Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1212

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум -  тоотод оршин суух, Т.А- нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, -  тоотод оршин суух, Г.Т-т холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А-, өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Г.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2000 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Г.Т-, Т.Соёл-Эрдэнэ нарын охин болж төрсөн, аав Г.Т- нь намайг төрөөд 1 ой хүрээгүй байхад ээжтэй амьдрахаа больж өөр хүнтэй гэр бүл болж, ээж Т.Соёл-Эрдэнэ шүүхэд хандаж 2001 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 345 дугаартай шийдвэрээр надад хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон байсан. Энэ цагаас хойш аав Г.Т- нь надад нэг ч төгрөгийн тэтгэлэг төлөөгүй өнөөг хүрсэн байдаг, ээж маань шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичүүлж өгсөн боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа огт явагдаагүй байх ба хувийн хэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас ч алга болсон байна. Миний бие одоо 18 насанд хүрч МУИС-ийн 2 дугаар курст суралцаж байна. Оюутан учраас сургалтын төлбөр төлөх, оюутны байрны төлбөр, гээд мөнгөний шаардлага маш их гарч байгаа учраас шүүхийн шийдвэр гарснаас хойших авах ёстой нийт 14,687,850 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү. Энэ хүн 2003 он хүртэл мөнгө өгсөн гэж байгаа боловч миний мэдэхээр надад мөнгө өгч байгаагүй, би одоо оюутан надад мөнгөний хэрэг их гарч байна танд надад мөнгө өгөх боломж байна уу гэхэд дандаа боломжгүй гэдэг байсан. 2001-оны 05 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны нийт 14,687,850 төгрөг гаргуулна гэв.

Хариуцагч Г.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Уг нь төлөх санаа байна гэхдээ яг тэд гэсэн юм алга орлогын эх үүсвэр цалин байгаа ойрын 3 жилд 5 сая төгрөг хүртэл л өгч чадах байх уг нь өгөхгүй гээгүй өгнө гэхдээ миний амьдрал хүнд байгаа би айлд амьдардаг, Т.А- заавал 14 сая төгрөг бөөнд нь авна гээд байгаа, би 5 саяыг зөвшөөрч байна боломжоороо өгнө гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч Г.Т-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг 14,687,850 төгрөгийг нөхөн гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 5 сая төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 345 дугаартай шийдвэрээр ... Т.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй Г.Т-т холбогдох эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Г.Т- нь 2000 оны 3 дугаар сарын 29-нд төрсөн охин Ариун-Эрдэнийн төрсөн эцэг нь мөн болохыг тогтоож, эцэг Г.Т-аас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан болох нь хариуцагч Г.Т-, гэрч Т.Соёл-Эрдэнийн мэдүүлэгээр тогтоогдож байгаа боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед хэрхэн төлбөр барагдуулж байсан болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ямар үндэслэлээр дуусгавар болсон эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Г.Т- нь Сод Монгол групп ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт хамгаалагчаар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс, сарын 300 000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа болох нь тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлэгийг нөхөн төлүүлж болно гэж заасан байх бөгөөд хариуцагч нь Г.Т- нь ажил орлоготой байсан эсэх, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан эсэх тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.2-т тэтгүүлэгч ...хөдөлмөрийн чадвартай болсон, 53.1.3-т 18 нас хүрсэн бол тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно гэж заасан байх тул нэхэмжлэгч Т.Ариун-Эрдэнийн хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэххэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Ариун-Эрдэнийн нэхэмжлэлтэй Г.Т-т холбогдох хүүхдийн тэтгэлэг 14,687,850 төгрөгийг нөхөн гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА