Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 6

 

Д.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00684/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1184 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.З-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Б-д холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн оногдох хувийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч М.Б-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч М.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Д.З-гаас:

           ...Миний бие Д.З- нь 2004 онд анх Б-тай танилцаж, 2005 онд гэрлэлтээ батлуулсан. 2005 онд охин А-, 2007 онд охин Б.М-, 2009 онд Б.Н-, Б.Н-, 2013 онд хүү Б.Б- нар төрсөн. Анхны хүүхдээ гаргасан үеэс эхлээд бусадтай хардан цохиж, элдэв үгээр байнга доромжилж дарамталдаг. Хоёр дахь хүүхэд болох Б.М-ыг гаргахад өмнө нь гаргаж байсан зан ааш нь улам хүндэрч архи ууж согтууран өлгийтэй хүүхэдтэй минь хөөж тууж, ээжийг минь хүртэл гар хүрч, хүйтэн зооринд түгждэг байсан. Бага хүүхдийг минь гэдсэнд байхад нь ална гэж сүрдүүлж согтуугаар машин барьж хурдтай явж алахыг завдсан. Энэ үйл явдал өнөөг хүртэл амьдралд минь үргэлжилсэн. М.Б-тай анх суухад гурван хүний дунд нэг ёотонгийн байртай буюу 300.000 төгрөгийн банкны өртэй байсан. Тэрхүү өрийг би ажил хийж төлсөн. Миний бие 15 жилийн хугацаанд тасралтгүй дайвар бүтээгдэхүүн зарж тасралтгүй хөдөлмөрлөж ирсэн. Энэхүү хугацаанд амьдралаа дээшлүүлэхийн тулд банкнаас зээл авсан. Тэрийгээ хугацаа хэтрүүлэлгүй цаг хугацаанд нь төлсөөр ирсэн. Тэр хөдөлмөрийн минь үр дүнд хоёр давхар хаус, хүүхдийн нэр дээр 25.000.000 төгрөгийн хадгаламж босон М.Б-д 15.000.000 төгрөгийн машин авч өгч байсан. ...Энэ бүгдийг би 5 хүүхдийнхээ төлөө өнөөг хүртэл тэсэж, тэвчиж ирсэн. ...Эхийн минь ийм болсон шалтгаан нь эхийг минь хэд хэдэн удаа зодож гар хүрч цемент дээр ухаан алдтал нь тархиар нь савуулж унагааж байсан. Иймд цаашид энэ хүнтэй амьдрах ямар ч шаардлага байхгүй буюу амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй тул М.Б-гаас салгаж гэрлэлтийг минь цуцлуулж өгнө үү, насанд хүрээгүй хүүхдүүдээ өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. ...Гэр бүл болсноос хойш манайх 100.000.000 төгрөгийн үнэтэй Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг хүрээлэнгийн 1-20 тоотод байршилтай 174 м.кв талбайтай хоёр давхар хувийн орон сууц, 10.000.000 төгрөгийн үнэтэй тоёота волтоз маркын 59-44 ДАХ дугаарын суудлын автомашин мөн шинэ захын 20.000.000 төгрөгийн үнэ бүхий Өгөөмөр нэртэй 9 дүгээр гуанз зэрэг дундын өмчлөлийн эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд оногдох эд хөрөнгөө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Өгөөмөр гуанзыг хүүхдүүдийн нэр дээр цуглуулж байсан хадгаламжийн мөнгөөр авсан. Иймд нийт 130.000.000 төгрөгийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөртөө болон 5 хүүхдэдээ оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч М.Б-гаас:

...Миний бие 1998 онд эцэг эхийн хамтаар Дархан-Уул аймагт шилжин ирж одоог хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд эгч Калаатай хамтран бирж дээр дайвар бүтээгдэхүүн худалдаалж амьдран ёотонд 2 өрөө байр худалдан авч эцэг эхийнхээ хамтаар амьдарч байгаад аав, ээж минь 2001, 2003 онд нас барж ёотонгийн энэ хоёр өрөө байр надад шилжсэн юм. 2004 оноос нэхэмжлэгч Д.З-тай танилцан үерхэж байгаад улмаар энэ байрандаа 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болж 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн улсын бүртгэлд бүртгүүлж 465/001009 дугаартай гэрчилгээ авсан болно. Миний охин Б.А- 2005 онд, Б.М- 2007 онд, охин Б.Н-, Б.Намуунзол 2009 онд /ихэр/, хүү Б- 2013 онд тус тус төрсөн юм. Миний бие хааяа архи ууж найз нөхөдтэйгээ тоглодог байсан нь үнэн боловч гэр бүлээ цуцлах хэмжээнд хүртэл архидан согтуурч Д.З-г дарамталж, зодож, тарчлааж байсан зүйл байхгүй хүүхдүүд минь гэрчлэх болно. Нэхэмжлэгч Д.З- 2017 оны 08 сараас өнөөг хүртэл гэр орноо болон үр хүүхдээ орхиж яваад ирээгүй болно. Д.З- нь Ц.Болдтой байнгын бэлгийн харьцаатай болж гэр орон болон үр хүүхдээ орхиж Jasper эс би аая зочид буудалд байрлан улмаар зарын дагуу байр хэсэн байрлаж байнга архидан согтуурч хүүхдүүдээ амьдын хагацал үзүүлж бүтэн нэг жил боллоо. ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэр бүлийн бүртгэлээ цуцлуулахгүй хүсэхгүй зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож өгч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1184 дүгээр шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Их мээрэнг овгийн Мээлэйн Б-, Боржигон овгийн Дашнямын З- нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасны дагуу охин 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.А-, 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.М- нарыг эцэг М.Б-гийн асрамжид, 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн ихэр охидууд Б.Намуунзол, Б.Н-, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Б.Б- нарыг эх Б.З-гийн асрамжид тус тус үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.А-, 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.М-ыг нарыг 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эх Д.З-гаас, 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн ихэр охидууд Б.Намуунзол, Б.Н-, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Б.Б- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, төрсөн эцэг М.Б-гаас тус тус сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.З-гийн өмчлөлд нийт 136.536.000 төгрөгийн үнэтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Хүрээлэн 1 дүгээр гудамж, 20 тоот 174,0 м.кв талбай /Ү-2003016749/-тай 2 давхар хувийн орон сууцны байшин, гэр бүлийн зориулалттай газар, блокон хашаа, хашааны гүйдэг хаалга зэрэг хөрөнгийг, хариуцагч М.Б-гийн өмчлөлд 5.000.000 төгрөгийн үнэтэй 59-44 ДАХ улсын дугаартай Toyota VOLTZ маркийн суудлын хар өнгийн машиныг тус тус үлдээж, нэхэмжлэгч Б.З-гаас 65.754.500 төгрөгийг гаргуулан хариуцагч М.Б-д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас 22.075.643 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.З-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.З-гаас дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 481.836 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч М.Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 652.257 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэж,

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Б- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. ... 2001, 2003 онуудад аав ээж нас барсны дараа энэхүү байрыг надад өмч болгон өгсөн билээ. ...Энэ хугацаанд өөрийн орон сууцаа худалдах, хөдөлмөрийн орлого, банкны зээлээр үйлчилгээгээ явуулж ирсэн боловч өнөөдрийн байдлаар 174.0 м.кв талбай бүхий 36.536.000 төгрөгийн үнэтэй гэр бүлийн зориулалтай газартай хувийн 2 давхар орон сууц, 2.568.000 төгрөгийн үнэтэй блокон хашаа. 250.000 төгрөгийн үнэтэй гүйдэг хаалга, 5.000.000 төгрөгийн үнэтэй Тоёота Voltz маркийн суудлын машинтай болсон. Энэ нь гэр бүлийн нэг гишүүнд /141.563.000 : 7/ = 20.223.285 төгрөгийн хөрөнгө ноогдож байна гэсэн үг юм. Анхан шатны шүүх 1. Гэрлэлтийг цуцлав. 2. Нэхэмжлэгч Д.З-гийн асрамжинд охин Б.Намуунзол, Б.Н-, хүү Б.Баярбаясланг шилжүүлэв 3. Хүүхдийн тэтгэлэг гаргуулав. 4. Эд хөрөнгө хувааж шийдвэр гаргалаа. Шүүх Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж Б.Н- Б.Н- Б.АмарБ- нарыг архины хамааралтай болсны улмаас бүтэн 1 жил үр хүүхдээ орхиж, охидынхоо хүсэлт гуйлтыг хүндэтгэж үзэхгүй явсан хүнд 3 хүүхдийг минь үлдээсэнд, хамт амьдарч байгаа хүүхдүүдийг минь 2 хуваасанд гомдолтой байна. ...биднийг орон байранд минь үлдээж өгөөч, хүүхдүүдийг минь битгий салгаач, Б.З-д ногдох дундын хөрөнгийг мөнгөөр нь өгье, хүүхдүүдээ тэжээн тэтгүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Д.З- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            ...Гэрлэснээс хойш өдий хүртэл сайхан амьдарч байсан мөн намайг архины хамааралтай, байнга архидан согтуурдаг гэх мэтээр ор үндэсгүй худал зүйлийг бичсэнд гомдолтой байна. Намайг Болд гэдэг хүнтэй хамт амьдарч байна гэж гүтгэсэн байна. Мөн ёотонгийн 2 өрөө байраа зарж одоогийн байшинг авсан мэтээр худлаа бичжээ. 2005 онд намайг жирэмсэн байхад ёотонгийн 2 өрөө байраа Соната-2 маркийн суудлын машинаар солиод, банкны зээлээр батальонд цэргийн ангийн хажууд хашаа байшин авч гарч байсан. Тэр үеэс хойш би хүүхдээ ч төрүүлээд сар ч болохгүй ажилдаа орж гэр бүлээ ч тэжээгээд банкны зээлээ ч төлж явсаар өнөөгийн энэ амьдралыг босгосон. М.Б-г гуанз ажиллуулбал архинаас гарч амьдралдаа нэмэр болох байх гээд хүүхдүүдийнхээ 20.000.000 төгрөгийн хадгаламжийн мөнгөөр уг гуанзыг төрсөн дүүгээс нь авч өгсөн. Гэтэл цэвэр миний хөдөлмөрөөр авсан хашаа байшингаа өөрийнх нь хөдөлмөрөөр авсан юм шиг бичиж, уг байшиндаа үлдээж өгөөч, Б.З-д ноогдох мөнгөн хөрөнгийг мөнгөөр төлье гэжээ. Би өнөөдрийг хүртэл амьдралаа аваад 5 хүүхдээ юугаар ч дутаалгүй өдий болтол өсгөсөн тул 5 хүүхдээ авсан ч ямар асуудалгүй тэжээгээд явж чадна. Иймд гомдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зөв гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Д.З- нь хариуцагч М.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгийн өөрт оногдох хувийг гаргуулах шаардлага бүхий  нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж гэрлэлтийг цуцалж охин Б.А-, Б.М- нарыг эцэг М.Б-гийн асрамжинд үлдээж охин Б.Намуунзол, Б.Н- хүү Б.Б- нарыг эх Б.З-гийн асрамжинд өгч дундын хөрөнгийг нийт гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгээр нь тооцож гэр бүлийн зориулалттай газар, хувийн орон сууц болон автомашиныг нэхэмжлэгч болон хариуцагч нарт хуваарилж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн энэхүү шийдвэрийг хариуцагч Б.Б- эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо шүүх Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн охин Б.Намуунзол, Б.Н- болон хүү Б.Б- нарыг архины хамааралтай болсны улмаас бүтэн жил үр хүүхдээ хаяж явсан хүний асрамжинд үлдээлээ. Хамт амьдарч байгаа хүүхдүүдийг минь салгаж сэтгэл санааны хямралд оруулсанд гомдолтой байна. Биднийг орон байранд минь үлдээж хүүхдүүдийг минь битгий салгаач Б.З-д  дундын оногдох хөрөнгийг мөнгөөр өгье хүүхдүүдийн тэтгэлгийг авахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэжээ.

           Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн  бөгөөд гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байна.

Харин хүүхдийн асрамж болон эд хөрөнгө хуваарилах тухай асуудалд гомдол гаргажээ.

Шүүх гэрлэлтийг цуцлахдаа  гэрлэгчид  хүүхдийн асрамжийн талаар  тохиролцож чадаагүй бол хүүхдийг эх эцгийн хэнтэй нь хамт амьдруулах талаар асрамжийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.

Ийнхүү шийдвэрлэхдээ хүүхдийн дээд язгуур эрх ашгийг  нэн тэргүүнд харгалзан үзэх ёстой.

Хүүхэд гэр бүлдээ эрүүл, аюулгүй тайван орчинд өсч торних сурч боловсрох эрхтэй бөгөөд энэ орчныг эцэг эх нь хамтран бүрдүүлэх үүрэгтэй.  Харин шүүхийн шийдвэрээр эцэг эхийн гэрлэлтийг цуцалсан тохиолдолд  гэрлэгчдийн хүүхэдтэйгээ хамт амьдрах хүсэл сонирхлоос илүүтэй шүүх хүүхдийн амьдрах орчин эх эцгийн хүүхдэдээ тавих анхаарал халамж тэдгээрийн амьдралын хэв маяг, ёс суртахуун,  цалин орлого, хангамж зэргийг харгалзан үзвэл зохино.

           Хэргийн оролцогчид нь нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын талаар тайлбар гаргах эрхтэй этгээдүүдийн хувьд хүүхдийн асрамжийн талаар гаргасан тайлбаруудынхаа   үнэн зөвийг нотлох, батлах  нь хэдийгээр процессын оролцогчдын хувьд тэдний үүрэг байх боловч гэр бүлийн маргаантай харилцаанд хүүхдийн эрх ашгийн үүднээс шүүх хөндлөнгийн байх байр суурийг зөрчихгүйгээр зохигчдын шүүхэд гаргасан тайлбарын үнэн зөвийг магадлах үүрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг маргаанд оновчтой  хэрэглэхэд ач холбогдолтой юм.

           Тус маргаан бүхий хэргийн хувьд насанд хүрээгүй 5 хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд тэдгээрийн эх эцгийн тогтмол эрхэлж байгаа ажил хөдөлмөр, цалин орлого, амьдралын нөхцөл, зан төлөв, ёс суртахууны байдал зэргийг тогтоох шаардлагатай байна. Энэ байдал хангалттай тогтоогдоогүй байна.

           Хариуцагчийн нэхэмжлэгч Б.З- болон түүнтэй хамт амьдарч байгаа ээжийг нь архины хамааралтай болсон тул хүүхдүүдтэй хамт амьдрах боломжгүй  гэх тайлбар болон нэхэмжлэгчийн Б.Б- насанд хүрээгүй охидуудыг гуанзанд ажиллуулдаг мөн архи ууж мөрийтэй тоглож хүүхдүүдийг гадуур дагуулж тэнэдэг гэх тайлбар, мөн насанд хүрээгүй охин Б.М-, Б.А- нарын ээжийгээ архи уудаг, ээжийнхээ дүүг дүү нарыг нь зоддог гэх мэдүүлэг зэрэг нь байгаа боловч эдгээр тайлбар, мэдүүлгүүд үнэн зөв эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас эх эцгийн хэнтэй нь хүүхдүүдийн асрамжийг үлдээхийг шийдвэрлэхэд хангалттай биш байх тул хэрэгт дахин ажиллагаа хийх шаардлагатай байна.

Тухайлбал хариуцагч нь Б.З-г архины хамааралтай эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг хангахгүй орхисон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж зөвтгөх боломжгүй байна.

           Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч хариуцагч нар мэтгэлцэгч талуудын хувьд харилцан нэг нэгийгээ архи уудаг мөрийтэй тоглодог зүй бус авир гаргадаг  гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж тодорхойлсон байх боловч эдгээр хүмүүсийн зан байдал, ажил төрөл, амьдрал ахуйг мэдэх гэрчийн этгээдүүд бусад баримтуудаар маргааны үйл баримтууд тогтоогдоогүй байна.

           Иймд хүүхдүүдийн асрамжийг эцэг эхийн хэнд нь хариуцуулсан нь хүүхдүүдийн эрх ашигт илүүтэй нийцэхийг тогтоох үүднээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж холбогдох ажиллагааг зохигчдын тайлбаруудынхаа үнэн зөвийг нотлох үүргийн хүрээнд шүүхээр нотлох баримт бүдүүлүүлэх эрхийг хангах замаар хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж үзлээ. Мөн шүүх хүүхдүүдийн асрамжийг шийдвэрлэхийн тулд шинжээч томилоод шинжээчийн гаргасан дүгнэлтийг хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзээгүй үндэслэлээ шүүхийн шийдвэрт заагаагүй байгааг анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1184 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                   

    

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                     ШҮҮГЧИД                                      С.ЭНХЖАРГАЛ       

                                                                                                           О.НАРАНГЭРЭЛ