Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 262

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Золзаяа,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

хохирогч Б.Анхбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам  ҮД:06-50,

гэрч  С.Ганхүү,

шүүгдэгч Э.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод  1978 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Эс Жи Эм” компанид захирал ажилтай, ам бүл-3,  ээж, охины хамт Сүхбаатар дүүргийн  05-р хороо, 50 мянгатын 30-16 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Бэгз овогт Энхээгийн Чинзоригт /РД:ХД78030897/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар  зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэгз овогт Энхээгийн Чинзоригт холбогдох эрүүгийн 2016 2501 3839 дугаартай, 105/2017/0278/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Чинзориг нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр  Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санрайз хотхоны 40/А/-61 тоот буюу иргэн Б.Анхбаярын гэрийн хаалгыг цохиж хонхойлгон бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж 552.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Чинзориг  мэдүүлэхдээ: Би 2015 оны  09 дүгээр сарын 28 өдрөөс өмнө би хөдөө ажиллаж байсан. Намайг уурхай дээр ажиллаад хүрээд ирэхэд ээж маань над руу утасдаад хаалганы голд Анхбаяр болон Одгэрэл юм чихсэн байна. Би гэртээ орж чадахгүй байна гэсэн. Дараа нь бас би хөдөө байж байхад ээж утсаар яриад Анхбаяр шөнө 2, 3 цагийн үед согтуу орж ирж  намайг  гэрээс чирч гаргаад гэр рүүгээ авч орсон гэсэн. Үүнийгээ хохирогч шөнө 2 цагт коридорт таарсан гэж худал хэлсэн байсан. Би өөрөө хохирогч байж энэ хэрэгт шүүгдэгчээр зогсож байна. Хохирогч ямар их өс хонзонтой байна. Хаанаас үүссэн өс хонзон юм бэ гэдгийг би ойлгохгүй байгаа. Өрөвдөлтэй юмаа. Иймхэн юмаар мөнгө олох гэж хичээж байгаа чинь өрөвдөлтэй байна. Анхбаяр 3 удаа хаалганы голд юм чихсэн. Хүчин төгөлдөр хэлцэл байсаар байхад орон гэрт маань оруулаагүй. Үүн дээр нь ч эрүүгийн хэрэг үүссэн байсан ч прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон байсан. Цоожны гол солиулахад 550.000 төгрөгийн зардал гаргасан. Тухайн өдөр би орой ажлаа тарж ирээд хуучин эхнэр Ариунзул, охин Амин-Эрдэнэ нартайгаа гэртээ ирэхэд хаалганы голд юм санаатайгаар чихсэн байсан. Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон орон гэртээ чөлөөтэй орох, гарах эрхийг маань боогдуулж Анхбаяр юм чихсэн байсан. Энэ үйлдэл нь 2, 3 дахь удаагаа болж байгаа болохоор Анхбаярын үүдийг нь тогшиж чи миний хаалга руу юм чихсэн үү гэж асуухад цаанаас нь эхнэр нь та нар зайлцгаа гэж хэлсэн. Анхбаярын эхнэр Одгэрэл нь ямар ч ёс суртахуун, боловсролгүй, их бүдүүлэг хүн. Анхбаяр тухайн үед чи манай гэрээс зайл гэсэн. Тэгэхээр нь би чамд сар болгоны 18-ны өдөр 1.400.000 төгрөгийг чинь төлж байсан, тэрийг төлөөд явж байхад чи намайг зайл гэх эрх байхгүй, хэрэв чи тийм эрхтэй юм бол чи миний хохирлыг барагдуулж өг, би энэ байранд маш их хэмжээний буюу 7, 8 сая төгрөгийн засвар хийж, өрөөндөө тааруулж гал тогооны тавилга хийлгэсэн, байрны банкны  зээлийн  хүүг төлсөн. Чи эдгээрийг буцаагаад өгөх юм бол би эндээс явна, надад чамтай хэрүүл хийж байх сонирхол алга гэж хэлээд чи хаалгаа онгойлгоод гараад ир, уулзаж ярилцъя гэсэн. Тэр хаалгыг Анхбаяр өөрөө балбаж хонхойлгосон байснаа намайг балбаж хонхойлгосон гэж гүтгэж байна. Анхбаяр дандаа архи уудаг. Өмнө нь манайд ирээд хоёуулаа пиво ууя, архи ууя гэж байнга ятгадаг байсан. Би 1, 2 удаа пиво хамт ууж үзсэн. Бид нар хохирогчийн гаргаж байгаа зан болгонд нь гомдол гаргаад байж болох байсан. Тэгэхдээ бид нар заргач хүмүүс биш. Өс хонзон санадаггүй хүмүүс. Тэр хаалганы хонхойсон хэсгийг би хийгээгүй. Анхбаяр өөрөө өмнө нь хонхойлгосон юм уу, дараа нь хонхойлгосон юм уу гэдгийг мэдэхгүй байна. Би тэр хаалгыг цохиж, Анхбаяртай уулзах бодолтой байсан. Анхбаяраа гараад ир гэж жоохон хүчтэй цохисон байж магадгүй. Тэгэхдээ эхнэр, хүүхдээ гудамжинд харанхуй шөнө гудамжинд байлгаж байгаа эр хүн ямар байдалтай байх юм. Би хохирол төлөөгүй. Манай ээж сандарсан юм шиг байна лээ. Яагаад гэвэл манай ээж намайг яллагдагчаар татлаа гэхээр нь сандарсандаа төлсөн юм шиг байгаа юм. Би бол төл гэж хэлээгүй. Одоогоор хохирол арилсан байгаа. Анхбаяр яг хэдэн төгрөгийн хохиролтой байгааг нь ойлгохгүй байгаа. Анхбаярын тэр хаалга нь 100 айл дээр 180.000 төгрөг гээд байж байгаад бид нар нотлох баримт болон зургийг нь гаргаад өгсөн байгаа. Одоо худалдаж авсан байгаа хаалга нь 220.000 төгрөг л  байгаа. 550.000 төгрөгийн хаалга гэж байхгүй байсан. Тэр хаалга нь 220.000 төгрөгийн хаалга байсан. Би үүний зургийг аваад өгсөн байгаа. Би маш их гомдолтой байна. Би энэ хэргийг хийгээгүй гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Анхбаяр мэдүүлэхдээ: Хохирол дуусаагүй 40.000 төгрөгийн хохирол үлдсэн байгаа. Хаалганд үнэлгээ хийлгэсэн.   Үнэлгээ хийлгэсэн газарт 40.000 төгрөг өгсөн байгаа. Үүнээс гадна бид нарт санхүүгийн асуудал гарсан. Тэгэхдээ үүнийг шүүхэд үүнийг гаргаж өгөх баримт байхгүй. 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орой 21 цагийн үед шүүгдэгч манай хаалгыг гэмтээсэн. Тэр процессыг сонссон манай доод талын давхарт оршин сууж байгаа гэрч Ундрах гэдэг хүн шүүгдэгчийн үйлдлийг маш тод сонссон байдаг. Тэр хүн нураад ороод ирэх вий дээ гэж ярьж байсан. 102-т би өөрөө дуудлага өгсөн. Энэ талаарх баримт нь байгаа. Шүүгдэгч өөрөө дуудлага өгсөн гэж ярьж байгаа ч дуудлага өгөөгүй. Намайг байнга архи уудаг танхайрдаг гээд ярьж байна. Тэрэн дээр гомдол гаргасан зүйл байхгүй байна. Нотлогдохгүй байна. Би 40.000 төгрөгөө авмаар байна. Шүүгдэгчийг бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гээд яриад байна. Цаана нь хүмүүсийн сэтгэл санаанд учирсан хохирол байна. Тухайн үед манай эхнэр 8 сартай жирэмсэн байсан. Манай хүүхэд 11 дүгээр сарын сүүлээр гарах ёстой байхад цочролд орж хүүхэд маань зулбахаар шахсан. Зулбах гэж байсан учир бид нар 2 удаа тогтоох арга хэмжээ авч эмчилгээ хийлгэсэн. Тэрний үр дүнд хүүхэд маань цагтаа гараагүй. Өмнө нь манай эхнэр 2 удаа төрсөн. 2-уулаа хэвийн төрсөн. Сүүлдээ гэдсийг нь хагалж авсан. Шүүгдэгч бүгдийг нь хахуульдаж байгаа. Хэдэн удаа прокурорын шатнаас буцсан. Би үүнийг зөв шударагаар шүүлгэхийн тулд үүнийг хөөцөлдсөн гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Анхбаярын:…2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр орой 21 цагийн үед би жирэмсэн энхэр Одгэрэл, охин Мишээлийн хамт гэртээ байж байсан чинь манай хажуу талын байрыг худалдаж авна гэж орж суучихаад мөнгөө өгдөггүй Чинзориг гэх залуу эхлээд хаалга тогшихоор нь би хаалга онгойлгоод хаалганыхаа үүдэн дээр уулзаад Чинзориг намайг 62 тоот байрны хаалгыг онгойлгож өгөхийг шаардахаар нь би “чи мөнгөө өгөхгүй байгаа юм чинь шүүхээр асуудлаа шийдүүлье. Чи гэр доторх эд зүйлээ авахаар бол нүүлгэх машинаа авчираад нүүгээд явж болно. Түүнээс нааш та нарыг зүгээр амьдаруулаад байж болохгүй байна гэж хэлээд хаалгаа хаасан чинь Чинзориг хаалгаа нээ чамайг алаад өгье гараад ир, чамайг хэдий болтол бүтэхийг чинь харна гээд хашгираад манай хаалгыг өшиглөөд байсан. Чинзориг коридор дотор гүйж ирээд хаалга өшиглөөд гараараа цохиод байсан. Ингээд 102-т дуудлага өгсөн бөгөөд би  хаалгаа онгойлгоогүй…би хохирлын мөнгөө аваад түүнээс хойш 2 хоногийн дараа гэрийн хаалгаа солиулсан” гэх мэдүүлэг  /хх-н 72-р тал/

Мөрдөн байцаалтад гэрч Т.Одгэрэлийн: Тэгсэн чинь гэрийн хаалга юмаар нүдээд юмаар цохиод байх шиг байсан. Яг юугаар цохихийг нь хараагүй. Манай нөхрийг гараад алаад өгье гээд чарлаад хаалга хүчтэй балбаад өшиглөөд байсан.Чинзориг хаалга цохиж нүдэх үйл явц ойролцоогоор 10-20 минут үргэлжилсэн….Энэ асуудал болсоноос болоод хаалга гадна талдаа хонхойсон байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 72-р тал/

Мөрдөн байцаалтад гэрч Э.Ундрахын:.. Тухайн үед би гэртээ 1-5 насны хоёр хүүхэдтэйгээ байж байхад манай давхарт нэг эрэгтэй хүн хаалгаа онгойлго, ална шүү гэж хэлээд орилоод байсан. Мөн их дуу чимээ гараад байсан. Миний өөрийн бодлоор айлын хаалга нүдэж байгаа чимээ гарч байсан. Учир нь орцонд хүн хаалгаа нээ гэж хэлээд орилоод байсан. Энэ үйл явдал одоо миний санаж байгаагаар 10-15 минут үргэлжилсэн юм. гэх мэдүүлэг  /хх-ийн 81-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч  Б.Манлайбаярын  :...Би 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 29-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн ахлах ахлагч Т.Мөнхбилэгийн хамт Улиастай-114 Пролтой машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн шөнө 21 өнгөрч байхад санагдаж байна У-10-аас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Санрайс хотхон 40а байр 61 тоотод оршин суух хаягтай Анхбаяр гэх хүн хажуу айлын хүн хаалга нүдээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Ингээд дуудлага мэдээллийг аваад Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Сайнрайс хотхон 40/а/ байрны гадаа ирээд уг дуудлага өгсөн айл руу би ганцаараа орсон юм. Тухайн үед ахлах ахлагч Т. Мөнхбилэг автомашин дотор согтуу хүн харж байсан юм. Тэгээд дуудлага өгсөн 61 тоотод оршин суух хаягтай Анхбаяр гэх хүнтэй уулзахад энэ хүн миний байранд орчихоод мөнгө төгрөгөө өгөхгүй манай хаалга үүдийг нүдээд амраахгүй байна гэж байсан. Харин 62 тоот оршин суух хаягтай иргэн Чинзориг хүнээс юу болсон талаар асуухад наад Анхбаяр гэх хүн чинь манай гэрийн хаалганы нүхэнд цаас чихээд зүгээр байхгүй болхоор нь уулзах гээд хаалга үүдийг нь тогшсон юм гэж хэлсэн. Тухайн үед би Анхбаяр гэх хүнээс та яагаад айлын цоожны нүхэнд юм чихээд байгаа юм бэ гэж асуухад энэ бол миний эд хөрөнгө яасан миний дур гэж хэлж байсан. Тэгээд байж байхад Анхбаяр гэх хүн чи шүүгч шиг энэ хэргийг шийдэж чадахгүй яв гэж хэлээд хаалгаа хаасан Тэгээд би Чинзориг гэх хүнийг 40 байрнаас гаргасан бөгөөд энэ хүн эгчийндээ очиж хонолоо гэж хэлээд яваад яваад өгсөн юм. Учир нь хаалга нь онгойхгүй байсан. Тухайн үед цоож онгойлогдог хүн дуудсан юм байна лээ. Тэгээд ирэхгүй, байхгүй байхаар нь эгчийндээ очилоо гэж хэлээд явсан юм. Тэгээд би дараагийн дуудлаган дээр явж байхад дахин энэ дуудлага орж ирсэн бөгөөд орж ирэхдээ цагдаа дуудлага мэдээлэл шийдэж өгөхгүй байна гэж орж ирсэн. Ингээд Чинзориг гэх хүний гар утасруу залгаад та хаана байгаа юм бэ гэж асуухад эхнэр хүүхдээ хороололд эгчийндээ буулгаж үлдээгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр яваад очино гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд би хэлтэс дээр байж байхад Чинзориг гэх хүн ирсэн бөгөөд энэ хүнийг жижүүрийн ахлах ахмад Наранбаатарт хүлээлгэж өгөөд дахин дуудлаганд явахдаа одоо Анхбаяр гэх  хүн ирж өргөдөл өгнө гэж хэлээд явсан юм. Түүнээс хойш юу болсон талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй байна...Анхбаяр, Чинзориг нар архи болон согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөн Анхбаярын эхнэр эрүүл байсан... Тухайн үед хаалга нүдсэн гээд байсан. Миний санаж байгаагаар ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан санагдаж байна. Энэ асуудал жил гарны өмнө болсон болохоор тодорхой сайн санахгүй байна. Мөн Анхбаяр гэх хүн хаалгаа зүгээр хаагаад гэртээ ороод хаалгаа дотор талаас нь түгжсэн. Мөн хаалганы цаанаас арга хэмжээ авч өг гэж хэлээд байсан. Тухайн үед би Анхбаяр гэх хүнд хандан танай хажуу айлын хүн архи болон согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байгаа учир саатуулж болохгүй. Тийм учир та Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж өргөдөл гаргаж энэ асуудлаа шийд гэж хэлсэн... Энэ талаар Анхбаяр гэх хүнээс энэ бол миний эд хөрөнгө яасан миний дур гэж байсан... Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлж ярьсан бүгд үнэн...гэх мэдүүлэг /хх-н 77-79-р тал/             

Эд зүйлийн үнэлгээ /хх-н 68-р тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож цагаатгах  тогтоолын үндэслэл болголоо

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэгүүдээс  дүгнэхэд  Хохирогч  Б.Анхбаяр нь  Баянзүрх  дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах  Санрайз  хотхоны  40/ а/-62 тоот байрлалтай  3 өрөө орон сууцыг Э.Чинзоригт   худалдах- худалдан  авах  гэрээ  хэлцлийг хийж  уг орон сууцыг   худалдан авагч  Э.Чинзоригийн  өмчлөлд шилжүүлсэн байх ба  орон сууцны төлбөр тооцоон дээр маргаантай  байсан  үүнийгээ энэ  хугацаанд шүүхээр  шийдвэрлүүлсэн байна. /хх-н 29-39-р тал/

Хэрэг учрал  болсон гэх 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр   худалдагч тал  болох  Б.Анхбаяр нь Э.Чинзоригийн өмчлөлд шилжүүлсэн  байрныхаа хаалганы нүхэнд цаас чихсэнээс хаалга нь онгойхгүй болсоноос үүдэн маргаан  үүссэн байх  ба Э.Чинзориг нь Б.Анхбаяртай  уулзахаар   түүний оршин суух  хаалгыг  цохьж балбаж  Б.Анхбаяр цагдаагийн  байгууллагад дуудлага өгснөөр  цагдаагийн ажилтан  Б.Манлай баяр  дуудлагаар анх  очиход Э.Чинзориг, Б.Анхбаяр  нар  эрүүл байсан, хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан, Анхбаяр гэх хүн хаалгаа зүгээр хаагаад гэртээ ороод хаалгаа дотор талаас нь түгжсэн. Мөн хаалганы цаанаас арга хэмжээ авч өг гэж хэлээд байсан. талаар  мэдүүлжээ

Хавтаст хэрэгт хэмхэрсэн хаалганы фото  зургийг хавсарган байх  зурагнаас харахад  хаалга нь бага зэрэг  хонхойсон байна. /хх-н 56-57-р тал/

 Гэтэл хохирогчоор тогтоогдсон Б.Анхбаяр нь хохирол нэхэмжлэхдээ  хаалганы цоожны голыг солиулж,  эд  зүйлийн үнэлгээг  хийлгэж  550.000 төгрөгийг нэхэмжилж шүүгдэгч  Э.Чинзоригийн   ээж Ганхүүгээр 552.000 төгрөгийг  төлүүлсэн   тухай баримт  хэрэгт авагдсан  байна.  / хх-н  53-55-р тал 67-68-р  тал 83-89-р  тал, 100-101-р тал/

Энэ хэрэгт   гэрчээр  асуугдсан  хохирогч  Б.Анхбаярын эхнэр  болох Т.Одгэрэл... Энэ асуудал болсоноос болоод хаалга гадна талдаа хонхойсон байсан. гэж мэдүүлжээ /хх-ийн 72-р тал/

Мөн  гэрч Э.Ундрах: … би хаалга  эвдэрсэн талаар  мэдэхгүй, мөн хараагүй  гэжээ. /хх-н  81-р тал/

Эдгээрээс дүгнэхэд  Э.Чинзоригийг  2015 оны 09 дүгээр сарын 28-ны орой  Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санрайз хотхоны 40/А/-61 тоот буюу иргэн Б.Анхбаярын гэрийн хаалгыг цохьж маргаан үүсгэсэн  нь үйлдэл нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийн  бүрэлдэхүүнгүй байна гэж  үзэв.   

           Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн  248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ  НЬ:

          1.Монгол  улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  208 дугаар  зүйлийн 208.1.1-т зааснаар Бэгз  овогт Энхээгийн  Чинзоригт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгож  цагаатгасугай.

2.Хэргийн улмаас  Э.Чинзориг нь цагдан хоригдсон хоноггүй,  одоогоор  бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус  дурдсугай.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн  88.1.7-т  зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг СД-г  уг хэргийг хадгалах хугацаа  дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

           4.Цагаатгах  тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Чинзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй  болгосугай.

5.Цагаатгах  тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

             

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ