Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2019/00967

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: ЭҮ ХХК

ЭҮ ХХК-ийн ҮЭ-ийн холбооны хуулийн зөвлөхийн ажлаас үндэслэлгүй халсаны улмаас ажилгүй байсны хугацааны цалин 17 471 300 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаартай тушаал, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгэлгүйгээр цалин авсан 14 585 344 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалж хууль бусаар ажлаас халсан. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин 900 000 төгрөг ЭҮ ХХК-ийн ҮЭ-ийн холбооноос нэхэмжилэхэд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн 142/ШШ2018/1 дугаартай шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэн хэвээр баталсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл би ажилгүй явж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл 8 сар 24 хоног ажилгүй байсан хугацааны цалин 15 840 000 төгрөгийг ЭҮ ХХК-ийн ҮЭ-ийн холбооноос гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ЭҮ ХХК-ийн ҮЭ-ийн Холбооноос ажлаас үндэслэлгүйгээр халж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин 15 840 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа:

1-рт сарын үндсэн цалинг 40 000 төгрөгөөр дутуу бодож нэхэмжилсэн.

2-рт ажилгүй байсан хугацааг сунгаж тооцоох шаардлага гарсан.

3-рт ЭҮ ХХК-ийн ҮЭХолбооноос хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг эсэргүүцсэн санаатай үйлдлүүдийг удаа дараа гаргаж байгаа тул хууль зөрчин гаргасан тушаалуудыг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/1 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргасан он сар өдөр буюу 2018 оны 0дүгээр сарын 10-ны хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийн дагуу намайг хуулийн зөвлөхийн ажилд эргүүлэн авахаас зайлс хийж давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл хариуцагчид хүлээлгэсэн заалтыг биелүүлэхгүй шүүхийн шийдвэрт үл нийцэх 2, 3 гэгч тушаалуудыг дараалан гаргаж Монгол улсын хуулийг завхруулж байгаа тул зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулахаар урьд гаргасан нэхэмжлэл дээр дараах шаардлагыг нэмж гаргаж байна. 2019 оны 0дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн цалингийн үнийн дүнгийн зөрүү 344 000 төгрөг, 2019 оны 0дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 21 өдөр, 1 өдрийн 61 300 төгрөг буюу 21*61 300 төгрөг=1 287 300 төгрөг, нийт 1 631 600 төгрөгийг нэмж нэхэмжлэнэ. Тэгэхээр ЭҮ ХХК-ийн ҮЭХолбооноос нийт 17 471 300 /арван долоон сая дөрвөн зуун далан нэгэн мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэнэ гэсэн үг юмаа. Тус холбооны даргын дүр эсгэн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль зөрчиж гаргасан 2019 оны 0дугаар сарын 07-ны өдрийн Б. Эыг ажилд эргүүлэн авах тухай (Шүүхийн шийдвэрт нийцэхгүй ажилд авах гэсэн) 2 дугаар тушаал, 2019 оны 0дугаар сарын 20-ны өдрийн Б. Эыг ажлаас халах тухай (Хуульд заасан ажлаар хангаагүй байж) 3 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл нэмж гарган, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгэж баталгаажуулахаар тус тус нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргаж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно. Жич: Улсын дээд шүүхийн тогтоолын хувийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 06 сарын 03-ны өдөр гардан авсан болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б. Эын тус холбооноос ажилгүй байсан хугацааны цалин гэж 15 840 000 тегрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. Б. Эад ЭҮ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ийм мөнгө төлөх үндэслэл байхгүй. Учир нь Холбооны дарга байсан П.Б өөрийн дотнын найз Б. Эыг ашиг сонирхолын зөрчилтэйгээр, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийг зөрчин хуулийн зөвлөхөөр авч ажиллуулсан болох нь Б. Эын нэхэмжлэлтэй тус Холбоонд холбогдох Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ны 1 тоот шийдвэртэй хэрэгт П.Б ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, ЭҮ ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, тус холбооны хянан шалгах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний 03 тоот дүгнэлт зэргээр тус тус нотлогдоно. Б.Э нь өөрөө дээр дурдсан 1 тоот шийдвэртэй хэрэгт гаргаж өгсөн "Ажлын байрны тодорхойлолт-д зааснаар Холбооны хуулийн зовлөх нь магистрын зэрэгтэй, хуульч байх шаардлагыг хангаагүй, баклаврын ч зэрэггүй, дипломын хэргэмтэй эрх зүйч тул тус холбоонд хуулийн зөвлөхөөр ажиллах боломжгүй учраас түүнд ажилгүй байсан хугацааны цалин шаардах эрх үүсэхгүй. Б.Эрдэнбат нь тус холбооны дарга П.Б тэй 2017 оны 11 дүгээр сарын 01-нд 1 /нэг/ жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг ба түүнийгээ 2 /хоёр/ болгон засварласан байдаг. Ийм учраас түүний Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 01-нд дууссан. Угаасаа 2017, 2018 онд тус холбоонд дүрмийн 18.1.4 дэх заалтын дагуу Гүйцэтгэх зөвлөлийн Тэргүүлэгчдээр баталсан ажлын албаны орон тообүтэц, зохион байгуулалтын тогтоол байхгүй, дүрэм зөрчсөнийг хянан шалгах зөвлөл шалгаж тогтоосон ба Б. Эын ажлын байр буюу орон тоо тус Холбооны 45 жилийн түүхэнд байгаагүй, одоо ч байхгүй юм. Өмнө нь Б. Эыг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний 1 тоот шийдвэрт хийсэн гол дүгнэлт нь ЭҮ ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийг Холбооны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2-т хуулийн зөвлөх Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа нь ажлын байр байгаа гэж тайлбарлан шийдвэр гаргаж, улмаар уг дүгнэлтийг давж заалдах болон хяналтын шатны шүүх баталгаажуулсан. Тус Үйлдвэрчний эвлэлийн Холбооны 2019 оны 01 дүгээр сарын 17-ны ээлжит XII Бага хурлаар Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Хуулийн зөвлөх гэснийг хассан байна. Б.Э нь тус холбооны хуулийн зөвлөхөөр ажиллахдаа ямар ямар төрлийн хэдий хэмжээний ажил гүйцэтгэсэн талаар ямар ч баримт тус холбоонд байдаггүй ба түүнээс гүйцэтгэсэн ажлынх нь тайланг 2018 оны 07 сарын 02, 2019 оны 05 дугаар сарын 08-нд албан ёсоор шаардахад ямар ч хариу өгөөгүй болно. Ийм учраас түүнийг Холбооны даргаас огцорсон найз П.Б ийнхөө ивээлд сул цалин авч холбоонд хохирол учруулсан гэж үзэж түүнд олгосон цалинг буцаан нэхэмжлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Б. Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэмэгдүүлсэн шаардлагыг мөн зөвшөөрөхгүй, Б. Эыг 2019 оны 05 дугаар сарын 07-ны 2 тоот тушаалаар "Хуулийн зөвлөх"-ийн ажилд эргүүлэн авсан. Тэрээр ажил олгогчийн хууль ёсны дагуу шаардсан бичиг баримтыг бүрдүүлж өгөх шаардлагыг эсэргүүцсэн, ажилд ирээгүй 31 хоног ажил тасалсан тул түүнийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны 3 тоот тушаалаар ажлаа халсан нь хууль зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч ямар хуулийг хэрхэн зөрчсөн тухай заагаагүй болно. Иймд ЭҮ ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо Б. Эын нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно гэв.

ЭҮ ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны дарга Б.Т сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Бадамгаравын Э нь тус Холбооны даргаар П.Б ийг ажиллаж байхад өөрөө хуулийн зөвлөхөөр ажиллая гэдэг өргөдөл гаргаж, П.Б 2017 оны 11 дүгээр сарын 01-нд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж хуулийн зөвлөхөөр авсан байна. Хожим шүүхэд П.Б ийн гэрчээр мэдүүлснээр Б.Э нь түүний найз юм байна. Холбооны дарга байсан П.Б найзыгаа ажилд авахдаа ажлын албаны орон тоо, бүтцийг Тэргүүүлэгчдээр батлуулах, Холбооны дүрмийн 18.1.4 дэх заалтыг зөрчсөн байх ба 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Холбооны ээлжит XI Бага хурлаар дүрэмд өөрчлөлт оруулахдаа ажлын албаны ажилтныг Гүйцэтгэх зөвлөлд оруулж найзыгаа ивээж байсныг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны Холбооны ээлжит XII бага хурал дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Хуулийн зөвлөх гэснийг хасаж зөвтгөсөн байна. Б.Э нь Хөдөлмөрийн гэрээнд зааснаар холбооны удирдлага болон гишүүдийг хууль эрх зүйн мэдээлэл, зөвөлгөөгөөр хангах, ҮЭ-ийн Холбооны зүгээс гарч байгаа тушаал, шийдвэр, тогтоол хуульд нийцэж байгаад хяналт тавих, шүүхийн, хөдөлмөрийн болон бусад маргаанд холбоог төлөөлөх гол үүрэг хүлээжээ. Гэтэл хуулийн зөвлөх энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс холбооны дарга удаа дараа дүрэм зөрчсөн үйл ажиллагаа явуулж 2018 оны 05 дугаар сарын 22-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар огцорсон, холбооны хянан шалгах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот дүгнэлтээр Тэргүүлэгчдийн тогтоолууд дүрэм зөрчсөн, ҮЭ-ийн холбооны даргын тушаал шийдвэрүүд дүрмийн болон хууль зөрчсөн, ажлын албаны болон хуулийн зөвлөхийн ажил хангалтгүй, хуулийн зөвлөхтэй атлаа өмгөөлөгч Батмөнх-Очир, Оюунбат нартай гэрээ байгуулж багагүй зардал гаргасныг гүйцэтгэх зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлсэн байна. Хянан шалгах зөвлөлийн энэ дүгнэлтийг буруу болсон гэж П.Б , Б.Э нар маргасан, үгүйсгэсэн баримт гаргаагүй байна. Тус холбоон дээр Б.Э хуулийн зөвлөхийг Хөдөлмөрийн гэрээтэй байх үедээ ямар ажил үүрэг гүйцэтгэсэн талаар баримт материал олддоггүй юм. Холбооны дарга байсан Н.Батбаатар, Ш.Галиндэв нартай холбоотой асуудлыг Эрүүгийн хэрэг бүртгэлтийн журмаар шалгахад 2 удаа Холбоог төлөөлөн хохирогчоор мэдүүлэг өгсөн, П.Б ийн хамт 2018 оны 08 дугаар сарын 27-нд ажлаас халагдсанаасаа хойш энэ асуудлаар Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны захирамжаар хүлээн авахаас татгалзжээ. Б. Эаас тус Холбоонд 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 07 дугаар сарын 02 хүртэл хийсэн ажлын тайлангаа өгөхийг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээний дагуу 2018 оны 07 дугаар сарын 02, 2019 оны 05 дугаар сарын 08-нд тус бүр шаардахад ямар ч тайлан, хариу өгдөггүй болноИймд Б. Эыг тус Холбоонд Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгэлгүйгээр цалин авч эс үйлдэхүйгээр мөнгөн хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэж түүний дээрх хугацаанд гар дээрээ авсан цалин 14 585 344 /Арван дөрвөн сая таван зуун наян таван мянга гурван зуун дөчин дөрвөн/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Б.Э сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: ЭҮ ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос тус шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 21-нд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцахад тус холбооны бодлого, үйл ажиллагаа нь Орхон аймгийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 142/ШШ2018/1 тоот шийдвэрээр тус холбоонд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн сөрөг нэхэмжлэл гэж үзэж байна. Хуульч хүн нэхэмжлэл гаргахдаа байгууллагын тайланг хуулбарлахгүйгээр ямар хуулийн, ямар заалт зөрчсөн талаар ойлгомжтой илэрхийлмээр юм. Шүүх нь байгууллагын тайланг хэлэлцдэг газар биш ээ. Миний биеийг мэргэжилгүй, чадваргүй, эрхгүй гэх зэргээр Үндсэн хуулиас гадуур ялгаварлан гадуурхаж байгаад эмзэглэж байгаагаа илэрхийлье. Мөн нэхэмжлэлээсээ татгалзвал сөрөг нэхэмжлэл гаргахгүй гэж байгаа нь ЭҮ ТӨҮГн ҮЭ-ийн холбооноос надад сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа хэлбэр гэж үзэж байна. Монгол улсын шүүхээс гаргасан шийдвэрийг хэн ч байсан биелүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй гэдгийг сануулъя. Шүүх хурлаас гарсан эрхийн актыг та, бид хэлэлцдэггүй, өөрчилддөггүй гэдгийг мэдэж байж эсэргүүцлээ илэрхийлэхийг зөвлөе. Би хуулийн хүрээнд нэхэмжлэлээ гаргасан болно гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан ажилгүй байсны хугацааны цалин 17 471 300 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах, тус холбооны даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаартай тушаал, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгэлгүйгээр цалин авч эс үйлдэхүйгээр мөнгөн хөрөнгийн хохирол учруулсан тул түүний дээрх хугацаанд авсан цалин 14 585 344 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцэж байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Б.Э нь ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 тоот тушаалаар тус холбооны хуулийн зөвлөхийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Тэрээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/1 дугаартай шүүхийн шийдвэрээр ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142 тоот магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон байна. Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч түүний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТ2019/00611 дугаартай тогтоолоор шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч Б.Э Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гардаж авсан тул 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин 15 840 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ажилгүй байсан хугацааны цалин нийт 17 471 300 төгрөг гаргуулах, ЭҮ ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаартай тушаал, ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц тайлбарлаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга байсан П.Б өөрийн дотны найз Б. Эыг хуулийн зөвлөхөөр ажилд авсан нь холбооны дүрмийг зөрчсөн төдийгүй ашиг сонирхолын зөрчилтэй, ажлын байрны тодорхойлолтонд заасан магистрын зэрэгтэй, хуульч байх шаардлагыг хангаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, Гүйцэтгэх зөвлөлийн Тэргүүлэгчдээр баталсан ажлын албаны бүтэц, орон тоо байхгүй, дүрэм зөрчсөн болохыг хянан шалгах зөвлөл шалгаж тогтоосон, Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ээлжит XII бага хурлаар холбооны дүрэмд өөрчлөлт оруулахдаа хуулийн зөвлөх гэснийг хассан. Ажлын тайланг шаардахад ямар ч хариу өгөөгүй сул цалин авч байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч Б. Эыг ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорыг олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн даалгавар, 5 дугаар сарын цалин олгосон хүснэгтээр тус тус нотлогдож байна. /хх 4-8, 9-12, 13-18, 71-72/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан тул түүнийг хуулийн хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Э ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг хариуцагчаас шаардах эрхтэй.

Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 09 дүгээр сарын 10ы өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16 468 609 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй. Харин илүү нэхэмжилсэн 1 002 691 төгрөгийг хэрэгсэхгүй болговТодруулбал: Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэрт 2018 оны 06 дугаар сард 828 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сард 2 340 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сард 2 224 031 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого орсон бөгөөд энэ нь хариуцагчаас ирүүлсэн цалин олгох хүснэгтээр давхар нотлогдож байна. Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин 5 392 031 төгрөг, нэг сарын дундаж цалин 1 797 344 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 83 597 төгрөг, ажилгүй байсан хугацаа 197 хоног тул нийт 16 468 609 төгрөгийн олговорыг олгохоор шийдвэрлэсэн болно.

ЭҮ ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаартай тушаал, ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстойг иргэний хуулинд тусгайлан хуульчилсан байна.

Гэтэл батлагдсан орон тооноос гадуур хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн томилсон ЭҮ ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаартай тушаал нь дээрхи хуулийн заалттай үл нийцсэн байхаас гадна хөдөлмөрийн гэрээ хэрхэн байгуулагдах нь тодорхой бус, хэрэв өмнөх хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилнэ гэж үзэж байгаа бол батлагдсан орон тооноос гадуур гэсэн нь ойлгомжгүй, ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг доруулсан тушаал болсон байна гэж дүгнэв.

Уг тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Б.Э хуульд заасан хугацааны дотор гаргасан байна.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэж байгаа тушаал нэгэнт хууль бус тул түүнийг цуцалж байгаа тушаал буюу ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай тушаалыг хууль бус гэж дүгнээд хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно. Тодруулбал: Б. Эыг хуулийн зөвлөхийн ажилд батлагдсан орон тооноос гадуур эргүүлэн томилсон бол огт байхгүй ажлаас халах, түүнчлэн сахилгын шийтгэл хүлээлгэх ч үндэслэлгүй юм.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ Б.Э биелүүлээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгэлгүйгээр цалин авч эс үйлдэхүйгээр мөнгөн хөрөнгийн хохирол учруулсан тул түүний дээрх хугацаанд авсан цалин 14 585 344 төгрөгийг гаргуулахаар ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.

Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч Б. Эыг ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг олгохоор шийдвэрлэж шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон зохигчид дээрхи үндэслэлээр мэтгэлцсэн байх тул Б. Эыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгэлгүйгээр цалин хөлс авсан, ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.

ЭҮ  ХХК нь ЭҮ  ТӨҮГ болон өөрчлөгдсөн нь нийтэд илэрхий үйл баримт тул түүнийг нотлох шаардлагагүй бөгөөд хариуцагчаас ирүүлсэн тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ЭҮ  ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо гэж тодорхойлсон хэдий ч ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай тушаал, ЭҮ ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаартай тушаалууд, хариуцагчаас ирүүлсэн тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбоо гэсэн тамга дарагдсан байгааг шүүхийн шийдвэрт дурдав.

Зохигчид шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон бөгөөд тэдэнд олгосон итгэмжлэлүүд хуульд заасан хэлбэрийг хангасан бүрэн төлөөлөх итгэмжлэл мөн гэж шүүх үзсэн болно. Зохигч, хэргийн оролцогчийн эрх, үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргах, хариу тайлбар өгөх эрх үүнд хамааралтай.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв. Зохигчдын урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240 293 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ЭҮ ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаартай тушаал, ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 468 609 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б. Эад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 00691 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар Б. Эын цалинтай тэнцэх олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбоонд даалгасугай.

3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул Б. Эаас 14 585 344 төгрөг гаргуулах тухай ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 278 656 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 230 877 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭҮ  ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 240 293 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б. Эад олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ