Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2018/00033

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2018/00033

 

 

Ө.Б-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Өрнөндэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2018/01123 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ө.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв, Сс, ЭМТ холбогдох,

“Сэргэлэн сумын 3 дугаар багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4.913.497 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үндэслэлгүйгээр 3 сарын цалингаас 15 хувиар хассан 235.150 төгрөг, төрөөс олгосон 300.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Б , түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Төв аймгийн Төв, Сс, ЭМТ-н дарга Э.Будсүрэн, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч Ө.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би тус Эрүүл мэндийн төвд тасралтгүй 8 жил ажилласан. Сэргэлэн сумын 3 дугаар багийн эмчийн ажлыг хийж байх хугацаандаа 0-8 сартай хүүхэд, өндөр настай хүмүүст цаг тухай бүрт тусламжийг үзүүлж байсан. 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Б/04 дугаартай тушаалаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан. Тус тушаал нь сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 22-26-ны өдрийн хооронд сумын 1-5 дугаар багуудад томилолтоор ажиллаж байгаад буцаж ирэхдээ зам тээврийн осолд орсон. Миний хувьд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амрах ёстой байсан. Би 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод эмчид үзүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр надад сахилгын арга хэмжээ авч 3 сарын цалингийн хувийг хассан. Ажилгүй байсан хугацааны цалин 4.913.497 төгрөгийг гаргуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүсч байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.Б  бол эрүүл мэндийн салбарт тасралтгүй 8 жил ажиллаж ирсэн. 5 жил Сэргэлэн сумын Эрүүл мэндийн салбарт бага эмчээр ажиллаж байгаа. Энэ хугацаанд ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. Нэг удаа ажлаас үндэслэлгүй халагдсан боловч үндэслэлгүй гээд ажилдаа буцаж орсон. Тэрнээс хойш маш их дарамтад байдаг. Энэ хүнд шагнал урамшуулал өгдөггүй, бүх баяр ёслолоор зөвхөн Ө.Б г ажил дээр тавьдаг ийм гомдол санал байсан. Ө.Б  нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа хийж яваад зам тээврийн осолд орсон. Үүний дагуу эмчид үзүүлсэн. Энэ талаараа Эрүүл мэндийн төвийн эрхлэгчдээ хэлсэн. Энэ талаарх нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Эмчид үзүүлээд акт авсан байдаг. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 хоног ажил тасалсан гэж сахилгын шийтгэл ногдуулсан. Ө.Б д арга хэмжээ авсан учраас улсаас төрийн албан хаагч бүрд олгосон 300.000 төгрөгийг авч чадаагүй. Ө.Б-н ажилгүй байсан хугацааны цалин 4.913.497 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийлгэхийг даалгах, улсаас төрийн албан хаагчид олгосон 300.000 төгрөг, сахилгын шийтгэл ногдуулсан дагуу цалингаас суутгаж авсан 235.165 нийт 535.165 төгрөгийг Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Будсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд 2016 оны 11 сард их эмчээр томилогдсон. 2017 оны 11 дүгээр сараас хойш Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд түр томилогдон ажиллаж байна. Манай багийн эмч нь баг дээр байрладаггүй учраас Эрүүл мэндийн төв дээрээ байрлан ажилладаг. Бага эмч нар чөлөө авахдаа их эмч болон эрхлэгч эмчээс чөлөө авдаг. Чөлөө авахдаа амаар болон албан бичгээр чөлөө авдаг. Чөлөө авахдаа, чөлөө авах өдрийн өмнөх өдөр нь хэлж мэдэгддэг байсан. Би ажлаа авснаас хойш чөлөө авахдаа байнга албан бичгээр чөлөө авахыг нийт ажилчдын хурал дээр хэлж байсан. Үүний дагуу чөлөө авахдаа байнга албан бичгээр чөлөө авдаг болсон. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны Б/04 дугаартай албан тушаалын хувьд Ө.Б  эмч нь жижүүртэй байх хугацаандаа ажилдаа ирээгүй. Энэ үйлдлийг удаа дараа гаргасан. Мөн сумын иргэдээс Ө.Б  эмчтэй холбоотой өргөдөл гомдол удаа дараа ирсэн. Үүний дагуу ёс зүйн багийн хурал, нийт ажилчдын хурал хийгээд ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.Б г 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр жижүүрийн ажилтай байсан боловч ажилдаа ирээгүй. Мөн байгууллагын дотоод журамд заасны дагуу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.4-д заасны дагуу ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг үйлдлийг нотлох баримттайгаар баталгаажуулсан. Энэ талаар сумын иргэдээс ирсэн өргөдөл гомдол, зөрчил шалгасан тэмдэглэл, хамт олны хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар, мэдэгдэл зэргийг бүх л материалыг хуулийн дагуу бүрдүүлсэн. Ө.Б г 2017 оны 11 дүгээр сарын 27, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд жижүүрт гарах өдрөө ажлаа тасалж сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг үндэслэлээр 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас сахилгын шийтгэлийн дагуу суутгасан мөнгийг өгөх боломжгүй. Мөн улсаас өгсөн 300.000 төгрөгийг сахилгын шийтгэл ногдуулсан хүнд олгохгүй гэсэн журамтай. Энэ журмыг сумын Эрүүл мэндийн төв гаргаагүй. Иймээс 300.000 төгрөгийг олгох боломжгүй.” гэжээ.

 Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Боржигон овогт Өвгөний Баасангийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4.913.497 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үндэслэлгүйгээр 3 сарын цалингаас 15 хувиар хассан 235.150 төгрөг, төрөөс олгосон 300.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.020 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар данснаас гарган нэхэмжлэгч Ө.Б д буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01123 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулах, маргаанд хамаарал бүхий хуулиар зөвшөөрөгдсөн нотлох баримтуудын хоорондын уялдаа холбоо бүхий нөхцөл байдлуудыг үнэн зөв тодорхойлж түүнд зөв дүгнэлт хийж үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй билээ. Гэтэл тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, үндэслэл бүхий шийдвэрийг гаргаж чадаагүй юм. Учир нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг нотолсон нотлох баримтуудыг нь үнэлэлгүй орхигдуулсан ба харин хариуцагчаас гаргасан тайлбар, сүүлд нөхөн гаргасан.нотолгооны шаардлага хангаагүй баримтуудыг тулгуурлан хэт нэг талын байр суурьнаас хандаж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох,үндэслэх хэсэгт бичигдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтуудыг болон хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй ба үндэслэх хэсэгт бичигдсэн нөхцөлүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүй ойлгомж муутай байна.

Төв аймгийн Төв, Сс, ЭМТ-н даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч Э.Будсүрэн нь тус ажлыг хүлээн аваад 21 дахь хоног дэрээ тус сумын эрүүл мэндийн төвийн 3-р багын бага эмч Ө.Б тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа өөрт түр олгогдсон эрх мэдэл албан тушаалаа ашиглан түүний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарлаж улмаар нотлох баримтгүйгээр сахилгын арга хэмжээ авах түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хууль бус шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд: 1/ 2017.11.27-ны өдөр Ө.Б г 24 цагаар жижүүрт гарах эмчийн үүргээ гүйцэтгээгүй ажил тасалсан гэдэг шалтгаанаар шийтгэхдээ ямарч нотлох баримтгүйгээр 2017.11.28-ны өдөр Б/36 дугаар тушаал гарган түүнд 3 сарын үндсэн цалингийн 15% -иар сахилгын шийтгэл оногдуулсан байна. Гэвч уг тушаал нь хууль зүй үндэслэлгүй болохыг нотолсон баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байдаг юм. Тухайлбал х.х-71-д сумын 3,5 дугаар багийн бага эмч Ө.Б  нарыг 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд багийн нийт айл өрхүүдээр явж үзлэг,шинжилгээ,элэгний В, С вирусийн шинжилгээ хүүхдийн вакцин тарилга, артерийн даралт гэх зэрэг ажлуудаар хөдөө томилон явуулсан байна хөдөө явсан хойгуур нь Э.Будсүрэн 2017.11.23-ны өдөр жижүүр эмчийн хуваарийг өөрчилж Ө.Б г 2017.11.27-ны өдөр 24 цагаар жижүүрт гаргахаар тависан боловч энэ тухайгаа Ө.Б д албан ёсоор мэдэгдээгүй.мэдэгдээгүй тухайгаа ч хариуцагч хүлээн мэдүүлдэг нөгөө талаар Ө.Б  энэ ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 2017.11.25-ны өдөр өндөр дов дахь замын цагдаагийн постны ойролцоо дээрээс уруудаж явахад нь Баасангийн сууж явсан талаас өөр тээврийн хэрэгсэл мөргөж сууж явсан тээврийн хэрэгслийн эд анги нь гэмтэж доргилт авсан байна энэ талаараа даргын үүрэг гүйцэтгэгч Э.Будсүрэнд утсаар мэдэгдсэн тухай хариуцагч тайлбартаа болон шүүхэд мэдүүлдэг юм. 11-р сарын 25,26-ны өдрүүд нь бүх нийтийн амралттай бямба.ням гариг байсан учир 11-р сарын 27-ны өдөр Ө.Б  Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлэн, эхо,шинжилгээ өгч эмнэлгийн магадлагаагаар 2017 оны 11-р сарын 27.28-ны өдрүүдэд ажлаас нь чөлөөлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг зэрэг ажил үүргийн онцлог шаардлага болон хүндэтгэн үзэх шалтгаануудыг нотолсон баримтууд х.х- 71,57,162-д байгаа болно. Ө.Б  нь 2017.11.28-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдсан тухайгаа 2018.1.16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалыг авах үедээ дээрхи тушаалыг хамтад нь өгснөөр мэдсэн байна. Хариуцагч байгууллага 2017.11.28-ны өдөр Б/36 дугаар тушаал гаргасан болохоо Баасанд мэдэгдээгүй байна. Нэхэмжлэгч өөрт нь үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авагдсан тухайгаа хожим мэдэж өргөдөл гомдлоо хуулийн хугацаанд нь Төв аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гаргасны дагуу тус салбар хороо шалгаж шийдвэрлэхдээ Төв, Сс, ЭМТ-н даргын 2017.11.28 ны өдрийн Б/36 тоот тушаал нь хууль зөрчсөн талаар тодорхой тайлбарлан бичсэн нотлох баримт хх-ийн 164-168-р талд авагдсан байдаг.Гэтэл анхан шатны шүүх дээрхи хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг анхааралгүй түүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна. Э.Будсүрэн нь Ө.Б г ажлаас нь халахын тулд анхнаасаа зохион байгуулалттайгаар үндэслэлгүй арга хэмжээнүүдийг авч улмаар давтан зөрчилтэй болгохын тулд 2018.01.07-ны өдөр жижүүртээ гараагүйн улмаас 5-р багын иргэн Мөнхбатын бие мах бодь,сэтгэл санаанд нь хохирол учруулсан гэдэг шалтгаанаар 2018.01 16-ны өдөр Б/3 дугаар тушаал гарган Ө.Б г ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан мөн өдрөө дахин Б/4 тушаал гаргаж "Ө.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаал гаргаж ажлаас нь чөлөөлсөн байна. Б/3 дугаар тушаалын талаарх үндэслэлээ шүүхэд нотловол зохих байдлаар болон үүнд Баасан шууд буруутай болохыг нотолсон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт шийдвэр авагдаагүй байхад /х.х-137-141/ шүүх үүнд үнэн шударгаар хандаж үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохтой холбогдуулан гаргасан шийдвэр нь тодорхой үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Тухайлбал: 1/ 2017.11.27-ны өдрийн зөрчилд 2017.11.28- ны өдөр Б/36 дугаар тушаал гаргаж шийтгэсэн атлаа дахин 2017.12.05-ны өдөр уг тушаалыг гаргасан мэт давхцуулан гаргасан байдаг. 21 2018.01.16-ны өдөр Б/3 дугаар "сахилгын шийтгэл оногдуулах тухай" тушаалыг, 3/ 2018.01.16-ны өдөр Б/4 дугаар "хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг тус тус гаргаж дээрхи тушаалуудаа Ө. Баасанд эх хувиар нь 2018.01.16-ны өдөр гардуулан өгсөн атлаа 2018.01.15-ны өдөр Б/3, Б/4 тушаалуудыг гаргасан мэтээр давхцуулан нийтдээ 6 тушаал гаргасан байна. Гэвч тус тушаалуудын дугаар, ажлаас халах үндэслэл.холбогдох хуулийг баримталсан заалтууд адил бичигдсэн хэдий боловч Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалынхаа үндэслэл болгож байгаа сахилгын шийтгэлийн cap өдөр нь жинхэнэ сахилгын шийтгэл оногдуулсан cap өдөртэйгөө зөрүүтэй байгаа юм. Хариуцагч 2017.12.05-ны өдөр Б/36 дугаар "сахилгын шийтгэл оногдуулах тухай" тушаал гаргасан үндэслэлээ 2 удаагийн шүүх хуралд талбарлахдаа ... -Би 2017.11.28-ны өдөр Б/36 дугаар тушаал гаргасан нь үнэн харин 2017.12.05-ны Б/36-г аймгаас шалгалт ирхээр нь сүүлд бичиж хийсэн юм гэдгээ хүлээн мэдүүлдэг юм. Гэтэл шүүх ажил олгогчийн тухайн цаг үедээ гаргаж Ө.Б д гардуулан өгсөн тушаал болох 2018.11.28-ны өдрийн "сахилгын шитгэл оногдуулах" Б/36 дугаар тушаал, 2018.01.16-ны өдрийн Б/3 дугаар "Ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай" тушаал мөн өдрийн Б/4 дүгээр "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалуудыг үндэслэл болгон бичилгүй харин хариуцагч байгууллагын сүүлд нөхөн,давтан гаргасан 2018.12.05-ны Б/36 дугаар 2018.01.15-ны Б/3,Б/4 дугаар тушаалуудыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт бичиж улмаар шийдвэртээ "Баасантай холбоотой нийт 4 тушаал гаргасан байна.... үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэхгүй болно" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэл муутай байна. Мөн шийдвэрийн 7 дахь хуудсанд бичигдсэн үндэслэх хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, тушаал гаргахыг хуульчилсан" Э.Будсүрэнгийн гаргасан дээрхи тушаалууд нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. 1.4-д заасан ... гэх үндэслэлийг баримталж тушаал гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцэж байна" гэх ерөнхий заалтыг бичиж улмаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/4 дугаар тушаалын үндэслэн хэсэгт бичигдсэн хөдөлмөрийн дотоод журмын  зүйл  хэсгийн заалтуудыг хуулбарлан  бичиж " нэхэмжлэгч Ө.Б  нь давтан зөрчил гаргасан болох нь хариуцагч байгууллагаас гаргаж.шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн болно" гэж дүгнэсэн нь хэт ойлгомжгүй өөр хоорондоо уялдаа холбоогүй бөгөөд зөвхөн хариуцагчийн гаргасан тайлбар.нотолгоо муутай баримтанд тулгуурлан //хурлуудын тэмдэглэлийг нөхөн хийсэн байх магадлалтай ба он cap өдөр нь засвартай, Баасангаар гарын үсэг зуруулаагүй, зарим тэмдэглэлд Баасангийн гарын үсгийг дуурайлган зурсан.Хурлын тэмдэглэлээс хархад нийт ажилчдын хурал хийсэн гэх боловч зөвхөн дарга Будсүрэн нь ганцаараа ярьсан тэмдэглэлүүд бичигдсэн.зарим тэмдэглэл дээр тэмдэглэл хөтөлсөн хүн гарын үсэг зураагүй баримтуудыг нотлох баримт болгон өгсөн// хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж харин нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүнийгээ нотолсон үндэслэл бүхий дээрхи баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүй мөн уг нотлох баримтуудыг няцаасан үндэслэлээ нэг бүрчлэн шийдвэрт бичилгүй орхигдуулсан нь хэт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан шийдвэр боллоо гэж үзэж байна. Иймд Нэхэмжлэгчийн үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ө.Б  нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулж, 3-р багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.913.497 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, үндэслэлгүйгээр 3 сарын цалингаас 15 хувиар хассан 235.150 төгрөг, төрөөс олгосон тэтгэмж 300.000 төгрөгийг тус тус гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. 

Төв аймгийн Төв, Сс, ЭМТ-н даргын үүрэг гүйцэтгэгч Э.Будсүрэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б/4 тушаал гаргаж Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5, дахь хэсэг, 11.6.1.1,11.6.1.5, 11.6.1.8, 11.6.1.9 дэх хэсэг, 11.6.2.2-11.6.2.5, 11.6.2.9 дахь хэсэг, хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь хэсгийг  үндэслэн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэн  ажилтан Ө.Б тай байгуулсан  хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.   

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцлах эрхтэй.

Хариуцагчийн тайлбараас үзвэл ажил олгогчоос Төв аймгийн Төв, Сс, ЭМТ-н 3-р багийн бага эмч Ө.Б г сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзжээ. 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон   шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн  хууль ёсны байна.

Эхний зөрчлийн хувьд ажилтан Ө.Б  2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр /даваа гариг/ хариуцлагатай жижүүрээр ажиллах ёстой байсан боловч ажилдаа ирээгүй, багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй,

дахин тэрээр 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хариуцлагатай жижүүрээр ажиллах ёстой байсан боловч ажилдаа ирээгүйн улмаас үйлчлүүлэгчид яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй ажил тасалсан сахилгын зөрчил тус тус гаргасан болох нь хэрэгт авагдсан Төв аймгийн Төв, Сс, ЭМТ-н удирдлагын багийн хуралдааны тэмдэглэл болон мөн төвийн эмч, ажилчдын хурлын тэмдэглэлүүд, /хх-58-66, 75-76, 80-95, 117-119 тал/, эмч, сувилагч, үйлчлэгч нарын дуудлага, ээлжийн хуваарь /хх-71, 74 тал/, гэрч Д.Оюунсүрэн, гэрч О.Мөнхтуяа нарын мэдүүлгүүд /хх-36-37 тал/, иргэн М.Ядамсүрэн, иргэн Ж.Мөнхбат нараас эмнэлгийн захиргаанд гаргасан өргөдөл, гомдол /хх-53 ,137 тал,/ зэрэг  бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Төв аймгийн Төв, Сс, ЭМТ-н 3-р багийн бага эмч  Ө.Б  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан “ ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх... хөдөлмөрийн дотоод журам...сахин биелүүлэх үүрэгтэй”, Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.1-т заасан”... эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлэх,...эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх.. “гэсэн, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1-т заасан “...тусламж, үйлчилгээг үзүүлэх... эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах..”, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээний 3.1-т заасан “ Эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төгс үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримтална” 3.3-т “ Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа байгууллагын дотоод журам, тусламж үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг мөрдөж ажиллана” , гэсэн , Төв аймгийн Төв, Сс, ЭМТ-н  Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.1-т заасан “ажилтан нь ...хууль ..энэхүү журмыг мөрдөж хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана “ гэсэн  хууль болон хэм хэмжээний актаар тогтоосон  эмнэлгийн мэргэжилтний үүргээ сахин биелүүлээгүй  байна.   

Иймээс Хөдөлмөрийн дотоод журмын 11.6.1.8-д заасан “дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгэхгүй байх” үүргээ зөрчсөн, Сэргэлэн сумын 3-р багийн хүн амд эрүүл мэндийн тусламжийг чанартай жигд хүртээмжтэй үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй , ажил тасалсан сахилгын  зөрчил гаргасан тул бага эмч Ө.Б д ажил олгогчоос эхний зөрчилд нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б/36 тоот тушаалаар Хөдөлмөрийн  тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар 3 сарын цалингийн 15 хувиар , дараагийн зөрчилд нь 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/3 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл тус тус оногдуулж, мөн өдрийн  Б/4 тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа,  хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тушаалын үндэслэл хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн бүрэн дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 -т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Ажилтан Ө.Б  2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай, эмчийн магадалгаагаар өвчтэй байсан, хариуцлагатай жижүүрт гарах ээлжийн хуваарь өөрчлөгдсөнийг мэдэгдээгүй хэмээн маргажээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл 80.1-д “ Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно”гэж , мөн хуулийн  80.2-д “Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна.”гэж,  2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/01 тушаалаар батлагдсан Төв аймгийн Төв, Сс, ЭМТ-н Хөдөлмөрийн дотоод журмын 10.4.1–д “ Ажилтанд түүний хүсэлтээр ажлын 3 хүртэлх өдрийн чөлөө олгох ба хөдөлмөрийн хуулийн  80-р зүйлийн 1-т зааснаар чөлөө олгож ажлын байрыг хэвээр хадгална”, 10.4.2-т “ Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө хүсэж өргөдлөө ирүүлсэн ажилтанд эрхлэгч эмчийн зөвшөөрлөөр 3 хүртэлх хоногийн хугацаанд нь цалинтай чөлөө олгож, ажлын байрыг хадгална” гэж  тус тус заажээ.

Дээрх хууль болон хөдөлмөрийн дотоод журмын заалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө хүсэж өргөдлөө бичсэн ажилтанд  эрхлэгч эмчийн зөвшөөрлөөр цалинтай чөлөө олгодог байх бөгөөд энэхүү журмын дагуу Ө.Б  2017 оны 11 дүгээр сарын 17, 29-ны өдрүүдэд эмнэлэгт үзүүлэх тухай хүсэлт, бичгээр гаргаж,  эрхлэгч эмчээс  зөвшөөрсөн цохолт хийлгүүлэн чөлөө авч байжээ. /1-р хх-132-133 тал/,

Гэтэл ажилтан Ө.Б  нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Бундан зүрх ХХК-ийн эмчийн магадлагаар 11 дүгээр сарын 27, 28-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн гэх боловч зохих ёсоор эрхлэгчид хандаж эмчид үзүүлэх талаар хүсэлт гаргаж чөлөө аваагүй нь Хөдөлмөрийн тухай хууль болон дээрхи байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг зөрчсөн байна.        

Түүнчлэн нэхэмжлэгч Ө.Б  2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр авто ослын улмаас гэмтсэн, эмнэлэгт үзүүлсэн гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин Бундан зүрх эмнэлгийн эмэгтэйчүүдийн чанд авиа шинжилгээн буюу эхо-д харуулсан баримтыг /1- р хх-162-163 тал/ ирүүлсэн, мөн урьд нь уг эмнэлэгт 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдөр үзүүлж магадалгаа бичүүлж авч байжээ. /1-р хх-130 тал/,

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл Ө.Б г хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Мөн ажилтан Ө.Б  хариуцлагатай жижүүрийн ээлжийн хуваарийг өөрчлөгдсөнийг мэдээгүй, ажил тасалаагүй  гэж маргаж байгаа боловч 

гэрч Д.Оюунсүрэнгийн “...2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн дуудлага над дээр ирсэн. Би тэр үед сувилагч хийж байсан. ..Тэгээд энэ талаар Баасан эмч рүү 4-5 удаа залгахад  утсаа авахгүй байсан. ...би дахин Баасан эмч рүү залгахад би ирж л байна л гээд байсан..Баасан эмч тэр үед жижүүртэй байсан бөгөөд ажлын байрандаа байгаагүй ...би өөрөө очиж тариа хийсэн” гэсэн /1-р хх-32-33 тал/,

-гэрч О.Мөнхтуяагийн “...манай ээж хавдартай хяналтад байдаг хүн .17 цаг өнгөрөөд амнаас нь цус гараад дуудлага өгсөн байдаг. Тэгээд Ө.Б  эмч жижүүртэй байсан. Баасан эмч рүү залгасан чинь 17 цаг 30 минутын үед очно гэж хэлж байсан. 18 цагийн үед дахин залгахад Баасан эмч очно гэж хэлж байсан боловч очоогүй “ гэсэн /1-р хх-36-37 тал/, мэдүүлэг, ээлжийн хуваарь, эмч, ажилчдын хурлын тэмдэглэлүүд,алс төвийн дуудлагын журнал зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Хэрэгт хөдөлмөрийн гэрээ нотлох баримтаар авагдаагүй байх ба талууд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдсан эсэхэд маргаагүй, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, /1-р хх-10-11тал /,хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан баримт, төрийн үйлчилгээний албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэх баримт /хх-145-147 тал/, зэргээс үзвэл талуудын хооронд Хөдөлмөрийн хуулийн 23, 24 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдолтой маргааныг шүүхээр хянан  шийдвэрлэхээр тусгагдсан байх бөгөөд Төв аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо Ө.Б-н “сахилгын шийтгэл буруу ногдуулсан “ Төв аймгийн Төв, Сс, ЭМТ-н даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/36 тоот тушаалын талаар дүгнэлт гаргасан нь дээрхи хуулийг зөрчсөн, Ө.Б  гомдлоо шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргаж /1-р хх-187 тал/ хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Хөдөлмөрийн  тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...давхцуулан нийтдээ 6 тушаал гаргасан байна” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь хэргийн үйл баримт, ажилтны сахилгын зөрчил гаргасан өдөр тогтоогдсон, хариуцагчийн “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалыг  Баасанд  гардуулж , уг тушаалыг дахин 12 дугаар сарын 5-ны өдөр огноолж гаргасан”  гэсэн тайлбар, нэхэмжлэгчид гардуулсан   Б/3, Б/4  тушаалуудад “1 дүгээр сарын 16” гэж,/1-р хх-6,7/,  хариуцагчаас нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн Б/3,Б/4 тушаалуудад “ 1 дүгээр сарын 15 “ гэж /1-р хх-73, 113 тал/ өдрийг өөр өөр бичсэнийг дээрх  тушаалуудыг бүхэлд нь хууль бус гэж үзэх  үндэслэл болохгүй. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т “ Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заажээ.

Ө.Б г Төв аймгийн Төв, Сс, ЭМТ-н даргын  2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/2 тоот тушаалаар 1 сарын үндсэн цалингийн 10 хувиар , 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/06 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авч сахилгын шийтгэл ногдуулсан /1-р хх-136-137 тал/ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэрэг танилцуулсан тухай баримт  дээр гарын үсэг зуржээ. / 1-р хх-138 тал/ 

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрхи сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай танилцаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Хэдийгээр дээрх тушаалуудаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь шүүхээр хянагдаж буй ажил олгогчоос Ө.Б г 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/3, Б/4 тушаалуудаар  ажлаас халах сахилгын шийтгэл, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийн үндэслэл болоогүй ч гэсэн түүний сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа  дуусаагүй, захиргааны зүгээс түүнд мөнгөн урамшуулал олгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн төрөөс олгох тэтгэмж 300 000 төгрөгийн шаардлагын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий  байна. 

Дээрхи байдлуудаас дүгнэн үзвэл  хариуцагч байгууллагыг сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний  давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо ажил олгогчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/3 тоот тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заалтыг тогтоох хэсэгтээ баримтлаагүйг зөвтгөж  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2018/01123 дугаар шийдвэрийн тогтоох нь 1 дэх заалтад “ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д “ гэсний дараа “ 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ӨРНӨДЭЛГЭР

 

     ШҮҮГЧИД                                                                   Г.БОЛОРМАА

                                                                              

                                                                                                    Т.ЭНХМАА