Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2019/01485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.У

Хариуцагч: ОАШШГГ

Хариуцагч: Б.А

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.А ын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.У  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.У нь 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр М.Б тэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд М.Б бид хоёр өдийг хүртэл 16 жил нэг гэр бүл болж тасралтгүй хамт амьдарч байна. Бидний дундаас 2006 онд хүү Б.Х , 2016 онд охин Х нар төрсөн. Бид гэр бүл болсноос хойш 16 жил хамтарч хувийн бизнес эрхэлж Орхон аймаг Баян-Өндөр сум У 3 дугаар хороолол 9 дүгээр байрны ** тоот хаягт байрлах 4 өрөө бүхий 51 м.кв орон сууцыг худалдан авч уг орон сууцанд хүү, охин хоёрын хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Энэхүү орон сууц нь миний нөхөр М.Б ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан бөгөөд миний орон сууцыг бий болгоход оруулсан хувь нэмэр, оролцоо зэргээс үзвэл Орхон аймаг Баян-Өндөр сум У 3 дугаар хороолол 9 дүгээр байрны ** тоот хаягт байрлах 4 өрөө бүхий 51 м.кв орон сууц нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэтэл Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б. А нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор дээрх орон сууцыг битүүмжилсэн. Ийнхүү эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийхдээ Орхон аймаг Баян-Өндөр сум У баг 3 дугаар хорооолол 9 байрны ** тоот хаягт байрлах бидний амьдарч буй орон сууцанд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ганцаараа орж ирж гүйцэтгэсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн ганцааараа манай орон гэрт нэвтэрч битүүмжлэх ажиллагааг явуулсан үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагатай ажиллагааг хөндлөнгийн гэрчгүйгээр хийж гүйцэтгэсэн тул хууль бус болсон. Мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг битүүмжлэх ажиллагаа явуулсныг гэр бүлийн гишүүн бөгөөд тухайн орон сууцыг бий болоход хувь нэмэрээ оруулсан гишүүний хувьд миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү орон сууц нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хувьд би бие даасан шаардлага гаргах эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар гомдол гаргаж байна. Өмнө нь энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн очиж амжаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар буцаасан байдаг. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.А ын 2019 оны 07 дугаар сарын 29- ний өдрийн 1 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШЗ2017/3 дугаартай шүүгчийн захирамжаар

231 800 000 /хоёр зуун гучин нэгэн сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж Б.О д олгохоор шийдвэрлэгдсэн. Тус газарт М.Б д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 1 хувийн хэргийн дугаараар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч М.Б ий талаар холбогдох эрхийн бүртгэлийн байгууллагаас иргэний лавлагаа, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг авахад Орхон аймаг, Баян-Өндөр сум, 4-р баг Хүрэнбулаг 11 хороолол, Г гудамж, 1 тоот Г-6 дугаартай газар, Орхон аймаг, Баян-Өндөр сум, У баг 3-9-** тоот Ү-8 дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь тогтоогтсон. Төлбөр төлөгч М.Б ийг зарлан дуудаж төлбөрийн талаар тайлбар авч, 8 /01, 8 /02 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх, 1 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг гардуулан өгч, төлбөр төлөгч М.Б ийн арилжааны банкин дах харилцах болон хадгаламжийн дансанд төлбөрийн дүнгээр зарлагын гүйлгээнд хориг тавьсан. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр М.Б эс 231 800 000 төгрөгийг гаргуулах тухай 276 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу төлбөр төлөгч М.Б нь 111 800 000 төгрөгийг төлбөр авагч Б.О д бэлнээр өгсөн, тус байгууллагын /10 / тоот дансаар дамжуулан 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлбөр авагчийн хаан банк /11 / тоот дансанд шилжүүлсэн байнаТөлбөрийн 115 000 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч Ц.У эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол -ыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Төлбөр төлөгч М.Б нэхэмжлэгч Ц.У нар 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болж ** 9 дугаартай гэрлэлтийн бүртгэлтэй байна. Битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд Орхон аймаг, Баян-Өндөр сум, У баг 3-9-** тоот 51 метр кв 4 өрөө байр нь төлбөр төлөгч М.Б ийн нэг хүнийн хууль ёсны өмчөөр 2001 оны 11 дүгээр 23-ны өдөр Ү-12 дугаартай бүртгэгдсэн байна. Мөн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийж төлбөр авагч Б.О д зээлийн барьцаанд тавьсан байна. Иймд төлбөрийн үүрэг гүйцэтгэлийг хангуулахад бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Ц.У  нь нэхэмжлэлдээ ШШГТХ-н 41.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэж дурджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 41.1-д /төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх түүнийг хүраан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн ороцоотой явуулна гэжээ тус газрын 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.А ын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 8 /03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Орхон аймаг, Баян-Өндөр сум, У баг 3-9-** тоот байрыг зөвхөн битүүмжилсэн, шийдвэр гүйцэтгэлийн хураан авах ажиллагааг хийгээгүй болно. Мөн төлбөр төлөгч М.Б эс хөндлөнгийн 2 гэрчийг байлгах эсэх талаар асуухад байлгах шаардлагүй, хэрэггүй гэсэн тайлбар шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлд тусгагдаж гарын үсгээр баталгаажсан байнаШШГТХ-н 41.1 дэх хэсгийг зөрчсөн гэх хууль бус үйлдэл хийгдээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49-р зүйлийн 4.1-т заасны дагуу /хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалалт/ зорилгоор шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүжилнэ гэж хуульчилсан байна. Иймд Ц.У ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.У нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги болон 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.А нарт холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШЗ2017/3 дугаар шүүгчийн захирамжаар М.Б эс 231 800 000 төгрөг гаргуулж Б.О д олгохоор шийдвэрлэсний дагуу гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхээс хүлээн авч 1 хувийн хэрэг нээж гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд зохих ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж хариуцагч тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ц.У нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: М.Б бид хоёр 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болж бидний дундаас 2006 онд хүү Б.Х , 2016 онд охин Б.Х нар төрж ам бүл дөрвүүлээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн 3-9-** тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцанд амьдарч байна. Хэдийгээр уг орон сууц нь нэг хүний нэр дээр бүртгэлтэй боловч бидний гэр бүлийн дундын хөрөнгө юм. Шийдвэр гүйцэтгэгч Б.А 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор дээрхи орон сууцыг битүүмжилсэн бөгөөд хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан тул тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Төлбөр төлөгч М.Б ийн Б.О д төлөх төлбөрийн үлдэгдэл 112 500 000 төгрөг үлдсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа болох нь талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараар тодорхойлогдно.

Шийдвэр гүйцэтгэгч Б.А нь төлбөр төлөгч М.Б ийн өмчлөлийн эд хөрөнгөд лавлагаа гаргуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын У баг 3-р хороолол, 9-р байр, ** тоот Ү-8 улсын бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцны өмчлөгч гэдгийг тогтоосон бөгөөд энэ хөрөнгө төлбөр төлөгчийн хуваарьт хөрөнгө гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ц.У нь төлбөр төлөгч М.Б тэй 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болсныг 2003 оны 10 дугаар сарын 11ний өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, тэдний дундаас 2 хүүхэд төрсөн, тухайн битүүмжилсэн орон сууцанд амьдарч байгаа болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, хүү Б.Х , охин Б.Х нарын төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Хариуцагч Б.А  төлбөр төлөгч М.Б 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн тул түүний хуваарьт хөрөнгө гэж тайлбарлаж байх боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Талууд шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа эсэх талаар маргаагүй, харин төлбөр төлөгч М.Б ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын У баг 3-р хороолол, 9-р байр, ** тоот Ү-8 улсын бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг битүүмжлэхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, шийдвэр гүйцэтгэгч ганцаараа орон гэрт нэвтрэн битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг зөрчсөн хууль бус гэж маргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хэдийгээр нэхэмжлэгч Ц.У нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй ч түүний маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна. Мөн хуулийн 41.2-т шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж заасан бөгөөд төлбөр төлөгч М.Б гэрч оролцуулах шаардлагагүй гэсэн тул шийдвэр гүйцэтгэгч зайлшгүй хөндөлөнгийн гэрчийг байлгах шаардлагагүй гэж үзэн битүүмжлэх тогтоолыг үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл эд хөрөнгө битүүмжлэх үйл ажиллагаанд зайлшгүй хөндлөнгийн 2 гэрч оролцуулах хуулийн шаардлага байдаггүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгох бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн зорилго нь мөн хуулийн 49.4.1-д заасан хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаа байсан гэж үзнэ.

Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.А ын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.У ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдааны товыг авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хэргийн зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1., 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.А нарт холбогдуулан гаргасан 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.У ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2019/15 дугаартай Ц.У ийн нэхэмжлэлтэй, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.А нарт холбогдох иргэний хэргийг Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Эт даалгасугай.

3. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.У ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.,-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ