Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/00986

 

 

 

 

                           

 

 

 

 

                  2022       03           04   

           101/ШШ2022/00986

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч З.Баярмаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.С-гийн,

 

Хариуцагч: А БСБ-д холбогдох,

 

Түрээсийн төлбөрт 35,274,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 17,400,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн төлөөлөгч Ж.Э, өмгөөлөгч Г.А, иргэдийн төлөөлөгч Н.О, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Миний бие өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж хаягт байршилтай 290 м.кв үйлчилгээний зориулалттай 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, хариуцагч “А” БСБ-д 5 жилийн хугацаатай нэг сарын 5,000,000.00 төгрөгөөр төлбөрийг сар бүрийн 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд төлөх нөхцлөөр түрээслүүлсэн.

 

Хариуцагч нь тайлбарлахдаа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй тул гэрээ цуцлагдсан, тухайн хугацаанаас хойш төлбөр тооцооны асуудал дуусгавар болсон гэдэг. Тэгэхээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гэрээ цуцалж, төлбөр тооцоо дуусгавар болсон гэвэл гэрээ байгуулснаас гэрээг цуцлах хүртэл хугацаанд нийт 70,000,000.00 төгрөгийг хариуцагч нь төлөх ёстой байсан. Гэтэл хариуцагч тал энэхүү 70,000,000.00 төгрөгөөс 46,560,000.00 төгрөгийг төлсөн бөгөөд 23,440,000.00 төгрөг үлдсэн ба  2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг цуцалсан гэх боловч түрээсийн гэрээний харилцаа 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилсэн юм. Өөрөөр хэлбэл, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хариуцагчаас түрээсийн төлбөр гэж төлөгдөж байсан.

 

Үүнийг хариуцагч нь тайлбарлахдаа өөр хүн түрээслэж байсан тул түрээсийн төлбөрийг шилжүүлж байсан гэсэн. Хариуцагчийн 2018 оны 10 дугаар сард шилжүүлсэн түрээсийн төлбөр нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлөгдсөн. Тийм учраас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 7 сарын хугацаанд 35,000,000.00 төгрөг төлөх ёстой байснаас 38,166,000.00 төгрөгийг төлсөн. Үүнээс илүү төлсөн 3,166,000.00 төгрөгийг өмнөх оны түрээсийн төлбөрөөс хасахад 20,274,000.00 төгрөг үлдсэн. Маргааныг ерөнхий агуулгаар нь харвал гэрээ байгуулсан өдрөөс хойш 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл 20,274,000.00 төгрөгийн түрээсийн үлдэгдэлтэй байна.

 

Хэдийгээр хариуцагчийн тайлбарласан шиг 2018 оны 10 дугаар сарын      01-ний өдөр түрээсийн гэрээг цуцалсан байсан ч 23,000,000.00 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй буюу аль ч тохиолдолд хариуцагч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Манай тал нэхэмжлэлийн шаардлагаа яаж тооцсон бэ гэхээр 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэлийн шаардлага тодруулах хугацааны буюу 3 сарын түрээсийн төлбөрт 15,000,000.00 төгрөгийг шаардсан. Тодруулж хэлбэл, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны төлбөр 15,000,000 төгрөгийг шаардаж байна.

 

Талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцааны дагуу ашигласан хугацааны үлдэх төлбөр нийт 20,274,000.00 төгрөг, харин 15,000,000.00 төгрөг нь гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд төлөөгүй түрээсийн төлбөр гэж тодорхойлон шаардаж байна. Иймд хариуцагч “А Цэцэрлэг” БСБ-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,274,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Харин сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч нь 1 сарын хугацаанд 50 хүүхэд цэцэрлэгт хамруулах боломжгүй болсон гэж тайлбарлах боловч уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэл шалтгаан байна. Юуны өмнө хариуцагч “А цэцэрлэг” БСБ-д 60 хүүхэд хамрагдаж байгаад тухайн сард нь 50 хүүхэд явахаа больсон гэсэн баримт байхгүй, мөн нэг хүүхдийг 200,000.00 төгрөгөөр авч, нийт 50 хүүхдийн төлбөр 10,000,000.00 төгрөг олох боломжтой байсан боловч түүнийг нэхэмжлэгчээс болж алдсан гэж тайлбарладаг.

 

Гэтэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нэг зүйл тодорхой бус байдаг. Нэгдүгээрт, хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийг хүртэлх 30 хоногийн хугацаанд 50 хүүхэд яваагүй вэ гэсэн хугацаа тодорхойгүй, 2019 онд болсон үйл баримтын талаар яриад байгаа юм уу эсвэл 2020 онд болсон үйл баримтын талаар яриад байгаа юм уу гэдэг ойлгомжгүй. Хоёрдугаарт, яг хэдэн хүүхэд явж байгаад хэдэн хүүхэд явахаа больсон талаар баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл, нийт хэдэн хүүхэд хамрагдаж байгаад хэдэн хүүхэд хаалга түгжсэнээс хойш цэцэрлэгтээ хамрагдахаа больсон талаар тодорхойгүй. Тийм учраас нэхэмжлэгч Д.С-гаас болоод хүүхдүүд цэцэрлэгтээ явахаа больсон гэж нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

Мөн хариуцагч “А цэцэрлэг” БСБ нь нэг хүүхдийг сарын 200,000.00 төгрөгийн төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулдаг гэсэн баримт байхгүй буюу нэг хүүхдийн сургалтын төлбөрийг 200,000.00 төгрөг гэж тодорхойлоод байгаа нэхэмжлэлийн үндэслэл нь үндэслэлгүй байна. Хаалга цоожилсны улмаас эдгээр хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжгүй болсон гэж тодорхойлдог. Хаалгыг талуудын хооронд үүссэн үл ойлголцлоос болж нэхэмжлэгч нь түгжээд хариуцагч 3 хоногийн дараа эвдээд орсон тохиолдол гарсан. Гэвч 3 хоногийн хугацаанд хаалга түгжээтэй байсныг хариуцагчийн зүгээс 30 хоног түгжээтэй байсан мэтээр тайлбарладаг боловч тийм зүйл болоогүй.

 

Хариуцагчийн зүгээс хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн фото зураг байдаг. Түүнд цоожтой байсан хаалга дээр хойд хаалгаар тойрч орно гэсэн агуулгатай зар гэх юм уу даа нэг тийм зүйл хэвлээд наасан байсан. Тэгэхээр уг байр нь орж, гарах ганц хаалгатай биш. Арын хаалгаар орох боломжтой гэсэн үг. Яг хаалга цоожтой байх гурав хоногийн хугацаанд хариуцагчийн гаргаж өгсөн фото зургаас харвал арын хаалгаар тойрч орно гэсэн утга агуулга бүхий зарыг наасан байсан. Тэгэхээр хаалга цоожтой байсан гурав хоногийн хугацаанд арын хаалгаар хүүхдүүд болон багш, ажилчид чөлөөтэй орж, гарна хэвийн үйл ажиллагаа явуулж байсан гэх үйл баримт харагдана. Хариуцагчийн зүгээс зөвхөн нэг хаалгатай орон сууцны нэг хаалгыг түгжсэн мэтээр тайлбарлах боловч арын хаалгаар орж гарч байсан гэдгийг авч үзэх ёстой.

 

Түүнчлэн яагаад ажилчдын цалин нэхэмжлээд байгаа тухай шүүхэд бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхой байдаггүй. Шүүхэд гаргасан хариу тайлбартаа мөн ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа тухай нь тодорхойгүй. Ажилчдын цалинг л нэхэмжилж байна гээд байдаг. Мэдээж ажил хөдөлмөрөө гүйцэтгэж байгаа учраас ажил олгогчоос цалин, хөлсөө авах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцсон ажил олгогч болон ажилтан нарын хооронд үүссэн эрх харилцааны дагуу гүйцэтгэсэн ажлын цалингаа авах ёстой. Хавтаст хэрэгт ажилтан н.Я нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Намайг та ажиллаагүй юм бол яагаад цалин авсан бэ? та ажиллаагүй бол танд цалин өгөх шаардлагагүй байхгүй юм биш үү гэж асуухад тэрээр би ажиллаж байсан гэдэг, та цэцэрлэгийн багш юм байна, хүүхэд байхгүй байхад юу хийсэн юм бэ гэсэн асуултанд хариулж чадаагүй.

 

Цэцэрлэгийн багшийн тухайд цэцэрлэгийн хүүхдүүдтэй харилцан хүүхдүүд байгаа тохиолдолд ажиллана. Тэгэхээр уг асуултад хариулж чадаагүй бөгөөд хүүхдүүд байсан тул багш ажлаа хийж цалин авч чадна. Тийм учраас ажилчдын цалин нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Түрээсийн төлбөр нэхэмжилж байна гэх боловч ямар үндэслэлээр хэдий хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч Д.С-гаас нэхэх болсон талаар үндэслэл нь ойлгомжгүй. Би, тэгэхээр ойлгомжгүй асуудлыг ургуулан бодоод, өөрийнхөөрөө ойлгоод нэхэмжилж байгаа юм болов уу гэж төсөөлөөд хариу тайлбар хэлэх боломжгүй. Магадгүй мэтгэлцээний явцад тодорхой болоод нэмэлт тайлбар хийж болно. Иймд, нэхэмжлэгч нь дээр дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлд дурдсан 17,400,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

“Манай байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэлд дурдсанаар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч Д.С-тай Д.Э миий бие ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, уг түрээсийн байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан. Манай цэцэрлэг энэхүү түрээсийн байранд 2018 оны 10 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад тус байрны 2 дугаар давхарт өөр түрээслэгчтэй гэрээ байгуулж нүүж орсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг нийт 13 сар түрээслэж үйл ажиллагаа явуулсан ба 2018 оны 10 дугаар сард түрээсийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид албан бичгээр мэдэгдсэн.

 

Ингээд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш н.Нгэж хүн түрээсийн төлбөрийг төлж эхэлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөр төлсөн баримт нь хэрэгт авагдсан байгаа. Манай цэцэрлэгийн хувьд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 5,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд хийсэн. Үүнээс хойш н.Н нийт 41,666,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу рестораны түрээсийн төлбөр гэсэн байдлаар шилжүүлсэн. Манай цэцэрлэг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хоёр давхрын объектыг сарын 3,000,000.00 төгрөгөөр түрээслэхээр нүүсэн гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байгаа. Бид 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн н.Баяржаргалын дансанд түрээсийн төлбөрийг дансаар нь шилжүүлж байсан.

 

Бид нар 2018 оны 10 дугаар сар гэхэд нэхэмжлэгчид объектыг хүлээлгэж өгсөн ба үүнээс өмнө түүнд удаа дараа гэрээг цуцлах шаардлага тавьсан боловч чиний оруулсан хүний засварын үйл ажиллагааг шалгаж байна, засварын явцыг харж байж түрээсийн гэрээгээ цуцална гэсэн тайлбарыг өгсөн. Үүний дараа гэрээгээ цуцлахгүй байх хугацаанд н.Н рестораны зөвшөөрлийг авч чадахгүй байсаар нүүсэн. Гэтэл дараа нь нэхэмжлэгч “...02 дугаар сарын 28-ны өдөр “Х банк” ХХК-иас их хэмжээгээр зээл авах гээд байна. Чи, бид хоёрын байгуулсан түрээсийн гэрээний хугацаа албан ёсоор дуусаагүй байгаа тул чи надад зөвшөөрөл бичээд өг, дараа нь н.Насантогтохтой түрээсийн гэрээ хийх эсэхээ өөрөө шийднэ......” гэсэн тайлбарыг өгсөн. н.Насантогтохын дансанд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг миний данс руу хийхээр нь тухайн өдөр нь нэхэмжлэгчийн данс руу 5,000,000.00 төгрөгийг нь шилжүүлсэн.

 

Мөн н.Н11 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг “Г банк” ХХК-ийн данснаас миний данс руу шилжүүлэхээр нь би мөн л нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Дараа нь 12 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг шилжүүлэхэд нь 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 02 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000.00 төгрөгийг бэлнээр надад өгснийг би нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. 02 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000.00 төгрөгийг авч 02 дугаар сарын түрээсийн төлбөрийг шилжүүлсэн. Н.Н-оос 3 дугаар сарын түрээсийн төлбөр болох 5,000,000.00 төгрөгийг над руу шилжүүлэхэд нь 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн, 04 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг н.Н данснаасаа нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн байдаг.

 

Үүний дараа 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000.00 төгрөгийг н.Н-оос нэхэмжлэгчийн данс руу түрээс гээд шилжүүлсэн. Харин тэрээр 05 дугаар сард нүүж гараад 06 дугаар сард засвар үйлчилгээний зардал, түрээсийн сүүлчийн төлбөр гээд 2,166,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь сүүлчийн төлбөр, засварын мөнгө гэж бичсэн байдаг. Ингээд нийт түрээсийн төлбөрт 100,166,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн байна. Манай цэцэрлэг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарыг дуустал 59,000,000.00 төгрөгийг төлсөн. Бид нар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нүүж гарахдаа нэхэмжлэгчийн дансанд 5,000,000.00 төгрөгийг тооцоо дуусгаж шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны төлбөрийг н.Н нийт 41,166,000.00 төгрөгийг төлсөн. Иймээс манай тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Харин нэхэмжлэгч Д.С нь манайхыг 2 дугаар давхрыг түрээслэж байх хугацаанд нийтийн эзэмшлийн гадна хаалга, орц гарцыг бидэнд мэдэгдэхгүй хааж түгжсэний улмаас манай цэцэрлэгт их хэмжээний хохирол учирсан. Уг хаалгыг 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гинжилж түгжиж явсны улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа саатаж бид түрээсийн төлбөрийн өр, ажилчдын цалин, цэцэрлэгийн хүүхдүүдийн төлбөрийн алдагдал зэрэгт нийт 17,400,000.00 төгрөгийн хохирол учирсан.

 

Бид нар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, уг түрээсийн байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан ба тус цэцэрлэг уг түрээсийн байранд 2018 оны 10 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад уг байрны 2 дугаар давхарт өөр түрээслэгчтэй гэрээ байгуулж нүүж орсон. Тус байрны 1 дүгээр давхарыг нэхэмжлэгч Д.С эзэмшдэг бөгөөд 2 дугаар давхар нь П.Б-ийн эзэмшлийн байр юм. Э.Э нь Д.Сд 2018 оны 10 дугаар сард түрээсийн гэрээ цуцлах талаар албан бичгээр мэдэгдэж гэрээгээ цуцалсан. Тус байр нь гаднаас орох нэг хаалгатай ба уг хаалгыг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийтийн эзэмшлийн орц, гарц хаалганы цоожны голыг сольж явсны улмаас манай цэцэрлэгийн үйл ажиллагаа 1 сарын хугацаанд саатаж, бид нар цэцэрлэг рүү орох боломжгүй болсон ба тэр хугацаанд Ж.Э нэг удаа хаалгыг нээж орсон боловч Д.С нь миний өмчид дур мэдэн халдлаа гэж Э.Эрдэнэжаргалыг хэл амаар доромжилж дарамталсан ба дахин нийтийн эзэмшлийн хаалгыг гинжилж түгжиж явсан.

 

Ингээд Ж.Э нь 1 сарын дараа аргагүйн эрхэнд цоожыг эвдэлж өөр цоожны гол сольж орсон түүний улмаас манай цэцэрлэгт явж байсан 50 хүүхэд 1 сарын хугацаанд цэцэрлэгт яваагүй цэцэрлэгийн үйл ажиллагаа саатсан. Манай цэцэрлэг 1 хүүхдийг 1 сарын хугацаанд 200,000.00 төгрөгийн төлбөртэй авдаг ба Д.С цэцэрлэгийн хаалгыг түгжиж явснаар хүүхдийн төлбөр төлөгдөөгүй, манайх хүүхдийн цэцэрлэгийн төлбөрөөс үйл ажиллагааны зардлаа олдог бөгөөд манай цэцэрлэгт их хэмжээний хохирол учирсан. Үүнд, цэцэрлэгийн байрны 1 сарын түрээсийн төлбөрийн өр 3,000,000.00 төгрөг, ажилчдын цалин 4,400,000.00 төгрөг, 50 хүүхдийн 1 сарын цэцэрлэгийн төлбөрийн алдагдал 10,000,000.00 төгрөг, нийт 17,400,000.00 төгрөгийн хохирол учирсан.

 

Иймд Д.С нь 2019 оны 06 дугаар сарьш 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25 ны өдрийг хүртэл дур мэдэн нийтийн эзэмшлийн хаалгыг түгжиж гинжилж явсны улмаас цэцэрлэгт учирсан хохиролд нийт 17,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 333,000.00 төгрөг төлсөн баримт,
  2. Ажлын байр түрээслэх гэрээ,
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  6. Х банк ХХК-ийн депозит дансны хуулга,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм,
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  3. Хариу тайлбар,
  4. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 12 тоот мэдэгдэл,
  5. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ,
  6. Түрээсийн төлбөр төлсөн баримт,
  7. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээ,
  8. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
  9. Сөрөг нэхэмжлэл,
  10. Улсын тэмдэгтийн хураамжид 245,000.00 төгрөг төлсөн баримт,
  11. Эмнэлгийн магадлагаа,
  12. Х банк ХХК-ийн депозит дансны хуулга,
  13. Зураг,
  14. Цалин тавьж олгох хүснэгт,
  15. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “А цэцэрлэг” БСБ-ын хүсэлт,
  16. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа,
  17. И-мэйл хаягаар шүүхэд ирүүлсэн хүсэлт, хавсралт,
  18. Сургалт эрхлэх нөхцөл шаардлага, тусгай зөвшөөрөл,
  19. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандарт, хэрэгжүүлэх зөвлөмж,
  20. Жижүүр хүлээлцэх дэвтэр.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.    “Х банк” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 50/12881 тоот албан бичиг, хавсралт

2.    Гэрч нарын мэдүүлэг

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С-гаас хариуцагч “А цэцэрлэг” боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 35,274,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бол хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гэм хорын хохиролд 17,400,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасан байна.

 

Талуудын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-т тус тус зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх болон учруулсан хохирлыг арилгуулахыг хүсжээ.  Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

 

        1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.С нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч “А цэцэрлэг” боловсрол сургалтын байгууллага /цаашид “БСБ” гэх/-тай түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 1 дүгээр давхар, 39/4 тоот хаягт байрлах 290 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна /1-р х.х-ийн 4-8 хуудас/.

 

Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.2.2-т тус тус зааснаар хариуцагч нь түрээсийн зүйлийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 5 /тав/ жилийн хугацаанд 1 /нэг/ сарын 5,000,000.00 төгрөгөөр түрээслэхээр тохирч, уг 290 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэрээ байгуулсан өдөр өөрийн эзэмшилд хүлээн авчээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “А цэцэрлэг” БСБ нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1- “хүүхдийн цэцэрлэг гэж /цаашид "цэцэрлэг" гэх/ хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллагыг хэлнэ” гэж, мөн 8 дугаар зүйлийн 8.11-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн санхүүжилтээр төлбөртэй цэцэрлэг ажиллуулж болно” гэж тус тус зааснаар цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэн явуулахаар тухайн үл хөдлөх хөрөнгийг түрээслэсэн байна /1-р х.х-ийн 62-65 хуудас/.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж, бас 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан.

 

            Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн төрлөөс үл хамаарч түрээсийн гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчин төгөлдөр болох ба хэрэв талууд үл хөдлөх хөрөнгө түрээслүүлсэн бол зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэх журамтай.

 

            Зохигчид 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болсон/ 32  дугаар зүйлийн 32.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн бол аль нэг талын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн байх тул энэхүү гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

 

            Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

        1. Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч “А цэцэрлэг” БСБ нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.Баяржавхлантай түрээсийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 2 дугаар давхар, хаягт байрлах 290 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 1 /нэг/ сарын 3,000,000.00 төгрөгийн төлбөртэйгээр түрээслэхээр тохирсон байна /1-р х.х-ийн 74-82 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн өмчлөлийн 1 дүгээр давхарт байрлах 290 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэгийн үйл ажиллагааны зориулалтаар түрээслэж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өөр хүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг мөн цэцэрлэгийн зориулалтаар түрээслэснээс улбаалан зохигчдын хооронд түрээсийн төлбөртэй холбоотой маргаан үүсчээ.

 

Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагч “А цэцэрлэг” БСБ нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 14 сарын түрээсийн төлбөрт 70,000,000.00 төгрөгөөс 46,560,000.00 төгрөгийг төлж, 23,440,000.00 төгрөгийг төлөөгүй, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 сарын түрээсийн төлбөр 35,000,000.00 төгрөг төлөх ёстой байснаас 38,166,000.00 төгрөг төлж, илүү төлсөн 3,166,000.00 төгрөгийг өмнөх төлбөрөөс хасахад 20,274,000.00 төгрөг үлдсэн, мөн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрт 15,000,000.00 төгрөгийг төлөөгүй бөгөөд өмнөх төлбөрийн үлдэгдэл 20,274,000.00 төгрөгийн хамт нийт 35,274,000.00 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн.

 

Харин хариуцагч “А цэцэрлэг” БСБ-аас тус шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “манай байгууллага 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.Б-тай түрээсийн гэрээ байгуулж, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа 2 дугаар давхарт нүүлгэн шилжүүлсэн, харин нэхэмжлэгч Д.С нь өөр түрээслэгч буюу Ц.Н-той түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 1 дүгээр давхарт байдаг 290 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг “хот пот” буюу хоолны үйлчилгээний зориулалтаар түрээслүүлсэн тул бид нарын байгуулсан түрээсийн гэрээ цуцлагдсан гэсэн үндэслэлээр түрээсийн төлбөр төлөх үүрэггүй” гэж маргасан.

 

  Үүнээс үзвэл зохигч нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ түрээслэгч нь солигдсоноор цуцлагдсан, аль эсхүл дамжуулан түрээслүүлсэн болон түрээсийн зүйлийн зориулалтыг өөрчилсний чухам аль нь болохыг тогтоох нь маргааны зүйл болж байна. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Н.О энэ талаар дүгнэхдээ хариуцагч “А цэцэрлэг” БСБ-ыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Д.С-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэж байгаад өөр этгээдийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэсэн, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн учраас төлбөр төлөх үндэслэлгүй гэсэн байна.  

 

        1. Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно” гэж, мөн 323.2-т “Дамжуулан түрээсэлсэн эд хөрөнгийг анхны түрээслүүлэгчийн зөвшөөрснөөс өөрөөр ашигласны үр дагаврыг дамжуулан түрээслэгч нь анхны түрээслүүлэгчийн өмнө хариуцна. Энэ тохиолдолд анхны түрээслүүлэгч дамжуулан түрээслэгчийн ашиглах эрхийг дуусгавар болгохыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч “А цэцэрлэг” БСБ нь гагцхүү нэхэмжлэгч Д.С-гийн зөвшөөрснөөр түрээсийн гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд дамжуулан түрээслүүлж болох ба тийнхүү түрээслүүлэхэд түрээсийн зүйлийн зориулалт нь өөрчлөгдөх тохиолдолд үүний улмаас үүссэн үр дагаврыг хариуцагч нь анхны түрээслэгч болохынхоо хувьд түрээслүүлэгчийн өмнө хариуцах үүрэг хүлээх бөгөөд хэрэв түрээслүүлэгч нь зөвшөөрөхгүй бол дамжуулан түрээслүүлэхийг хориглож болно.

 

Харин дээр дурдсан хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-д “Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй” гэж, бас 324.2-т “Түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч энэ хуулийн 324.1-д заасан үүргээс чөлөөлөгдөнө” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, түрээслэгч нь төлбөрийн чадвартай хэн нэгэн этгээдийг өөрийнхөө оронд түрээслэгч болгох саналыг түрээслүүлэгч талд гаргасныг тэрээр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд анхны түрээслэгч болон түрээслүүлэгч нарын түрээсийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болж, улмаар түрээслүүлэгчийн зөвшөөрсөн нөгөө этгээд нь түрээслэгчийн эрх, үүргийг хүлээх бөгөөд тэдгээр нь түрээсийн зүйлийг ашиглалт буюу зориулалтыг өөрчилж болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийг үндэслэн гэрчээр Ц.Н-ыг оролцуулж мэдүүлэг авахад тэрээр “түрээслүүлэгч Д.С-г танихгүй, түүнтэй зохигчдын маргаж байгаа 290 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг түрээслэх талаар огт ярилцаж байгаагүй, харин хариуцагч “А цэцэрлэг” БСБ-ын төлөөлөгч буюу Ж.Э нь надад дахин гэрээ байгуулах шаардлагагүй гэж хэлсэн, нүүж орохыг тэр зөвшөөрч, түлхүүрийг өгсөн, намайг засвар хийж байхад танихгүй нэг хүн ирээд байсныг асуухад хөрөнгийн өмчлөгч Д.С гэж хэлсэн, түүнийг энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг миний бие 10 сарын дараа мэдсэн, би сүүлдээ Ж.Э-тай хамтарч ажиллахаа болиод түрээсийн зүйлийг буцааж өгөхдөө түүнээс нэхэмжлэгч Д.С-гийн утасны дугаарыг авч сүүлийн 1, 2 сарын төлбөрийг төлөөд хүлээлгэн өгсөн.........” гэсэн мэдүүлгээс үзвэл хариуцагч “А цэцэрлэг” БСБ нь түрээсийн зүйлийг Ц.Н-д дамжуулан түрээслүүлсэн байна /2-р х.х-ийн 71-74 хуудас/.

 

Учир нь, хариуцагч “А цэцэрлэг” БСБ нь нэхэмжлэгч Д.С-д Ц.Н-ыг түрээсийн зүйлийг түрээслэх талаар анхнаасаа санал болгоогүй /түрээслэгчийг солих/, харин 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 5 /тав/ жилийн хугацаатай түрээсийн гэрээг түүнд үзүүлж, үүнийг үндэслэн түрээслүүлэгчтэй гэрээ байгуулах шаардлагагүй гэсэн ойлголтыг төрүүлж, улмаар түрээсийн зүйлийг түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн зэргээс дүгнэвэл дамжуулан түрээслэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Д.С нь Ц.Н-ыг 2018 оны 10 дугаар сараас түрээсийн зүйлд засвар хийж байхад хориглоогүй, “хот пот” буюу хоолны үйлчилгээний зориулалтаар ашиглахад нь зөвшөөрч байсан, мөн үүнээс хойш хугацаанд түрээсийн төлбөрийг хариуцагч “А цэцэрлэг” БСБ-ын төлөөлөгч буюу Ж.Э нь          Ц.Н-оос түрээсийн төлбөрийг авч, нэхэмжлэгч Д.С-д шилжүүлж байсан, мөн нэхэмжлэгч Д.С болон Ц.Н нар түрээсийн гэрээний харилцаа үүсгэх талаар тухайлан тохиролцож байгаагүй, хожим 2019 оны 4 дүгээр сараас 6 сар хүртэлх хугацаанд гэрч нь ашигласан хугацааныхаа түрээсийн төлбөрийг төлж байсан байх тул түрээслэгч нь солигдсон гэж үзэхгүй.

 

Түүнчлэн Боловсролын тухай хуулийн 3.1.16-д “ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага" гэж сургалтын үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой, үйл ажиллагаанаасаа олсон ашгийг /орлогыг/ зөвхөн үндсэн зорилгын дагуу зарцуулдаг, үндсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагддаггүй хуулийн этгээдийг хэлнэ” гэж, мөн 3.1.17-д “ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага" гэж хувь оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилдаг бөгөөд ашиг олох зорилгоор сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг хэлнэ” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч “А цэцэрлэг” БСБ нь цэцэрлэг /боловсролын сургалт/-ийн үйл ажиллагааг ашгийн төлөө, аль эсхүл ашгийн төлөө бус хэлбэрээр эрхлэн явуулах эрхтэй бөгөөд аль нэг хэлбэрийг сонгосноос үл хамаарч зөвхөн боловсролын сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах ба ашиг олох зорилгоор өөрөө “хот пот” буюу хоолны үйлчилгээг эрхлэх эрхгүй.

 

Иймээс нэхэмжлэгч Д.С болон хариуцагч “А цэцэрлэг” БСБ нарыг түрээсийн зүйлийн ашиглалтын өөрчилсөн гэж үзэхгүй ба, харин хариуцагч нь түрээсийн зүйлийг дамжуулан түрээслүүлсэн, ийнхүү дамжуулан түрээслэхдээ ашиг олох зорилгоор бус  анхны түрээслүүлэгчид төлөх түрээсийн төлбөрийг төлөх агуулгатай байжээ. Энэ тохиолдолд түрээслэгч “А цэцэрлэг” БСБ-ын түрээслүүлэгч Д.С-гийн өмнө хүлээсэн түрээсийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болохгүй, дамжуулан түрээслэсэн Ц.Н нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхээс үл хамаарч хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хариуцлага хүлээх учиртай.

 

        1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлавал, түрээсийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой ба биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас түрээслүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч Ц.Н,  Ц.Я, Л.М нарын мэдүүлгээр хариуцагч “А цэцэрлэг” БСБ нь түрээсийн зүйлд цэцэрлэгийн үйл ажиллагааг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 14 сарын хугацаанд явуулж, улмаар энэ өдрөөс эхлэн 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дамжуулан түрээслүүлсэн байна /2-р х.х-ийн 75-78, 93-97 хуудас/.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-д “Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ” гээд 289.1.2-т “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” гэж, мөн 318 дугаар зүйлийн 318.5-т “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээ нь бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний төрөлд хамаардаг тул эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд түрээслэгч нь түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлөх үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч “А цэцэрлэг” БСБ нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 14 сарын түрээсийн төлбөрт /14x5,000,000=70,000,000/ төгрөгийг төлөх ёстойгоос 47,000,000.00 төгрөгийг төлж, 23,000,000.00 төгрөгийг төлөөгүй байна /хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулгаар тогтоогдсон/.

 

Мөн хариуцагч нь түрээсийн зүйлийг дамжуулан түрээслүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 8 сарын хугацааны түрээсийн төлбөрт /8x5,000,000=40,000,000.00/ төгрөг төлөх ёстойгоос 38,166,000.00 төгрөгийг төлсөн байна. Гэвч нэхэмжлэгч Д.С нь хариуцагч “А цэцэрлэг” БСБ-ын дамжуулан түрээслүүлсэн түрээсийн төлбөрийн хугацааг тооцохдоо 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 7 сараар тооцож /7x5,000,000=35,000,000.00/ төгрөгийг нэхэмжилсэн тул хариуцагчийг уг төлбөрөөс 3,166,000.00 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж, түүний урьд өмнө дутуу төлсөн 23,000,000.00 төгрөөс хасахад 19,834,000.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа нэхэмжлэлийнхээ шаардлагад 440,000.00 төгрөгийг буруу тооцож, хариуцагчийн төлсөн 1,000,000.00 төгрөгийг хасаагүй байна гэсэн бөгөөд тэрээр хариуцагчийг түрээсийн төлбөрт нийт /47,000,00+38,166,000=85,166,000.00/ төгрөг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгчид 100,166,000.00 төгрөг буюу 85,166,000.00 төгрөгөөс гадна 15,000,000.00 төгрөгийг төлсөн гэж маргасан. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь 100,166,000.00 төгрөгийг төлсөн гэсэн тайлбараа  баримтаар нотолсонгүй.

 

Зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ц.Н-ын мэдүүлгээр түүний 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 5,000,000.00 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 5,000,000.00 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 2,166,000.00 төгрөг нь тус тус 85,166,000.00 төгрөгт багтсан бөгөөд гэрчийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаанд түрээсийн зүйлийг ашиглаагүй, түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн болохыг нэхэмжлэгч нь үгүйсгээгүй.

 

Иймд, нэгэнт зохигчид 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаанд түрээсийн зүйлийг ашиглаагүй байх тул түрээсийн гэрээг энэ өдрөөр цуцлагдсан гэж үзэх бөгөөд хариуцагч нь гэрээг цуцлагдах өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид 19,834,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

        1. Хариуцагч “А цэцэрлэг” БСБ нь нэхэмжлэгч Д.С-г 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн гадна хаалгыг зөвшөөрөлгүйгээр цоожилсноос цэцэрлэгийн үйл ажиллагааны түрээсийн төлбөрт 3,000,000.00 төгрөг, ажилчдын цалин 4,400,000.00 төгрөг, 50 хүүхдийн 1 сарын сургалтын төлбөр 10,000,000.00 төгрөг, нийт 17,400,000.00 төгрөгийн хохирол учирсан гэсэн.

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ц.Я, Л.М нар “нэхэмжлэгч Д.С-г 2019 оны 06 дугаар сард 1 сар гаруй хугацаанд дээрх үл хөдлөх хөрөнгийг гадна хаалганы цоожийг сольсон, үүнээс болж 2 дугаар давхарт байсан цэцэрлэгийн үйл ажиллагаа тодорхой хугацаанд зогссон” гэж мэдүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.С нь хариуцагч “А цэцэрлэг” БСБ-д өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 1 дүгээр давхар, хаягт байрлах 290 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлсэн байтал тухайн үл хөдлөх хөрөнгө байдаг байранд орох, гарах хаалгыг 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулж байгаа хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр хаасан бол зохигч нарын гэрээний зүйл болоогүй үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байгаа өмчлөгч, эзэмшигч нарын эрхийг зөрчсөн гэж үзэж болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

  Тодруулбал, нэхэмжлэгч Д.С нь “А цэцэрлэг” БСБ-ын 2 дугаар давхарт явуулж байгаа цэцэрлэгийн үйл ажиллагаанд саад учруулах байдлаар хариуцагчийн төлөөгүй түрээсийн төлбөрийг шаардахаар орох, гарах хаалгыг хаах эрхгүй, хариуцагч нь иргэн М.Б-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2 дугаар давхарт 290 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчээс хууль бус үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагчид хохирол учирсан бол дээр дурдсан хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар гарсан зардал, олох байсан орлогоо шаардаж болно.

 

        1. Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.С нь Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн гадна хаалгыг 30 хоногийн хугацаанд цоожилсон гэсэн үйл баримт тогтоогдсонгүй. Хариуцагчийн гаргасан зардал гэх ажилчдын цалин 4,400,000.00 төгрөг, түрээсийн төлбөр 3,000,000.00 төгрөг нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байгаа үед зохих ёсоор төлбөл зохих зардал бөгөөд гарах ёсгүй байсан гэж үзэхэд учир дутагдалтай байхаас гадна 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 50 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байсан, сард дунджаар 10,000,000.00 сургалтын төлбөр авдаг байсан гэсэн баримт байхгүй байна.

 

Энэ талаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Н.О нь мөн дээрх агуулгаар дүгнэсэн ба хариуцагч нь 1 сар гаруй хугацаанд цэцэрлэгт орох, гарах боломжгүйгээс болж 50 хүүхдийн сургалтын төлбөр 10,000,000.00 төгрөгийг олж чадаагүй, олж болох байсан сургалтын төлбөрөөс түрээсийн төлбөр 3,000,000.00 төгрөг, ажилчдын цалин 4,400,000.00 төгрөгийг төлөх боломжгүй болсон гэдгээ баримтаар нотлоогүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлгээр энэ хугацаанд сургагч багш нар ажиллаж байсан ба тухайн байрны хойд хаалгаар хүүхдүүдийг авах нөхцөл бололцоогүй байсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 19,834,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,440,000.00 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч “А цэцэрлэг” боловсрол сургалтын байгууллагаас 19,834,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,440,000.00 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч А цэцэрлэг” боловсрол сургалтын байгууллагын гаргасан нэхэмжлэгч Д.С-д холбогдох гэм хорын хохиролд 17,400,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 1,320.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 275,120.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД                                                З.БАЯРМАА

 

                                                                                             Д.ЗОЛЗАЯА