Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00617

 

Т.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1212 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар магадлалтай,

Т.А-ийн нэхэмжлэлтэй,

Г.Т-т холбогдох,

Тэтгэлэгт 14.687.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.А-ий гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А-э, хариуцагч .Төмөрбаатар, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Т.А-э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2000 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Г.Т-, Т.Соёл-Эрдэнэ нарын охин болж төрсөн. Аав Г.Т- нь намайг төрөөд 1 ой хүрээгүй байхад ээжтэй амьдрахаа больж өөр хүнтэй гэр бүл болсон. Ээж Т.Соёл-Эрдэнэ нь шүүхэд хандаж 2001 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 345 дугаартай шийдвэрээр надад хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон байсан. Энэ цагаас хойш аав Г.Т- надад нэг ч төгрөгийн тэтгэлэг төлөөгүй өнөөг хүрсэн, ээж маань шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичүүлж өгсөн боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа огт явагдаагүй байх ба хувийн хэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас ч алга болсон байна. Би оюутан учраас сургалтын төлбөр, оюутны байрны төлбөр, гээд мөнгөний шаардлага их гарч байгаа учраас шүүхийн шийдвэр гарснаас хойшх авах ёстой  14.687.850 төгрөгийн тэтгэлгийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Г.Т- шүүхэд гаргасан тайлбартаа: төлөх санаа байгаа боловч орлогын эх үүсвэр цалин байна. Ойрын 3 жилд 5 сая төгрөг хүртэл л өгч чадах байх. Гэхдээ миний амьдрал хүнд байгаа би айлд амьдардаг, Т.А-э заавал 14 сая төгрөг бөөнд нь авна гээд байгаа, би 5 саяыг зөвшөөрч байна, боломжоороо өгнө гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1212 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.А-ийн нэхэмжлэлтэй Г.Т-т холбогдох хүүхдийн тэтгэлэг 14.687.850 төгрөгийг нөхөн гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.А-ийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Т.А-э улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.А-э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 23 ны өдрийн 1212 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 03 ны өдрийн 02 дугаартай магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Т.А-э миний бие нь 2000 оны 03 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, одоо 18 настай. Намайг бага байхад буюу 2001 оны 05-р сард ээж аав хоёр гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулж эцэг Г.Т- нь шүүхийн 345 дугаартай шийдвэрээр надад тэжээн тэтгэх тэтгэлгийг өгөхөөр болсон ч энэ үүргээ огт биелүүлэхгүй байсаар өнөөг хүрч би нас биед хүрсэн. Насанд хүртэлх хугацаанд ээж л намайг тэжээн тэтгэж эх хүний үүргээ хангалттай биелүүлж ирсэн. Аав Г.Т- нь шүүхийн шийдвэр гарснаас хойш надад нэг ч төгрөгийн хүүхдийн тэтгэлэг төлж байгаагүй бөгөөд эцэг хүний үүргээ огт биелүүлж байгаагүй байдаг. Тийм учраас тэтгэлгийн төлөгдөөгүй хэмжээ хуримтлагдаж 14.687.850 болсон байна. Энэ тоо хэмжээг би шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээр тооцуулсан, мөн өөрөө он оны амьжиргааны баталгаажих төвшинг харж байж тооцон гаргасан.

Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийг аав надад огт төлж байгаагүй учраас Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу нөхөж гаргуулахаар 14 687 850 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хоёр шатны шүүх өөр өөр үндэслэл гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэнд би гомдолтой байна. Шүүхийн шийдвэр нь ШШГГазарт очсон байсныг аав Г.Т- хүлээн зөвшөөрдөг мөн огт мөнгө төлж байгаагүйгээ ч хүлээн зөвшөөрдөг, тийм болохоор ШШГГазарт байсан, одоо алга болж үрэгдсэн гүйцэтгэх хуудсыг би сэргээлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөгийн тэтгэлэг төлөөгүй байгаа нь тэтгэлэг төлөхөөс зайлсхийж, орлогоо нуун дарагдуулж байсан гэж үзэж байна.

Миний нэхэмжлэлийг шүүхүүд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож байгаа учраас хяналтын журмаар гомдол гаргаж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн  шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Т.А-э нь хариуцагч Г.Т-аас 14.687.850 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа шүүхийн шийдвэрээр төлөх ёстой тэтгэлгийг төлөөгүй тул нөхөн гаргуулна гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс 5.000.000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзжээ.

Дархан-уул аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн 345 дугаар шийдвэрээр Г.Т-аас сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, охин Т.А-ийг насанд хүртэл нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хүчинтэй байгаа бөгөөд энэ талаар маргаагүй байна. Т.А-э нь Г.Т-ын төрсөн охин бөгөөд тэрээр 2018 оны 3 дугаар сарын 29-нд 18 насанд хүрч, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 78 дугаар зүйлийн 78.1.5-д зааснаар шаардах эрх үүссэн байна.

Харин хариуцагч дээрх шийдвэрийн дагуу тогтоосон тэтгэлгийг төлж байсан болох,  тэтгэлгийг нөхөн төлүүлэх эсэх  нь маргааны зүйл болжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т зааснаар хариуцагч Г.Т- нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйгээс гадна  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т зааснаар тэтгэлэг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа “...хариуцагч хууль болон шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” талаар дурдан улмаар тэтгэлгийг нэхэмжлэхдээ тухайн үед дагаж мөрдөж байсан амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тооцжээ /хэргийн 7 дугаар тал/.

Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх “...хариуцагч ажил орлоготой байсан эсэх, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан, тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн болох нь тогтоогдоогүй” гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.  

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүйгээс гадна “...хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул тэтгэлгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй байна.

Гэр бүлийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-т зааснаар тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан бол шүүх тэжээн тэтгүүлэгчийн нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болох ба хариуцагч ажил орлогогүй байсан нь тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т  зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна, 42.2.-т зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно, 42.4.-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасан.

Хариуцагч нь тэтгэлэг төлж байснаа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг тооцсон баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

Дээрх үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1212 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-т заасныг баримтлан хариуцагч Г.Т-аас 14.687.850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.А-эд олгосугай” гэж, 2 дах заалтын “дурдсугай” гэснийг “...дурдаж, хариуцагч Г.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 231.389 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 637 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ