Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1411

 

                  

 

 

  2020            11             5                                          2020/ДШМ/1411                               

А.Ц, О.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч А.Ц, О.Г, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/900 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ц, О.Г нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн давж заалдах гомдлоор А.Ц, О.Г нарт холбогдох 1902006330231 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн  А.О, 1997 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хойд эцэг, эх, ах, дүү нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 82 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЕЭ97082613/;

2. Сартуул овгийн О.Г, 1996 оны 7 дугаар сарын 22-ний өдөр Улааанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хойд эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 9 дүгээр гудамжны 816 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УД96072212/;

О.Г нь А.Цтэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

улмаар мансууруулах бодис /ургамал/-ыг 63-47 УНЯ улсын дугаартай, тоёота приүс загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

А.Ц нь О.Гтай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

улмаар мансууруулах бодис /ургамал/-ыг 63-47 УНЯ улсын дугаартай, тоёота приүс загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Ц, О.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт А.О, Сартуул овогт О.Г нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар, шүүгдэгч О.Гыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, О.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлж шүүгдэгч тус бүрээс 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хатсан жин нь 8 кг 410 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэгч Ш.Энхтайван нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэж, хэрэгт битүүмжлэгдсэн “Тоёота” загварын “Приүс-20” маркийн 63-47 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч А.Ц, С.Ганчулуун нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч О.Г, А.Ц нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Өнөөдөр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдлаас хамааран хэргийн хөнгөн, хүндийн шинж тодорхойлогддог. Гэвч зөвхөн ургамал хэрэглэснийхээ төлөө хорих ял эдэлж өөрсдийн хувийн хэрэгтээ хар толбо үлдээх нь туйлын харамсалтай. Чухамдаа хар тамхины гаралтай ургамлыг хэрэглэх үндсэн шалтгаан нөхцөл байдал нь олон нийтийн сүлжээнд сурталчилсан ухуулга бүхий видео контентуудаас ихээхэн хамааралтай байна. Миний үйлчлүүлэгчид яг л ийм байдалд орсон залуус. Үүнд хатуурхаж ял оногдуулах нь өөрөө шударга шийдэл мөн үү. Чухамдаа шүүх хэргийн бодит факт үйл баримтад нийцүүлж дүгнэлт гаргах ёстой. Тухайлбал, хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдийн гэм буруугийн нийгмийн шинж, түүнийгээ засах чадвартай эсэхийг таамаглах, боломжтой эсэхийг дүгнэж байж хорих ялын хугацааг тогтоодог. Уг хугацааг тооцож хор аюулыг бодолцож улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид 1 жил 6 сарын хорих ял эдлүүлэхээр санал гаргасан. Уг үйлдэл нь чухамдаа улсын яллагч хууль хэрэглээ, үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдэл зэргийг бодиттой дүгнэж гаргасан гэж харж болохоор. Иймд шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцсэн шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

2. Шүүгдэгчдийн хувьд бусдын хийсэн бичлэг, уриалсан шинжтэй интернет мэдээллээс болж энэ гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн, Гэвч гэмт үйлдэл хийж байгааг нь зөвтгөж байгаа юм биш, харин түүнийг суртачлаад, бусдад хэрэглэхийг уриалаад байгаа, зарж борлуулаад байгаа үйлдэлд хүндрүүлэх нөхцөлийг түлхүү анхаарах ёстой.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг тэнсэн харгалзах ялаар өөрчилж болохоор байсан атал шүүх хэргийн үйл явцыг харгалзаж үзээгүй нь хэргийг зөв шийдсэн эсэхэд мөн л эргэлзээ үүсч байна.

4. Шийтгэх тогтоолд хохирлыг тооцоолохдоо бодит байдлыг тооцоолоогүй. Тухайн үед үйлдсэн гэмт хэрэгтээ ашигласан тээврийн хэрэгслээ миний үйлчлүүлэгч Ганчулуун нь 4.500.000 төгрөгөөр худалдаалсан тухай хэлдэг, түүнтэй холбоотой баримтаа ч гаргаж өгсөн байдаг. Хэрвээ хохирлыг зөв тооцоолсон бол анх зарсан хэмжээгээр тооцно. Сүүлд хийлгэсэн хохирлын үнэлгээ бол засвар хийгдсэн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон. Засвар хийгдээгүй байхад ямар үнэлгээтэй байсныг тогтоогоогүй байж шууд хохирлын үнэлгээ гэсэн баримтаар дүгнэсэн нь хуульд үл нийцсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хэт дордуулж шийдвэрлэснээс гадна хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн. Бодит бус үнэлгээгээр тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул тус шийтгэх тогтоолд хохирол болон ялын шийтгэлийг зөвөөр шийдвэрлэж, өөрчлөлт оруулж өгнө үү. ... ” гэв.

Шүүгдэгч А.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх энэ хэргийн хор уршгийг ойлгож ухаараагүй байсан. Дэмий зүйлд цагаа үрж байсандаа маш их харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй. Би эндээс гараад хүсэл мөрөөдлөөрөө сайхан амьдарч, хохирол төлбөрийг төлж барагдуулна. Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн сониуч зангаасаа болж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг маш сайн ойлгож авсан. Би хохирол төлбөрөө төлж барагдуулах болно. Мөн надад тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж шийдвэрээ гаргасан. Ингэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Цг 2 жил 6 сар, О.Гыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

О.Г, А.Ц нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

улмаар уг мансууруулах бодис /ургамал/-ыг 63-47 УНЯ улсын дугаартай, тоёота приүс загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

А.Цгийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа ойлгож байна. Ганчулуун бид 2 хоорондоо ярилцаж байгаад өөрсдөө хэрэглэх гэж Төв аймгийн Борнуур сумын нутгаас ургамал түүж ирсэн. ...” /1хх211-217, 2хх121-122/,

О.Гы яллагдагчаар өгсөн “...Өөрийн сониуч зандаа хөтлөгдөн ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би интернетээс тухайн ургамлын зургийг татаж аваад төстэй ургамлуудыг нь зурагтайгаа харьцуулж байгаад түүсэн. Бид хоёр хоорондоо ярилцаж байгаад явахаар болсон. ...” /1хх204-210, 2хх119-120/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “О.Г 2019.7.21”, “А.Ц 2019.7.21” гэж хаягласан шээсний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. ...” гэх 4164 дугаартай /1хх68-71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 6, 8, 9, 10 гэж дугаарласан гялгар ууттай навч, ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. ...” гэх 4163 дугаартай /1хх74-76/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...О.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. ...” 949 дугаартай /1хх80-83/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...А.Ц нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. ...” 948 дугаартай /1хх85-88/,

“ДАМНО” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн авто машин техникийн үнэлгээний “...63-47 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 6.600.000 төгрөг болохыг тогтоосон” 20-214 дугаартай /1хх139-142/ дүгнэлтүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх3/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх4-7/, илтгэх хуудас /1хх9/, мөрдөгчийн тэмдэглэл /1хх7, 10/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл /1хх30, 32-33/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх31, 34-44/, эд мөрийн баримт /1хх45-46/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх94/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх132-136/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Ц, О.Г нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

А.Ц, О.Г нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цг 2 жил 6 сар, шүүгдэгч О.Гыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх тул шүүгдэгч А.Ц, О.Г нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрх бүхий байгууллагаас тогтоосон үнэлгээгээр автомашины үнийг тооцож шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/900 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ц, О.Г нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/900 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ц, О.Г нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ