Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2021/01996

 

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2021/01996

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... хаягт байрлах, О ХХК /регистрийн дугаар:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, .. дүгээр байр, ... тоот хаягт байрлах, эрэгтэй, Т овогт А-ы Э /регистрийн дугаар:..../-т холбогдох,

Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, хариуцагч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч В.Г, Б.Т, гуравдагч этгээд Ю.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ог шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .... дүгээр байр, ... тоот хаягт байрлалтай орон сууц нь О ХХК-ийн хууль ёсны өмч бөгөөд 2019 оноос хойш тус компанид харьяалагдах ажилчдад зориулахаар төлөвлөсөн орон сууц юм. Манай компанийн менежер албан тушаалд ажиллаж байсан А.Э-ыгО ХХК-д ажиллаж байх хугацаандаа тус орон сууцанд амьдрахыг зөвшөөрч оруулсан. Гэтэл хариуцагч А.Э нь орон сууцанд оруулснаас хойш ажлын идэвхи санаачилга нь суларсаар 2020 оны 5 дугаар сард ажлын байраа орхин өөрөө компани нээж манай компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэгэнт хариуцагч нь О ХХК-иас гарч манай байгууллагад ажиллахаа больсон тул байр чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч сайн дураараа чөлөөлж өгөхгүй байгаа тул шүүхээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий орон сууцыг О ХХК нь У ХХК-ийн охин компани болох С ХХК-иас орон сууц захиалах гэрээний дагуу авсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ... тоот орон сууцыг 79.840.000 төгрөгөөр захиалан авсан. Уг орон сууцны үлдэгдэл төлбөр болох 32.107.400 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд энэ нь хариуцагч А.Э-ыгманай компаниас гарснаас хойш болсон үйл явдал юм. Гэтэл хариуцагч А.Э нь тус байрыг өөрийн ажлын хөлс мэтээр марган шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн батламжийг үндэслэлээ болгосон байх тул уг батламжийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд О ХХК-иас А.Эт олгосон 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн батламжийг хүчин төгөлдөр бусад тооцож, маргаан бүхий орон сууцыг А.Эын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2013 онд О ХХК-д борлуулалтын менежерээр ажилд орсон. Энэ хугацаанд өөрийн мэдлэг чадвараа дайчилж, үнэнч шударгаар борлуулалтын орлогыг нэмэгдүүлж ажиллаж ирсэн. Миний хийсэн ажлыг үнэлж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр О ХХК-иас 2 өрөө байраар шагнаж, батламжийг гардуулж өгсөн. Энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа байгууллага хамт олныг гомдоож хохироосон зүйл байхгүй. Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны .. тоот байранд 2015 оноос одоог хүртэл 7 жил амьдарч байна. Миний О ХХК-д орж ажилласан 8 жил миний ажлын бүтээмжийн оргил үе байсан. Миний хийсэн бүтээсэн ажилд энэ байр багадах юм. Бетон зуурмагаас 1 м3-ээс 1000 төгрөг авах урамшуулалтай байдаг. Ойролцоогоор хамгийн багаар бодоход 40 мзуурмагаас 1м3-ыг 1000 төгрөгөөр бодоход 400.000.000 төгрөг авах ёстой. 8 жил ажиллахдаа урамшууллын мөнгө олгоно гэсэн мөртлөө олгох нь байтугай цалингаа бүрэн өгдөггүй байсан. 2019 оноос хойш ах дүү, эхнэрээ ажиллуулж хуучин ажилчдаа халж, сольж борлуулалтын мөнгөөр цалин бүтэн тавихаа больж ах дүү нартайгаа ажлын байран дээр хэрүүл маргаан үүсгэх, цалин дутуу тавих гэх мэт асуудал үүсэж эхэлсэн тул би өөрөө ажлаас гарах өргөдлөө өгч ажлаас гарсан. Анхны гал голомтоо бадраасан гэр орноо өгөх боломжгүй байна. Энэ байрнаас гараад орох орон байхгүй. Миний ажил, нэр хүнд хийсэн хөдөлмөрийг шударгаар үнэлж шагнуулсан байраа буцааж өгөх үндэслэлгүй гэв.

 

Хариуцагч А.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... байр, ... тоотод 2017 оны 2 дугаар сараас одоог хүртэл амьдарч байна. О ХХК-д ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, эрхэлсэн ажилдаа идэвхтэй, зүтгэл ур чадвартай ажилласныг үнэлж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хамт олны шинэ жилийн баярын үйл ажиллагааны явцад 2 өрөө байрны эрхийн батламж гардуулж, байраар шагнасан. 2019 оноос хойш удаа дараа уг байрыг өөрийн өмчлөлд авахыг хүссэн боловч О ХХК-ийн захирал Х.Н нь танайх олон жил амьдарч байгаа хамт олны дунд гардуулж өгсөн тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй батламж байхад яараад яах вэ гэж хууран мэхэлж, залилсаар байгаад өөр хүний нэр дээр шилжүүлж өгсөн байна. Иймд хөдөлмөрийн үр шим, ур чадвар, үр бүтээлээрээ шагнагдсан маргааны бүхий орон сууцыг А.Э миний нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Манай компани 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хойшид компанидаа тогтмол ажиллан гэсэн 6 залуу ажилтанд компанийн байранд үнэ төлбөргүй амьдруулахаар болж, цаашид 8 жил ажиллавал байрыг нэр рүү нь шилжүүлэн өгнө гэсэн болзолтойгоор шагнал гэсэн батламж гардуулсан. Гэтэл эдгээр залуусын 2-оос бусад нь бүгд ажлаас гарч болзол биелэгдэхгүй болсон тул байраа буцааж өгсөн ба А.Э нь эргүүлж өгөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Компани болон А.Э нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд орон сууц олгох тухай, урамшуулал өгөх тухай огт тусгагдаагүй. Өөрөө гэрээ байгуулж орсон ажил үүргийнхээ дагуу ажлаа хийж цалингаа авч байсан энэ хүн дахин миний хөдөлмөрийн үр дүн гэж орон сууц нэхэмжлэх нь үндэслэлгүй бөгөөд тус орон сууцны үнээс нэг ч төгрөгийг А.Э гаргаж өгөөгүй. А.Э нь ажиллаж байхдаа өөрөө хариуцаж хийсэн олон гэрээнүүдийн өр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй, харилцагчдын мэдээлэл нь олдохгүй, мөн зөөврийн компьютер авна гэж 2 удаа компаниас мөнгө гаргуулан авч хувьдаа завшсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Ю.Ш шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 9 дүгээр сард О ХХК-ийн захирал Х.Н-той уулзаж цемент зээлээр авах хүсэлтийг нь зөвшөөрч, цементийн үнэд орон сууц оролцуулан авахаар тохиролцож Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байр, .. тоот хаягт байрлах орон сууцыг очиж үзээд худалдан авахаар болсон. Ингэхдээ тус байрны ордер гараагүй, мөн барилга угсарсан компанид 36.000.000 төгрөгийн өртэй байгаа, энэ өрнөөс надаас авсан цементээрээ зуурмаг хийж барагдуулаад гэрчилгээ гарсны дараа миний нэр лүү шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Тухайн үед тус байранд О ХХК-д ажиллаж байсан А.Э гэх залуу амьдарч байсан. Би А.Э-ыгажил хэргийн шугамаар таньдаг байсан. А.Э ажлаасаа гарчихсан болохоор манай байрыг чөлөөлж өгнө, тэгээд танайх ороорой гэж О ХХК-ийн зүгээс надад хэлсэн. Би тус байрны үнэд 60.000.000 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн. Ингээд 2021 оны 3 дугаар сард О ХХК нь орон сууцыг миний нэр дээр шилжүүлж, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. Би тус байрыг өөрийн нэр лүү шилжүүлж аваад бизнесээ өргөжүүлэхээр жижиг дунд бизнесийг дэмжих 3 хувийн зээлийн барьцаанд Тэлмэн цэцэг ХХК-ийн нэр дээр тавьж Голомт банкнаас 2021 оны 4 дүгээр сард зээл авсан. О ХХК нь тус байранд амьдарч байгаа А.Э гэх залуугаас танай байрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан байгаа түр хүлээж байгаарай гэсний дагуу би хүлээж байсан боловч А.Э гэх залуу өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна. А.Э нь хүний байранд хөлс мөнгө төлөхгүйгээр олон жил амьдарчхаад миний байр гэж нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бие даасан шаардлага гаргасан. Иймд намайг тус байрны өмчлөгчөөр тогтоож, А.Э-ыгминий байрнаас албадан чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... байрны ... тоот хаягт байрлах 49,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч А.Эын эзэмшлээс буцаан шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, уг орон сууцны өмчлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ю.Ш-д шилжүүлжээ. Улмаар Ю.Ш нь мөн орон сууцыг хариуцагч А.Эын эзэмшлээс шаардаж, бие даасан шаардлага гаргасныг шүүх баталсан.

 

Хариуцагч А.Э нь 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс О ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тус компанид борлуулалтын менежерийн ажилд орж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс борлуулалтын албаны дарга, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс компанийн Ерөнхий менежерээр тус тус ажиллаж байгаад 2020 оны 5 дугаар сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

Хариуцагч А.Эын ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2017 онд маргаан бүхий орон сууцыг ажил олгогч О ХХК-ийн зүгээс А.Эт Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д зааснаар үнэ төлбөргүй ашиглуулах болсон, мөн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болсон О ХХК-ийн шинэ жилийн баяраар А.Эт 2 өрөө орон сууцаар шагнах тухай Батламж-ийг ажил олгогч О ХХК гардуулан өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 24 дүгээр тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заажээ. Зохигчдын тайлбараас үзвэл, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажил олгогч О ХХК ажилтан А.Э-ыг2 өрөө орон сууцаар шагнасан явдал нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэг өгсөн биш, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлсний бүрдэл хэсэг болох шагнал, урамшуулал олгохоор амласан байна.

 

Ажил олгогч О ХХК-иас шагнал олгохоор амласан дээрх амлалтыг ажилтан А.Э хүлээн авснаар нэхэмжлэгч О ХХК-д 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүрэг үүсжээ. Гэвч талуудын хооронд үүссэн энэ үүрэг буюу үүргийн хэлцэл нь дангаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.Эт шилжүүлэх үндэслэл болохгүй юм.

 

Учир нь, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалт ёсоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд хөрөнгө шилжүүлэхээр үүрэг хүлээсэн амлалт буюу хэлцлээс гадна тухайн хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэх үйлдэл /хэлцэл/ хийгдсэнээр өмчлөх эрх шилждэг байна. Үүнээс өөрөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих тохиолдлыг хуулиар зохицуулаагүй байна.

 

Харин үл хөдлөх эд хөрөнгийг А.Эт үнэ төлбөргүй ашиглуулж буй этгээд болох О ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Ингэснээр О ХХК нь хариуцагч А.Эт орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс орон сууцны өмчлөх эрхийг шаардах боломжгүй юм.

 

Дээрх тохиолдолд, хариуцагч А.Э нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх бус, харин Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу 2017 оноос хойш зөвхөн ашиглах эрхтэй байсан гэж үзнэ. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1-д зааснаар эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилждэг.

Нэхэмжлэгч О ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш буюу 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу маргааны бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ю.Шагдарсүрэнд шилжүүлжээ. Иймд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2, 297 дугаар зүйлийн 297.1-д заасан үндэслэлээр О ХХК-д хамаарах эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээний бүх эрх, үүрэг шинэ өмчлөгч болох Ю.Шагдарсүрэнд шилжсэн байна. Иймд нэхэмжлэгч О ХХК нь эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг үндэслэн орон сууцыг хариуцагч А.Эаас буцаан шаардах эрхгүй юм. /хх 185, 241 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч О ХХК нь 2017 онд орон сууцыг хариуцагч А.Эт үнэ төлбөргүй ашиглуулахаар харилцан тохиролцож, түүний эзэмшилд шилжүүлэхдээ хугацаа заагаагүй байна. Орон сууцыг үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд болох О ХХК нь тухайн үедээ хөрөнгө ашиглах тодорхой зорилго заагаагүй, хугацаагүй шилжүүлж өгсөн байх тул тэрээр Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1-д зааснаар гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй юм. Энэ эрх дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Ш-д шилжсэн байна.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Ш нь Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1-д зааснаар гэрээг цуцалж, мөн хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д зааснаар орон сууцыг А.Эаас буцаан шаардах эрхтэй. Гуравдагч этгээд Ю.Ш-ийн энэ эрхийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул түүний бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээд Ю.Ш-ийн бие даасан шаардлагыг хангаж, нэхэмжлэгч болон хариуцагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гуравдагч этгээд Ю.Ш нь шүүхэд бие даасан шаардлага гаргахдаа О ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож илүү төлсөн байна. Тэрээр эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу хөрөнгийг буцаан шаардаж байх тул үнэлэх боломжгүй нэхэмжлэл гэж үзэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан 70.200 төгрөг төлөх байжээ. Иймд илүү төлсөн 387.300 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж, гуравдагч этгээдэд олгоно. Мөн Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шүүх хангаж, нэхэмжлэгч болон хариуцагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс төлсөн тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 106 дугаар зүйлийн 106.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны ... тоот хаягт байрлах 49,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлөн, эзэмшлийг Ю.Ш-д шилжүүлэхийг хариуцагч А.Эт даалгаж, уг орон сууцыг албадан чөлөөлүүлэх О ХХК-ийн нэхэмжлэл болон орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай А.Эын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөг гуравдагч этгээдээс төлсөн 458.000 төгрөгөөс 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Эаас 70.200 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Ю.Ш-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР