Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/00729

 

2021 оны 03 сарын 24 өдөр          Дугаар 183/ШШ2021/00729          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, 4 дүгээр баг, Бугат 4 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух, Х овогт С.Э /РД:ПЮ00000000/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, 54д байр 6 тоотод оршин суух, Х.У овогт Д.А /РД: ШУ00000000/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо Цэргийн хотхон 0-0 тоотод оршин суух, Х.У овогт Ц.Д /РД: ЦЗ00000000/ нарт холбогдох,

8,100,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э-А, хариуцагч Ц.Д нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... С.Э нь Ренаулт магнум маркийн авто машинаар тээвэр хийж, аж ахуй амьдралаа авч явдаг. 2019.05.27-ны өдөр Өвөрхангай аймгийн Шарт гэх газарт машины мотор эвдэрсэн. Цэрэгт хамт байсан найз Ц.Д-тэй уулзаж болсон явдлын талаар хэлтэл, Ц.Д гээд манай ах байгаа, Иркутскэд амьдардаг, түүнд хандаад үз чиний машины моторыг олж өгч чадна гэсний дагуу утасны дугаарыг нь авч холбогдоод танилцаж, мотор захиж авхуулахаар тохиролцсон. Ингээд тохиролцооны дагуу урьдчилгаа төлбөр 50% болох 97000 рубль буюу 4,093,400 төгрөгийг 2019.09.30-ны өдөр Ц.Д-ийн охин болох Д.А-ийн 0000000000 тоот данс руу уг төлбөрийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 50%-ийг Улан-Үдэд мотороо хүлээн авсны дараа өгөхөөр тохиролцсон боловч 3 хоногийн дараа 2019.10.03-ны өдөр үлдэгдэл 50%-ийг шилжүүлчих, Москвагийн компани нь 100% мөнгөө авч байж явуулна гэхээр нь 50% болох 4,093,400 төгрөгийг Ц.Д-ийн охин болох Д.А-ийн 0000000000 тоот данс руу дахин шилжүүлсэн. Иймд 8,100,800 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Ц.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь С.Э-ын хүсэлтийн дагуу түүнд туслахаар шийдсэн. Ингээд ОХУ-д ажиллах хугацаандаа авто сэлбэгийн чиглэлийн бизнес сайтуудьг судлан, мэдээллээ С.Э-т танилцуулсан. Тэрээр Оросын Холбооны Улсын Москва хотод үйл ажиллагаа явуулдаг Автосорт компанитай хэлцэл хийх сонголтыг хийсэн. Автосорт компанитай хэлцэл хийж 194,000 рублээр 2000 онд үйлдвэрлэсэн, 712.000 км гүйлттэй Рено-магнум загварын хөдөлгүүрийг авахаар тохиролцсон. С.Э үнийг хямдруулах талаар санал гаргасныг Автосорт компанид уламжлахад хөдөлгүүрийн үнийг 154,000 рубль болгон 2019 оны 9 сарын 28-нд 0000/0000 тоот гэрээг хийсэн. С.Э нь тооцоог хэрхэн хийх талаар асуухад нь би Чингис хаан банкнаас Орос руу мөнгө шилжүүлэхэд амар байдаг учир мөнгөө манай охинд шилжүүлчих гээд нэр дансыг нь өгсөн. С.Э нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 97,000 рубль /42,2/ 4,093,400 төгрөгийг миний охин А-н тоот дансанд шилжүүлснийг 2019 оны 9 сарын 30-ны өдөр миний шийдвэрийн дагуу 77,000 рубль буюу 3,210,000 төгрөгийг ОХУ-ын Автосорт компанийн Райффайзенбанкны 00000000000000000000 тоот дансанд шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгийг миний ОХУ-д ашиглаж байсан карт руу шилжүүлсэн болно. Дараа нь үлдэгдэл төлбөр 4,093,400 шилжиж ирснийг мөн адил 2019 оны 10 сарын 03-ны өдөр 77,000 рубль буюу 3,181,870 төгрөгийг Автосорт компанийн Райффайзенбанкны 00000000000000000000 тоот дансанд шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгийг миний ОХУ-д ашиглаж байсан карт руу шилжүүлсэн болно. Д.А нь Э-ын шилжүүлсэн мөнгийг бүрэн шилжүүлсэн. Автосорт компани 2019.10.10-нд бараа ачуулсан тухай утсаар мэдэгдсэн. Ачаа ирсэн боловч гэрээний дагуу захиалсан ачаа биш байсан тул тээврийн компаниас ачааг хүлээн авахаас татгалзаж, Автосорт компанид мэдэгдсэн. Автосорт компани тодорхой хариу өгөхгүй, утсаа авахгүй байсан тул Оросын Холбооны Улсын Мөрдөн байцаах албанд хандсан. Цагдаагаас 000000000000000 тоот эрүүгийн хэргийг урьдчилсан мөрдөн байцаалтын хугацаа дууссан үндэслэлээр зогсоож, тогтоол ирүүлсэн. С.Э-ын шилжүүлсэн 8,100,400 төгрөгөөс 6,622,000 төгрөгийг гэрээний дагуу Автосорт компанид шилжүүлсэн, 824,827 төгрөгийг Эрхүү мужаас Улаан-Үд хүртэл 2 удаа, Улаанбаатараас Улаан- Үдэ 1 удаа явж ажилласан зардалд тооцсон, 899,973 төгрөгийг Э-т буцааж шилжүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э-А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч Д.А нь хариуцагч биш гэж үзэж байгаа. Учир нь үндсэн тохиролцоог С.Э-тай хийгээгүй, зөвхөн оруулж ирсэн мөнгийг оросын холбооны улс руу шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч С.Э-аас хоёр удаа буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүд 2 удаа мөнгө оруулж ирсэн энэ даруй өдөрт нь шууд оросын холбооны улсын данс руу нийт 154,000 рубль, 77,000 рублээр хоёр удаагийн гүйлгээг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн данс руу нэхэмжлэлд дурдсан мөнгийг шилжүүлсэн боловч тус мөнгийг хариуцагч Д.А нь хувьдаа хэрэглээгүй бөгөөд зөвхөн дамжуулах үүрэг гүйцэтгэж оролцсон. Ц.Д нь Д.А-ийн аав бөгөөд Д.А Чингис хаан банкинд ажилладаг учраас төгрөгөөс рубль руу хөрвүүлж Оросын холбооны улсын авто кассын данс руу гүйлгээ хийсэн. Д.А нь эцэг Ц.Д-ийн даалгаврыг биелүүлсэн болохоос С.Э, Д.А хоёр хоорондоо гэрээ хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Д.А, Ц.Д нараас 8,100,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Ц.Д-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.А-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Нэхэмжлэгч С.Э... Цэрэгт хамт байсан найз Ц.Д-гийн ах Ц.Д-оор мотор авхуулахаар тохиролцсон. Мотор худалдан авах төлбөрт нийт 194,000 рубль буюу 8,100,800 төгрөгийг Ц.Д-ийн охин Д.А-ийн банкны дансанд шилжүүлсэн. Ц.Д нь өнөөдрийг хүртэл моторыг хүлээлгэж өгөөгүй тул хариуцагч нараас 8,100,800 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж байна

Хариуцагч Ц.Д...ОХУ-ын Москва хотод үйл ажиллагаа явуулдаг Автосорт компанитай хэлцэл хийх сонголтыг С.Э хийсэн. Автосорт компанитай хэлцэл хийж 194,000 рублээр 2000 онд үйлдвэрлэсэн, 712,000 км гүйлттэй Рено-магнум загварын хөдөлгүүрийг Дани улсаас дамжуулан авахаар тохиролцсон. С.Э-ын зүгээс үнийг хямдруулах санал гаргасныг Автосорт компанид илэрхийлэхэд моторын үнийг 154,000 рубль болгон, 2019 оны 9 сарын 28-нд 0000/0000 дугаар гэрээг байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 97,000 рубль /42,2/ 4,093,400 төгрөгийг 2019 оны 9 сарын 30-ны өдөр, мөн үлдэгдэл төлбөр 4,093,400 төгрөгийг миний охин А-гийн тоот дансанд нэхэмжлэгч шилжүүлсэн. Автосорт компанийн явуулсан мотор нь гэрээний дагуу захиалсан мотор биш байсан тул миний бие хүлээн авахаас татгалзаж, тус компанид энэ тухайгаа мэдэгдсэн боловч утсаа авахгүй, асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Иймд барааны хойноос Оросын Холбооны Улсын цагдаагийн байгууллагад хандсан, хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан, би нэхэмжлэгчид тусалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Хариуцагч Д.А ... Миний бие Чингис хаан банкинд ажилладаг учраас төгрөгөөс рубль руу хөрвүүлж Оросын холбооны улсын авто кассын данс руу гүйлгээ хийсэн.Өөрөөр хэлбэл С.Э-аас шилжүүлсэн мөнгийг Оросын Холбооны Улс руу шилжүүлж өгсөн бөгөөд зөвхөн дамжуулах үүрэг гүйцэтгэж оролцсон. Аав Ц.Д-ийн даалгаврыг биелүүлсэн болохоос С.Э, Д.А бид хоёр хооронд гэрээ, хэлцэл байгуулаагүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

Нийлүүлэгч Автосорт компаниас 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бараа нийлүүлэх 0000/0000 дугаар гэрээний дагуу Рено магнум маркийн Дотоод шаталтын хөдөлгүүр иж бүрнээр, дагалдах тоноглолын хамт 154,000 рублиэр худалдан авагч Ц.Д худалдан авахаар, нийлүүлэгч нь худалдан авагчийн хүсэлтээр хөдөлгүүрийг тээврийн компанид хүргэж өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэнд тооцохоор, худалдан авагч заасан цэг хүртэлх тээврийн зардлыг өөрөө хариуцахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 154,000 рублийг төлсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 80-88 хуудас/

Ц.Д...Оросын Холбооны Улсын Москва хотод үйл ажиллагаа явуулдаг Автосорт компанитай хэлцэл хийх сонголтыг С.Э хийсэн. Автосорт компанитай хэлцэл хийж 194,000 рублиэр 2000 онд үйлдвэрлэсэн, 712,000 км гүйлттэй Рено-магнум загварын хөдөлгүүрийг худалдан авахаар тохиролцсон... гэх хариуцагчийн тайлбар тогтоогдохгүй байх бөгөөд С.Э өөрийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхийг Ц.Д олгосон баримт хэрэгт авагдаагүй, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний 50 хувь урьдчилгаа төлбөрт хариуцагч Ц.Д 97,000 рубль шилжүүлэн авсан, гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Автосорт компанитай хариуцагч Ц.Д гэрээг байгуулж гэрээний 50 хувийн төлбөрт 77,000 рубль нийлүүлэгч Автосорт компанид шилжүүлсэн байх тул 194,000 рублиэр мотор авах гэрээ байгуулсан гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд эрх зүйн харилцааны хувьд худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Д Рено магнум маркийн мотор буюу хөдөлгүүрийг 154,000 рублиэр худалдан авах гэрээг Автосорт компанитай байгуулж, мотор буюу хөдөлгүүрийн үнэ дээр 40,000 рублийг нэмж цааш 194,000 рублиэр нэхэмжлэгч С.Эрхэмбаярт худалдсан болох нь Автосорт компанитай байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бараа нийлүүлэх 0000/0000 дугаар гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 4, 5, 80, 81, 87,88 хуудас/

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Хариуцагч Ц.Д нэхэмжлэгч С.Э гуйлтаар буюу түүнд тусалсан гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийн даалгавраар түүний нэрийн өмнөөс бусадтай гэрээний харилцаанд орсон гэж байгаа боловч талуудын хооронд бий болсон хүсэл зоригийн илэрхийлэл, үйл баримтыг дүгнэвэл хариуцагч Ц.Д даалгавар биелүүлж, даалгавар биелүүлсний хөлс төлөхөөр нэхэмжлэгч С.Э-тай тохиролцоогүй, талуудын хооронд даалгаврын гэрээний гол үүрэг, хариу үүрэг үүсээгүй байх тул даалгаврын гэрээ байгуулагдсан гэж шүүх үзэх үндэслэлгүй байна. Хэдийгээр даалгаврын гэрээ хариу төлбөргүй гүйцэтгэх боломжтой байх боловч талууд даалгаврын гэрээний хүсэл зоригийг хэн хэндээ илэрхийлээгүй, нэхэмжлэгч хариуцагчийг мотор худалдан авч өгсөн хөлс, даалгавар гүйцэтгэсэн хариу төлбөрийн талаар харилцан тохиролцоогүй. Гэтэл хариуцагч Ц.Д Автосорт компаниас 154,000 рублиэр худалдан авсан моторын үнэ дээр 40,000 рублийг нэмж нэхэмжлэгч С.Э-т мотор худалдсан, моторын үнэнд нийт 194,000 рублийг нэхэмжлэгч төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна, 208.3-т ... үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч Ц.Д нэхэмжлэгчийн шаардсанаар үүргийг зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч С.Э мотор буюу хөдөлгүүрийн үнэ 8,100,800 төгрөгийг хариуцагч Ц.Д-ийн охин Д.Ааар дамжуулан шилжүүлсэн, мотор буюу хөдөлгүүрийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул моторын үнэ 8,100,800 төгрөгөөс нэхэмжлэгч С.Э-т төлсөн 895,178 төгрөгийг хасаж үлдэх 7,291,622 төгрөгийг хариуцагч Ц.Д-оос гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.Д-д холбогдох шаардлагаас 895,178 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. /хэргийн 79 хуудас/

Нэхэмжлэгч С.Э хариуцагч Д.А нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, талуудын хооронд хэлцэл хийгдээгүй, зохигчид хариуцагч Д.А-ийн банк дах харилцах дансаар дамжуулж Оросын Холбооны Улсад байрлах Автосорт компанийн данс руу моторын төлбөрийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Д.Айданад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Харин хариуцагч Ц.Д Бараа нийлүүлэх 0000/0000 дугаар гэрээнээс учирсан хохирлоо Оросын Холбооны Улсын Автосорт компаниас нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдвал зохино.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтээ шүүхэд ирүүлснийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Д-оос 7,291,622 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-т олгож, хариуцагч Д.А холбогдох 8,100,800 төгрөг, хариуцагч Ц.Д-д холбогдох 895,178 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-оос улсын тэмдэгтийн хураамжид 136,616 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ