Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00989

 

 

 

Д.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/00986 дугаар шийдвэртэй,

Д.Сгийн нэхэмжлэлтэй,

АМЦБ, СБ-д холбогдох

түрээсийн төлбөрт 35,274,000 гаргуулах тухай болон үндсэн болон гэм хоын хохиролд 17,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т хариуцагчийн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Алтан манцуй БСБ-тай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байршилтай 290 м.кв үйлчилгээний зориулалттай 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг 5 жилийн хугацаатай, сарын 5,000,000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд төлөх нөхцөлөөр түрээслүүлсэн.

Хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлбөр тооцооны асуудал дуусгавар болсон гэх тайлбараар гэрээ байгуулснаас гэрээг цуцлах хүртэл нийт 70,000,000 төгрөгийг хариуцагч төлөх ба тэрээр 46,560,000 төгрөгийг төлсөн тул 23,440,000 төгрөг үлдсэн.

Гэтэл түрээсийн гэрээний харилцаа 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилж хариуцагчаас түрээсийн төлбөр төлөгдөж байсан. Хариуцагч нь үүнийг өөр хүн түрээсэлж байсан тул түрээсийн төлбөрийг шилжүүлж байсан гэж тайлбарладаг. Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 7 сарын хугацаанд 35,000,000 төгрөг төлөх байснаас 38,166,000 төгрөгийг төлсөн тул илүү төлсөн 3,166,000 төгрөгийг өмнөх оны түрээсийн төлбөрөөс хасахад 20,274,000 төгрөг үлдсэн.

Иймд гэрээ байгуулсан өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр байсан гэж үзвэл хариуцагч нь 20,274,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй.

Түүнчлэн, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны төлбөр 15,000,000 төгрөгийг шаардаж байна. Талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцааны дагуу ашигласан хугацааны үлдэх төлбөр нийт 20,274,000 төгрөг, харин 15,000,000.00 төгрөг нь гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд төлөөгүй түрээсийн төлбөр юм. Иймд хариуцагч Алтан Манцуй Цэцэрлэг БСБ-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,274,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ-ийн татгалзал, тайлбарын агуулга: Талууд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, хариуцагч нь уг түрээсийн байранд 2018 оны 10 дугаар сар хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаад тус байрны 2 дугаар давхарт өөр түрээслэгчтэй гэрээ байгуулан нүүж орсон.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг нийт 13 сар түрээсэлж үйл ажиллагаа явуулаад 2018 оны 10 дугаар сард түрээсийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид албан бичгээр мэдэгдсэн.

Ингээд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Ц.Насантогтох нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж, мөн оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөр төлсөн баримт хэрэгт авагдсан.

Ц.Насантогтохоос миний данс руу 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 11 дүгээр сарын 23-ны өдөр, 12 дугаар сарын 20-ны өдөр тус бүр 5,000,000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн.

Ц.Насантогтохын 2019 оны 01, 02 дугаар сарын түрээсийн төлбөрт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр өгсөн 4,000,000 төгрөг, 02 дугаар сарын 21-ний өдрийн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын түрээсийн төлбөр 5,000,000 төгрөгийг Ц.Насантогтох над руу шилжүүлэхэд нь мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн. Ц.Насантогтох нь 04, 05 дугаар сарын түрээсийн төлбөр тус бүр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн.

Харин тэрээр 05 дугаар сард нүүж гараад 06 дугаар сард засвар үйлчилгээний зардал, түрээсийн сүүлчийн төлбөр гээд 2,166,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь сүүлчийн төлбөр, засварын мөнгө гэж бичсэн. Нийт түрээсийн төлбөрт 100,166,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Манай цэцэрлэг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарыг дуустал нэхэмжлэгчид нийт 59,000,000 төгрөгийг төлсөн.

Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Ц.Насантогтох нийт 41,666,000 төгрөгийг түрээсийн төлбөрт рестораны түрээсийн төлбөр гэж шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч Д.С нь 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийтийн эзэмшлийн гадна хаалга, орц гарцыг бидэнд мэдэгдэхгүй хааж түгжсэний улмаас хариуцагчид цэцэрлэгийн үйл ажиллагаа саатаж түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, ажилчдын цалин 4,4000,000 төгрөг, цэцэрлэгийн 50 хүүхдүүдийн төлбөрийн алдагдал зэрэгт нийт 17,400,000 төгрөгийн хохирол учирсан тул Д.Сгаас хохиролд 17,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ-д 60 хүүхэд хамрагдаж байгаад тухайн сард 50 хүүхэд яваагүй болохыг нотолсон баримтгүй тул нэхэмжлэгчийн хууль бус үйлдлийн улмаас нэг хүүхдийг 200,000 төгрөг, нийт 50 хүүхдийн төлбөр 10,000,000 төгрөг олох боломжтой байсан гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Тус хаалгыг талуудын хооронд үүссэн үл ойлголцлоос болж нэхэмжлэгч нь түгжээд хариуцагч 3 хоногийн дараа эвдээд орсон байхад хариуцагчийн зүгээс 30 хоног түгжээтэй байсан мэтээр тайлбарладаг.

Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн фото зурагт цоожтой байсан хаалга дээр хойд хаалгаар тойрч орно гэсэн агуулгатай зарлал байдаг. Иймд уг байр нь орж, гарах ганц хаалгатай биш юм.

Мөн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцсон ажил олгогч болон ажилтан нарын хооронд үүссэн эрх харилцааны дагуу гүйцэтгэсэн ажлын цалингаа авах ёстой. Хэрэгт Ц.Янжиндулам өгсөн гэрчийн мэдүүлэг авагдсан ба тэрээр би ажиллаж байсан гэж мэдүүлдэг. Цэцэрлэгийн багш нь цэцэрлэгийн хүүхдүүдтэй харилцан хүүхдүүд очсон тохиолдолд ажиллана. Иймд хариуцагчийн ажилчдын цалин нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлээр шаардсан 17,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ-ыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Д.Сгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж байгаад өөр этгээдийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэсэн, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн учраас төлбөр төлөх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Д.С нь Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн гадна хаалгыг 30 хоногийн хугацаанд цоожилсон, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 50 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байсан, сард дунджаар 10,000,000 сургалтын төлбөр авдаг байсан гэх үйл баримтууд тогтоогдоогүй гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч Алтан манцуй цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас 19,384,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,440,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Алтан манцуй цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагын гаргасан нэхэмжлэгч Д.Сд холбогдох гэм хорын хохиролд 17,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 1,320 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 275,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч нь түрээсийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс цуцлах талаар мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн ба уг түрээсийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн М.Баяржавхлантай байгуулсан түрээсийн гэрээ, гэрч Г.Мөнхдөл, Ц.Янжиндулам нарын тайлбараар тогтоогддог. Гэрээг цуцалсны дараа түрээсийн зүйлийг өөр түрээслэгчид түрээслүүлэхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагч нь тус объектыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд, Ц.Насантогтох нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус түрээсэлсэн. Хариуцагч болон Ц.Насантогтох нар нь нэхэмжлэгчид түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөргүй.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний эрх зүйн зарчмын хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг тодорхойлох эрхтэй. Мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал гэрээг цуцлах, татгалзах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар хариуцагчаас 19,883,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс 17,400,000 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар: Анхан шатны шүүх хариуцагчийг түрээсийн зүйлийг дамжуулан түрээсэлсэн гэж үндэслэл бүхий дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч АМЦБ, СБд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 35,274,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэм хорын хохиролд 17,400,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

3. Д.С нь АМЦБ, СБтай 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 1 дүгээр давхар, 39/4 тоот хаягт байрлах 290 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагчид түрээслүүлэх, хариуцагч нь 5 жилийн хугацаатай, сар бүр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 4-5 дахь тал/

 

3.а.Хариуцагч Алтан манцуй цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллага нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалт эрхлэх эрхтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус байгууллагын дүрэм зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 62-65 дахь тал/

 

Тус байгууллага нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсэгт заасны дагуу хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар түрээслэсэн үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

 

3.б. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсноос гадна түрээсийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

4.Хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ нь нэхэмжлэгч Д.Стай байгуулсан түрээсийн гэрээг цуцлаагүй байхдаа бусдад дамжуулан түрээсэлж, өөр үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэнтэй холбоотойгоор тэдгээрийн хооронд түрээсийн төлбөрийн маргаан үүсчээ.

 

4а.Хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ нь М.Баяржавхлантай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, түүний Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 2 дугаар давхар, 39/4 тоот хаягт байрлах 290 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж, сарын 3,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 74-82 дахь тал/.

 

4б.Гэрч Ц.Насантогтох шүүхэд ...Ж.Этай хамтарч ажилласан... анх цэцэрлэг байсныг нурааж, ресторан болгож тохижуулсан... сарын түрээс 5,000,000 төгрөг... түрээсийн төлбөрийг Ж.Эд төлсөн... Д.Сг мэдэхгүй... сүүлд орлогогүй болсон учраас 1 сарын өмнө уулзсан... гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн байна. /хэргийн 2 дугаар хавтасны 70-74 дэх тал/

 

Дээрх баримтуудаар хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн хүүхдийн цэцэрлэг-ийн үйл ажиллагаа явуулж байхдаа энэхүү түрээсийн гэрээг цуцлалгүйгээр уг үл хөдлөх хөрөнгийн 2 дугаар давхар дахь М.Баяржавхлангийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэхдээ нэхэмжлэгч Д.Сгийн үл хөдлөх хөрөнгийг дамжуулан Ц.Насантогтоход түрээсэлж тэрээр 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хот Пот хоолны чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан үйл баримтууд тогтоогджээ.

 

4в.Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1, 324.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ нь түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч Д.С хүлээн зөвшөөрсөн нөхцөлд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болж, түрээслүүлэгчийн зөвшөөрсөн нөгөө этгээд түрээслэгчийн эрх, үүргийг хүлээхээр зохицуулагдсан байна.

 

Хэрэгт авагдсан гэрч Ц.Насантогтохын мэдүүлгээр хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ-ын төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.Сд Ц.Насантогтохыг түрээсийн зүйлийг түрээслэхээр санал болгоогүй тэрээр Ж.Этай хамтран ажиллах үндсэн дээр уг харилцаанд орсон болохоос нэхэмжлэгч Д.Стай түрээсийн гэрээний харилцаанд оролцоогүй сүүлийн 2 сарын түрээсийн төлбөрийг хамтран ажилласан гэх агуулгаар Ж.Эын өмнөөс төлсөн байна. /хэргийн 2 дугаар хавтасны 70-74 дэх тал/

 

Мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Э нь 2018 оны 10 дугаар сараас хойшхи хугацааны түрээсийн төлбөрийг Ц.Насантогтохоос авч нэхэмжлэгч Д.Сд шилжүүлж байсан тул талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний түрээслэгч солигдож Д.С, Ц.Насантогтох нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэх гомдлыг хангахгүй. /6/

 

4г.Талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, Ц.Насантогтохоос Ж.Эд түрээсийн төлбөрийг шилжүүлж байсан зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.С нь түүний өмчлөлийн объектод Ц.Насантогтохыг засвар хийж байгааг мэдсэн, Хот Пот хоолны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарыг түрээсийн зүйлийн ашиглалтын өөрчилсөн гэж үзэхгүй, харин хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ-ыг анхны түрээслүүлэгчид төлөх түрээсийн төлбөрийг төлөх зорилгоор түрээсийн зүйлийг Ц.Насантогтоход дамжуулан түрээсэлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр түрээсийн зүйлийг дамжуулан түрээслэх, дамжуулан түрээсэлсэн эд хөрөнгийг анхны түрээслүүлэгчийн зөвшөөрснөөс өөрөөр ашигласны үр дагаврыг хариуцагч анхны түрээслүүлэгчийн өмнө хариуцахаар Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1, 323.2 дахь хэсэгт зохицуулсан.

 

Түрээслэгч Алтан манцуй цэцэрлэг БСБ-ын түрээслүүлэгч Д.Сгийн өмнө хүлээсэн түрээсийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болохгүй, дамжуулан түрээслэсэн Ц.Насантогтох нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхээс үл хамаарч хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хариуцлага хүлээх талаар шүүх зөв дүгнэжээ.

 

5.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасны дагуу мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 14 сарын хугацаанд нэхэмжлэгч Д.Сгийн түрээсийн зүйлд сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа явуулж, мөн өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ц.Насантогтоход дамжуулан түрээслүүлж тэрээр хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогджээ. /хэргийн 2 дугаар хавтасны 75-78, 93-97 дахь тал/

5а. Нэхэмжлэгч нь хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ-д 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 14 сарын түрээсийн төлбөрт 47,000,000 төгрөг, дамжуулан түрээсэлсэн Ц.Насантогтохоос 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 7 сарын хугацааны түрээсийн төлбөрт 38,166,000 төгрөг нийт 85,166,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зохигчдын дансны хуулгаар тогтоогдсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 100,166,000 төгрөг төлснөөс 15,000,000 төгрөгийг илүү төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно

Нэхэмжлэгчид хариуцагч нь хариуцагчийн 14 сарын түрээсийн төлбөрт 70,000,000 төгрөг төлөхөөс 47,000,000 төгрөг төлж 23,000,000 төгрөг үлдсэн, дамжуулан түрээсэлсэн Ц.Насантогтохоос 7 сарын түрээсийн төлбөрт 35,000,000 төгрөг төлөхөөс 38,166,000 төгрөг төлж, 3,166,000 төгрөг илүү төлсөн байна.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид төлөгдөөгүй үлдсэн 23,000,000 төгрөгөөс илүү төлсөн 3,166,000 төгрөгийг хасч 19,834,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,440,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

6. Хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ нь нэхэмжлэгч Д.Сд холбогдуулан гэм хорын хохиролд 17,400,000 төгрөг шаардаж, үндэслэлээ түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг цоожилсны улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж чадаагүй тул түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, ажилчдын цалин 4,400,000 төгрөг, 50 хүүхдийн 1 сарын сургалтын төлбөр 10,000,000 төгрөг нийт 17,400,000 төгрөгийг хохирол учирсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ нь М.Баяржавхлантай байгуулсан түрээсийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байршилтай 290м.кв үйлчилгээний зориулалттай 2 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж, тус үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшиж байсан учраас өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

 

Зохигчид түрээсийн байрыг цоожилсон эсэх үйл баримтын талаар маргасан байна.

 

6.а.Хариуцагчийг түрээсийн байрны хаалгыг цоожилсон гэх байдлыг нотлохоор гэрч Ц.Янжиндулам, Л.Мөнхдөл нарыг гэрчээр асуулгасан боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан жижүүрийн дэвтэрт ажилчид ажилдаа очиж байсан гэх тайлбар бичигдсэн тул нэхэмжлэгчийн хууль бус үйлдлийн улмаас хариуцагчийн эзэмшилд саад учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

6.б.Түүнчлэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан ажилчдын цалин 4,400,000 төгрөг, түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг нь хариуцагч байгууллагын хариуцах ёстой зардал байхаас гадна тус байгууллагыг сард хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаагаар 10,000,000 төгрөгийн сургалтын төлбөр олдог болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ-ын нэхэмжлэгч Д.Сгаас гэм хорын хохиролд 17,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

6.в.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Н.Отгонсүрэн хариуцагч Алтан манцуй цэцэрлэг БСБ-ыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч Д.Сгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж байгаад өөр этгээдийн үл хөдлөх хөрөнгийг түрээсэлсэн, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн учраас төлбөр төлөх үндэслэлгүй гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Анхан шатны шүүхээс шүүх бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/00986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар дахь хэсэгт зааснаар хариуцагч Алтан манцуй цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ