Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2019/00149

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Үйлдвэрчнийэвлэлийн холбооны дарга

Б.Төгсбаярт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00967 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчнийэвлэлийн холбооны дарга Б.Төгсбаярт холбогдох,

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн ажлаас үндэслэлгүй халсны улмаас ажилгүй байсны хугацааны цалин 17.471.300 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/04 дугаартай тушаал, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/06 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгэлгүйгээр цалин авсан 14.585.344 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалж хууль бусаар ажлаас халсан. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин 900.000 төгрөг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооноос нэхэмжилэхэд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн 142/ШШ2018/01040 дугаартай шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэн хэвээр баталсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл би ажилгүй явж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл 8 сар 24 хоног ажилгүй байсан хугацааны цалин 15.840.000 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооноос гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооноос ажлаас үндэслэлгүйгээр халж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин 15.840.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа:

Нэгдүгээрт сарын үндсэн цалинг 40 000 төгрөгөөр дутуу бодож нэхэмжилсэн. Хоёрдугаарт ажилгүй байсан хугацааг сунгаж тооцоох шаардлага гарсан. Гуравдугаарт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооноос хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг эсэргүүцсэн санаатай үйлдлүүдийг удаа дараа гаргаж байгаа тул хууль зөрчин гаргасан тушаалуудыг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б.Эрдэнэбатын тус холбооноос ажилгүй байсан хугацааны цалин гэж 15.840.000 тегрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. *******ад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ийм мөнгө төлөх үндэслэл байхгүй. Учир нь Холбооны дарга байсан П.Баттөр өөрийн дотнын найз *******ыг ашиг сонирхолын зөрчилтэйгээр, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийг зөрчин хуулийн зөвлөхөөр авч ажиллуулсан болох нь *******ын нэхэмжлэлтэй тус Холбоонд холбогдох Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ны 01040 тоот шийдвэртэй хэрэгт П.Баттөрийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, тус холбооны хянан шалгах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний 03 тоот дүгнэлт зэргээр тус тус нотлогдоно. ******* нь өөрөө дээр дурдсан 01040 тоот шийдвэртэй хэрэгт гаргаж өгсөн "Ажлын байрны тодорхойлолт-д зааснаар Холбооны хуулийн зовлөх нь магистрын зэрэгтэй, хуульч байх шаардлагыг хангаагүй, баклаврын ч зэрэггүй, дипломын хэргэмтэй эрх зүйч тул тус холбоонд хуулийн зөвлөхөөр ажиллах боломжгүй учраас түүнд ажилгүй байсан хугацааны цалин шаардах эрх үүсэхгүй. Б.Эрдэнбат нь тус холбооны дарга П.Баттөртэй 2017 оны 11 дүгээр сарын 01-нд 1 /нэг/ жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг ба түүнийгээ 2 /хоёр/ болгон засварласан байдаг. Ийм учраас түүний Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 01-нд дууссан. Угаасаа 2017, 2018 онд тус холбоонд дүрмийн 18.1.4 дэх заалтын дагуу Гүйцэтгэх зөвлөлийн Тэргүүлэгчдээр баталсан ажлын албаны орон тообүтэц, зохион байгуулалтын тогтоол байхгүй, дүрэм зөрчсөнийг хянан шалгах зөвлөл шалгаж тогтоосон ба *******ын ажлын байр буюу орон тоо тус Холбооны 45 жилийн түүхэнд байгаагүй, одоо ч байхгүй юм. Өмнө нь *******ыг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний 01040 тоот шийдвэрт хийсэн гол дүгнэлт нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийг Холбооны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2-т хуулийн зөвлөх Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа нь ажлын байр байгаа гэж тайлбарлан шийдвэр гаргаж, улмаар уг дүгнэлтийг давж заалдах болон хяналтын шатны шүүх баталгаажуулсан. Тус Үйлдвэрчний эвлэлийн Холбооны 2019 оны 01 дүгээр сарын 17-ны ээлжит XII Бага хурлаар Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Хуулийн зөвлөх гэснийг хассан байна. ******* нь тус холбооны хуулийн зөвлөхөөр ажиллахдаа ямар ямар төрлийн хэдий хэмжээний ажил гүйцэтгэсэн талаар ямар ч баримт тус холбоонд байдаггүй ба түүнээс гүйцэтгэсэн ажлынх нь тайланг 2018 оны 07 сарын 02, 2019 оны 05 дугаар сарын 08-нд албан ёсоор шаардахад ямар ч хариу өгөөгүй болно. Ийм учраас түүнийг Холбооны даргаас огцорсон найз П.Баттөрийнхөө ивээлд сул цалин авч холбоонд хохирол учруулсан гэж үзэж түүнд олгосон цалинг буцаан нэхэмжлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэмэгдүүлсэн шаардлагыг мөн зөвшөөрөхгүй, *******ыг 2019 оны 05 дугаар сарын 07-ны Б/04 тоот тушаалаар "Хуулийн зөвлөх"-ийн ажилд эргүүлэн авсан. Тэрээр ажил олгогчийн хууль ёсны дагуу шаардсан бичиг баримтыг бүрдүүлж өгөх шаардлагыг эсэргүүцсэн, ажилд ирээгүй 31 хоног ажил тасалсан тул түүнийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны Б/06 тоот тушаалаар ажлаа халсан нь хууль зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч ямар хуулийг хэрхэн зөрчсөн тухай заагаагүй болно. Иймд Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо *******ын нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно гэжээ.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны дарга Б.Төгсбаяр сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Бадамгаравын Эрдэнэбат нь тус Холбооны даргаар П.Баттөрийг ажиллаж байхад өөрөө хуулийн зөвлөхөөр ажиллая гэдэг өргөдөл гаргаж, П.Баттөр 2017 оны 11 дүгээр сарын 01-нд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж хуулийн зөвлөхөөр авсан байна. Хожим шүүхэд П.Баттөрийн гэрчээр мэдүүлснээр ******* нь түүний найз юм байна. Холбооны дарга байсан П.Баттөр найзыгаа ажилд авахдаа ажлын албаны орон тоо, бүтцийг Тэргүүүлэгчдээр батлуулах, Холбооны дүрмийн 18.1.4 дэх заалтыг зөрчсөн байх ба 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Холбооны ээлжит XI Бага хурлаар дүрэмд өөрчлөлт оруулахдаа ажлын албаны ажилтныг Гүйцэтгэх зөвлөлд оруулж найзыгаа ивээж байсныг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны Холбооны ээлжит XII бага хурал дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Хуулийн зөвлөх гэснийг хасаж зөвтгөсөн байна. ******* нь Хөдөлмөрийн гэрээнд зааснаар холбооны удирдлага болон гишүүдийг хууль эрх зүйн мэдээлэл, зөвөлгөөгөөр хангах, ҮЭ-ийн Холбооны зүгээс гарч байгаа тушаал, шийдвэр, тогтоол хуульд нийцэж байгаад хяналт тавих, шүүхийн, хөдөлмөрийн болон бусад маргаанд холбоог төлөөлөх гол үүрэг хүлээжээ. Гэтэл хуулийн зөвлөх энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс холбооны дарга удаа дараа дүрэм зөрчсөн үйл ажиллагаа явуулж 2018 оны 05 дугаар сарын 22-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар огцорсон, холбооны хянан шалгах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот дүгнэлтээр Тэргүүлэгчдийн тогтоолууд дүрэм зөрчсөн, ҮЭ-ийн холбооны даргын тушаал шийдвэрүүд дүрмийн болон хууль зөрчсөн, ажлын албаны болон хуулийн зөвлөхийн ажил хангалтгүй, хуулийн зөвлөхтэй атлаа өмгөөлөгч Батмөнх-Очир, Оюунбат нартай гэрээ байгуулж багагүй зардал гаргасныг гүйцэтгэх зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлсэн байна. Хянан шалгах зөвлөлийн энэ дүгнэлтийг буруу болсон гэж П.Баттөр, ******* нар маргасан, үгүйсгэсэн баримт гаргаагүй байна. Тус холбоон дээр ******* хуулийн зөвлөхийг Хөдөлмөрийн гэрээтэй байх үедээ ямар ажил үүрэг гүйцэтгэсэн талаар баримт материал олддоггүй юм. Холбооны дарга байсан Н.Батбаатар, Ш.Галиндэв нартай холбоотой асуудлыг Эрүүгийн хэрэг бүртгэлтийн журмаар шалгахад 2 удаа Холбоог төлөөлөн хохирогчоор мэдүүлэг өгсөн, П.Баттөрийн хамт 2018 оны 08 дугаар сарын 27-нд ажлаас халагдсанаасаа хойш энэ асуудлаар Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны захирамжаар хүлээн авахаас татгалзжээ. *******аас тус Холбоонд 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 07 дугаар сарын 02 хүртэл хийсэн ажлын тайлангаа өгөхийг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээний дагуу 2018 оны 07 дугаар сарын 02, 2019 оны 05 дугаар сарын 08-нд тус бүр шаардахад ямар ч тайлан, хариу өгдөггүй болноИймд *******ыг тус Холбоонд Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгэлгүйгээр цалин авч эс үйлдэхүйгээр мөнгөн хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэж түүний дээрх хугацаанд гар дээрээ авсан цалин 14 585 344 /Арван дөрвөн сая таван зуун наян таван мянга гурван зуун дөчин дөрвөн/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос тус шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 21-нд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцахад тус холбооны бодлого, үйл ажиллагаа нь Орхон аймгийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 142/ШШ2018/01040 тоот шийдвэрээр тус холбоонд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн сөрөг нэхэмжлэл гэж үзэж байна. Хуульч хүн нэхэмжлэл гаргахдаа байгууллагын тайланг хуулбарлахгүйгээр ямар хуулийн, ямар заалт зөрчсөн талаар ойлгомжтой илэрхийлмээр юм. Шүүх нь байгууллагын тайланг хэлэлцдэг газар биш ээ. Миний биеийг мэргэжилгүй, чадваргүй, эрхгүй гэх зэргээр Үндсэн хуулиас гадуур ялгаварлан гадуурхаж байгаад эмзэглэж байгаагаа илэрхийлье. Мөн нэхэмжлэлээсээ татгалзвал сөрөг нэхэмжлэл гаргахгүй гэж байгаа нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГн ҮЭ-ийн холбооноос надад сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа хэлбэр гэж үзэж байна. Монгол улсын шүүхээс гаргасан шийдвэрийг хэн ч байсан биелүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй гэдгийг сануулъя. Шүүх хурлаас гарсан эрхийн актыг та, бид хэлэлцдэггүй, өөрчилддөггүй гэдгийг мэдэж байж эсэргүүцлээ илэрхийлэхийг зөвлөе. Би хуулийн хүрээнд нэхэмжлэлээ гаргасан болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00967 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/04 дугаартай тушаал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16.468.609 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эрдэнэбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.002.691 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар Б.Эрдэнэбатын цалинтай тэнцэх олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбоонд даалгаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул *******аас 14.585.344 төгрөг гаргуулах тухай Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 278.656 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 230.877 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 240.293 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолдоо:

*******ын нэхэмжлэлтэй Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд хариуцагдах ажилгүй байсан хугацааны цалин хөлс 17 471 300 төгрөг гаргуулах, тушаал шийдвэр хүчингүй болгуулах, мөн Холбооны сөрөг нэхэмжлэлтэй *******ад холбогдох хохирол 14 585 344 төгрөг гаргуулах шаардлага бүхий маргааныг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны 142/ШШ2019/00967 тоот шийдвэрийг 08 дугаар сарын 12-нд хүлээн аваад эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагааны хуулиар тогтоосон эрх зүйн хэм хэмжээ, талуудын нэгнийхээ өмнө хүлээх эрх, үүрэгт хууль зүйн хувьд зөв дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж чадаагүйгээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж энэ гомдлыг гаргаж байна. Үүнд:

******* гэдэг иргэн, Эрдэнэт уйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны хооронд үүссэн маргаанд шүүх, шүүгчид Үйлдвэрчний эвлэлийн уйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг дутуу дулимаг ойлгосноос удаа дараа буруу шийдвэр гаргаж байгаа учир энэ байдлыг юуны өмнө тайлбарлах шаардлагатай боллоо.

2. *******ын 17.471.300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд.

Шүүх өмнө нь ******* гэгчийг Хуулийн зөвлөхийн ажилд буцаан тогтоохдоо Үйлдвэрчний эвлэлийн энэ бие даасан эрх хэмжээг илт үл хүндэтгэн түүний дүрмийг хэт явцуу тайлбарлан шийдвэр гаргасан байдаг. Гэвч нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг зөв ч бай буруу ч бай биелүүлэх үүрэгтэй тул биелүүлсэн байтал шүүх дахиад л Үйлдвэрчний эвлэлийн дүрмийн хэм хэмжээг үл хэрэгсэн шийдвэр гаргасан.

3.*******ын өөрийг нь ажилд эргүүлэн томилсон, халсан тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг 2018 оны 04 дүгээр сарын 30-нд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Энэ шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчид оролцсон. Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нэгэнт анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн мэдээлийг өөрийн төлөөлөгч, гэрээт хуульчаас баттай авсан учраас заавал Дээрхи шүүхийн тогтоолыг гардан авах шаардлагагүйгээр шүүхийн шийдвэрийг ИХШХШТ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д зааснаар биелүүлэх үүрэг үүссэн. Иймээс түүнийг ажилд эгүүлэн авсан, халсан шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчөөгүй. Учир нь:

4. Сөрөг нэхэмжлэлийн хувьд.

а. Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны дарга байсан П.Баттөр нь "Хуулийн зөвлөх" гэсэн орон тоо Тэргүүлэгчдээр батлагдаагүй байхад ҮЭ-ийн Холбооны дүрмийг зөрчиж өөрийн найз *******ыг ашиг сонирхолын зөрчилтэйгээр /хэргийн 145 дахь талд байгаа П.Баттөрийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт *******ын гэрчээр өгсөн мэдүүлгийг үзнэ үү/ авч, мөн Тэргүүлэгчдээр батлагдаагүй өндөр цалинг өөрөө тогтоон өгч, нэмж байсан байдаг.

б. Түүнтэй байгуулж байсан Хөдөлмөрийн гэрээний /хэргийн 39-41 дэх тал/ гурав дахь хэсэгт ажилтны хүлээх үүрэг тусгагдсан байгаа. Тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 08 дугаар сарын 13 хүртэл цалин хөлс авч ажиллахдаа энэ үүргийн хүрээнд гүйцэтгэсэн ажлаа ажил олгогч шаардсан тохиолдолд тайлагнах, тайлан гаргаж өгөх үүрэгтэй. Энэ талаар тэр ямар ч хариулт өгдөггүй ба ҮЭ-ийн Холбооны ажлын албанд цаг бүртгүүлж, цалин авснаас өөр ямар бичиг баримт, тайлан байдаггүй. Холбооны дарга байсан П.Баттөрийн тайланд /хэргийн 76-77 дахь тал/ хуулийн зөвлөхийн ажил, үр дүнгийн талаар юу ч тусгагдаагүй.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний 0967 тоот шийдвэрийг хянан үзэж, өөрчлөлт оруулан *******ын нэхэмжлэлээс 7.774.521 төгрөгийг хангаж, ҮЭ-ийн Холбооны даргын Б/04, Б/06 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгон, тус Холбооны *******аас 14.585.344 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангана уу? Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 138 тоот шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг уншиж танилцлаа. Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оэы 08 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00967 тоот шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байна гэж үзэж байгаа тул Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаярт холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн ажлаас үндэслэлгүй халсны улмаас ажилгүй байсны хугацааны цалин олговорт 17.471.300 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/04 дугаартай тушаал, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/06 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр нь нэхэмжлэгч *******ад холбогдуулан Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгэлгүйгээр цалин авсан 14.585.344 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан ба хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тус тус маргажээ.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 тоот тушаалаар тус холбооны хуулийн зөвлөхийн албан тушаалд томилогдсон ба Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1040 дугаартай шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 900.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэгдэж энэхүү шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхийн тогтоолоор хүчин төгөлдөр болсон байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон тул шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 16.468.609 төгрөгийг байгууллагаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шийдвэрлэхдээ хариуцагч байгууллага Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нэхэмжлэгчийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хуулийн зөвлөхийн ажилд /орон тооноос гадуур/ эргүүлэн томилсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн ажилд батлагдсан орон тооноос гадуур эргүүлэн томилж, түүний хийж гүйцэтгэсэн ажлын тайлан ажлын байрны тодорхойлолтод заасан хууль зүйн магистрын диплом, хуульчийн гэрчилгээг хувийн хэрэгтээ бүртгүүлэхийг даалгасан шийдвэр гаргасныг нэхэмжлэгч Д.Эрдэнэбат хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь дүрмээ 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрчилсөн байх ба Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 106 дугаар тогтоол, /хх-93-94/ 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаар тогтоолоор /хх-91-92/ Үйлдвэрчний эвлэлийн холбооны орон тоо батлагдсан бөгөөд 4 орон тоотой байхаар тогтоогджээ.

Харин Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд ажилтны үүрэг оролцоо чухал бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.-д зааснаар ажилтантай тохиролцож адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Эрдэнэбат ажил олгогчтой тохиролцох талаар идэвхтэй үйлдэл хийгээгүй байх тул хариуцагч байгууллага Үйлдвэрчний эвлэлийн холбоог буруутгах боломжгүй юм. Нөгөө талаар хариуцагч байгууллага нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд өөрийн эрх хэмжээний хүрээнд идэвхтэй үйлдэл хийж байсан нь нотлох баримтаар тогтоогдож /Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны гэрээт хуульчид хөлсөөр ажиллах гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн /хх-68// байх ба 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тушаалыг хөдөлмөрийн гэрээ хэрхэн батлуулагдах нь тодорхой бус, хэрэв өмнөх хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилнэ гэж үзэж байгаа бол батлагдсан орон тооноос гадуур гэсэн нь ойлгомжгүй, ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг дордуулсан тушаал болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Дээрх үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоог Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/04 дугаар, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх Д.Эрдэнэбатыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгэлгүйгээр цалин хөлс авсан, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын тушаал гаргасан 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Д.Эрдэнэбатын ажилгүй байсан хугацааны цалинг тооцож хариуцагчаас гаргуулахаар буюу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингаар тооцоход эргэлзээтэй байгаа тул /2018 ны 08 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халагдсан бөгөөд 2018 оны 08 дугаар сард 2.224.031 төгрөгийн цалин авснаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн/ анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1040 дугаар шийдвэрт заасан 900.000 төгрөгөөр нэг сарын дундаж цалинг тооцож 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны цалин олговорт 6.609.600 төгрөгийг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэбатад олгох нь зүйтэй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00967 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 47 дугаар зүйлийн 47.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/04 дугаартай тушаал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16.468.609 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эрдэнэбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.002.691 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2. 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажилгүй байсан хугацааны цалин олговор 6.609.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/04 дугаартай тушаал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 10.861.700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 4 дэх заалтанд ....Үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын тэмдэгтийн хураамж 240.293 төгрөг гэснийг ... 120.703 төгрөг гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 274.348 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ