Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00646

 

Ө.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2018/01123 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 223/МА2018/00033 дугаар магадлалтай,

Ө.Б-гийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4.913.497 төгрөг, 3 сарын цалингаас 15 хувиар хассан 235.150 төгрөг, төрөөс олгосон тэтгэмж 300.000 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Б-, өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Э.Будсүрэн, өмгөөлөгч Б.Баярмагнай, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би бага эмчийн мэргэжилтэй, мэргэжлээрээ Эрүүл мэндийн төвд тасралтгүй 8 жил ажилласан. 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Б/04 дугаартай тушаалаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан. Тус тушаалд сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэл заасан. 2017 оны 11 дүгээр сарын 22-26-ны өдрийн хооронд сумын 1-5 дугаар багуудад томилолтоор ажиллаж байгаад буцаж ирэхдээ зам тээврийн осолд орсон. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амрах ёстой байсан ба мөн өдөр Улаанбаатар хотод эмчид үзүүлсэн. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сахилгын арга хэмжээ авч 3 сарын цалингийн 15 хувийг хассан. 2018 оны 1 дүгээр сарын 16-ний өдөр Б/3 дугаар тушаалаар ажлаас халахын тулд үндэслэлгүйгээр удаа дараа ажлын хариуцлага алдсан эмнэлгийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4.913.497 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Мөн үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж цалингаас суутгаж авсан 235.165 төгрөг, улсаас төрийн албан хаагчид олгосон 300.000 төгрөгийг гаргуулахыг хүсч байна гэжээ. 

Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төв шүүхэд гаргасан тайлбартаа: Ө.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 27 болон 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх байсан боловч ажилдаа ирээгүй. Мөн байгууллагын дотоод журамд заасны дагуу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.4-д заасны дагуу ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан нь нотлогдсон. Сумын иргэдээс ирсэн өргөдөл гомдол, зөрчил шалгасан тэмдэглэл, хамт олны хурлын тэмдэглэл, Ө.Б-гийн тайлбар, мэдэгдэл зэргээр гаргасан зөрчил нотлогдсон. Дээр  дурдсанаар Ө.Б- нь сахилгын удаа дараа зөрчил гаргасан тул 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Түүнчлэн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлтэй тул шийтгэлийн дагуу суутгасан мөнгийг өгөх боломжгүй. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан бол 300.000 төгрөгийн тэтгэмжийг олгохгүй гэсэн журамтай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2018/01123 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Боржигон овогт Өвгөний Баасангийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4.913.497 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үндэслэлгүйгээр 3 сарын цалингаас 15 хувиар хассан 235.150 төгрөг, төрөөс олгосон 300.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.020 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар данснаас гарган нэхэмжлэгч Ө.Б-д буцаан олгож  шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 223/МА2018/00033 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2018/01123 дугаар шийдвэрийн тогтоох нь 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д гэсний дараа 131 дүгээр зүйлийн 131.1.3-т гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01123 дугаар шийдвэр болон тус аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 00033 дугаар магадлалаар Ө.Б-гийн нэхэмжлэлтэй Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвд холбогдох хөдөлмөрийн маргаантай хэргийг илтэд хууль буруу хэрэглэн нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ашгийг хохироон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага шаардлагаа нотолсон үндэслэл бүхий нотлох баримтууд хэрэгт хангалттай баримтаар авагдсан байхад түүнийг зориуд анхаарч үзэлгүй орхигдуулж харин хариуцагч талаас гаргасан тайлбар, нотолгооны шаардлага хангагдаагүй баримтуудыг үндэслэн зөвхөн өөрийн үзэмжээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор хохироосон шийдвэр магадлал гаргалаа гэж үзэж байна. Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч Э.Будсүрэн нь тус ажлыг хүлээн аваад 21 дахь хоног дэрээ 3-р багын бага эмч байсан Ө.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа /ажилтан ажил олгогч хоёрын хооронд жил болгон хөдөлмөрийн гэрээ шинэчлэн хийгддэг байсан/ өөрт түр олгогдсон эрх мэдэл албан тушаалаа ашиглан түүний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарлаж улмаар нотлох баримтгүйгээр сахилгын арга хэмжээ авах ,түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хууль бус шийдвэрүүдийг гаргасан гэж үзэж байна. Тухайлбал: Ө.Б-г 2017.11.27-ны өдөр 24 цагаар жижүүрт гарах эмчийн үүргээ гүйцэтгээгүй ажил тасалсан гэдэг шалтгаанаар 2017.11.28-ны өдөр Б/36 дугаар тушаал гарган түүнд 3 сарын үндсэн цалингийн 15% -иар сахилгын шийтгэл ногдуулсан. Гэвч энэ талаар баримтаар нотолж чадаагүй ба уг тушаалынхаа үндэслэлд ч тодорхой тусгаагүй байна. Үүнд: Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвөөс 3,5 дугаар багийн бага эмч нарыг 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос -26-ны өдрүүдэд багийн нийт айл өрхийн хүн амын эрүүл мэндийн үзлэг, В,С вирусийн шинжилгээ, хүүхдүүдэд бакцин тарих зэрэг ажлуудаар хөдөө томилон явуулсан байна гэтэл эрхлэгч эмч Э.Будсүрэн 2017.11.23-ны өдөр Баасанг эзгүйд өмнөх жижүүр эмчийн хуваариа өөрчилж  2017.11.27-ны өдөр Баасанг 24 цагаар жижүүр эмчийн үүрэгт гаргахаар тавьсан байна /х.х-71/ гэвч энэ тухайгаа Ө.Б-д мэдэгдээгүй байна. Нөгөө талаар 0.Баасангийн хөдөө томилолтоор ажиллахдаа сууж явсан тээврийн хэрэгсэл 2017.11.25-ны өдөр /бямба .гариг/ зам тээврийн осолд өртөж өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн мөргөлдөхдөө Баасангийн сууж явсан талаас нь мөргөсөн үүнээс болж Баасан биедээ доргилт авсан байх боломжтой иймд 2017.11.27-ны /даваа гариг/ өдөр Улаанбаатар хотод өөрийн хяналтад байдаг “Бунданзүрх” эмнэлэгт үзүүлж улмаар шинжилгээ өгч тус эмнэлгээс 2 өдрийн эмнэлгийн магадалгаа олгосон тухай албан ёсны баримт /х.х-71,57,162 / авагдсан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Баасанг сумын эрхлэгч эмчээсээ чөлөөний хуудас бичиж цохолт хийлгэж чөлөө аваагүй байна гэж Баасангийн хүндэтгэн үзэх шалтгааныг нь үгүйсгэж бичсэн нь хууль ёсны үндэслэл болохгүй тэгээд ч Баасан нь Сэргэлэн суманд амьдардаггүй Төв аймгийн төвд амьдардаг Сэргэлэн сум явж чөлөө авах боломжгүй учир утсаар зам тээврийн осолд орсон талаар болон эмнэлэгт үзүүлэх талаараа Будсүрэнд утсаар мэдэгдсэн энэ тухай ч хариуцагч тайлбартаа болон шүүхэд хүлээн мэдүүлдэг зэрэг дээрх тухайн үеийн ажил үүргийн онцлог болон хүндэтгэн үзэх шалтгаануудыг нотолсон баримтууд хэрэгт авагдсан байхад анхаарч үзээгүй. Мөн нэхэмжлэгч өөрт нь үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авагдсан тухайгаа хожим мэдэж өргөдөл гомдлоо хуулийн хугацаанд нь Төв аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гаргасны дагуу тус салбар хороо шалгаж шийдвэрлэхдээ Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийн даргын 2017.11.28 ны өдрийн Б/36 тоот тушаал нь хууль зөрчсөн талаар тодорхой тайлбарлан бичсэн нотлох баримт хх-ийн 164-168-р талд авагдсан .Гэвч шүүх хэрэгт ач холбогдол бүхий уг баримтыг мөн анхаар ч үзээгүй. Э.Будсүрэн нь Ө.Б-г ажлаас нь халахын тулд анхнаасаа зохион байгуулалттайгаар үндэслэлгүй арга хэмжээнүүдийг авч улмаар давтан зөрчилтэй болгохын тулд 2018.01.07-ны өдөр жижүүртээ гараагүйн улмаас 5-р багын иргэн Мөнхбатын бие мах бодь сэтгэл санаанд нь хохирол учруулсан гэдэг шалтгаанаар 2018.01.16-ны өдөр Б/3 дугаар тушаал гарган Ө.Б-г ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан мөн өдрөө дахин Б/4 тушаал гаргаж Ө.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал гаргаж ажлаас нь чөлөөлсөн. Б/3 дугаар тушаалын талаарх үндэслэлээ шүүхэд нотолбол зохих байдлаар болон үүнд Баасан шууд буруутай болохыг нотолсон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт шийдвэр байхгүй /х.х-137-141/. Хариуцагч 2017.12.05-ны өдөр Б/36 дугаар 'сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргасан үндэслэлээ 2 удаа хийсэн анхан шатны шүүх хуралд тайлбарлахдаа ...Би 2017.11;28-ны өдөр Б/36 дугаар тушаал гаргасан нь үнэн харин 2017.12.05-ны Б/36-г аймгаас шалгалт ирэхээр нь сүүлд бичиж хийсэн юм гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан тайлбар нотолгоо муутай баримтад тулгуурлан өөрөөр хэлбэл хурлуудын тэмдэглэлийг нөхөн хийсэн байх магадлалтай ба он сар өдөр нь засвартай, Баасангаар гарын усэг зуруулаагүй, зарим тэмдэглэлд Баасангийн гарын үсгийг дуурайлган зурсан, Хурлуудын тэмдэглэлээс хархад нийт ажилчдын хурал хийсэн мэт боловч уг хуралд зөвхөн дарга Будсүрэн нь ганцаараа ярьсан тэмдэглэлүүд бичигдсэн,зарим \тэмдэглэл дээр тэмдэглэл хөтөлсөн хүн гарын үсэг зураагүй/ зэрэг баримтуудыг анхаар ч үзээгүй, мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүнийгээ нотолсон үндэслэл бүхий баримтууд өгсөөр байхад түүнд дүгнэлт өгөөгүй мөн уг нотлох баримтуудыг няцаасан үндэслэлээ шийдвэртээ нэг бүрчлэн тусгаж бичээгүй зэрэг хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг нь хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна гэж үзэж харин өөрөө өмнөөс нь аль болох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эсрэг мушгин гуйвуулж үндэслэл муутайгаар үгүйсгэн бичсэн байна. Мөн давж заалдах шатны шүүх гэрч Д.Оюунсүрэн.О.Мөнхтуяа нарын мэдүүлгийг иш татан бичиж няцааж байгаа болов ч Будсүрэнгийн удирдлаган дор ажилладаг хариуцагч талын гэрчүүд юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн  магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Ө.Б- нь хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4.913.497 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, 3 сарын цалингаас суутгасан 235.150 төгрөг, тэтгэмж 300.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Ажил олгогч 2018 оны 1 дүгээр сарын 16-ний өдөр Б/4 дүгээр тушаал гаргаж, бага эмч Ө.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэл болгожээ /хэргийн  6 дугаар тал/.

Хуулийн дээрх зохицуулалтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдэх ба хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй. Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 13.2.1-т ажилтан хууль болон энэхүү журмыг мөрдөж, хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллах үүрэгтэй гэжээ.

Ө.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 27, 2018 оны 1 дүгээр сарын 7-ний өдрүүдэд хариуцлагатай жижүүрээр ажиллах ёстой байсан боловч ажилдаа ирээгүй, өвчтөнд эмнэлгийн яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.  

Ажил олгогч дээрх зөрчил тус бүрт сахилгын шийтгэл ногдуулж, улмаар ажлаас халах үндэслэлд дурджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7.-т зааснаар ажилтан сахилгын шийтгэл буруу ногдуулсан талаарх гомдлоо шүүхэд гаргахаар заасан, нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар ногдуулсан үндсэн цалинг 3 сарын  хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг эс зөвшөөрсөн гомдлоо 2018 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр шүүхэд гаргажээ /хэргийн 186-189 дүгээр тал/.

Сахилгын арга хэмжээ ногдуулсныг 2017 оны 12 дугаар сарын 5-ний өдөр мэдсэнээ нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан, үүнээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгч давтан зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн Ө.Б-д тус төвийн даргын 2017 оны 2 дугаар сарын 13-ний өдрийн Б/2 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах, 2017 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар сануулах арга хэмжээг тус тус  ногдуулсан, нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх ажил олгогчийн тушаалын үндэслэл, сахилгын зөрчил гаргасан эсэхийг нотолсон байдал, нэхэмжлэл гаргах хөөн хугацаа зэрэг маргааны үйл баримтын асуудлаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр, магадлалд тодорхой тусгаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 223/МА2018/00033 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ