Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00777

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн            

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/01485 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 437 дугаар нээлттэй хорих анги

Хариуцагч: Б.Ариунбаяр

 

нэхэмжлэл: эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын хяналтын журмаар 2020.02.12-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Ариунбаяр, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2003.09.29-ний өдөр М.Бат-Эрдэнэтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд М.Бат-Эрдэнэ бид хоёр өдийг хүртэл 16 жил нэг гэр бүл болж тасралтгүй хамт амьдарч байна. Бидний дундаас 2006 онд хүү Б.Хас-Эрдэнэ, 2016 онд охин Б.Хассийлэн нар төрсөн. Бид гэр бүл болсноос хойш 16 жил хамтарч хувийн бизнес эрхэлж Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин 3 дугаар хороолол 9 дүгээр байрны 36 тоот хаягт байрлах 4 өрөө бүхий 51 м.кв орон сууцыг худалдан авч уг орон сууцанд хүү, охин хоёрын хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Энэхүү орон сууц нь миний нөхөр М.Бат-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй байдаг. ИХ-н 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан бөгөөд миний орон сууцыг бий болгоход оруулсан хувь нэмэр, оролцоо зэргээс үзвэл 36 тоот орон сууц нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунбаяр нь 2019.07.29-ний өдрийн 18140254 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор дээрх орон сууцыг битүүмжилсэн. Ийнхүү эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийхдээ 36 тоот хаягт байрлах бидний амьдарч буй орон сууцанд 2019.07.29-ний өдөр ганцаараа орж ирж гүйцэтгэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунбаярын 2019.07.29-ний өдрийн 18140254 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар тайлбартаа: 2017.01.24-ний өдрийн 142/ШЗ2017/00634 дугаартай шүүгчийн захирамжаар 231,800,000 төгрөг гаргуулж Б.Оюун-Эрдэнэд олгохоор шийдвэрлэгдсэн. Тус газарт М.Бат-Эрдэнэд холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс 2018.02.06-ны өдөр хүлээн авч 18140254 хувийн хэргийн дугаараар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч М.Бат-Эрдэнийн талаар холбогдох эрхийн бүртгэлийн байгууллагаас иргэний лавлагаа, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг авахад Орхон аймаг, Баян-Өндөр сум, 4-р баг Хүрэнбулаг 11 хороолол, Г гудамж, 1 тоот Г-2101007699 дугаартай газар, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-9-36 тоот Ү-2101003841 дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч М.Бат-Эрдэнийг зарлан дуудаж төлбөрийн талаар тайлбар авч, 18140254/01, 18140254/02 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх, 18140254 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг гардуулан өгч, төлбөр төлөгч М.Бат-Эрдэнийн арилжааны банкин дах харилцах болон хадгаламжийн дансанд төлбөрийн дүнгээр зарлагын гүйлгээнд хориг тавьсан. Төлбөрийн 115,000,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна.  ******* эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан байна. М.Бат-Эрдэнэ, ******* нар 2003.09.29-ний өдөр гэр бүл болж 369 дугаартай гэрлэлтийн бүртгэлтэй байна. Битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд төлбөр төлөгч М.Бат-Эрдэнийн нэг хүнийн хууль ёсны өмчөөр 2001.11.23-ны өдөр бүртгэгдсэн байна. Мөн 2015.07.29-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийж төлбөр авагч Б.Оюун-Эрдэнэд зээлийн барьцаанд тавьсан байна. Иймд төлбөрийн үүрэг гүйцэтгэлийг хангуулахад бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ШШГТХ-н 41.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэж дурджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 41.1-д /төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэжээ тус газрын 56 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Ариунбаярын 2019.07.29-ний өдрийн 18140254/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор 36 тоот байрыг зөвхөн битүүмжилсэн, шийдвэр гүйцэтгэлийн хураан авах ажиллагааг хийгээгүй болно. Мөн төлбөр төлөгч М.Бат-Эрдэнээс хөндлөнгийн 2 гэрчийг байлгах эсэх талаар асуухад байлгах шаардлагагүй, хэрэггүй гэсэн тайлбар шийдвэр гүйцэтгэгчийн 2019.07.29-ний өдрийн тэмдэглэлд тусгагдаж гарын үсгээр баталгаажсан байна. ШШГТХ-н 41.1-г зөрчсөн гэх хууль бус үйлдэл хийгдээгүй гэж үзэж байна. ШШГТХ-н 49-р зүйлийн 4.1-т заасны дагуу /хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалалт/ зорилгоор шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжилнэ гэж хуульчилсан байна. Иймд *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 142/ШШ2019/01485 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1., 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, Б.Ариунбаяр нарт холбогдох *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-ь заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.   

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/01447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, Иргэнийх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч тал гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч М.Бат-Эрдэнийн талаар холбогдох эрхийн бүртгэлийн байгууллагаас иргэний лавлагаа, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн лавлагаа авсан байх бөгөөд ИХ-н 126.1-д заасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь тогтоогдсон эсхүл нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна..” гэж үзсэн. ИХ-н 126.2, 126.2.2 гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөрөнгө эд хөрөнгө, 126.2.4. гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байхаар заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн талаарх Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. 36 тоот 4 өрөө бүхий орон сууц нь М.Бат-Эрдэнэ, хүү Б.Хас-Эрдэнэ, охин Б.Хассийлэн, ******* нарын хамтран өмчлөх дундын өмч юм. Нэгэнт хамтран өмчлөх дундын өмчийг битүүмжлэх ажиллагааг хийхдээ төлбөр төлөгч болох М.Бат-Эрдэнэд ногдох хэсгээр нь битүүмжлэх учиртай байтал орон сууцны өмчлөх эрхийг бүхэлд нь битүүмжилсэн нь үндэслэлгүй. Гэтэл шүүх хэт нэг талыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ерөнхий зохицуулалтуудыг тайлбарлах замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэх хэт ерөнхий дүгнэлтийг хийх байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Тухайлбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.1-д хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг нь хязгаарлах ажиллагааг ойлгох бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн зорилго нь мөн хуулийн 49.4.1-д заасан хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаа байсан гэж үзнэ    ” гэжээ. Үүнээс үзвэл шүүх хамтран өмчлөх дундын хөрөнгийг хамгаалж байгаа гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Тодруулбал, ******* болон түүний хүүхдүүдэд оногдох орон сууцны хэсгийг хамгаалах ажиллагаа хийх хууль зүйн үндэслэл байгаагүй. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн хариуцлагыг түүний эхнэр болон хүүхдүүд нь хариуцах үүрэггүй тул төлбөр төлөгчөөс бусад этгээдийн эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огтоос байж болохгүй юм. Ийнхүү давж заалдах щатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2019.10.31-ний өдөр Б.Ариунбаяр, Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин 3-р хороолол, 9-р байр, 36 тоот 4 өрөө орон сууцыг битүүмжлэх тухай 2019.07.29-ний өдрийн 18140254 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг шаардсан, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн. /хх 11,22-23/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Б.Ариунбаярт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ.

 

Иймд иргэн Б.Ариунбаярт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд нийцсэн байна. 

2. Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч нь хийх эрхтэй бөгөөд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаа юм.      

     

Төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан дарааллын дагуу явагдана.  

 

Харин шүүхийн шийдвэрт тухайлан заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дээрх дарааллыг заавал баримтлахыг шаардахгүй бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл., Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-г зөрчихгүй юм.   

 

Хариуцагч нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49,86 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчсөн гэх баримтгүй  байна.

 

Түүнчлэн, шүүх эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т нийцээгүй гэж үзнэ. 

 

3. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ заасан, нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/01485 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ    Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧИД,                     П.ЗОЛЗАЯА

                                      Х.СОНИНБАЯР

                                      Б.УНДРАХ

                                      Х.ЭРДЭНЭСУВД