Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1940

 

“ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо     даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01915 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ОХӨ” ХХК, “ЖНБӨТ” ХХК нарт холбогдох

Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1 болон 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай иргэний хэргийг иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, Б.Болорцэцэг, Л.Амгаланбаатар, хариуцагч “ОХӨ” ХХК, “ЖНБӨТ” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цэрэндулам, түүний өмгөөлөгч Э.Жанчивдорж, З.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 118 тогтоол, Засгийн газрын 2014 оны 263 тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын Яамны захиалгаар Дэд бүтэц төслийн хүрээнд Буянт-Ухаа-1, 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 9 сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчид бүртгэн авч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/705 захирамжийн дагуу ашиглалт үйлчилгээг хүлээн авах комисс ажиллаж 2016/03 тоот актаар үндсэн хөрөнгийг манай балансад шилжүүлэн шийдвэрлэсэн. Гэтэл “ОХӨ” ХХК болон “Габот” ХХК зэрэг компаниуд нь Нийслэлийн өмчийн ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг ямар ч гэрээ болон эрх зүйн баримт бичиггүйгээр эзэмшиж үйл ажиллагааг явуулсаар байгаа учир мэргэжлийн байгууллага болох манайд ашиглалт, үйлчилгээг шилжүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч “ЖНБӨТ” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай контор нь 2015 оны 9 сарын 14-ний ТОСК ТӨҮГ-аас зарласан орон сууцны хорооллын УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон Буянт-Ухаа II орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах болж, 2016 оны 2 сарын 18-ны өдөр ТОСК ТӨҮГ-тай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ байгуулан, Буянт-Ухаа II орон сууцны хорооллын 30 байрны 1620 өрх, 240 хүүхдийн цэцэрлэгийг ус, дулаанаар хангах, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хэвийн явуулсаар ирсэн. Хамтран ажиллах гэрээг 2016 оны 02 сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл байгуулсан нь Барилгын тухай хуулийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад тохируулах, зүгшрүүлэх хугацаа 1 жил гэсний дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, гэрээ байгуулсан ашиглагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор тогтоосон хугацаа юм. Нэхэмжлэгч нь Буянт-Ухаа II орон сууцны ашиглалт үйлчилгээг манай байгууллага хүлээн авахаас өмнө хариуцан ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагаа нь доголдон хариуцан ажиллах боломжгүй, алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар ТОСК ТӨҮГ-аас II орон сууцны хорооллын ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар хариуцан ажиллах байгууллагыг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарсан манай конторт хариуцуулан өгсөн. Гэтэл үйл ажиллагааг хэвийн болгох хүртэл ажилласан бидний хөдөлмөрийг үл ойшоон үйл ажиллагаа нь хэвийн болсон хойно төрийн байгууллагын шийдвэрийг үндэслэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 25 дугаар тогтоолын 2 дахь заалт болон хавсралт-5 хүчингүй болгосон тул шаардах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч” ОХӨ” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул зөвшөөрөхгүй. Тус компани инженерийн шугам сүлжээ болон ус дулаан дамжуулах төвийн ашиглалт засвар, үйлчилгээг хариуцан ажиллах мэргэжлийн байгууллагыг сонгох ТОСК-ын сонгон шалгаруулалтаар сонгогдон Ус дулаан дамжуулах төв-5-ийг хариуцан үйл ажиллагаа явуулж байна. Уг сонгон шалгаруулалт Монгол Улсын холбогдох хуулиудын дагуу явагдсан. Ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг улсын, хувийн ямар ч компани гүйцэтгэж болдог. Гэтэл нэхэмжлэгч өөрийгөө дан ганц мэргэжлийн байгууллага мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Манай компани орон сууц, нийтийн аж ахуйн системд 20-30 жил ажилласан мэргэжлийн боловсон хүчинтэй, зохих ажлын байр, машин техник тоног төхөөрөмжтэй мэргэжлийн байгууллага юм. Бид энэхүү төвийнхөө үйл ажиллагааг маш хүнд хэцүү үеэс нь эхлэн улмаар жигдрүүлж 1764 өрхийн 6000 гаруй хэрэглэгчдийг ус, дулаан, цахилгаанаар ханган 4 жил ажиллаж байна. Гэтэл нэхэмжлэгч одоо хүнд үе нь өнгөрч үйл ажиллагаа жигдрэхээр тус төвийг авах гэж байгаа нь зохисгүй юм. Тус төвд хамааралтай эд хөрөнгө нь оршин суугчдын нийтийн эзэмшлийн, хувийн, тус компанийн эд хөрөнгөөс бүрдэж байгаа байгаа тул нийслэлийн өмчид бүрэн шилжих ч ёсгүй юм. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 9 сарын 19-ний 25 дугаар тогтоолын 2 дахь заалт, хавсралтын 5-д заасан хэсгийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ОХӨ ХХК, ЖНБӨТ ХХК нарт холбогдох Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1, 2 дугаар хорооллын Ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэн авах тухай ОСНААУГ ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Мэндбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь хариуцагч нартай ‘Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ”-г байгуулан, Буянт-Ухаа 1 болон 2 орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг байна... гэжээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоол гарч Буянт-Ухаа 1 болон 2 орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авч, хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч энэ хугацаанаас өөрчлөгдсөн байхад Төрийн орон сууцны корпораци “ОХӨ” ХХК болон “ЖНБӨТ” ХХК-уудтай хамтран ажиллах гэрээ нь дуусгавар болохгүй одоо хүртэл үргэлжилж байгааг ямар хуулийг үндэслэл болгож шүүхийн шийдвэрт зааж байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх илт хууль зөрчсөн худал дүгнэлтийг хийсэн байна. Хавтаст хэргийн материалд одоо болтол дээрх талууд хоорондоо гэрээ байгуулсан нотлох баримт байхгүй бөгөөд орон нутгийн өмчийг “ОХӨ” ХХК болон “ЖНБӨТ” ХХК-уудад эзэмших ямар нэгэн шийдвэр байхгүй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар өмчлөгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу орон нутгийн өмчлөгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр сольж өгөх тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон дараа дахин шүүхэд хандаж гуравдагч этгээдээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрыг тус тус оролцуулах хүсэлтэй байгааг хангаж шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч мөн хэрэгсэхгүй болгосои бөгөөд шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 92 ,100, 101 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27, 77, 80 дугаар зүйл заалтуудыг зөрчиж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ОСНААУГ” ОНӨААТҮГ нь “ОХӨ” ХХК болон “ЖНБӨТ” ХХК-уудад холбогдуулан Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1, 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэн авахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллагууд эс зөвшөөрч маргажээ.

 

Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/00786 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 292 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ талаар ямар байр суурьтай болохыг шүүх тодруулаагүйгээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй.... Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай эсэхийг шүүх хэргийн оролцогчдоос тодруулах боломжтой байсан...” гэж дүгнэжээ. /хх-ийн 203/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрыг  тус тус гуравдагч этгээдээр оролцуулах  хүсэлт гаргасан байна. /хх-ийн 209/

Гэтэл анхан шатын шүүх “шүүхийн шийдвэр гарахад дээрх 2 байгууллагын эрх ашиг хөндөгдөхгүй..” гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд нийцээгүй,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсгийг зөрчсөн байхаас гадна уг хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна

Нөгөө талаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодруулалгүйгээр Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт заасныг баримтан нэхэмжлэлийг  шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв болж чадаагүй ба  Ус дулаан дамжуулах төв 6, 11-ийн тоног төхөөрөмж нь Нийслэлийн өмчлөлд бүртгэлтэйг зохигч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.   

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй, анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах  нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168.1.3-д  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                                                                                               Н.БАТЗОРИГ