Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 409

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2018/00684/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хэсэг ... тоотод оршин суух Б овогт Д-ын З-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... тоотод оршин суух И овогт М-гийн Б-нд холбогдох

 

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :

“Миний бие Д.З нь 2004 онд анх М.Бтай танилцаж, 2005 онд гэрлэлтээ батлуулсан. 2005 онд охин Б.А, 2007 онд охин Б.М, 2009 онд Б.Н, Б.На, 2013 онд хүү Б.Б нар төрсөн. Анхны хүүхдээ гаргасан үеэс эхлээд бусадтай хардан улмаар цохиж нүддэг болсон. Мөн элдэв үгээр байнга доромжилж дарамталдаг болсон. Хоёр дахь хүүхэд болох Б.Мыг гаргахад өмнө нь гаргаж байсан зан ааш нь улам хүндэрч архи ууж согтууран гэртээ ирж төрсөн эгчийнхээ хажууд хүүхдүүдрүүгээ аяга хүртэл шидэж байсан. Мөн өвлийн хүйтэн шөнөөр нялх биетэй надруу агсам согтуу тавьж, үсдэж зодож, нүдэж нялх өлгийтэй хүүхэдтэй минь, дүүтэй минь хөөж тууж, ээжид минь хүртэл гар хүрч, хүйтэн зооринд түгждэг байсан. Энэ үйл явдал хэд хэдэн удаа давтан гардаг байсан. Мөн 2009 онд хоёр ихэр охиныг минь гарахад орон гэртээ орж ирж хонохгүй мөрийтэй тоглоом тоглож хэд ч хоногоор алга болж нялх биетэй байхад минь буудлаар хэсэж авгай нартай ууж идэж явдаг байсан. Ууж ирэх болгондоо биед минь гар хүрч ухаан алдтал минь боож зодож нүдэж, дээрээс минь дэвсэж байсан. Мөн үр хүүхдийнхээ дэргэд өмдөндөө шээж гэрийнхээ хивсэн дээр бааж хувцасаа тайлж нүцгэлдэг бусармаг ёс бус үйлдэл байнга гаргадаг байсан. Мөн бага хүүхдийг минь гэдсэнд байхад нь ална гэж сүрдүүлж согтуугаар машин барьж хурдтай явж алахыг завдсан. Энэ үйл явдал өнөөг хүртэл амьдралд минь үргэлжилсэн. Улам даамжран үр хүүхдийн минь дэргэд янхан банзал алаа захирч чаддаггүй эмээ нарын өвөгчүүдтэй явдаг. Нүүр амруу минь нулимж зодож нүдэж ах дүү нартайгаа нийлж гэрээс минь хөөж туудаг болсон. Чи юутай байсын юу ч үгүй байсан биздээ хоосон чигээрээ ээж дүү хоёроо аваад зайл гэж дарамталдаг. М.Бтай анх суухад гурван хүний дунд нэг ёотонгийн байртай буюу 300,000 төгрөгийн банкны өртэй байсан. Тэрхүү өрийг би ажил хийж төлсөн. Миний бие 15 жилийн хугацаанд тасралтгүй дайвар бүтээгдэхүүн зарж өөрийн биеэ хайхрахгүй хүүхдүүдээ төрүүлж нялх биетэй байхдаа хоёр хөхнийхөө сүүг гоожуулан тасралтгүй хөдөлмөрлөж ирсэн. Энэхүү хугацаанд амьдралаа дээшлүүлэхийн тулд банкнаас зээл авсан. Тэрийгээ хугацаа хэтрүүлэлгүй цаг хугацаанд нь төлсөөр ирсэн. Тэр хөдөлмөрийн минь үр дүнд хоёр давхар хаус, хүүхдийн нэр дээр 25,000,000 төгрөгийн хадгаламж босон М.Бд 15,000,000 төгрөгийн машин авч өгч байсан. Мөн М.Бгийн ах дүү нарын хүүхдүүдийг тусдаа гарах бүрт би өөрийн хөдөлмөрлөсөн мөнгөнөөсөө тус тусад нь 500,000 төгрөгөөр өгдөг байсан. Мөн байрны төлбөрүүдийг миний бие төлдөг байсан. Энэ хугацаанд ар гэр болон үр хүүхдүүдийг маань миний ээж охин дүү хоёр минь өдий хүртэл харж түшиг болж явдаг байсан. М.Б амьдралынхаа төлөө үүрэг хариуцлага хүлээхгүй эр хүний хийх ёстой ажлаас зайлсхийдэг. Архи согтууруулах ундаа байнга хэрэглэж нэг уухаараа олон хоног дарааллан ууж мөрийтэй тоглоом өдөр болгон тоглож уух болгондоо гэртээ ирж үр хүүхдийнхээ хажууд агсам согтуу тавьж мөн ээж болон дүүг минь элдэв бусаар хэлж ээжид минь хүртэл гар хүрдэг байсан. Мөн архи өгсөнгүй гэж аяга шидэж толгойг минь хагалж байсан. Энэ бүгдийг би 5 хүүхдийнхээ төлөө өнөөг хүртэл тэсэж, тэвчиж ирсэн. Гэтэл М.Б сүүлийн үед үр хүүхдийн минь зан араншинг эвдэж төрсөн эхийнх нь өөдөөс дунд охин болох Б.Маар янхан гэж хэл гэсээр байгаад миний өөдөөс янхан гэж хэлүүлж дунд хурууг нь хүртэл гаргасан. Мөн том охин Б.Аыг гэр оронд нь амраахгүй өдөр болгон ажилдаа дагуулж явж ажиллана. Хичээл номонд нь муудуулж ядаргаанд оруулж байна. Том охиноо гуанзандаа ажиллуулаад өөрөө мөрийтэй тоглоом тоглохоор явдаг. Мөн өнөөдөр миний төрсөн эх маань тархины цус харвалт өгөөд эмнэлэгт хэвтэж байхад М.Б бие нь яаж байна гэж асуухын оронд янхан ээжийгээ дагаад үх үх гэж нүүрлүү минь нулимж үр хүүхдийн минь хажууд доромжилсон. Эхийн минь ийм болсон шалтгаан нь эхийг минь хэд хэдэн удаа зодож гар хүрч цементэн дээр ухаан алдтал нь тархиар нь савуулж унагааж байсан. Мөн нохой шиг үздэг байсан. Эхийг минь эмнэлэгт сэхээнд байхад нэг ч удаа эргэж очоогүй өнөөдөр энэ хүнтэй суусны үр дүнд М.Бгийн гарынх нь шүүс болж эрүүл биеэрээ хохирч амьдарсаар залхаж байна. Мөн ээж минь энэ хүний аймшигт үйлдлээс эрүүл биеэрээ хохирлоо. Иймд цаашид энэ хүнтэй амьдрах ямар ч шаардлага байхгүй  буюу амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй тул М.Бгаас салгаж гэрлэлтийг минь цуцлуулж өгнө үү, насанд хүрээгүй хүүхдүүдээ өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно” гэжээ.

 

Хариуцагч М.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 1998 онд эцэг эхийн хамтаар ... аймагт шилжин ирж одоог хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд эгч Ктай хамтран бирж дээр дайвар бүтээгдэхүүн худалдаалж амьдран ёотонд 2 өрөө байр худалдан авч эцэг эхийнхээ хамтаар амьдарч байгаад аав, ээж минь 2001, 2003 онд нас барж ёотонгийн энэ хоёр өрөө байр надад шилжсэн юм. 2004 оноос нэхэмжлэгч Д.З-тай танилцан үерхэж байгаад улмаар энэ байрандаа 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн улсын бүртгэлд бүртгүүлж ... дугаартай гэрчилгээ авсан болно. Миний охин Б.А 2005 онд, Б.М 2007 онд, охин Б.На, Б.Н 2009 онд /ихэр/, хүү Баярбаясгалан 2013 онд тус тус төрсөн юм. Бид хоёр хамтын хөдөлмөрөөрөө илүү ч үгүй, дутуу ч үгүй, сайхан амьдарч удам залгасан хүүхдүүдээ эрүүл саруул өсгөн бойжуулж баяр баясгалантай сайхан амьдарч байсан юм. Миний бие хааяа архи ууж найз нөхөдтэйгээ тоглодог байсан нь үнэн боловч гэр бүлээ цуцлах хэмжээнд хүртэл архидан согтуурч Д.Зг дарамталж, зодож, тарчлааж байсан зүйл байхгүй хүүхдүүд минь гэрчлэх болно. Д.З нэхэмжлэлдээ дэндүү үндэслэлгүйгээр үнэн байдлыг гуйвуулан гүтгэж өөрийгөө буруугүй мэтээр бичсэн байгаад туйлын гомдолтой байна. Нэхэмжлэгч Д.З 2017 оны 08 сараас өнөөг хүртэл гэр орноо болон үр хүүхдээ орхиж яваад ирээгүй болно. Д.З нь Ц.Б-той байнгын бэлгийн харьцаатай болж гэр орон болон үр хүүхдээ орхиж “Jasper” эс би аая зочид буудалд байрлан улмаар зарын дагуу байр хэсэн байрлаж байнга архидан согтуурч хүүхдүүдээ амьдын хагацал үзүүлж бүтэн нэг жил боллоо. Энэ хугацаанд эцгийн хувьд 5 хүүхдээ бодож хамт амьдарч байна. Д.З архи ууж гэр орондоо ирэхдээ ямар ааш араншин гаргадаг хүүхдүүдээ яаж цохиж доромжлон харааж зүхдэг болохыг хүүхдүүд бүгд мэднэ. Д.З нь согтуу ирэхдээ гэрийн эд хогшлыг эвдэх нөхөр хүүхдүүдээ хэлэх хэлэхгүй үгээр хэлж гутаан хэрүүл үүсгэдэг юм. Хамт амьдарч байх хугацаандаа хөдөлмөрөөрөө бий болгосон хувийн орон сууц хашаа байшин эд хөрөнгө бид хоёрынх биш хүүхдүүдийн амьдралын баталгаа билээ. Би бүтэн жил 5 хүүхдээ бодож гаргасан дутагдлаа засаж гэртээ эргээд ирнэ гэж тэвчин хүлээсэн болно.

...гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Таван хүүхдээ өөрийн асрамжид авна” гэжээ.                                                                                                              

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч М.Бд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

М.Б, Б.З нар нь 2004 онд танилцаж, 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ олгосон бөгөөд тэдний дундаас 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.А, 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охин Б.М, 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр охин Б.Н, Б.На, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Б нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй харилцааны улмаас байнга маргаантай амьдрах болсон, нөхөр М.Б нь эхнэр Б.Зг доромжлон эрх чөлөөнд нь халдаж Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэвэрээр М.Б-д 20 цагийн албадан сургалтанд хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг оногдуулсан бөгөөд  эхнэр Б.З нь бусадтай гэр бүлийн харилцаа тогтоож, бусдын хүүхдийг төрүүлсэн, зохигчдын хэн аль нь цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Зохигч талуудын хэн аль нь хүүхдийн асрамжийн талаар эвлэрэх хүсэлгүй, таван хүүхдүүдээ хамтад нь өөрсдийн асрамжид авах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргаж, маргадаг болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Шүүхээс хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, боломжоор хангагдаж чадаж байгаа эсэх, тэдний эцэг, эх хоёрын тус тусын амьдарч байгаа орчин, нөхцөл, зан байдал, ёс суртахуун нь хүүхдүүдийг хүмүүжүүлэх, сурч боловсроход болон хүүхэд амьдрахад таатай, ээлтэй орчин байгааг судалж дүгнэлт гаргуулахаар шинжээчээр Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай захирамжаар томилсон. /1-р хх-87-89/

Шинжээч Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтийг гаргахдаа Лушерын өнгөний тест, Сэтгэц геометрийн тест болон ярилцлагын аргаар эцэг М.Б, эх Д.З, хүүхдүүд болох Б.А, Б.М, Б.На, Б.Н нарыг судалж,

Шинжээч дүгнэлтдээ: “ 1.Нэхэмжлэгч Д.З, хариуцагч М.Б нар нь 2004 оноос хамтран амьдарч байгаад 2017 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байна. Хоёулаа эрүүл, хөдөлмөр эрхлэх чадвартай.

2.Хүүхдүүдийн анги удирдсан багш нартай холбогдон хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн хичээл сурлага, ямар байгааг асууж тодруулахад эцэг эхийн зүгээс хүүхдүүддээ тавих анхаарал бага байна гэж үзэж байна. Д.З, М.Б нар нь тусдаа амьдарч эхэлснээс хойш эцэг эхийн аль аль нь анги удирдсан багш нартай биечлэн уулзалт хийгээгүй, эцэг эхийн хуралд суудаггүй, эцэг 1 удаа хүүхдийн хуралд суусан.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэсэн заалтыг үндэслэн Б.А, Б.М, Б.На, Б.Н нарын саналыг сонсож шийдвэрлэх,

4. Бага хүү Б.Б бага насны учир төрсөн эхийн асрамжид байлгах нь зүйтэй саналтай байна...” гэжээ /1-р ХХ-99-100/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон дээрх шинжээчийн дүгнэлт гарснаас хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд зохигч талуудын хоорондын харилцаа болон эцэг эх, хүүхдүүдийн хоорондын харилцаа, тэдний амьдрах орчин нь өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, шүүхээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2744 дугаартай захирамж гарсан. /1-р хх-248-250/

 

Шүүхээс шинжээч Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт “хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, боломжоор хангагдаж чадаж байгаа эсэх, тэдний эцэг, эх хоёрын тус тусын амьдарч байгаа орчин, нөхцөл, М.Б, Д.З нарын зан байдал, ёс суртахуун нь хүүхдүүдийг хүмүүжүүлэх, сурч боловсроход болон хүүхэд амьдрахад таатай, ээлтэй орчин бий болгосон эсэх, эцэг эх болох М.Б, Д.З нар нь архины хамааралтай эсэхийг судалж, дүгнэлт гаргахыг дээрх захирамжаар даалгасан.

Шинжээч 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дүгнэлт гарган шүүхэд ирүүлсэн бөгөөд тэрээр дүгнэлт гаргахдаа эцэг эх болох М.Б, Д.З нарыг 11 багц буюу Зан төлөвийн тодрол, Сэтгэл гутрал, түгшүүрийн тест, Түр зуурын сэтгэл гутрал, түгшүүрийн тест, Дасан зохицох чадвар, Архины хамааралтайг тогтоох хөнгөвчилсөн тест, Архины эрсдэл байгаа эсэхийг тогтоох тест, эцэг эхийн орчин тойрондоо хандах хандлага /дуусаагүй өгүүлбэр/, Гэр бүлийн харилцаа, Эцэг, эх хүүхдийн харилцан үйлчлэл СӨБ,  Эцэг эх, хүүхдийн харилцан үйлчлэл Өсвөр, Гэр бүл дэх эцэг эхийн хандлагын үнэлгээ зэрэг сэтгэл зүйн байдлыг тогтоох тест, аргыг,

 

Хүүхдүүд болох Б.А, Б.М, Б.На, Б.Н нарыг  6 багц буюу Харилцааны өнгөний сорил, Эцэг, эх, хүүхдийн харилцан үйлчлэл, IPPA Хүүхдийн ээнэгших дасан зохицох тест, Хүүхдийн сэтгэл зүйн байдлыг тогтоох  /Дуусаагүй өгүүлбэр/ зэрэг тест, аргыг хэрэглэж дүгнэлт гаргасан байна /2-р ХХ-9-21/

Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтэд:

“1. Д.З, М.Б нар нь 2004 оноос хойш хамтран амьдарч байгаад 2017 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байна. Хоёулаа эрүүл, хөдөлмөр эрхлэх чадвартай.

2. нэхэмжлэгч Б.Згийн хүүхдэд хандах хандлагын оношилгооноос дүгнэхэд хэт хяналттай, харилцаагаа хэт дотно үнэлдэг, хүүхдүүддээ ээнэгшил өндөр ч гэр бүл дэх үүргийн харилцаа хэвийн биш, хүүхдэд хэт төвлөрсөн сэтгэл хөдлөлтэй ханддаг.

3. хариуцагч М.Бгийн хүүхдэд хандах хандлагын оношилгооноос дүгнэхэд хяналт хэвийн хүүхдүүддээ ээнэгшил өндөр ч гэр бүлд зөрөлдөөн харилцаа сул тогтоогдлоо.

4. “Эцэг эхийн чадамжийг үнэлэх”, “Эцэг эхийн хүүхдэдээ хандах хандлага”-ыг тогтоох 12 психометрек шинжилгээний дүгнэлтээс үзэхэд хариуцагч М.Б нь 4 судалгааны дүнгээр нэхэмжлэгч талаас давуу байдалтай гарсан ч хүүхдүүдийн зүгээс эцэг эхдээ хандах хандлага, ээнэгшлийн хувьд харилцан адилгүй тогтоогдсон.

Хүүхдүүдээс авсан “Хүүхдийн эцэг эхдээ хандах хандлага”, “Хүүхдийн сэтгэл зүйн байдал” багш 6 оношилгоогоор:

-Том охин Б.А мэдрэмтгий, цочромтгой 2 зан төлөвийн хурцдал илэрсэн, бага хэмжээний стресс дарамттай байх магадлалтай ба харилцаандаа сэтгэл хангалуун биш ч гэсэн ээнэгшин дасан зохицох тестээр эхдээ илүү ээнэгшилтэй гарсан.

-2 дахь охин Б.М зан төлөвийн хувьд тогтуун, бусадтай харилцах тал дээр эгч дүү нараасаа илүү сайн нээлттэй, өндөр хэмжээний стресс дарамтад орсон байх магадлалтай ба ээнэгшин дасан зохицох тестээр эцэгтээ илүү ээнэгшилтэй гарсан.

-Ихэр охин Б.Н бусадтай харилцах тал дээр нээлттэй биш, мэдрэмтгий зан төлөвийн хурцдал илэрсэн, бусдад хандах хандлага эерэг, өндөр хэмжээний стресс дарамтад орсон байх магадлалтай ба ээнэгшин дасан зохицох тестээр эцэгтээ илүү ээнэгшилтэй гарсан.

-Ихэр охин Б.На  бусадтай харилцах тал дээр эгч дүү нараасаа илүү сайн нээлттэй, 4 зан төлөвийн хурцдал илэрсэн ба дасан зохицох тестээр эцэгтээ илүү ээнэгшилтэй гарсан.

-бага хүү Б.Б насны хувьд бага тул оношилгоо хийх боломжгүй.... гэж дүгнэсэн ба шинжээчээс зохигчдод хандаж  “...Хүүхдүүдээс авсан оношилгооноос харахад оношилгоонд орсон 4 хүүхдэд 1-4 зан төлөвийн хурцдал илэрсэн, хүүхэд бүр их болон бага хэмжээний стресс дарамтад орсон, гэр бүлд үүссэн зөрөлдөөнөөс хүүхдүүдийн харилцаанд сөрөг нөлөө бүхий харилцаа үүссэн, цаашлаад сургууль, багш, анги хамт олны зүгээс хандах хандлага хүүхдийн сурч боловсрох, нийгэмшихэд хүндрэлтэй зэрэг олон сөрөг үр дагавар бий болж байна.

Иймд эцэг эхийн зүгээс хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших, ялангуяа өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйг ойлгох, дэмжих, хамтрах, харилцаа хандлагаа эерэгжүүлэхэд анхаарах, насанд хүрэгчид хүүхдэд аль аль нь сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хамрагдах, хүүхдүүдийг болзошгүй эрсдэл нөхцлөөс урьдчилан сэргийлж, хүүхдүүдийн сургууль, багш ангитай хамтран ажиллаж хүүхдүүдийн хөгжил, хүмүүжил төлөвшилд анхаарч, хариуцлагатай хандахыг зөвлөсөн” байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу 7-гоос дээш настай хүүхдүүдээс асрамжийн талаар санал авсан бөгөөд  охин Б.А, Б.М нар нь  2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр  “...эцэг эхийгээ битгий салаасай, хамт амьдраасай гэж бодож байна. Хэрвээ салахаар бол аавынхаа асрамжид үлдэнэ” гэж санал өгсөн боловч 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр охин Б.А, Б.М нар нь “...Цаашид ээжийнхээ хамт амьдармаар байна...” гэсэн саналыг, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр охин Б.На нь “...ээжийнхээ асрамжид байна” гэсэн саналыг, охин Б.Н “...бүгдээрээ хамт амьдраад, хоёр эгчтэйгээ сайхан амьдармаар байна...” гэсэн саналыг тус тус шүүхэд өгсөн. /1-р хх-39-42, 176-177/

Дээрх хүүхдүүдийн саналд эцэг М.Б, эх Д.З нар нь архи согтуурах ундаа хэрэглэдэг талаар ярьсан бөгөөд нэхэмжлэгч Б.З нь 2018 оны 04 дүгээр сарын 09-нөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд 4 удаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргаж, эрх бүхий байгууллагаас арга хэмжээ авсан, хариуцагч М.Б нь 2010 онд 2 удаа, 2012 онд 1 удаа, 2017 онд 2 удаа, 2018 онд 3 удаа тус тус согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргаж, эрх бүхий байгууллагаас арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.

Талууд болох М.Б, Д.З нарын хэн аль нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой талаар тайлбарладаг, хэн аль нь энэ талаар үгүйсгэдэггүй бөгөөд нөгөөтэйгүүр Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олго, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг хүлээхээр заасан.

Өөрөөр хэлбэл талуудын хэн аль нь үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхэд эдлэх эрх, хүлээх үүрэг нь адил тэгш байх ба шүүхээс хүүхдүүдийн асрамжийн асуудлыг хэн нэгэнд нь харьяалуулан шийдвэрлэснээр эцэг эхийн дээрх эрх үүргийг хязгаарлахгүй болно.

Хүүхдүүдийн насны онцлог болон эцэг эхийн хоорондын таарамжгүй харилцаа, гэр бүлийн орчин зэрэг байдлаас хамаарч хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй, тэдний зан байдалд өөрчлөлт орж байгаа тул шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эцэг эх нь тусдаа амьдарч байхад хүүхдүүд эцэг эхийнхээ хэнтэй нь хамт амьдарч байсныг болон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт зэргийг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдаан дээр зохигч талууд ... эх Д.Зтай хамт охин Б.А, Б.Б нар, эцэг М.Бтай хамт охин Б.М, ихэр охидууд Б.Н, Б.На нар тус тус амьдарч байгаа...охин Б.Наыг 2 хоногийн өмнө ээж дээр нь аваачиж өгсөн...” гэх тайлбарыг гаргасан болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар хүүхдүүд болох Б.А, Б.Б нарыг эх Д.Згийн асрамжид, хүүхдүүд болох Б.М, Б.Н, Б.На нарыг эцэг М.Бгийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдүүдийн тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар И овгийн М-гийн Б, Б овгийн Д-ын З нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасны дагуу охин  Б.М, Б.Н, Б.Н нарыг эцэг М.Б-гийн асрамжид, охин Б.А, хүү Б.Б нарыг эх Б.З-гийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.М-ыг 16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Н, Б.На нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Д.Згаас, 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Аыг 16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Б-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Б-гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг тус тус гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Згаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул хариуцагч М.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Тогтоход даалгасугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.ТУНГАЛАГМАА