Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00786

 

ОСНААУГ ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00003 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 292 дугаар магадлалтай, 

ОУНААУГ ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

ОПӨ ХХК, ЖЭБӨТ ХХК-д тус тус  холбогдох, 

Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1, 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч ЖЭБӨТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ж.П, хариуцагч ЖЭБӨТ ХХК-ийн төлөөлөгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Э.Ж, хариуцагч ОПӨ ХХК-ийн өмгөөлөгч М.Д, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч ОУНААУГ ОНӨААТҮГ-ын төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Монгол Улсын Засгийн газрын 2013 оны Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 118 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Дэд бүтэц төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Буянт-Ухаа-1, 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчид бүртгэн авч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 36-ны өдрийн А/705 дугаар захирамжийн дагуу ашиглалт үйлчилгээг хүлээн авах комисс ажиллаж 2016/03 тоот актаар үндсэн хөрөнгийг ОУНААУГ ОНӨААТҮГ-ын баланст шилжүүлэн шийдвэрлэсэн болно. Гэтэл ОПӨ ХХК болон Габот ХХК зэрэг хувийн компаниуд нь Нийслэлийн өмчийн ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг ямар ч гэрээ болон эрх зүйн баримт бичиггүйгээр эзэмшиж үйл ажиллагааг явуулсаар байгаа учир Мэргэжлийн байгууллага болох ОУНААУГ ОНӨААТҮ газарт ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЖЭБӨТ ХХК /Габот/-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай ЖЭБӨТ орон сууцны контор нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас зарласан Хан-Уул дүүрэг 10-р хороо, Буянт-Ухаа II орон сууцны хорооллын УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч Буянт-Ухаа II орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах болсон. Улмаар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд заасан өөрийн үүргээ бүрэн биелүүлж Буянт-Ухаа II орон сууцны хорооллын 30 байрны 1620 өрх, 240 хүүхдийн цэцэрлэгийг ус, дулаанаар хангах, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хэвийн явуулсаар ирсэн. Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл байгуулсан бөгөөд энэ нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад тохируулах, зүгшрүүлэх хугацаа 1 жил байна гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, гэрээ байгуулсан ашиглагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор тогтоосон хугацаа юм. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь Буянт-Ухаа II орон сууцны ашиглалт үйлчилгээг манай байгууллага хүлээн авахаас өмнө хариуцан ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагаа нь доголдон хариуцан ажиллах боломжгүй, алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас II орон сууцны хорооллын ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар хариуцан ажиллах байгууллагыг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарсан манай орон сууцны конторт хариуцуулан өгсөн юм. Гэтэл үйл ажиллагааг хэвийн болгох хүртэл ажилласан бидний хөдөлмөрийг үл ойшоон үйл ажиллагаа нь хэвийн болсон хойно нь төрийн байгууллагын шийдвэрийг үндэслэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бид уг тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 25 дугаар тогтоолын 2 дахь заалт болон хавсралт-5 хүчингүй болсон. Иймд нэхэмжлэгчийн үндэслэл болгож байсан 25 дугаар тогтоолын холбогдох заалт хүчингүй болсон тул шаардах эрхгүй болсон гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч ОПӨ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд тайлбарт: ...Манай компани Төрийн орон сууцны корпорацийн сонгон шалгаруулалтад оролцож сонгогдон одоогийн байрлалдаа буюу Ус дулаан дамжуулах төв 5-ыг хариуцан үйл ажиллагаа явуулж байна. Уг сонгон шалгаруулалт Монгол Улсын холбогдох хуулиудын дагуу явагдсан. Ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг улсын, хувийн ямар ч компани гүйцэтгэж болдог. Гэтэл Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь нэхэмжлэлдээ өөрийгөө дан ганц мэргэжлийн байгууллага мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна. Манай компани нь орон сууц, нийтийн аж ахуйн системд 20-оос 30 жил ажилласан мэргэжлийн боловсон хүчинтэй, зохих ажлын байр, машин техник тоног төхөөрөмжтэй мэргэжлийн байгууллага билээ. Бид энэхүү ус, дулаан дамжуулах төвийнхөө үйл ажиллагааг маш хүнд хэцүү үеэс нь эхлэн улмаар жигдрүүлж 1764 өрхийн 6000 гаруй хэрэглэгчдийг ус, дулаан, цахилгаанаар ханган 4 жил ажиллаж байна. Гэтэл Орон сууц, нийтийн эж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь одоо хүнд үе нь өнгөрч үйл ажиллагаа жигдрэхээр тус төвийг авахаар улаарч байгаа нь тун зохисгүй билээ. Тус төвд хамааралтай эд хөрөнгө нь оршин суугчдын нийтийн эзэмшлийн, хувийн, тус компанийн эд хөрөнгөөс бүрдэж байгаа тул Нийслэлийн өмчид бүрэн шилжих ч ёсгүй юм. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг бөгөөд уг тогтоолын 2 дахь заалт болон хавсралтын 5-д заасан хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн тогтоол хүчингүй болсон нь шаардах эрх хэрэгжүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00003 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ОУНААУГ ОНӨААТҮГ-ийн Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1, 2-р хорооллын Ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэн авах тухай хариуцагч ОПӨ ХХК, ЖЭБӨТ ХХК /Габот/ нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 292 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ЖЭБӨТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрт “...хариуцагч нар нь дээрх барилга байгууламж, ус дулааны сүлжээ тоног төхөөржийг төр өмчдөө авсан асуудлаар маргаагүй бөгөөд харин ашиглалт, үйлчилгээг гэрээний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болов. Иймд нэхэмжлэгч “ОУНААУГ” ОНӨААТҮГ нь дээрх барилга байгууламж, ус дулааны сүлжээ тоног төхөөрөмжийг өөртөө шилжүүлэн авах шаардах эрхтэй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх нь эргэлзээтэй, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлыг жинхэнэ нэхэмжлэгчээр солих хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй орхигдуулсан, “Төрийн орон сууцны корпораци” ТӨААТҮГ-ын байр суурийг тодруулах шаардлагатай, “ОПӨ” ХХК-д холбогдох хэсэгт эрх зүйн ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа шууд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэсэн учир шалтгаан тодорхой бус гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг жинхэнэ нэхэмжлэгчээр солиулах тухай хүсэлт гаргасан бөгөөд мөн өдрөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай газар 2017 оны 8 дугаар сард “ОПӨ” ХХК, “ЖЭБӨТ” ХХК-иудаас дээрх хөрөнгийг шилжүүлэн авах тухай нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тус газар орон нутгийн өмчийг эзэмших талаар нэхэмжлэл гаргах эрхгүй болоод байна. Иймд ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон нутгийн өмчийг хувийн хэвшлээс шаардах нэхэмжлэгчээр оролцож манай нэхэмжлэлийг дэмжиж өгөхийг хүсье” гэх хүсэлтийг гаргасан байна. Уг хүсэлтүүдээс үзэхэд “ОУНААУГ” ОНӨААТҮГ нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “ОУНААУГ” ОНӨААТҮГ-ыг дээрх барилга байгууламж, ус дулааны сүлжээ тоног төхөөрөмжийг өөртөө шилжүүлэн авах шаардах эрхтэй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

ОУНААУГ ОНӨААТҮГ нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг жинхэнэ нэхэмжлэгчээр солиулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэл гаргагчийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих боломжийг шүүхэд олгосон хэдий ч заавал нэхэмжлэл гаргагчийн хүсэлтийг хангаж нэхэмжлэгчийг солих үүрэгтэй биш бөгөөд уг ажиллагаа нь зайлшгүй хийгдэх ажиллагаа биш юм. Ямар тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхгүй нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих, ямар тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хуульд тодорхой тусгаагүй тул шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ шийддэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр солихын тулд “нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр” солино гэж заасан. Энэ нь нэхэмжлэл гаргагчийн хүсэлт байх бөгөөд нөгөө талаас нэхэмжлэл гаргах эрх бүхий жинхэнэ нэхэмжлэгч нь тухайн хэрэгт оролцох хүсэлтэй байх юм. Уг хэрэгт нэхэмжлэгч ОУНААУГ ОНӨААТҮГ нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг жинхэнэ нэхэмжлэгчээр солиулах хүсэлт гаргасан хэдий ч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь уг иргэний хэрэгт жинхэнэ нэхэмжлэгчээр оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2018/14915 дугаар захирамжаар “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй... болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр ...сольж болно гэж заасан байх ба нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд энэ талаар баримтгүй” гэж дүгнэн жинхэнэ нэхэмжлэгчээр солиулах хүсэлтийг хангахаас татгалзазаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Иргэний эрх зүйн харилцаа нь оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчмын үндсэн дээр үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болдог үндсэн шинжээс хамааран зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш байх явдал нь иргэний эрх зүйн процессын эрх зүйн онцлог шинж юм. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Харин хэргийн үйл баримтыг иргэний хэргийн шүүх өөрийн санаачилгаар тогтоохгүй бөгөөд талуудын зүгээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хөндлөнгийн байр суурьнаас шинжлэн судалж маргааныг шийдвэрлэдэг. Иймд иргэний хэргийн шүүх нь өөрийн санаачилгаар Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-ын байр суурийг тодруулах боломжгүй бөгөөд энэ талаар талууд хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна.

ОПӨ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр ЖЭБӨТ ХХК болон ОПӨ ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Түүнчлэн ОУНААУГ ОНӨААТҮГ-аас нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолыг үндэслэн тодорхойлсон бөгөөд тухайн тогтоолд ОПӨ ХХК-ийн ашиглалт үйлчилгээ явуулдаг төвийн талаар тусгаагүй байдаг. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 292 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ЖЭБӨТ ХХК-ийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх ОУНААУГ ОНӨААТҮГ-ын ОПӨ ХХК болон ЖЭБӨТ ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт-Ухаа 1, 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг “...хариуцагч нар …ашиглалт, үйлчилгээг гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа, …нэхэмжлэгч …шаардах эрхтэй нь тогтоогдоогүй” гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх, шийдвэрийг хүчингүй болгохдоо “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг жинхэнэ нэхэмжлэгчээр солих нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан... “Төрийн орон сууцны корпораци” ТӨААТҮГ-ын байр суурийг тодруулаагүй, хариуцагч “ОПӨ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэх үндэслэлүүд заасан байна.

1. Хэргийн баримтаас үзвэл анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ОУНААУГ ОНӨААТҮГ маргааны зүйл болсон Ус дулаан дамжуулах төвийн өмчлөгч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг жинхэнэ нэхэмжлэгчээр солих хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэж, хэрэгсэхгүй болгох дүгнэлт хийсэн нь шүүгчийн 183/ШЗ2018/14915 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт зааснаар тогтоогдож байх тул хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэхгүй. Харин шүүх захирамжийн захирамжлах хэсэгт хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноо заагаагүй нь зөрчилтэй боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 167 дугаар зүйлийн  167.1.5-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Иймээс жинхэнэ нэхэмжлэгчээр солих нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн, нэхэмжлэгч солих тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо дараах байдлыг анхаараагүй байна.

Хэргийн баримтаас үзвэл, маргааны зүйл болсон Ус дулаан түгээх төв, 6, 11-ийн  үйл ажиллагааг хариуцагч ОПӨ ХХК болон ЖЭБӨТ ХХК-иуд “Төрийн орон сууцны корпораци” ТӨААТҮГ-с зарласан сонгон шалгаруулалтын үндсэн дээр тус корпорацитай 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээний үндсэн дээр хариуцан ажиллаж байжээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хөрөнгө бүртгэн авах тухай 25 дугаар тогтоолоор Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Монгол улсын Засгийн газрын шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж, ашиглалтад орсон хавсралтад заасан нийт 24,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, ус дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг Нийслэлийн өмчид бүртгэж, улмаар тухайн хөрөнгийг данс бүртгэлдээ тусган ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллахыг хавсралтад заасан эзэмшигч байгууллагуудын дарга нарт үүрэг болгосны дотор маргааны зүйл болсон Ус дулаан дамжуулах төв 11 багтсан  байна.

Дээрх шийдвэрийг холбогдох хэсгийг эс зөвшөөрсөн ЖЭБӨТ ХХК-ийн нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0562 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хөрөнгө бүртгэн авах тухай 25 дугаар тогтоол гаргахдаа Төрийн орон сууцны корпораци болон хариуцагч ЖЭБӨТ ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байсан, хариуцагч тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, засан сайжруулалт хийснийг харгалзаагүй, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй үндэслэлээр тогтоолын 2 дах заалт, хавсралтын 5 заасан Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа-2 орон сууцны хорооллыг ус дулаанаар хангаж буй ус дамжуулах төв 11-т холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Ус дулаан дамжуулах төв 6, 11-ийн тоног төхөөрөмж нь Нийслэлийн өмчлөлд бүртгэлтэйг зохигч маргаагүй юм.

Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй ...болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр сольж болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заажээ.

Нэхэмжлэгч ОУНААУГ ОНӨААТҮГ нь Ус дулаан дамжуулах төв 6, 11-ийн өмчлөгчийн хувьд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг нэхэмжлэгчээр солих тухай хүсэлт гаргасан бөгөөд тухайн байгууллага хүсэлтийг дэмжсэн эсхүл татгалзсан аль нь болох нь тодорхой бус, тухайлбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ талаар ямар байр суурьтай болохыг шүүх тодруулаагүйгээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна.     

3. “Төрийн орон сууцны корпораци” ТӨААТҮГ болон хариуцагч ОПӨ ХХК болон ЖЭБӨТ ХХК-иуд сонгон шалгаруулалтын үндсэн дээр 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч нар үйл ажиллагааг хэвийн явуулж байгааг дүгнэж, цаашид гэрээг сунгах шаардлагагүй гэж үзэн дуусгавар болгосон тухай баримт хэрэгт авагджээ. Хариуцагч нар Ус дулаан дамжуулах төвийг   ямар эрх зүйн үндсэн дээр эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус байна. Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай эсэхийг шүүх хэргийн оролцогчдоос тодруулах боломжтой байсан, энэ ажиллагааг хийгээгүй байна.

4.  “ОПӨ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5-т заасантай нийцээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалд заасныг үгүйсгэх боломжгүй тул хариуцагч ЖЭБӨТ ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 292 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ЖЭБӨТ ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч ЖЭБӨТ ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ