Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 512

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Чинзоригт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Гансүх, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаатар,

цагаатгагдсан этгээд Э.Чинзориг, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэгийн даргалж хийсэн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 262 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/40 тоот улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Б.Анхбаярын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Чинзоригт холбогдох 201625013839 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэгз овгийн Энхээгийн Чинзориг, 1978 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Эс Жи Эм” компанид захирал ажилтай, ам бүл 3, ээж, охин нарын хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгатын 30 дугаар байрны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХД78030897/,

Э.Чинзориг нь 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санрайз хотхоны 40А-61 тоот буюу иргэн Б.Анхбаярын гэрийн хаалгыг цохиж онгойлгон бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж 552.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Чинзоригт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Бэгз овогт Энхээгийн Чинзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

хэргийн улмаас Э.Чинзориг нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

Э.Чинзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Анхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгч Ч.Алтанцэцэг нь прокурорын газраас хэргийн нотлох материалд хавсаргаж явуулсан, тухайн хэрэг болох үеэр хийгдсэн 102-т өгсөн дуудлагын болон шүүгдэгчийн танхайрч байх үеийн аудио бичлэгийг шүүх хуралдааны үеээр сонсгох хүсэлт тавьсан боловч саналыг авч хэлэлцээгүй, шүүгдэгч нь анхнаасаа цагдаагийн байгууллаггыг авлигадаж тус хэргийг маш олон удаа прокурорын шатнаас буцааж байсан. Хамгийн сүүлд хэргийг мөрдөж байсан байцаагч хэрэгт хавсаргасан материалыг зориудаар хасаж цагдаагийн албан хаагчийн мэдүүлгийг өөрчилсөн байсан. Энэ мэт булхайтай цаашилбал хээл хахууль авилгын хэрэг яригдахаар ноцтой үйл ажиллагаа явагдаж байгаа тул уг хэргийг давж заалдах шатны шүүхээр хянуулах хүсэлтэй байна. Энэ мэт хэргийн ард энгийн иргэд хохирч үлддэг, харин хэрэг хийсэн хүмүүс улам оодорч дараагийн хэрэг үйлдэх суурь нь тавигдах тул уг хэргийг нухацтайгаар хянаж , үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна.” гэжээ.

Прокурор Б.Эрдэнэбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна”, мөн зүйлийн 284.3 дахь хэсэгт заасан “Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэх шаардлагыг тус тус хангаагүй байна. Шүүх “Э.Чинзоригийг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санрайз хотхоны 40А-61 тоот буюу иргэн Б.Анхбаярын гэрийн хаалгыг цохиж маргаан үүсгэсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэв” гэсэн байна. Дээрх дүгнэлтээр шүүх нь шүүгдэгчийн гэмт үйлдлийг танхайрах гэмт хэрэг гэж дүгнэсэн байтлаа бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх гэмт хэрэг гарсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн байтлаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэжээ. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн аль тохирох хэсэгт заасныг давхар баримтлах байсан. Шүүх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатган гэж заасан байна. Шүүх шүүгдэгчийг цагаатгах ойлголт байхаас хэргийг цагаатгах гэсэн ойлголт байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд үнэлгээний байгууллага нь хаалганд үүссэн гэмтэлд хохирлын үнэлгээ тогтоох боломжгүй гэсэн байхад прокурор хохирогчийн тогтоосон үнэлгээ болох 552.000 төгрөгөөр хохирлын хэмжээг тогтоон улмаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байдаг. Дээрх үйл баримтыг мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хэт нэг талыг барьсан байна гэж үзэхээр байна. Шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, прокурорын яллах үндэслэл болж байсан ямар нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг зааж өгөхөөр байсан боловч тогтоолд энэ талаар тодорхой тусгаагүй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар дараах нөхцөл байдал тогтоогдсон байна. Үүнд: хохирогч Б.Анхбаярын “...2015 оны 9 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед би жирэмсэн эхнэр Т.Одгэрэл, охин Мишээлийн хамт гэртээ байж байсан чинь манай хажуу талын байрыг худалдаж авна гэж орж суучихаад мөнгөө өгдөггүй Э.Чинзориг гэх залуу эхлээд хаалга тогшихоор нь би хаалга онгойлгоод хаалганыхаа үүдэн дээр уулзаад Э.Чинзориг намайг 62 тоот байрны хаалгыг онгойлгож өгөхийг шаардахаар нь би “чи мөнгөө өгөхгүй байгаа юм чинь шүүхээр асуудлаа шийдүүлье, чи гэр доторх эд зүйлээ авахаар бол нүүлгэх машинаа авч ирээд нүүгээд явж болно. Түүнээс нааш та нарыг зүгээр амьдаруулаад байж болохгүй байна” гэж хэлээд хаалгаа хаасан чинь Э.Чинзориг “хаалгаа нээ чамайг алаад өгье, гараад ир, чамайг хэдий болтол бүгэхийг чинь харна” гээд хашгираад манай хаалгыг өшиглөөд байсан. Э.Чинзориг коридор дотор гүйж ирээд хаалга өшиглөөд, гараараа цохиод байсан. Ингээд би 102-т дуудлага өгсөн бөгөөд би хаалгаа онгойлгоогүй. ...би хохирлын мөнгөө аваад түүнээс хойш 2 хоногийн дараа гэрийн хаалгаа солиулсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Одгэрэлийн “...Тэгсэн чинь гэрийн хаалга юмаар нүдээд, юмаар цохиод байх шиг байсан. Яг юугаар цохихийг нь хараагүй. Манай нөхрийг “гараад алаад өгье” гээд чарлаад хаалга хүчтэй балбаад өшиглөөд байсан. Э.Чинзориг хаалга цохиж нүдэх үйл явц ойролцоогоор 10-20 минут үргэлжилсэн. ...Энэ асуудал болсоноос болоод хаалга гадна талдаа хонхойсон байсан” гэх мэдүүлэг тус тус өгсөн байхад шүүгдэгч Э.Чинзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлэн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн гэрч Э.Ундрахын “...Тухайн үед би гэртээ 1-5 насны хоёр хүүхэдтэйгээ байж байхад манай давхарт нэг эрэгтэй хүн “хаалгаа онгойлго, ална шүү” гэж хэлээд орилоод байсан. Мөн их дуу чимээ гараад байсан. Миний өөрийн бодлоор айлын хаалга нүдэж байгаа чимээ гарч байсан. Учир нь орцонд хүн хаалгаа нээ гэж хэлээд орилоод байсан. Энэ үйл явдал одоо миний санаж байгаагаар 10-15 минут үргэлжилсэн юм.” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Чинзоригийн “...Би тэр хаалгыг цохиж Анхбаяртай уулзах бодолтой байсан. Анхбаяраа гараад ир гэж жаахан хүчтэй цохисон байж магадгүй” гэх мэдүүлэг, мөн хохирогч Б.Анхбаяр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч хаалга нүдээд байна гэсэн дуудлагын дагуу гэрч Б.Манлайбаяр очсон талаараа мөрдөн байцаалтын шатанд “...Мөн Анхбаярын эхнэр байсан ...тухайн үед хаалга нүдсэн гээд байсан. Миний санаж байгаагаар ямар нэгэн эвдрэл гэмтэл байсан санагдаж байна. Энэ асуудал жил гарны өмнө болсон болохоор тодорхой сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч Б.Анхбаяр, гэрч Т.Одгэрэл, Э.Ундрах, шүүгдэгч Э.Чинзоригийн мэдүүлэг зэргээс хаалгыг хэн цохиж нүдсэн, тухайн үед хэрхэн яагаад гэмтэл учруулсан болох нь харагдаж байна. Хэрэгт хохирогч Б.Анхбаярын хаалганд учирсан гэмтлийн талаар гэрэл зургаар бэхжүүлэн хавсаргасан. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 262 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.Чинзоригийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Анх хэргийн газарт эргүүлийн цагдаа Манлайбаярын дуудлагаар очиход Э.Чинзоригийн гэрийн хаалганд хаалганы цоожинд юм чихэж, цоож нь эвдэрсэн байдалтай байсан. Анхбаяр өмнө нь 2, 3 удаа гэрийнх нь хаалганд юм чихсэн байдаг. Тухайн үед хохирогч Анхбаярын гэрийн хаалга эвдэрсэн зүйл байгаагүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хаалганууд хэвийн хэмжээнд онгойж байсан, өшиглөсөнөөс үүдсэн гэмтэл байгаагүй тул шүүх зөв дүгнэлт хийж, цагаатгах тогтоол гаргасан. Хохирогчийн гаргаж байгаа гомдлын хүрээнд цагдаагийн албан хаагч нарыг хахуульдсан гэсэн зүйл байдаг. Э.Чинзоориг цагдаагийн байгууллагаас дуудсан цагт нь очиж, мэдүүлэг өгч байсан. Хохирогчийн зүгээс давж заалдах гомдолдоо дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байсан ч гомдол нь үндэслэлгүй гэдэг нь тогтоогдсон. Энэ асуудлаар хэргийг дахин шалгах, хэлэлцэх шаардлага байхгүй. Тухайн үед хаалганд огт гэмтэл учраагүй болох нь тогтоодсон. Тухайн өдөр хүмүүс хоорондоо чанга дуугаар харилцан яриалцаж, хэрэлдэж байсан гэдгийг гэрч хэлдэг болохоос хаалга өшиглөсөн гэх мэдүүлэг байхгүй.” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтын ажиллагаа зөвхөн нэг талыг барьсан гэж үзэж байна. Би 3 удаа цоожоо сольсон.Б.Анхбаяр манай хаалганы цоожны нүхэнд 3 удаа цаас чихэж байсан. Би хаалгыг нь санаатай эвдлээгүй.. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Чинзоригийг “2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санрайз хотхоны 40А-61 тоот буюу иргэн Б.Анхбаярын гэрийн хаалгыг цохиж онгойлгон бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж 552.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаас дүгнэн үзэхэд түүний иргэн Б.Анхбаярын гэрийн хаалгыг цохисон үйлдэл нь бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулаагүй байжээ.

Анхан шатны шүүх Э.Чинзоригт холбогдох хэргийн нотлох баримт болон болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэлтэй, тодорхой бөгөөд ойлгомжтой үнэлэлт дүгнэлт өгч чадсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд хохирогч гэх Б.Анхбаяр нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Санрайз хотхоны 40А байрны 62 тоот орон сууцыг Э.Чинзоригт худалдаж, хэлцэл хийсэн атлаа өөрийн өмч мэт дураар авирлаж “Төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй бол байрнаас гар” гэсэн шаардлага тавих нэрийдлээр уг орон сууцны хаалганы цоожны нүхэнд цаас чихэж, энэ талаар асуусан Э.Чинзоригийг үл тоомсорлох байдлаар хаалга онгойлгохгүй, маргаан үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн нь тогтоогджээ.

Прокуророос Э.Чинзоригт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ үндэслэл болгосон болон яллах дүгнэлтэнд дурдагдсан хохирогч Б.Анхбаяр, гэрч Т.Одгэрэл, Э.Ундрах нарын мэдүүлэг нь Э.Чинзоригийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайг шууд хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг хэрэгсэхгүй болгон, Э.Чинзоригийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/40 тоот улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Б.Анхбаяр гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хохирогч Б.Анхбаяр гаргасан давж заалдах гомдолд дурдсан: “...шүүгдэгч нь цагдаагийн байгууллаггыг авлигадаж хэргийг прокурорын шатнаас буцааж байсан, сүүлд хэргийг мөрдөж байсан байцаагч хэрэгт хавсаргасан материалыг зориудаар хасаж цагдаагийн албан хаагчийн мэдүүлгийг өөрчилсөн, энэ мэт булхайтай цаашилбал хээл хахууль авилгын хэрэг яригдахаар ноцтой үйл ажиллагаа явагдаж байгаа, Цагдаагийн байгууллагын албан хаагчид авлига өгсөн, прокурор, шүүхэд нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал байгаа” гэж үзэж байгаа бол холбогдох байгууллагад гомдлоо гаргаж шалгуулах боломжтой болохыг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 262 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/40 тоот улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Б.Анхбаяр гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол бичих, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ГАНСҮХ

                                                                                                Ц.ОЧ