Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2

 

Т.А-ийн нэхэмжлэлтэй

Хэргийн индекс: 135/2018/00989/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1212 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Т-т холбогдох

          “Хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.А-, хариуцагч Г.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т.А-ээс:

 Би 2000 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Г.Т-, Т.С- нарын охин болж төрсөн. Аав Г.Т- нь намайг төрөөд 1 ой хүрээгүй байхад ээжтэй амьдрахаа больж өөр хүнтэй гэр бүл болсон. Ээж Т.С- нь шүүхэд хандаж 2001 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 345 дугаартай шийдвэрээр надад хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон байсан. Энэ цагаас хойш аав Г.Т- нь надад нэг ч төгрөгийн тэтгэлэг төлөөгүй өнөөг хүрсэн байдаг, ээж маань  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичүүлж өгсөн боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа огт явагдаагүй байх ба хувийн хэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас ч алга болсон байна. Би оюутан учраас сургалтын төлбөр, оюутны байрны төлбөр, гээд мөнгөний шаардлага их гарч байгаа учраас шүүхийн шийдвэр гарснаас хойших авах ёстой нийт 14.687.850 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Т-аас:

Уг нь төлөх санаа байна гэхдээ яг тэд гэсэн юм алга орлогын эх үүсвэр цалин байгаа ойрын 3 жилд 5 сая төгрөг хүртэл л өгч чадах байх уг нь өгөхгүй гээгүй өгнө гэхдээ миний амьдрал хүнд байгаа би айлд амьдардаг, Т.А- заавал 14 сая төгрөг бөөнд нь авна гээд байгаа, би 5 саяыг зөвшөөрч байна боломжоороо өгнө гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 1212 дугаар шийдвэрээр:

            Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.А-ийн нэхэмжлэлтэй Г.Т-т холбогдох хүүхдийн тэтгэлэг 14.687.850 төгрөгийг нөхөн гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байна.

Т.А- нь 2000 оны 03 дугаар сарын 29-ны өдөр төрсөн одоо 18 настай хүүхэд юм. Түүнийг бага байхад буюу 2001 оны 5-р сард ээж аав нь гэрлэлтээ цуцлуулж эцэг Г.Т- нь шүүхийн 345 дугаартай шийдвэрээр Т.А-д тэжээн тэтгэх тэтгэлгийг өгөхөөр болсон ч энэ үүргээ огт биелүүлэхгүй байсаар хүүхэд нь өнөөдөр нас биед хүрчээ. Нэхэмжлэгч нь насанд хүрч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон авах ёстой хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу нөхөж гаргуулахаар 14.687.850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Г.Т-т холбогдуулан гаргасан ба шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Т.А- хариуцагч Г.Т-т холбогдуулж хүүхдийн тэтгэлэг 14.687.850 төгрөг нөхөн гаргуулахыг шаардсан бөгөөд хариуцагч Г.Т- нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно” гэж заасан боловч хариуцагч Г.Т- ажил орлоготой байсан эсэх, цалин орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан эсэх, тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Гэр бүлийн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.2-т тэтгүүлэгч хөдөлмөрийн чадвартай болсон, 53.1.3-т тэтгүүлэгч 18 нас хүрсэн бол тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх болсон үйл явдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Анхан шатны шүүхийн дүгнэлт өрөөсгөл болсон байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 345 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т.А-ийн эцэг нь Г- овогтой Т- мөн болохыг тогтоож, эцэг Г.Т-аас сар бүр хуульд заасан тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн төрсөн охиндоо нэг ч удаа хүүхдийн тэтгэлэг төлөөгүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбараар нотлогдоно. Мөн шийдвэр гүйцэтгэлийн материал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байхгүй болж үрэгдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч Т.А- нь 2000 оны 03 дугаар сарын 29-нд төрсөн байх бөгөөд энэ жил 18 настай, МУИС-ийн 2 дугаар курст суралцдаг оюутан учраас сургалтын төлбөрөө төлж чадахгүйд хүрч төрсөн эцэг Г.Т-аас өнгөрсөн хугацааны тэтгэлгийн төлбөрийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Нэгэнт хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул дахин хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д “Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн материал үрэгдсэн байвал хэргийн оролцогчийн хүсэлт, түүнчлэн шүүхийн санаачилгаар түүнийг бүрэн буюу зарим хэсгийг сэргээж болно” гэж, 152 дугаар зүйлийн 152.1-д “ Хэргийн материалыг сэргээх тухай хүсэлтийг уг хэргийг хянан шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн материалыг сэргээх тухай хүсэлтийг уг шийдвэрийг гүйцэтгэвэл зохих газрын шүүхэд тус тус гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч Т.А- хуулийн холбогдох зохицуулалтын дагуу харьяалах шүүхэд хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн материалыг сэргээлгэхээр хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүх хуулийн 153 дугаар зүйлд заасны дагуу хэргийг шийдвэрлэх учиртай.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.А-ийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Т.А- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ                               

                                                                                                                     Л.АМАРСАНАА