Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1087

 

 

 

 

 

    2019           10           16                                           1087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч С.Мөнхгэрэл /томилолтоор/,

шүүгдэгч О.Г, А.Ц, тэдний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2576/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорынгазрын хяналтын прокуророос:

С овогт Оийн Г, Б овогт Аы Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн Б овогт Агийн Ц, 1997 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “...” ... төвд үсчнээр ажилладаг, ам бүл 5, хойд эцэг, эх, дүү, ах нарын хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

2. Монгол Улсын иргэн, С овогт Оийн Г, 1996 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хойд эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ... дүүргийн 1 дүгээр хороо,  ...... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Г, А.Ц нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

-Улмаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг ... УНЯ улсын дугаартай, “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХнь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч А.Ц мэдүүлэхдээ: О.Г бид хоёр 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр интернэтээс бичлэг үзэж байгаад Төв аймгийн Борнуур суманд өвс ургадаг гэхээр нь явсан. Борнуур суманд очоод хайж байсан өвсөө олоогүй. Улмаар ... дүүрэг дэх гэр рүүгээ буцах замд зам дагуу өндөр ургасан ургамал байхаар нь эхлээд цаасанд ороогоод татаж үзсэн. Ямар ч нөлөө байгаагүй. Буруу хэрэглээд байгаа юм болов уу гэж бодоод гэртээ аваачиж байгаад үзье гэж шийдээд түүсэн. ... дүүрэг дэх гэр рүүгээ явж байгаад 32 дугаар хороонд мэргэжлийн хяналтын хүмүүст баригдсан. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй гэв.

 

Шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ: О.Г бид хоёр 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр интернэтээс бичлэг үзэж байгаад Төв аймгийн Борнуур суманд өвс ургадаг гэхээр нь ямархуу зүйл байдагийг үзэхээр явсан. Борнуур суманд очоод өвсөө олоогүй. Тэгээд ... дүүрэг дэх гэр рүүгээ буцаж явтал зам дагуу өндөр ургасан ургамал байхаар нь эхлээд мөн бишийг нь үзье гээд цаасанд ороогоод татаж, шалгаж үзсэн. Ямар ч нөлөө үзүүлээгүй.  Буруу хэрэглээд байгаа юм болов уу гэж бодоод төстэй ургамал байсан болохоор гэртээ аваачиж байгаад тухтай  хэрэглэж үзье гээд түүж авч, бэлтгэсэн. ... дүүрэг дэх гэр рүүгээ явж байгаад 32 дугаар хороонд мэргэжлийн хяналтын хүмүүст баригдсан гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт өвс тээвэрлэсэн автомашин байна гэх гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),

 

            2. Хэргийн газарт үзлэг хийсэн:

            “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шинэ 22-ын товчоон дээр өвс тээвэрлэсэн гэх ... УНЯ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашинд  2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01.00 цагт үзлэг хийхэд:

-цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн арын тээшэнд үзлэг хийхэд цагаан өнгийн хөөсөнцөр сав байна, уг сав дотор жижиг хэмжээтэй хүрз байв. Түүний хажууд 4 тортой зүйл байх ба, торыг задлан үзэхэд ногоон өнгөтэй, нойтон, хурц үнэртэй өвс байв. Үзлэгээр шинжээч ахмад Тамир тортой өвс тус бүрээс дээж аван гэрэл зургаар баримтжуулж тусгай уутанд хийн хураан авав. Үзлэгээр шинжээч ахмад Тамир Никон 3100 аппратаар 14 кадр зураг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дугаар тал),

 

3.Цагдаагийн а/а Г.Оюунбатын “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын постонд үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг 20 минутын үед ... УНЯ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг зогсоож шалгахад мансууруулах төрлийн ургамалтай адил, 4 уут, 12 кг ургамал илэрсэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн илтгэх хуудас (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

 

4.Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай буюу ... УНЯ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг хураан авсан, 4 ширхэг гялгар цагаан ууттай 12 кг орчим ногоон өнгөтэй нойтон хурц үнэртэй өвсийг хураан авсан, А.Ц, О.Г нараас биологийн дээж авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 72, 73, 74 дүгээр тогтоол (хавтаст хэргийн 13-14, 16-17, 21-22 дугаар тал),

 

            5. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэлд:

- 6, 8, 9, 10 гэж дугаарласан гялгар ууттай, нойтон, эхүүн үнэртэй /хурц/, хар ногоон өнгөтэй ургамлын навч бүхий зүйл байлаа. /Албаны цахилгаан жин дээр жинлэхэд 0.00 гэж зааж байлаа/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

 

            6. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэлд:

“... О.Г, А.Ц нарын 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр жолоодож явсан 6347 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан гэх зүйл нь цагаан өнгийн хөөсөнцөр хаягтай, дээр нь цагаан өнгийн даавуу тавьсан байх ба уг цагаан өнгийн даавууг авахад шаргал өнгийн гялгар уутанд тус тусад нь савласан 4 ширхэг ууттай зүйл байлаа.

1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 2.910 гр,

2 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 2.040 гр

3 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 1.830 гр,

4 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 1.630 гр тус тус жинтэй байлаа ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эдгээр зүйлийг, мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний химийн шинжээч А.Батбаярын ирүүлсэн 6, 8, 9, 10 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар ууттай, эхүүн үнэртэй хар ногоон өнгийн ургамлын навч зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 32-45 дугаар тал),

 

            7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4164 дугаартай дүгнэлтэд:

            Хэргийн болсон байдал: 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... УНЯ улсын дугаартай Приус 20 маркийн автомашин өвс тээвэрлэж явсан гэх.

            Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Хуванцар савтай шээс 2 ширхэг.

            ДҮГНЭЛТ:

            -Шинжилгээнд ирүүлсэн “О.Г 2019.7.21”, “А.Ц 2019.7.21” гэж хаягласан шинжилгээний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

            -Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. /шинжээч А.Батбаяр/…” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),

 

            8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4163 дугаартай дүгнэлтэд:

            Хэргийн болсон байдал: 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... УНЯ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашин өвс тээвэрлэж явсан гэх.

            Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: 1, 6, 8, 9, 10 гэж дугаарласан гялгар ууттай навч, ургамал мэт зүйл 4 ширхэг.

            ДҮГНЭЛТ:

-Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ.

6, 8, 9, 10 гэж дугаарласан гялгар ууттай навч, ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. /шинжээч А.Батбаяр/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 75-76 дугаар тал),

 

            9. Шинжээч А.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

            “... Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд хүний шээсэнд хэдий хугацаанд хадгалагдах ёстой гэсэн тодорхой заасан цаг хугацаа байхгүй. Тухайн хүний идэж уусан зүйл, унтаж амарч байгаа байдал, бие организмын онцлог, биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан харилцан адилгүй байх боломжтой. Тийм болохоор энэ талаар нарийвчлан тогтоосон судалгаа, үр дүн байхгүй. Бодисыг шинжлэхдээ хроматографи масс спектрометр багаж ашиглан явуулдаг учир илүү өндөр нарийвчлалтай үр дүн гарч  Дельта-9 тетрагидроканнабинол илэрлээ гэж бичигддэг. Харин шээсэнд шинжилгээ хийхдээ чанарын аргаар урвалд оруулан шинжилдэг тул зөвхөн үндсэн бодис буюу тетрагидроканнабинол /ТНС/ гэж бичдэг. Дельта-9 тетрагидроканнабинол болон тетрагидроканнабинол нь ижил төрлийн бодисууд юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дүгээр тал),

 

            10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 949 дугаартай дүгнэлтэд:

            Болсон хэргийн товч /өөрийн үгээр/: 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Борнуур рүү хүнтэй уулзах гэж очсон. Замд өвс их хэмжээгээр ургасан байсан, өмнө нь сошиалаар харж байсан. Би найз Цтэй 2-4 уутыг хэрэглэж үзэх гэж түүсэн. Тэр өдрөө цаасанд ороогоод тамхи ороож татдаг шиг 4-5 удаа сорсон. Сороход нэг их мэдрэмж төрөөгүй, сэтгэл санааны өөрчлөлт ороогүй.  2 жилийн өмнө өвсийг 2-3 удаа сорж байсан. Бас ямар нэгэн мэдрэмж аваагүй. Нийт 2 удаа өвс хэрэглэж үзсэн.

            Сэтгэцийн байдал: Үзүүлэгч амьдралын түүх болон болсон хэргийн талаар ярина. Дахиж хэрэглэнэ гэсэн бодол санаа байхгүй. Өвсийг үгүйлж бодоод байгаа зүйлгүй, дахиж хэрэглэхгүй байж чадна гэнэ.

            Сэтгэцийн онош: Эрүүл

            ДҮГНЭЛТ:

            -О.Г урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.Г сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэж оношлогдсон тохиолдолд Монгол улс СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно. О.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /шинжээч О.Баатаржав, П.Энхчимэг, Я.Ганхүү/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 81-83 дугаар тал),

 

11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 948 дугаартай дүгнэлтэд:

Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өвс түүх гэж Борнуур руу найзтайгаа хамт яваад Г машин бариад 4 уут өвс түүсэн. Өвсний зургийг сошиалаар харж байсан. Тэр үед цаасанд ороож хэрэглэсэн. Сороход мэдрэмж төрөөгүй. Өмнө нь 2 удаа хэрэглэж байсан, найзуудтайгаа баяр тэмдэглэж байсан чинь нэгнээс нь гараад ирэхээр нь хэрэглэсэн.

Сэтгэцийн байдал: Үзүүлэгч амьдралын түүх болон болсон хэргийн талаар ярина. Дахин хэрэглэнэ гэсэн бодол байхгүй, өвсийг үгүйлж бодоод байгаа зүйлгүй, дахиж хэрэглэхгүй байж чадна гэнэ. Үзүүлэгч хоёр гар болон цээжиндээ шивээстэй.

Стгэцийн онош: Эрүүл.

ДҮГНЭЛТ:

            -А.Ц нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. А.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэж оношлогдсон тохиолдолд Монгол улс СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно. А.Цд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /шинжээч О.Баатаржав, П.Энхчимэг, Я.Ганхүү/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 86-88 дугаар тал),

 

            12. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн зэрлэг олс ургамлын тархацын талаарх мэдээлэл лавлагаа бүхий жагсаалтыг баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 168-189 дүгээр тал),

 

            13. 6347 УНЯ “Тоёота приус” маркийн автомашины эзэмшигчээр Б.Дэмбэрэл бүртгэлтэй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа  (хавтаст хэргийн 94 дүгээр тал), 6347 УНЯ улсын дугаартай “Tоёота приус” маркийн автомашины эзэмшигчээр Б.Дэмбэрэл бүртгэгдсэн тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 8 дугаар тал),

 

            14. Шүүгдэгч О.Гы мөрдөн шалгах ажиллагаанд

            Гэрчээр 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

            “... 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гараад Борнуур руу өвс түүхээр өөрийн эзэмшлийн ... УНЯ улсын дугаартай “Приус 20” маркийн автомашинаар найз Цгийн хамт явсан. Борнуур дээр 16 цагийн үед очоод өвс түүгээд 18 цагийн үед дуусаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шинэ 22-ын товчоон дээр ирээд цагдаад баригдсан. Тухайн өвснөөс Ц  бид хоёр дундаа нэгийг ороож татсан. Борнуурт өвс байдаг талаар манай найз Золоо надад хэлж байсан юм. Тэгэхээр нь тийшээ явсан. Би 4 сарын өмнө нэг удаа өвс хэрэглэж үзсэн.  Тэрнээс хойш хэрэглээгүй байж байгаад өнөөдөр хэрэглэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр тал)

            -Гэрчээр дахин 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

            “.. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ц хамт утсаараа www.youtube.com сайтаас дуу сонсож байхад “Tuka Yalay gevel negd” гэсэн нэртэй клип байхаар нь үзэхэд Каннабис ургамлыг суртчилаад хүнд хэрэгтэй гэх мэтээр хэлж байсан. Ц бид хоёр хоорондоо ярилцаад Төв аймгийн Борнуур сумын нутаг руу миний ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн ургамлыг харж байгаагүй болохоор Төв аймгийн ...чандмань сум өнгөрөөд Борнуур сумын нутаг руу ороод замын талбайн хажуугаар Каннабис ургамал ургачихсан байхаар нь гар утсаараа интернэт ороод хайлт хийхэд уг ургамлын дүрс бичлэгүүд гарч ирээд тариан талбайн хажууд ургасан ургамалтай харьцуулж харахад адилхан байхаар нь 4 тор дүүрэн түүж аваад Улаанбаатар хот руу хөдлөхийн өмнө түүсэн ургамлаасаа нунтаглаж байгаад цаасанд дүнсэн тамхи шиг ороож татаж үзсэн. Бид хоёрын биед ямар ч нөлөө үзүүлээгүй. ...Тухайн 12 кг каннабис ургамлыг бид хоёр өөрсдөө хэрэглэх гэж байсан. Машин дотор 4 тор байхаар нь торондоо тааруулаад түүчихсэн. Хэн нэгэнд худалдах санаа зорилго байгаагүй. ... УНЯ улсын дугаартай автомашин манай ээжийн машин байгаа юм. Танилаасаа худалдаж аваад мөнгийг нь дутуу өгсөн болохоор нэрийг нь шилжүүлээгүй байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дугаар тал),

- 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн:

            “... Өөрийн сониуч зандаа хөтлөгдөн ийм хэрэгт холбогдчихлоо. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Бид хоёр интернэтээс Каннабис ургамлын зургийг татаж аваад төстэй ургамлуудын зурагтай харьцуулж байгаад түүсэн. Төв аймгийн Борнуур сум руу хоорондоо ярилцаж байгаад явахаар болсон. Тухайн газар Каннабис ургамал ургадаг талаар хүмүүсийн дам ярианаас сонссон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 207-210 дугаар тал),

 

            15. Шүүгдэгч А.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд

            Гэрчээр 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

            “... 2019 оны 7 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн орчимд найз Гы хамт машинтай Борнуур руу өвс түүх гэж яваад орой 18 цагийн орчимд очоод өвсөө түүгээд 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шинэ 22-ын товчоон дээр ирээд цагдаа зогсоогоод багажаа шалгуулаад баригдсан. Бид хоёр дундаа нэгийг ороож татсан. Би өмнө нь өвсийг 10-аас илүүгүй л хэрэглэж байсан байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар тал),

            -Гэрчээр дахин 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

            “... 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ гараад явж байгаад Гтай таараад ойр зуурын юм ярьж байгаад манай гэрт очсон. Бид гар утсаараа www.youtube.com сайтаас дуу сонсож байхад “Tuka Yalay gevel negd” гэсэн нэртэй клип байхаар нь үзэхэд Каннабис ургамлыг суртчилаад хүнд хэрэгтэй гэх мэтээр хэлж байхаар нь Ц бид хоёр хоорондоо ярилцаад Төв аймгийн Борнуур сумын нутаг руу миний ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн ургамлыг яг харж байгаагүй болохоор Төв аймгийн ...чандмань сум өнгөрөөд Борнуур сумын нутаг руу ороод замын талбайн хажуугаар Каннабис ургамал ургачихсан байхаар нь гар утсаараа интернэт ороод хайлт хийхэд уг ургамлын дүрс бичлэгүүд гарч ирээд тариан талбайн хажууд ургасан ургамалтай харьцуулж харахад адилхан байхаар нь 4 тор дүүрэн түүж авсан. Улаанбаатар хот руу хөдлөхийн өмнө түүсэн ургамлаасаа нунтаглаж байгаад цаасанд дүнсэн тамхи шиг ороож татаж үзсэн. О.Г бид хоёр 22-ын товчоон дээр цагдаа нарт шалгуулж баригдсан. О.Г Төв аймгийн Борнуур сумын нутагт Каннабис ургамал гэж хэлсэн юм. Би өмнө нь Каннабис ургамал татаж үзээгүй. Тухайн ургамал зам дагуу их ургачихсан байхаар нь машинд байсан тороор дүүрэн түүчихсэн юм. Өөрсдөө хэрэглэх гэж түүсэн, хэн нэгэн хүнд худалдах гэж түүгээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дугаар тал),

            -2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн:     

            “... Бид хоорондоо ярилцаж байгаад Төв аймгийн Борнуур сум руу явж Каннабис өвс түүхээр болсон. Анх удаа хэрэглэж үзсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 216-217 дугаар тал),

           

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон бусад баримтын талаар:

            16.  Гэрч В.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... ... УНЯ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл нь манай нөхөр Б.Дэмбэрэлийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Манай нөхөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулдаг “МАК” компанийн салбар компанийн харуул хамгаалалтын албанд ажилладаг. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажил руугаа явсан. Дээрх тээврийн хэрэгслийг О.Г манай нөхөртэй тохиролцоод худалдан авахаар болсон боловч яг одоогоор худалдан авах гэрээ байгуулж албан ёсоор худалдаж аваагүй байгаа. Манай нөхрийг Өмнөговь аймаг руу ажлаар явсан хойгуур нь О.Г машинаар таксинд явдаг юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар тал),

 

            17. Гэрч Д.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “... Ц нь 1997 онд Улаанбаатар хотод төрсөн. Эцэг, эхээс гурвуулаа. Айлын дунд хүүхэд юм. Одоо ээж болон хойд аав, ах, дүү нарын хамт амьдардаг. А.Ц бид хоёр 2004 онд ... дүүргийн 119 дүгээр сургуульд элсэн орж, 2014 онд төгссөн. Сургуулиа төгсөөд барилгын политехникийн коллежид элсэн орж суралцаж байгаад сургуулиасаа гарсан. Өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэдэг. Тамхи татдаг. А.Цд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэх зүйл анзаарч байгаагүй. Миний мэдэхийн найз нөхдийн хүрээлэл дунд мансууруулах бодис хэрэглэдэг хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар тал),

 

            18. Гэрч О.Наранзулын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “... А.Ц миний төрсөн хүү юм. 1997 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймагт төрсөн. Айлын дунд хүүхэд юм. 7 настайдаа тус Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцаж байхад нь манайх Багахангай дүүрэг рүү шилжиж, хүү маань 1 дүгээр ангиа төгсөөд Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцсан. А.Цг 3 дугаар ангиа төгсдөг жил манай ... дүүрэг рүү шилжсэн. ... дүүргийн 119 дүгээр сургуульд шилжүүлэн суралцуулаад дунд ангиа төгсөөд Барилгын политехникийн коллежийн үсчний ангид үргэлжлүүлэн суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд одоог хүртэл ... дүүрэгт миний хажууд үсчин хийж байна. Миний хүү 10 жилийн ангийнхаа хүүхдүүдтэй их найзалж нөхөрлөдөг байсан. Миний мэдэхээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй. Бид хоёр байнга л хамт байдаг. Хүүгийн маань зан ааш болон биеэ авч явах байдалд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал),

 

19. Гэрч Т.Энх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “... Г бид хоёр багын найзууд байгаа юм. Г нь 1996 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхээс гурвуулаа бөгөөд доороо хоёр дүүтэй.  Этүгэн их сургуульд элсэн орж суралцаж байгаад сургуулиасаа түр чөлөө авчихсан. Архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэдэг, тамхи татдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар тал),

 

20. Шүүгдэгч О.Гы төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 93, 100 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 112 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа-2015 оны 8 дугаар сарын 01-нээс 2019 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл (хавтаст хэргийн 111 дүгээр тал), ... дүүргийн 1 дүгээр хорооны “О.Г нь ам бүл 5 амьдардаг” тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 114 дүгээр тал), Хүнд машин механизмын оператор, тогоочийн мэргэжлийн үнэмлэх (хавтаст хэргий 115-118 дугаар тал),

 

21. Шүүгдэгч А.Цгийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 101, 103 дугаар тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 124 дүгээр тал) зэрэг баримтуудыг судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Г, А.Ц нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Г А.Ц нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

- улмаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай,гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг ... УНЯ улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, илтгэх хуудас, шинжээчийн дүгнэлт, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Г, А.Ц нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч О.Г А.Ц нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

-улмаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай,гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг ... УНЯ улсын дугаартай, “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт нь:

-2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт өвс тээвэрлэсэн автомашин байна гэх гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),

2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01.00 цагт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...... УНЯ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашинд  үзлэг хийхэд “...4 тортой зүйл байх ба, торыг задлан үзэхэд ногоон өнгөтэй, нойтон, хурц үнэртэй өвс байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дугаар тал),     

Цагдаагийн а/а Г.Оюунбатын “..... УНЯ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг зогсоож шалгахад мансууруулах төрлийн ургамалтай адил, 4 уут, 12кг ургамал илэрсэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн илтгэх хуудас (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

            -2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэлд “...6, 8, 9, 10 гэж дугаарласан гялгар ууттай, нойтон, эхүүн үнэртэй /хурц/, хар ногоон өнгөтэй ургамлын навч бүхий зүйл байлаа. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

-2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэлийн “... 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 6347 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж 4 ширхэг ууттай зүйл хураан авсан, 1 гэж дугаарласан ургамал мэт зүйл нь 2.910 гр, 2 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 2.040 гр, 3 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 1.830 гр, 4 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 1.630 гр тус тус жинтэй байлаа ...” гэх тэмдэглэл, шинжээч А.Батбаярын 6, 8, 9, 10 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар ууттай, эхүүн үнэртэй хар ногоон өнгийн ургамлын навч зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 32-45 дугаар тал),

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4164 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4163 дугаартай дүгнэлтийн “... 6, 8, 9, 10 гэж дугаарласан гялгар уутай навч, ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. /шинжээч А.Батбаяр/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 75-76 дугаар тал),

-Шинжээч А.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дүгээр тал), шүүгдэгч Р.Г, А.Ц нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 207-210, 216-217 дугаар тал), мөн тэдний шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсаныг хууль бус гэж үзнэ.

Мөн Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх гэдэг нь байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан идэвхитэй үйлдлийг ойлгоно.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Иймд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Харин прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зөвтгөх нь зүйтэй гэж үзсэн ба, энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.

 Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Г, А.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн; хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.  

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм.

 

            2.Эрүүгийн хариуцлагын талаар.

            Улсын яллагч дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ц, О.Г нарт тус бүр 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1, 5, 6 дугаартай сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон ургамал,  мөн тусгай шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн 6, 8, 9, 10 гэж дугаарласан гялгар уут бүхий ургамал, навч мэт зүйлийг устгуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нь  “шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмыг зааж өгсөн. Үйлдсэн гэмт хэрэгт нь тохируулсан ял шийтгэл оногдуулах ёстой. Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарлаж байгаа зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирол төлбөрийн асуудал байхгүй. Интернэтээс бичлэг үзээд туршаад үзье гэдэг санаа, сэдэл төрсөн. Иймд шүүгдэгч А.Ц, О.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 5 хүртэлх жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч О.Г, А.Ц нар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд ял шийтгэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, А.Ц нарт  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тус тус тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Г, А.Ц нарт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх, “мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлын талаар.

Эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан 1 гэж дугаарласан гялгар ууттай, нойтон муудсан байж болзошгүй ургамал мэт зүйл нь 2.910 грамм, 2 гэж дугаарласан 2.040 грамм, 3 гэж дугаарласан 1.830 грамм, 4 гэж дугаарласан 1.630 грамм тус тус жинтэй, шинжээчийн дүгнэлтээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай болох нь тогтоогдсон шинжээчийн дүгнэлттэй ирүүлсэн 6, 8, 9, 10 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар ууттай эхүүн үнэртэй хурц ногоон өнгийн ургамлын навч бүхий зэрэг эд мөрийн баримт нь хэргийн хамт шүүхэд шилжиж ирээгүй, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар тус тус хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон:

-1 гэж дугаарласан гялгар ууттай, нойтон муудсан байж болзошгүй ургамал мэт зүйл нь 2.910 грамм,

-2 гэж дугаарласан 2.040 грамм,

-3 гэж дугаарласан 1.830 грамм,

-4 гэж дугаарласан  1.630 грамм тус тус жинтэй,

-шинжээчийн дүгнэлтээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай болох нь тогтоогдсон шинжээчийн дүгнэлттэй ирүүлсэн 6, 8, 9, 10 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар ууттай эхүүн үнэртэй хурц ногоон өнгийн ургамлын навч бүхий зэрэг эд мөрийн баримтыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хуульд заасны дагуу даалгаж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзаасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

1. С овогт Оийн Г, Б овогт Агийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г,  А.Ц нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Г, А.Ц нарт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх, “мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээг тус тус авч, тогтоолын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, Ц нар нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэсэн, эрх хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан гялгар ууттай, нойтон муудсан байж болзошгүй ургамал мэт зүйл 2.910 грамм, 2 гэж дугаарласан 2.040 грамм, 3 гэж дугаарласан 1.830 грамм, 4 гэж дугаарласан  1.630 грамм тус тус жинтэй, мөн шинжээчийн дүгнэлтээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай болох нь тогтоогдсон 6, 8, 9, 10 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар ууттай эхүүн үнэртэй хурц ногоон өнгийн ургамлын навч бүхий зэрэг эд мөрийн баримтыг зохих журмын дагуу устггахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.  

 

   7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус тус гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

   8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Г, А.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА