Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/00417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Г.Б гудамж, өөрийн байр, О-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Буянт Ухаа-0 хороололд байрлах О ХХК,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Буянт Ухаа-0 хороололд байрлах Ж ХХК нарт холбогдох,

 Хан-Уул дүүргийн 00, 00 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 0, 0-р хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, Ж.П, С.Е, хариуцагч О ХХК-ийн Д.А, түүний өмгөөлөгч Н.Д, хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц түүний өмгөөлөгч Ц.Ц, З.С, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О газар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Засгийн газрын 2013 оны Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 000 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын Яамны захиалгаар Дэд бүтэц төсөл-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Буянт-Ухаа-1, 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчид бүртгэн авч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 36-ны өдрийн А/000 дугаар захирамжийн дагуу ашиглалт үйлчилгээг хүлээн авах комисс ажиллаж 2016/03 тоот актаар үндсэн хөрөнгийг О-ын баланст шилжүүлэн шийдвэрлэсэн болно. Хэдийгээр тогтоолын холбогдох заалт хүчингүй болсон хэдий төрийн өмч эзэнгүйдэж байгаа тул манай байгууллага мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагынхаа хувьд шаардах эрхтэй. О дулаан дамжуулах төв, инженерийн шугам сүлжээг эзэмшилдээ аваад одоог хүртэл тус газарт шилжүүлэхгүй байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. Иймд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар заасан Нийслэлийн өмчид бүртгэх жагсаалтын 5 дахь хүснэгтэд Хан-Уул дүүрэг Буянт Ухаа хороолол, Ус дулаан дамжуулах төвийн 10 дугаар барилга байгууламж, тоног төхөөрөмж гэсний Ус дулаан дамжуулах төв 1-ийг О ХХК-иас, Ус дулаан дамжуулах төв 0, 11-ийг Ж ХХК-ийн эзэмшлээс гаргуулан О-ын газрын эзэмшилд шилжүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

 Хариуцагч О ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон төлөөлөгч өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Манай компанийг ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг ямар ч гэрээ болон эрх зүйн баримт бичиггүйгээр эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр бичсэн нь буруу байна. Тус компани нь Өдрийн сонины 2014.04.25-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн инженерийн шугам сүлжээ болон ус дулаан дамжуулах төвийн ашиглалт засвар, үйлчилгээг хариуцан ажиллах мэргэжлийн байгууллагыг сонгох Төрийн орон сууцны корпорацийн сонгон шалгаруулалтад оролцож сонгогдон одоогийн байрлалдаа буюу Ус дулаан дамжуулах төв-0-ийг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа болно. Уг сонгон шалгаруулалт Монгол Улсын холбогдох хуулиудын дагуу явагдсан. Ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг улсын, хувийн ямар ч компани гүйцэтгэж болдог. Гэтэл О нь нэхэмжлэлдээ өөрийгөө дан ганц мэргэжлийн байгууллага мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна. Манай компани нь орон сууц, нийтийн аж ахуйн системд 20-иос 30 жил ажилласан мэргэжлийн боловсон хүчинтэй, зохих ажлын байр, машин техник тоног төхөөрөмжтэй мэргэжлийн байгууллага билээ. Бид энэхүү ус, дулаан дамжуулах төвийнхөө үйл ажиллагааг маш хүнд хэцүү үеэс нь эхлэн улмаар жигдрүүлж 1764 өрхийн 6000 гаруй хэрэглэгчдийг ус, дулаан, цахилгаанаар ханган 4 жил ажиллаж байгаа байна. Гэтэл О нь одоо хүнд үе нь өнгөрч үйл ажиллагаа жигдрэхээр тус төвийг авахаар улаарч байгаа нь тун зохисгүй билээ. Тус төвд хамааралтай эд хөрөнгө нь оршин суугчдын нийтийн эзэмшлийн, хувийн, тус компанийн эд хөрөнгөөс бүрдэж байгаа байгаа тул нийслэлийн өмчид бүрэн шилжих ч ёсгүй юм. Түүнчлэн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг бөгөөд уг тогтоолын 2 дахь заалт болон хавсралтын 5-д заасан хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн тогтоол хүчингүй болсон нь шаардах эрх хэрэгжүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Ж орон сууцны контор нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас зарласан Хан-Уул дүүрэг 10-р хороо, Буянт-Ухаа II орон сууцны хорооллын УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч Буянт-Ухаа II орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах болсон. Улмаар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд заасан өөрийн үүргээ бүрэн биелүүлж Буянт-Ухаа II орон сууцны хорооллын 30 байрны 1620 өрх, 240 хүүхдийн цэцэрлэгийг ус, дулаанаар хангах, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хэвийн явуулсаар ирсэн. Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл байгуулсан бөгөөд энэ нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад тохируулах, зүгшрүүлэх хугацаа 1 жил байна гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, гэрээ байгуулсан ашиглагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор тогтоосон хугацаа юм. О нь Буянт-Ухаа II орон сууцны ашиглалт үйлчилгээг манай байгууллага хүлээн авахаас өмнө хариуцан ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагаа нь доголдон хариуцан ажиллах боломжгүй, алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас II орон сууцны хорооллын ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар хариуцан ажиллах байгууллагыг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарсан манай орон сууцны конторт хариуцуулан өгсөн юм. Гэтэл үйл ажиллагааг хэвийн болгох хүртэл ажилласан бидний хөдөлмөрийг үл ойшоон үйл ажиллагаа нь хэвийн болсон хойно нь төрийн байгууллагын шийдвэрийг үндэслэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бид уг тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 25 дугаар тогтоолын 2 дахь заалт болон хавсралт-5 хүчингүй болсон. Иймд нэхэмжлэгчийн үндэслэл болгож байсан 25 дугаар тогтоолын холбогдох заалт хүчингүй болсон тул шаардах эрхгүй болсон гэж үзэж байна. Мөн өмчийн эзэн төр өмчөө хэнд хариуцуулах эсэх нь тодорхойгүй байгаа тул бид гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ нь хуулийн дагуу юм гэв.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Маргаан бүхий ус дулаан дамжуулах төв нь нийслэлийн өмчид бүртгэгдсэн. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/000 дугаар захирамжаар ашиглалт үйлчилгээг хүлээн авах комисс ажиллаж 2016/03 тоот актаар ус дулаан дамжуулах төвийн 10 барилга байгууламжийг тоног төхөөрөмж, шугам сүлжээ, цахилгаан кабель зэрэг үндсэн хөрөнгийг О-ын балансад шилжүүлсэн байна. Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн хурлаар орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн хурлаас гарсан тэмдэглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/0000 дугаар захирамж гарч Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт Ухаа 1, 2 хорооллын инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг О-т шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгал татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус үүрэг болгосон. Захирамжаар өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий инженерийн 2020 оны А/04 дүгээр тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж дээрх шийдвэрүүдийг хариуцагч компани нарт албан бичгээр хүргүүлж, ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж, барилга байгууламжтай газар дээр нь танилцаж энэ талаар мэдэгдсэн боловч хариуцагч нар ус дулаан дамжуулах төвийн ашиглалт үйлчилгээг О-т шилжүүлж өгөөгүй байна. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т заасан чиг үүрэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн а, б-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа хууль бус эс үйлдэл. Хариуцагч компаниудтай Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг түр хариуцуулж ажиллах зорилгоор нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан. НОСК ХК-ын удирдлага, Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын Тэргүүлэгчдийн аль нэгээс шийдвэр гарах хүртэл хугацаагаар гэрээ байгуулсан нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/ дугаар захирамж гарснаар гэрээ дуусгавар болсон. Нийслэлийн Засаг дарга нь Төрийн боон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу нийслэлийн өмчид бүртгэгдсэн өмчийн ашиглалт, үйлчилгээг О-т шилжүүлсэн шийдвэр нь хэн нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль ёсны үйл ажиллагаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 Гуравдагч этгээд Н-с шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 25 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/000 дугаар захирамжаар барилга байгууламж, ус дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид хүлээн авах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ус дулаан дамжуулах төвийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт 2016/03 тоот актаар хүлээлгэн өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна гэж заасан тул маргаан бүхий ус дулаан дамжуулах төвийн барилга байгууламж, тоног төхөөрөмж нь Н-т бүртгэж, ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллахаар зохицуулсан. Мөн үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал нь татвар ногдох орлогоос хасагдах зардалд багтдаг бөгөөд тус зардал нь хуримтлагдаж, тухайн хөрөнгийн шинэчлэл засвар үйлчилгээнд зарцуулагддаг. Гэвч хувийн орон сууцны конторууд нь шугам сүлжээ муудаж, засвар үйлчилгээ хийх шаардлагатай болсон үед ашиглалт, үйлчилгээг төрийн байгууллагуудад хүлээлгэн өгөх хүсэлтийг ирүүлж, ашиглалт үйлчилгээг хариуцахгүй орхисноос иргэд, аж ахуйн нэгж хохирох нөхцөл байдал үүсдэг тул төрийн байгууллагын хувьд хариуцан ажиллахаас аргагүй болдог. Иймд дээрх ус дулаан дамжуулах төвийн барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчит Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар О-т хүлээлгэн өгч, хариуцуулах нь зүйтэй гэж үзэж байна... гэжээ.

Шүүх зохигчдын гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нэг бүрчлэн судлан өөрийн дотоод итгэлээр үнэлэн ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэгч О нь хариуцагч О ХХК нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1, 2-р хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолоор маргаан бүхий ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг манай байгууллагад хариуцуулахаар шийдвэрлэсэн тул шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 3. Хариуцагч нар ...НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолын холбогдох заалтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0000 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон. Маргаан бүхий ус дулаан дамжуулах төвүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг гэрээний дагуу хариуцан ажиллаж байгаа тул нэхэмжлэгч шаардах эрхгүй... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 4. Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар Хөрөнгө бүртгэн авах тухай тогтоол гаргаж, уг тогтоолоор ...Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж ашиглалтад орсон хавсралтад заасан нийт 24 900 062 148 төгрөгийг өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, ус дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэж..., уг эд хөрөнгийг данс бүртгэлдээ тусган, ашиглалт хамгаалалт үйлчилгээг хариуцан ажиллахыг хавсралтад заасан эзэмшигч байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай. гэсэн тогтоолыг гаргажээ.

 Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан.

 Шаардлагын үндэслэл болж буй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 5-д хариуцагч О  ХХК болон Ж ХХК-ийн хариуцан ажилладаг Ус дулаан дамжуулах төвүүд орсон байх ба хариуцагч Ж ХХК нь уг тогтоолын хавсралтын 5-д заасан Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-II орон сууцны хорооллыг У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Ж ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг, тус шүүх 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0000 дугаар шийдвэрээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Хөрөнгө бүртгэн авах тухай 25 дугаар тогтоолын 2 дахь заалт болон хавсралтын 5-д заасан Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-II орон сууцны хорооллыг У-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хүчин төгөлдөр байна. /1-р хх-ийн 13,131-136/

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

   Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй эрхийн актын холбогдох хэсэг хүчингүй болсон байх тул нэхэмжлэгч маргаан бүхий ус дулаан дамжуулах төвүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг шилжүүлэхийг хариуцагч нараас шаардах эрхгүй гэж дүгнэв.

 Хариуцагч О ХХК нь Т-аас 2014 оны 04 сарын 25-ний өдөр зарласан Хан-Уул дүүрэг 00-р хороо, Буянт-Ухаа I орон сууцны хорооллын Ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээг байгуулан Буянт-Ухаа I орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг, хариуцан ажиллаж байгаа болох нь хавтаст хэргийн 83-87 дугаар талд авагдсан гэрээ болон гэрээ дүгнэсэн акт зэрэг баримтаар тогтоогдож байна.

 Мөн хариуцагч Ж нь Т-аас 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зарласан Хан-Уул дүүрэг 10-р хороо, Буянт-Ухаа II орон сууцны хорооллын Ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээг байгуулан Буянт-Ухаа II орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг, хариуцан ажиллаж байгаа болох нь хэргийн 98-103 дугаар талд авагдсан гэрээ, акт, албан бичиг зэргээр тогтоогджээ.

 Маргаан бүхий ус дулаан дамжуулах төвийн барилга байгууламж, тоног төхөөрөмж нь Нийслэлийн өмчлөлд бүртгэлтэй талаар зохигчид маргаагүй ба хариуцагч О ХХК болон Ж ХХК нь орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээдүүд болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба мэргэжлийн байгууллагын хувьд Орон сууцны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 33-35, 93/

 Иймд нэхэмжлэгч О нь дээрх барилга байгууламж, ус дулааны сүлжээ тоног төхөөрөмжийг өөртөө шилжүүлэн авах шаардах эрхтэй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч О ХХК болон Ж ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1, 2-р хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Орон сууцны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ийн Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1, 2-р хорооллын Ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэн авах тухай хариуцагч О ХХК, Ж нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ