн бөгөөд би өөрийн эгч нартай тохирон худалдан авахаар болж урьдчилгаа 1 000 000 төгрөг төлсөн. Мөн дараа сараас нь эхлэн өөсдийнх нь хэлсэний дагуу сар бүр тооцоог хийж байсан юм. Тэр үеийн менежер нь надтай гэрээг хийнэ гэсэн боловч гэрээг хийгээгүй. Надаар гарын үсэг зуруулаагүй. Гэрээнд зурагдсан гарын үсэг нь миний өөрийн гарын үсэг байна. Энэ байгууллагаас тэр үед буюу 2015 оны 05 дугаар сараас хойш хэд хэдэн хүн манай гэрт ирж мөнгийг бэлнээр авч байсан боловч тухайн төхөөрөмж гэнэт эвдэрсэн бөгөөд засч өгнө гээд аваад явсан. Энэ цагаас хойш буюу 2015 оны 12 дугаар сараас эхлэн ямар ч хүн ирээгүй ба утсаа авахгүй төхөөрөмжөө аваад сураггүй алга болсон. Төхөөрөмжийг эвдэрч тэдэнд өгөхөөс өмнө тухайн байгууллагын ажилтан Солонго /хэрэгт хавсаргагдсан гэрээнээс үзэхэд Түмэнжаргалын Солонго гэж бичигдсэн байсан/ гэдэг хүний дансанд төлбөрийг мөн л хугацаанд нь шилжүүлж байсан. Төхөөрөмжийг би авахдаа 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 06 дугар сард 500 000 төгрөгийг төлж сар бүр 250 000 төгрөгийг төлсөөр 2016 оны 01,02 дугаар сар гээд нийт 09 сарын хугацаанд 2 500 000 төгрөг нийт 3 500 000 төгрөгийг энэ байгууллагад төлсөн. Хэргийн материалыг судлан үзэхэд

1.Гэрээнд зурагдсан гарын үсэг нь минийх биш ба миний гарын үсгийг дуурайлган зурсан. Гэрээний хувь гэж надад өгөөгүй.

2.Хэрэгт хавсаргасан төлбөрийн баримтыг баллаж гараар шинээр тоо бичин миний өгсөн 1 000 000 төгрөгийг 500 000 төгрөг болгон өөрчилсөн.

З.Тухайн үед төлөлт хийж байсан төлбөрийн баримтыг бүрэн тусгаагүй байна. Надаас бэлнээр мөнгө авахдаа баримт өгч байгаагүй. Би өнгөрсөн хугацаанд төхөөрөмж ч байхгүй мөнгөө өгч алдаад өдийг хүрсэн. Иймд ЭС ХХК-иас гаргасан надаас нэхэмжилж байгаа 4 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хүүхэд асарч байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй, намайг байлцуулахгүйгээр өмгөөлөгч А.Т ыг оролцуулан шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ш.Э ийн хариу тайлбарыг дэмжиж оролцоно. Тэрээр саяхан амаржсан тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой. Худалдах худалдан авах гэрээгээр Кирби хивс цэвэрлэх төхөөрөмжийг авсан, төлбөрөө хуваарийн дагуу төлж байсан боловч төхөөрөмж эвдэрсэн. Ийнхүү засуулахаар өгөөд одоо болтол аваагүй тул төлбөрийг хариуцан төлөх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч байгууллагад дансаар болон бэлнээр 3 500 000 төгрөг төлсөн. Хөнгөлттэй үнээр бүтээгдэхүүн санал болгосон. Урьдчилгаанд 1 000 000 төгрөг төлснийг гараар дарж 500 000 төгрөг болгосон байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЭС ХХК нь хариуцагч Ш.Э ээс Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл 3 950 000 төгрөг, алданги 550 000 төгрөг нийт 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч Ш.Э 3 500 000 төгрөг төлсөн, төхөөрөмж эвдрээд засуулахаар өгсөн боловч буцааж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А  төхөөрөмжийг хямдруулсан зүйлгүй, гэрээнд тогтоосон үнээр худалдан борлуулсан, эвдрэл гэмтэл гарч манай байгууллагад өгөөгүй. Хариуцагч нийт 2 250 000 төгрөг төлсөн. Гэрээнд хийсэн засварын үнээр төлбөр төлөгдөж байсан болох нь холбогдох баримтаар нотлогдоно гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Ш.Э  төхөөрөмжийг хямдруулан 4 800 000 төгрөг болгосон, урьдчилгаанд 1 000 000 төгрөг, дараа нь 500 000 төгрөг гээд хуваарь ёсоор төлбөрөө төлж нийт 3 500 000 төгрөгийг төлсөн. Гэрээнд гарын үсэг зураагүй ба төлбөрийн баримт огт өгч байгаагүй, төхөөрөмж эвдэрч засуулахаар өгөөд буцааж аваагүй гэж маргаж байна.

Зохигчид 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид Кирби Сентриа хивс цэвэрлэх төхөөрөмжийг мөн өдрөө шилжүүлсэн байна.

Талуудын хооронд иргэний эрх зүйн худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ЭС  ХХК, Ш.Э нарын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, барааны хавсралт, бараа хүлээлгэн өгсөн актуудад зурсан гарын үсэг нь Ш.Э ийн гарын үсгийн хэв загвартай тохирч байх бөгөөд 500 000, 22, 250 000 гэсэн бичвэрүүд гэрээний нөхөх хэсэгт хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр бичсэн бичвэртэй тохирохгүй гэсэн байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр Ш.Э нь гэрээнд гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон тул 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнд засвар оруулаагүй байх тул хөнгөлттэй үнээр худалдан борлуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин гэрээний урьдчилгаа төлбөр, сар бүрийн төлөлт, төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулсан байх бөгөөд хариуцагчаас засвар оруулсан хэмжээгээр буюу сарын төлөлт 250 000 төгрөгийн хэмжээгээр төлөгдөж байсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн бэлэн мөнгөний орлогын баримтуудаар нотлогдож байх тул зохигчид төлбөр төлөлтийн хугацаа, урьдчилгаа төлбөрийн үнийн дүн, сар бүрийн төлөлтийн хэмжээнд өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ЭС ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлсэн тул төхөөрөмжийн үнийн дүнг хариуцагчаас шаардах эрхтэй, харин гэрээний 7.3-т заасны дагуу алданги гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний 7.3-т худалдан авагч энэхүү гэрээний 3.3.2-т заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд худалдагчид төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хүү төлнө гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь алданги, торгууль гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Мөн хуулийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэжээ.

Аливаа хэлцэлийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд хоёрдмол болон салаа утгагүй байх ёстой.

Нэхэмжлэгч алданги шаардсан гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд хүү төлөх талаар заасан байх тул алдангийн төлбөр 550 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Ш.Э нь 3 500 000 төгрөг төлсөн, төхөөрөмж эвдэрч засуулахаар өгөөд аваагүй гэсэн тайлбар гаргаж байгаа боловч тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болсон баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагчийн өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаар маргасан.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоологдно.

Иймд хариуцагч Ш.Э ээс Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийн төлбөрт 3 950 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭС ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн төлбөр 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч Ш.Э хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаар хүсэлтээ ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 86 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 150 төгрөг гаргуулан ЭС ХХК-д олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заасныг баримтлан хариуцагч Ш.Э ээс 3 950 000 /гурван сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЭС ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э ээс 78 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭС ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ