Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/00574

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/00574

 

 

 

Д.С -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00024 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.С -гийн хариуцагч А.М - цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 35 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 17 400 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С -, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн төлөөлөгч Ж.Э -, хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.С - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ да хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байрлах 290 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулан А.М - цэцэрлэг БСБ-д 5 жилийн хугацаатай нэг сарын 5 000 000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээслэгч А.М - цэцэрлэг БСБ нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 17 сарын түрээсийн төлбөрт 85 000 000 төгрөг төлөх байсан боловч 84 166 000 төгрөгийг төлж 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 сарын түрээсийн төлбөр 35 000 000 төгрөгийг төлөхгүй түрээслүүлэгчийг хохироож байна. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Г - шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Түрээсийн гэрээ нь Ж.Э - болон Д.С - гэх хувь хүмүүсийн хооронд байгуулагдсан. Нэхэмжлэгч нь хариуцагчаарА.М - цэцэрлэг БСБ-ийг татаж, түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. 2018 оны 10 дугаар сардА.М - цэцэрлэгээс Ш.С -д түрээсийн гэрээг цуцлахаар мэдэгдэл өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс Ж.Э - нь М.Б -тай түрээсийн гэрээ байгуулж, маргаан бүхий ажлын байрныхаа хоёр давхрыг түрээсэлж мөн оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Н.Б -д түрээсийн төлбөр 3 000 000 төгрөг шилжүүлж эхэлсэн баримтууд байгаа. 2018 оны 10 дугаар сараас Д.С - нь өөрийн эзэмшлийн ажлын байрыг Ц.Н-нд түрээслүүлж, Ц.Н нь Хот пот ресторан ажиллуулсан. Ингэхдээ Ц.Н нь түрээсийн төлбөрийг Ж.Э -ын дансаар дамжуулж Д.С -д төлдөг байсан талаарх баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.М - цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагын төлөөлөгч Ж.Э - шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Э - нь Д.С -д 2018 оны 10 дугаар сард түрээсийн гэрээ цуцлах талаар албан бичгээр мэдэгдэж гэрээгээ цуцалсан. Тус байрны 2 дугаар давхрыг түрээсэлж байх хугацаанд Д.С - нийтийн эзэмшлийн гадаах хаалга, орц, гарцыг мэдэгдээгүй хааж түгжсэний улмаас их хэмжээний хохирол учирсан. Хаалгыг нээж орсон боловч Д.С - нь хэл амаар доромжилж дарамталсан ба дахин нийтийн эзэмшлийн хаалгыг түгжиж явсан. Түүний улмаас цэцэрлэгийн байрны 1 сарын түрээсийн төлбөрийн өр 3 000 000 төгрөг, ажилчдын цалин 4 400 000 төгрөг, цэцэрлэгийн 50 хүүхдийн 1 сарын төлбөрийн алдагдал 10 000 000 төгрөг, нийт 17 400 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Д.С -гаас нийт 17 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тус цэцэрлэгт 50 хүүхэд явдаг болон тогтмол хэдэн хүүхэд явдаг, хаалга цоожлогдсоны улмаас хэний хэн гэдэг хүүхэд явахаа больсон гэх үйл баримт тодорхойгүй байна. Хаалга цоожилсны улмаас цэцэрлэгтэй тэр хүүхдүүд явахаа больсон уу эсхүл өөр шалтгааны улмаас явахаа больсон уу, эсхүл өмнө нь явахаа больсон байсан уу зэрэг үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойгүй байна. 50 хүүхдийн сарын төлбөр 200 000 төгрөгөөр тооцоод 10 000 000 төгрөгийг хохиролд нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэг сарын хугацаанд тус цэцэрлэг ажилласан болон ажлаагүй талаарх үйл баримт тодорхойгүй байхад ажилчдын цалинг Д.С -гаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ажилчид тус байгууллагад хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаа хийгээд цалингаа авах ёстой. Түрээсийн 3 000 000 төлбөрийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь мөн тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хаалга үүдийг цоожилсон ийм үйлдэл хийгээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаарА.М - цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагаас түрээсийн төлбөр 35 000 000 төгрөг гаргуулах тухай Д.С -гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар Д.С -гаас 17 400 000 төгрөг гаргуулах тухайА.М - цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 333 000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээг талууд хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзэх үндэслэлтэй хэмээн дүгнэлт хийгээд хавтаст хэргийн 73 дахь талд авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 12 тоот гэрээ цуцлах мэдэгдэл гэх баримтыг үнэлжээ. Гэвч талуудын хооронд байгуулагдсан дээрх түрээсийн гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд хавтаст хэргийн 153 дахь талд авагдсан нотлох баримтад шүүх үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр орхигдуулсан. Учир нь хавтаст хэргийн 153 дахь талд авагдсан баримт нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар гэрээ хүчин төгөлдөр байсан болохыг илэрхийлэх юм. Түүнчлэн анхан шатны шүүх гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цуцалсан байна гэсэн дүгнэлт хийсэн атлаа мөн оны 10 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэл түрээсийн төлбөр гэжА.М - цэцэрлэг БСБ-ийн захирлын данснаас нэхэмжлэгчийн дансанд хийгдсэн гүйлгээнд дүгнэлт хийлгүй орхигдууллаа. Хэрэв үнэхээр 2018 оны 10 дугаар сард түрээсийн гэрээг цуцалсан бол үүнээс хойш түрээсийн төлбөр гэж сар болгон мөнгө төлөхгүй байх байсан ба энэ үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч Д.С -гийн зүгээс Ц.Н гэгчид тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж түрээсийн гэрээ байгуулж байгаагүй бөгөөд түүнээс түрээсийн төлбөр авч байгаагүй. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Д.С - ньА.М - цэцэрлэг Боловсрол сургалтын байгууллага /цаашид БСБ гэх/-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 35 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 17 400 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Талууд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээний дагуу Д.С - өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайж /13291/ Да хүрээ гудамж, 39/4 тоотод байрлах 290 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийгА.М - цэцэрлэг БСБ-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар эзэмшилд нь шилжүүлсэн үйл баримтын талаар хэн аль нь маргаангүй. Харин түрээсийн гэрээ цуцлагдсан эсэх мөн түрээсийн зүйлийг эзэмшиж, ашиглаж байсан хугацаа нь талуудын хоорондын маргааны зүйл болжээ.

Алтан манцуй цэцэрлэг БСБ-ын үүсгэн байгуулагч Ж.Э - нь байгууллагаа төлөөлж Д.С -тай түрээсийн гэрээ байгуулсан байна. /хх-4-8/ Нэхэмжлэгч Д.С - ньА.М - цэцэрлэг БСБ-ыг хуулийн этгээдийн хувиар хариуцагчаар татаж, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ... түрээсийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид өгснөөр гэрээ цуцлагдсан учир төлбөр төлөхгүй, улмаар иргэн М.Б -тай гэрээ байгуулан өмнөх түрээсийн байрны 2 давхрын обьектыг түрээслэсэн, нэхэмжлэгчид өөр түрээслэгч олж өгч түүнд обьектыг хүлээлгэж өгсөн, Ц.Н ХОТ ПОТ /HOT POT/ ресторан ажиллуулж байсан, ... нэхэмжлэгч нь Ц.Н той түрээсийн гэрээ байгуулахгүй байсан учир миний дансаар дамжуулан түрээсийн төлбөр төлж, сүүлдээ нэхэмжлэгчийн данс руу шууд түрээсийн төлбөрөө шилжүүлдэг байсан ... гэж тайлбарлан, 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай гэрээ цуцлах тухай мэдэгдэл, ХААН банк ХХК-ийн дансны хуулга, фото зураг зэрэг баримтыг шүүхэд гарган өгчээ. /хх-73, 110-140, 169, 172,175/

Нэхэмжлэгч тал ... гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээж аваагүй, гэрээг цуцлаагүй, одоо хүртэл хүчин төгөлдөр..., ... түрээсийн төлбөрийг 2018 оны 10 дугаар сараас хойш 2019 оны 7 дугаар сарын хугацаанд төлж байсан, уг төлбөрийг 2018 оны дутуу төлбөрт нөхөн тооцсон, ...Ц.Н гэгчийг мэдэхгүй, хариуцагч өөрөө ХОТ ПОТ /HOT POT/ ресторан ажиллуулсан, 2019 оны 8 дугаар сард обьектыг хаяад явсан байсан ... гэх агуулга бүхий тайлбар шүүхэд гарган, маргасан байна.

Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, иргэн М.Б -, Ж.Э - нарын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ, ХААН банк ХХК-ийн дансны хуулга зэрэг баримтуудаар хариуцагчА.М - цэцэрлэг БСБ нь Д.С -гийн өмчлөлийн обьектыг түрээсийн гэрээний дагуу цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байгаад дээд давхрын буюу М.Б -гийн өмчлөлийн обьектыг түрээслэн, цэцэрлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байсан үйл баримт тогтоогджээ. /хх-80,117-126/ Харин нэхэмжлэгч Д.С -гийн обьектыг Ж.Э - нь хувь хүнийхээ хувиар ХОТ ПОТ /HOT POT/ ресторан ажиллуулахаар үргэлжлүүлэн ашигласан эсхүл нэхэмжлэгчид өөр түрээслэгч олж өгснөөр тэдгээрийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан эсэх нөхцөл байдал тодорхой бус байна.

Анхан шатны шүүх эдгээр үйл баримт баримтаар тогтоогдоогүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4-т заасныг буюу түрээслэгч нь түрээслүүлэгчид өөр түрээслэгч санал болгон гэрээгээ цуцлах тухай мэдэгдэл нэг сарын өмнө мэдэгдсэн гэх агуулгаар буруу тайлбарлан хэрэглэж, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан гэж үзсэн нь алдаатай болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түрээсийн зүйлийг Ц.Н ашиглаж байсан гэх тайлбараа нотлохоор уг этгээдээс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсны улмаас шүүх хүсэлт гаргаагүйд тооцон, шүүгчийн захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт зааснаар нэг тал нотлох баримтаас татгалзсан ч нөгөө тал иш татах эрхтэй тул шүүх уг асуудлаар тодруулах шаардлагатай байжээ. Учир нь талуудын маргаж буй асуудлын хувьд Д.С -гийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж эзэмшиж, ашиглаж байсан гэх хариуцагчийн тайлбартаа зааж буй Ц.Н оос гэрчийн мэдүүлэг авах нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, иргэн Ц.Н ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хариуцагч тал 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс түрээсийн обьектоос нүүхдээ түрээслүүлэгчид түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөлгүйгээр хаяж явсан, өөр этгээд обьектыг бодитоор эзэмшилдээ авсан эсэх, мөн нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар буюу ХОТ ПОТ /HOT POT/ рестораныг хэн ажиллуулж байсан гэдгийг тогтооход ач холбогдолтой байжээ.

Ингэснээр нэхэмжлэгчийн хувьд тухайн эд зүйлийг түрээсийн гэрээний дагуу ашиглуулсантай холбоотой түрээсийн гэрээний үүрэгт хэнээс юу шаардах, хэрвээ гэрээ цуцлагдсан, хариуцагч байгууллага ашиглаагүй, өөр этгээд ашиглаж байсан гэж үзвэл холбогдох хохирлыг төлөх үүрэг үүсэх эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжтой болох юм. Эдгээр үйл баримт тодохой бус байхад түрээсийн гэрээний үүрэг болон үүргийн зөрчилтэй холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэглээний хувьд алдаатай гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үйл баримтыг дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81, 82 дугаар зүйлээр шүүгч дангаар эсхүл 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх журмыг иргэний эрх зүйн маргааны төрлөөс хамаарахаар тодорхойлсон. Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй байснаас үзэхэд гэм хор учруулснаас үүсэх буюу гэрээний бус үүргийн харилцаа гэж үзсэн эсэх нь тодорхой бус байна.

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргаан нь гэрээний үүрэг, үүргийн зөрчилтэй холбоотой эсэхийг зөв тодорхойлолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00024 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

 

Ч.ЦЭНД