Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 253

 

Э.Чи-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 262 дугаар цагаатгах тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 512 дугаар магадлалтай 201625013839 тоот эрүүгийн хэргийг хохирогч Б.Ан-ын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Бэ- овогт Э.Чи- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтад зааснаар Э.Чи-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагч Б.Эрдэнэбаатарын бичсэн эсэргүүцэл, хохирогч Б.Ан-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б.Ан- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Цагдаа нь шалгалтаа явуулахгүй хэргийг нуун дарагдуулж, хэрэгтнээ хаацайлж, прокурор нь тогтоогдохгүй гэдэг ганцхан үгээр бүх булхайг хаацайлан хэргийг хаах гэж оролддог, анхан шатны шүүх нь хэргийн эд мөрийн чухал баримт болох хавтаст хэрэгт авагдсан аудио бичлэгийг сонсохгүйгээр, хавтаст хэрэгт авагдсан материалаас хасчихаад байхад тоохгүйгээр хэрэгтнийг дураар нь яриулж, хохирогчийг загнаж суулгаж байгаад асуудлыг шийдээд байгаа нь шударга бус байна. Магадлалын 5 дугаар хуудсанд намайг “Э.Чи-ийг үл тоомсорлох байдлаар хаалга онгойлгохгүй, маргаан үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн нь тогтоогджээ” гэжээ. Хохирогч миний үйлдэл яасан амархан тогтоогдчихов, гэмтнийх нь үйлдэл яагаад тогтоогддоггүй юм бэ. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт маргаан үүсгэх шалтгаан үүсгэсэн бол бусдын эд хөрөнгийг эвдэж болно гэж бичсэн байдаг юм уу. Мөн энэ хэргийг зөвхөн Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь буруу байна. Танхайрсан үйлдэл давхар байна. Гэрчүүдийн тайлбарт амгалан тайван байдал алдагдуулж 10 гаран минут танхайрсан тухай бичсэн байгаа. Үйлдэл дээрээ баригдсан хэрэгтний үйлдэл яагаад нотлогддоггүй юм бэ. Шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Э.Чи- нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санрайз хотхоны 40/А байрны 61 тоот буюу иргэн Б.Ан-ын гэрийн хаалгыг цохиж хонхойлгон гэмтээж, түүнд эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн тогтоогдоогүй байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, Э.Чи-ийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтад зааснаар Э.Чи-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Б.Ан- нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг орон сууцыг Э.Чи-т худалдаж, хэлцэл хийсэн атлаа төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй гэх шалтгаанаар уг орон сууцны хаалганы цоожны нүхэнд удаа дараа цаас чихэж, Э.Чи- болон түүний гэр бүлийн гишүүдийн орон сууцыг эзэмших эрхийг нь хууль бусаар хязгаарлах үйлдэл нэг бус удаа гаргаж байсан төдийгүй, энэ асуудлаас болж тэдний хооронд хэрүүл маргаан үүсэж байсан үйл баримт  тогтоогдсон байна. Харин Э.Чи- нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.Ан-ын гэрийн хаалгыг цохиж хонхойлгон бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэх үйлдлийн талаар хэн аль нь харилцан зөрүүтэй өөр зүйл мэдүүлсэн байх бөгөөд хэргийн талаар хувийн ашиг сонирхолгүй байж болох хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэж үзэхэд тухайн өдөр Э.Чи- бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх үйлдэл хөтөлбөргүй нотлогдоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв. 

Иймд хохирогч Б.Ан-ын “цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдэж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 262 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 512 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Б.Ан-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЦЭРЭН

                                      ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Б.ЦОГТ         

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН