Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00483

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

          2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00967 дугаар шийдвэр,

          Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 149 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Э-

          Хариуцагч: Э- үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох

          Нэхэмжлэл: ажилгүй байсны хугацааны цалин 17.471.300 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах, 2019-05-07-ны өдрийн Б/04 дугаартай тушаал, 2019-06-20-ны өдрийн Б/06 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай,

          Сөрөг нэхэмжлэл: 14.585.344 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэнбатын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2018-08-13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалж хууль бусаар ажлаас халсан. 2018-09-10-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин 900.000 төгрөг Э- үйлдвэр ХХК-ийн ҮЭХ-с нэхэмжлэхэд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн 142/ШШ2018/01040 дугаартай шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэн хэвээр баталсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл би ажилгүй явж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл 8 сар 24 хоног ажилгүй байсан хугацааны цалин 15.840.000 төгрөгийг Э- үйлдвэр ХХК-ийн ҮЭХ-с гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү. 2019-06-04-ний өдөр Э- үйлдвэр ХХК-ийн ҮЭХ-с ажлаас үндэслэлгүйгээр халж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин 15.840.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа: Нэгдүгээрт сарын үндсэн цалинг 40,000 төгрөгөөр дутуу бодож нэхэмжилсэн. Хоёрдугаарт ажилгүй байсан хугацааг сунгаж тооцох шаардлага гарсан. Гуравдугаарт Э- үйлдвэр ХХК-ийн ҮЭХ-с хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг эсэргүүцсэн санаатай үйлдлүүдийг удаа дараа гаргаж байгаа тул хууль зөрчин гаргасан тушаалуудыг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. ..сөрөг нэхэмжлэлтэй танилцахад тус холбооны бодлого, үйл ажиллагаа нь Орхон аймгийн анхан шатны шүүхийн 2018-10-29-ний өдрийн 142/ШШ2018/01040 тоот шийдвэрээр тус холбоонд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн сөрөг нэхэмжлэл гэж үзэж байна. Хуульч хүн нэхэмжлэл гаргахдаа байгууллагын тайланг хуулбарлахгүйгээр ямар хуулийн, ямар заалт зөрчсөн талаар ойлгомжтой илэрхийлмээр юм. Шүүх нь байгууллагын тайланг хэлэлцдэг газар биш ээ. Миний биеийг мэргэжилгүй, чадваргүй, эрхгүй гэх зэргээр Үндсэн хуулиас гадуур ялгаварлан гадуурхаж байгаад эмзэглэж байгаагаа илэрхийлье. Мөн нэхэмжлэлээсээ татгалзвал сөрөг нэхэмжлэл гаргахгүй гэж байгаа нь Э- үйлдвэр ТӨҮГ-ын ҮЭХ-с надад сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа хэлбэр гэж үзэж байна. Монгол улсын шүүхээс гаргасан шийдвэрийг хэн ч байсан биелүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй гэдгийг сануулъя. Шүүх хурлаас гарсан эрхийн актыг та, бид хэлэлцдэггүй, өөрчилдөггүй гэдгийг мэдэж байж эсэргүүцлээ илэрхийлэхийг зөвлөе. Би хуулийн хүрээнд нэхэмжлэлээ гаргасан болно гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Б.Э-ад ҮЭХолбоо ийм мөнгө төлөх үндэслэл байхгүй. Учир нь Холбооны дарга байсан П.Баттөр өөрийн дотнын найз Б.Э-ыг ашиг сонирхлын зөрчилтэйгээр, ҮЭХ-ны дүрмийг зөрчин хуулийн зөвлөхөөр авч ажиллуулсан болох нь Б.Э-ын нэхэмжлэлтэй тус Холбоонд холбогдох Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-29-ний 01040 тоот шийдвэртэй хэрэгт П.Баттөрийн гэрчээр өгсөн мэдүүлэг, ҮЭХ-ны дүрэм, тус холбооны хянан шалгах зөвлөлийн 2018-05-21-ний 03 тоот дүгнэлт зэргээр тус тус нотлогдоно. Б.Э- нь өөрөө дээр дурдсан 01040 тоот шийдвэртэй хэрэгт гаргаж өгсөн “Ажлын байрны тодорхойлолт-д зааснаар Холбооны хуулийн зөвлөх нь магистрын зэрэгтэй, хуульч байх шаардлагыг хангаагүй, бакалаврын ч зэрэггүй, дипломын хэргэмтэй эрх зүйч тул тус холбоонд хуулийн зөвлөхөөр ажиллах боломжгүй учраас түүнд ажилгүй байсан хугацааны цалин шаардах эрх үүсэхгүй. Б.Э- нь тус холбооны дарга П.Баттөртэй 2017-11-01-нд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг ба түүнийгээ 2 болгон засварласан байдаг. Ийм учраас түүний Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018-11-01-нд дууссан. Угаасаа 2017, 2018 онд тус холбоонд дүрмийн 18.1.4 дэх заалтын дагуу Гүйцэтгэх зөвлөлийн Тэргүүлэгчдээр баталсан ажлын албаны орон тоо, бүтэц, зохион байгуулалтын тогтоол байхгүй, дүрэм зөрчсөнийг хянан шалгах зөвлөл шалгаж тогтоосон ба Б.Э-ын ажлын байр буюу орон тоо тус Холбооны 45 жилийн түүхэнд байгаагүй, одоо ч байхгүй юм. Өмнө нь Б.Э-ыг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүхийн 2018-10-29-ний 01040 тоот шийдвэрт хийсэн гол дүгнэлт нь Э- үйлдвэр ХХК-ийн ҮЭХ-г Холбооны дүрмийн 15.2-т хуулийн зөвлөх Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа нь ажлын байр байгаа гэж тайлбарлан шийдвэр гаргаж, улмаар уг дүгнэлтийг давж заалдах болон хяналтын шатны шүүх баталгаажуулсан. Тус ҮЭХ-ны 2019-01-17-ны ээлжит XII Бага хурлаар Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Хуулийн зөвлөх гэснийг хассан байна. Б.Э- нь тус холбооны хуулийн зөвлөхөөр ажиллахдаа ямар ямар төрлийн хэдий хэмжээний ажил гүйцэтгэсэн талаар ямар ч баримт тус холбоонд байдаггүй ба түүнээс гүйцэтгэсэн ажлынх нь тайланг 2018-07-02, 2019-05-08-нд албан ёсоор шаардахад ямар ч хариу өгөөгүй болно. Ийм учраас түүнийг Холбооны даргаас огцорсон найз П.Баттөрийнхөө ивээлд сул цалин авч холбоонд хохирол учруулсан гэж үзэж түүнд олгосон цалинг буцаан нэхэмжлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Б.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэмэгдүүлсэн шаардлагыг мөн зөвшөөрөхгүй, Б.Э-ыг 2019-05-07-ны Б/04 тоот тушаалаар “Хуулийн зөвлөх”-ийн ажилд эргүүлэн авсан. Тэрээр ажил олгогчийн хууль ёсны дагуу шаардсан бичиг баримтыг бүрдүүлж өгөх шаардлагыг эсэргүүцсэн, ажилд ирээгүй 31 хоног ажил тасалсан тул түүнийг 2019-06-20-ны Б/06 тоот тушаалаар ажлаас халсан нь хууль зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч ямар хуулийг хэрхэн зөрчсөн тухай заагаагүй болно. Иймд Э- үйлдвэрийн ҮЭХ Б.Э-ын нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ..Б.Э-ыг тус Холбоонд Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгэлгүйгээр цалин авч эс үйлдэхүйгээр мөнгөн хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэж түүний дээрх хугацаанд гар дээрээ авсан цалин 14,585,344 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

        Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 142/ШШ2019/00967 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Э- үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019- 05- 07-ны өдрийн Б/04 дугаартай тушаал, Э- үйлдвэр ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019-06-20-ны өдрийн Б/06 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Э- үйлдвэр ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 16,468,609 төгрөг гаргуулж Б.Э-ад олгож, нэхэмжлэлээс 1,002,691 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар  олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 278,656 төгрөг, хариуцагчийн төлсөн 230,877 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240,293 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 149 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00967 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2. 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Э- үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажилгүй байсан хугацааны цалин олговор 6.609.600 төгрөг гаргуулж Б.Э-ад олгож, нэхэмжлэлээс 2019-05- 07-ны өдрийн Б/04 дугаар тушаал, 2019-06-20-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, олговор 10.861.700 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтанд “...Үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын тэмдэгтийн хураамж “240.293 төгрөг” гэснийг “... 120.703 төгрөг” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн гомдол гаргахдаа төлсөн 274.348 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

   Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэнбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалыг эс зөвшөөрч байна. Гурван шатны шүүхээр хянаж хэлэлцээд Э-ын гомдлыг хангаж шийдвэрлээд байхад шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлэхгүй болохоор Э- үйлдвэр ТӨҮГ-ын ҮЭХ-ны буруутай үйл ажиллагааны талаар /Гаргасан тушаалын дагуу ажилд орох гэхээр урьд нь байгаагүй болзол тавьж, ажилд авахгүй байх нөхцөл бүрдүүлсэн тушаал гаргасан үйлдлийг хэлж байгаа юм./ болон 2018-9-10-с хойш /ажил олгохгүй гэж үзэж байгаа тул/ ажилгүй байсан хугацааны цалинг тооцож 17,471,300-н төгрөгийг нөхөн гаргуулахаар нэхэмжилснийг шүүх нэхэмжлэлээс 1,002,691-н төгрөгийг хэрэгсэхгүй болгож 16,468,609-н төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хувийн сонирхлоор “зориуд мушгин гуйвуулж” Анхан шатны шүүхийн шийдвэрээр Э- үйлдвэр ҮЭХ-с гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөнөөс 10,861,700-н төгрөгийг үндэсгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Давж заалдах шатны шүүх зохигчдын хууль, эрх зүй зөрчсөн эсэх тал, хуулиар зохицуулсан харилцаанд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх байтал ажил олгогч шиг асуудалд хандаж шийдвэрлэсэнд хардах, гомдох нөхцөл гарч байгааг хэлье. Ажил олгогчоос Э-ын сарын цалинг 1,840,000 гэж тушаалаар тогтоогоод цалинжаад явж байсныг, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн 2018-10-29-ний өдрийн шүүх. хурал, 2019-8-06-ны өдрийн шүүх хурлуудаар хэлэлцэн нотолсон, /Э-ын цалин тогтоосон тушаал 2018-10-29-ний 142-р шийдвэртэй иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан/, Э- үйлдвэр ХХК-ын ҮЭХ-ны болон ТӨҮГ-ын ҮЭХ-ны сөрөг нэхэмжлэлүүдээр, хэргийн материалд нотлох баримтаар өгсөн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тус тус нотлогдоод байхад ДЗШ шүүх хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлд шаардаагүй зүйлийг өөрийн санаачлагаар татан авч шийдвэрлэсэн нь “Шүүх хөндлөнгийн байр сууриас асуудлыг шийдвэрлэх” эрх зүйн зарчмыг зөрчлөө гэж үзэж байна. Тэгээд ч нотлох баримтуудын эсрэг шийдвэр гаргалаа. Үүнийг л хувийн сонирхол гэж дүгнэхэд хүрээд байна. Э- үйлдвэр ТӨҮГ-ийн ҮЭХ-ны даргын 2019-05-07-ны өдрийн Б/04-р тушаалаар Б.Э-ыг шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлж авах тушаалдаа шинээр ажилд авч байгаа ажилтанд тавигдах /урьд байгаагүй шаардлага болохоор нь одоо шинээр ийм шаардлага хангасан нөхцөлтэй болжээ гэж ойлгож байна./ урьдчилсан нөхцөл, шаардлагуудыг адилтган зааж шаардсан нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болгож байгаа явдал гэж үзэж байна. Ийм тушаал гаргачихаад Э-ыг ажилд эргүүлэн авсан гэж үзэж байгаа бол Их Хурлаас Хөдөлмөрийн тухай хуулинд өөрчлөлт оруулж байгаад энэ тушаалаа гаргах байж л дээ. Шүүхийн шийдвэрийг ингэж биелүүлдэг хуулийн заалт байдгийг мэдэхгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 36-р зүйлд: “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн авах”-л гэснээс биш “нөхцөл шаард, биелүүлэхээр нь ажилд ав” гэсэн зүйл, заалт байхгүй. Тус холбооны даргын Б/04-р тушаалд: дараах зөрчлүүд байна гэж үзэж эсэргүүцсэн юм. Э-ыг орон тоон дээр ажиллаж байхад нь ажлаас халсан байтлаа эргүүлж авсан гэх тушаалдаа “батлагдсан орон тооноос гадуур” хуулийн зөвлөхийн ажилд эргүүлэн томилсугай гэжээ. Орон тооноос гадуур авч болохыг, яаж цалинжуулахыг нөгөө Тэргүүлэгчдээрээ хэлэлцүүлсэн баримт байхгүй болохоор тушаал хэрэгжихгүй гэж үзэж байна. Урьд нь Э-ыг ажилд авахдаа Тэргүүлэгчдээрээ хэлэлцүүлээгүй гэж эсэргүүцэн заргалдаж байснаа мартсан бололтой. Мөн Э-ыг ажлаас халахад “бакалавар” дипломтой, хуульчийн гэрчилгээгүй байсан, иймийг нь мэдсээр байж, ажилд авахгүй гэсэндээ “магистр” зэрэгтэй, хуульчийн гэрчилгээтэй байхыг шаардаж, “ажилд эргэж орохыг хааж боосон заалт” оруулсан тушаал гаргасан байна. Тус тушаалд Э-ын ажилд орох сар, өдөр болох хугацаа, хөдөлмөрийн хөлс, цалин зэргийг тогтоогоогүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тасарсан хугацааг хуульд заасны дагуу нөхөн бичилт хийх шаардлагыг биелүүлэх талаар заалт оруулаагүйгээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36: 46: 48-р зүйлд заасан шаардлагуудыг зөрчсөн гэж үзэж, энэ үндэслэлээр Э-ыг ажилд авсан Б/04-р тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан юм. Ажил олгогчоос Э-ыг урьд нь ажиллаж байсан ажилд нь шүүхийн шийдвэрээр эргүүлэн томилохдоо Хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчиж хүчингүй тушаал гаргасан болохоор Э-ыг ажлаас халсан 2019-06-20-ны өдрийн Б/06-р тушаал шууд хүчин төгөлдөр бус тушаал болно гэж үзэж дээрхи Б/04, Б/06-р тушаалуудыг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм. /Тэгээд ч ажилд орох өдрийг тушаалдаа заагаагүй байж 30 хоног ажил тасалсан гэж үзэх хууль зүйн факт байхгүй./ Анхан шатны шүүх Э-ын гомдлыг хангаж шийдвэрлэсэн байсныг Давж заалдах шатны шүүх хуулийн заалтаас эрх мэдэлтэй даргын тушаалыг дээгүүрт тавьж, анхан шатны шүүхийн шийдвэрийн Э- үйлдвэр ТӨҮГ-ын даргын Б/04, Б/06-р тушаалуудыг хүчингүй болгосон заалтыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж хууль зөрчлөө. Э- үйлдвэр ХХК-ы ҮЭХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Төгсбаяр 2018-08-13-ны өдөр анх Б.Э-ын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-р заалтыг баримталсан нь тухайн зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад энэ заалтыг баримталж тушаал гаргасан нь хууль зөрчсөн гэж анхан шатны шүүх үзэж Б.Э-ыг хуулийн зөвлөхийн ажилд нь эргүүлэн тогтоохоор шийдвэрлэснээс хойш хариуцагч тал давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдэд гомдлоо гарган анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулсан ч тус шийдвэр хэвээр батлагдсан юм. Хариуцагч тал 3-н шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй эсэргүүцэн Б.Э-ыг хохироосоор байгаа тул Б.Э-ын ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхэд шүүх хариуцагчаас хуулийн дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн атал урьдийн адил Э- үйлдвэр ТӨҮГ-ын ҮЭХ-с давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж дахин үргэлжлүүлэн хохироосоор, ДЗШ-ны шүүх дэмжин санаачлага гарган оролцож байгаад харамсаж байна. Онцгой объект гээд хуулиас дээгүүр дүрэм гаргаж, мөрдөж болно гэж үзэж байх шиг байна. Энэ нь Б.Э-ыг 2018-8-13-ны өдөр хууль бусаар ажлаас халснаас хойш Э- үйлдвэр ХХК-ы ҮЭХ-ны дүрмээ 2019-01-17-ны өдөр өөрчилсөн, ҮЭХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2018-9-06-ны өдөр хуралдуулж 106-р тогтоол, 2019-01-22-ны өдөр хуралдуулж 22-р тогтоол зэргүүдийг гаргаж Б.Э-ын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулсан заалтуудыг оруулсан нь шударга ёсонд нийцэж байна гэж ДЗШ-ны шүүх дүгнэсэнд харамсаж байна. Хохирсон гэж гомдол гаргаад, эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа Б.Э-ын эрх зүйн нөхцөл байдлыг дордуулсан шийдвэрүүдийг эрх зөрчсөн гэх газраас янз бүрийн хэлбэрээр гаргаж байгаа нь зөв болж байгаа хэрэг үү. Шүүхээс Э-ын эрхийг зөрчсөн үеийн эрхийн актыг хэрэглэхийг хүсэж байна. ИХ-н 5.1-р заалтаар зохицуулсан гэж үзэж байна. Урьд нь эрх мэдлээрээ далайлган дураараа авирлаж болдог байсан байх л даа, Харин одоо Монгол улсын хуульд захирагддаг, Монгол улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлдэг болтол нь тэмцэх болно. ЕР НЬ: Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5.1.6-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж тус хуулийн 8-р зүйлд заасны дагуу 1973-06-23-ны өдөр батлагдсан “Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгогдох бололцооны тухай Олон Улсын хөдөлмөрийн агууллагын 135-р КОНВЕНЦ-ийн 1-р зүйлээр “Үйлдвэрчний байгууллага, гишүүд, үйл ажиллагаа явуулж байгаа төлөөлөгчид нь хамгаалагдсан байдаг” тухай конвенцийг заавал дагаж биелүүлэх үүрэгтэй гэдгийг энд хэлэхийг хүсч байна. Э- үйлдвэр ХХК-ны ҮЭХ-ны дүрмийн 15.2 дугаар зүйлд ... Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь дарга, дэд дарга, тэргүүлэгчид, ерөнхий нягтлан бодогч, гишүүн байгууллагуудын дарга, хуулийн зөвлөхөөс бүрдэнэ гэсэн заалт байгаа. Хэргийн материалд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.29-ний өдрийн 01040-р шийдвэр, Давж заалдах шатны 2018.12.18-ны өдрийн 142-р магадлал, хяналтын шатны шүүхийн 2019-4-30-ны өдрийн 00611-р тогтоол, тус тогтоолыг гардаж авсан өдрийг баталгаажуулж гарын үсэг зурсан баримт зэрэг гол нотлох баримтууд авагдсан байгааг дурдья. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалын тогтоох хэсгийн 3: 4-р заалтаас бусад заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Э- нь 2019-06-04-ний өдөр Э- үйлдвэр ХХК-н Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2019-05-07-ны өдрийн Б/04, 2019-06-20-ны өдрийн Б/06 тушаалуудыг хүчингүй болгуулах, цалингийн зөрүү 344,000 төгрөг гаргуулах,  2018-09-10-ны өдрөөс 2019-06-25-ны өдөр хүртэл хугацааны олговор нийт 17.127.300 төгрөг шаардсан байна.

        Тодруулбал, анх нэхэмжлэл гаргахдаа “....2018-08-13-ны өдөр ажлаасаа халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, 2018-09-10-ны өдөр хүртэл хугацааны олговор 900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үүнийг шүүх 2018-10-29-ны өдөр хангасан...” гэсэн үндэслэлээр 2018-09-10-ны өдрөөс 2019-06-04-ний өдөр хүртэл хугацааны олговор 15.840.000 төгрөг гаргуулахыг шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2019-06-25-ны өдөр нэхэмжлэлээ “...цалингийн зөрүү 344,000 төгрөг... 2019-06-04-ны өдрөөс 2019-06-25-ны өдөр хүртэлх олговор 1,287,300 төгрөг нэмж гаргуулах....2019-05-07ны өдрийн Б/04, 2019-06-20-ны өдрийн Б/06 тушаалуудыг хүчингүй болгуулах... ”-гэж нэмэгдүүлсэн байна. \хх 1,78,69,83\

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “....нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2018-11-01-ний өдөр дууссан...шүүхийн шийдвэрийг биелүүлж 2019-05-07-ны өдөр Б/04 тушаалаар ажилд томилсон....ажилдаа ирээгүй ажил тасалсан тул 2019-06-20ны өдөр Б/06 тушаалаар ажлаас нь халсан...” \хх 30\ гээд сөрөг нэхэмжлэл гаргаж “...Б.Э- нь 2017-11-01-ны өдрөөс 2018-07-02-ны өдөр хүртэл хугацааны тайлангаа өгөөгүй тул энэ хугацаанд авсан цалин 14,585,344 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.  \хх32\

        Анхан шатны шүүх Б/04, Б/06 тушаалыг хүчингүй болгож, олговорт 16,468,609 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ “...2018-09-10-ны өдрөөс 2019-06-20-ны өдрийг хүртэл хугацааны олговорыг гаргуулна... нэг өдрийн дундаж цалин 83,597 төгрөг байна... тушаалууд хуульд нийцээгүй байна...” гэжээ.

        Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, хариуцагчаас 6.609.600 төгрөг гаргуулах,нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэрт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээхдээ “.... ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрт заасан 900,000 төгрөгөөр нэг сарын дундаж цалинг тооцож 2018-10-29-ний өдрөөс 2019-05-07-ны өдөр хүртэлх хугацааны олговорыг гаргуулна... нэхэмжлэлийн бусад шаардлага болон сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна...” гэжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар

        а/. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

        Б.Э- нь Э- үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хуулийн зөвлөхөөр 2 жилийн хугацаатай ажиллах тухай 2017-11-01-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний талаар дүгнэлт хийсэн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-29-ний өдрийн 142/ШШ2018/01040 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон \хх 39-41,6-7,9-18\ байна.  

       Иймд зохигчид 2017-11-01-ны өдөр 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд уг гэрээний хугацаа 2019-11-01-ний өдөр дууссан гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт нийцнэ. 

        б/. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

        Б.Э-ыг Э- үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг шүүх 2018-10-29-ний өдөр гаргахдаа “...2018-08-13-ны өдөр ажилтан ажлаасаа үндэслэлгүй халагдсан..гээд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор..”-т 900,000 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэжээ.

        Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах шаардлагыг шүүх хангасан, уг шийдвэр гарах хүртэл нэхэмжлэгч ажилгүй байсан талаар зохигч маргаагүй тул 2018-08-13-ны өдрөөс 2018-10-29-ний өдөр хүртэл хугацааны олговорыг ажил олгогчоос гаргуулах тухай маргааныг шүүх шийдвэрлэсэн гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөрчихгүй юм.

        в/. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд шийдвэр гаргана.

        Ажилтанд олгох олговорыг 2018-09-10-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсон талаар  Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-29-ний өдрийн 142/ШШ2018/01040 дугаар шийдвэрт заагаагүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа олговорыг 2018-10-29-ний өдрөөс эхлэн тооцож дундаж цалин хөлсийг 900,000 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.4., 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.

        2. Б.Э-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

        Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-29-ний өдрийн 142/ШШ2018/01040 дугаар шийдвэр гарснаас хойш Б.Э- 2019-06-04-ний өдөр шүүхэд хандаж, цалингийн зөрүү 344,000 төгрөг гаргуулах, 2018-09-10-ны өдрөөс  2019-06-25-ны өдөр хүртэл хугацааны олговор нийт 17.127.300 төгрөг гаргуулах, 2019-05-07-ны өдрийн Б/04, 2019-06-20-ны өдрийн Б/06 тушаалуудыг хүчингүй болгуулахыг  шаардсан.  

        а/. Давж заалдах шатны шүүх олговорыг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан өдрөөс уг шийдвэрийг ажил олгогч биелүүлж Б/04 дугаартай тушаал гаргах хүртэл хугацаагаар тооцсоныг, Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг  буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. 

       Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-29-ний өдрийн 142/ШШ2018/01040 дугаар шийдвэрийг ажил олгогч биелүүлж 2019-05-07-ны өдөр Б/04 дугаартай тушаал \хх,81,82,152\ гаргаж, Б.Э-ыг Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн ажил эгүүлэн томилсон, уг тушаалд “батлагдсан орон тооноос гадуур” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-г., ажил олгогч нь өөр этгээдтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах талаар мэдэгдсэн зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсгийн агуулгыг зөрчөөгүй байна.

       Түүнчлэн, нэхэмжлэгчийг ажил олгогч нь 2019-05-07-ны өдөр Б/04 дугаар тушаалын дагуу хуулийн зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгэх боломжоор хангаагүй гэж үзэх баримт хэрэгт байхгүй буюу хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн зохицуулалтыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

       Иймд давж заалдах шатны шүүх “...урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах шаардлага...”-н зарим хэсгийг хангаж, олговорыг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018-10-29-ний өдрийн 142/ШШ2018/01040 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш ажил олгогчийн 2019-05-07-ны өдрийн Б/04 дугаар тушаал гарах өдөр хүртэл хугацаагаар тооцсон нь зөв болжээ.

       б/. Ажилгүй байсан хугацааны олговорын хэмжээг урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцно.

       Б.Э-ын дундаж цалин хөлсийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байгаа тул давж заалдах шатны шүүх 2018-10-29-ний өдрөөс 2019-05-07-ны өдөр хүртэлх олговорыг нийт 6.609.600 төгрөг гэж тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

        в/. Б.Э- нь “...цалингийн зөрүү 344,000 төгрөг гаргуулах..”-г шаардсан боловч энэ нь ямар хугацааных болох нь тодорхойгүй, 2018-08-13-ны өдрөөс 2018-10-29-ний өдөр хүртэл хугацааны олговортой холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлийн талаар дээр дурдсан бөгөөд энэ нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69, 129 дүгээр зүйлийн 129.1-т нийцнэ. 

        г/. Нэхэмжлэгч нь 2019-05-07-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүлээн авсан боловч \хх82\ хуулийн зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгээгүй, ажил хийгээгүй болох нь нотлогдсон байх тул хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас нь халсан нь зохигчийн хооронд 2017-11-01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3-ын 4-г зөрчөөгүй байна. 

        Иймд ажил олгогчийн 2019-06-20-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгох буюу хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцэхгүй юм.  

         3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 149 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэнбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэнбат хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ