Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01063

 

С.Эын нэхэмжлэлтэй                                                                                 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/00729 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Эын хариуцагч Д.А, Ц.Днарт холбогдуулан гаргасан 8 186 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч Ц.Дамдиндоруийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

            Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ренаулт магнум маркийн авто машинаар тээвэр хийж, аж ахуй амьдралаа авч явдаг. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Шарт гэх газарт машины мотор эвдэрсэн. Цэрэгт хамт байсан найз Ц.Дамдинсүрэнтэй уулзаж болсон явдлын талаар хэлтэл, Ц.Дгээд манай ах байгаа, Иркутскэд амьдардаг, түүнд хандаад үз чиний машины моторыг олж өгч чадна гэсний дагуу утасны дугаарыг нь авч холбогдоод танилцаж, мотор захиж авхуулахаар тохиролцсон. Ингээд тохиролцооны дагуу урьдчилгаа төлбөр 50 хувь болох 97000 рубль буюу 4 093 400 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Д-ийн охин болох Д.Агийн 5920040247 тоот данс руу уг төлбөрийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 50 хувийг Улан-Үдэд мотороо хүлээн авсны дараа өгөхөөр тохиролцсон боловч 3 хоногийн дараа 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үлдэгдэл 50 хувийг шилжүүлчих, Москвагийн компани нь 100 хувь мөнгөө авч байж явуулна гэхээр нь 50 хувь болох 4 093 400 төгрөгийг Ц.Д-ийн охин болох Д.Агийн 5920042047 тоот данс руу дахин шилжүүлсэн. Иймд 8 186 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Дшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь С.Эын хүсэлтийн дагуу түүнд туслахаар шийдсэн. Ингээд ОХУ-д ажиллах хугацаандаа авто сэлбэгийн чиглэлийн бизнес сайтуудьг судлан, мэдээллээ С.Эт танилцуулсан. Тэрээр Оросын Холбооны Улсын Москва хотод үйл ажиллагаа явуулдаг Автосорт компанитай хэлцэл хийх сонголтыг хийсэн. Автосорт компанитай хэлцэл хийж 194 000 рублээр 2000 онд үйлдвэрлэсэн, 712.000 км гүйлттэй Рено-магнум загварын хөдөлгүүрийг авахаар тохиролцсон. С.Э үнийг хямдруулах талаар санал гаргасныг Автосорт компанид уламжлахад хөдөлгүүрийн үнийг 154 000 рубль болгон 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1350/2809 тоот гэрээг хийсэн. С.Э нь тооцоог хэрхэн хийх талаар асуухад нь би Чингис хаан банкнаас Орос руу мөнгө шилжүүлэхэд амар байдаг учир мөнгөө манай охинд шилжүүлчих гээд нэр дансыг нь өгсөн. С.Э нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 97 000 рубль болох   4 093 400 төгрөгийг миний охин Айданагийн тоот дансанд шилжүүлснийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр миний шийдвэрийн дагуу 77,000 рубль буюу 3 210,000 төгрөгийг ОХУ-ын Автосорт компанийн Райффайзенбанкны 40702810400000125678 тоот дансанд шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгийг миний ОХУ-д ашиглаж байсан карт руу шилжүүлсэн болно. Дараа нь үлдэгдэл төлбөр 4 093 400 шилжиж ирснийг мөн адил 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 77 000 рубль буюу 3 181 870 төгрөгийг Автосорт компанийн Райффайзенбанкны 40702810400000125678 тоот дансанд шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгийг миний ОХУ-д ашиглаж байсан карт руу шилжүүлсэн болно. Д.А нь Эрхэмбаярын шилжүүлсэн мөнгийг бүрэн шилжүүлсэн. Автосорт компани 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бараа ачуулсан тухай утсаар мэдэгдсэн. Ачаа ирсэн боловч гэрээний дагуу захиалсан ачаа биш байсан тул тээврийн компаниас ачааг хүлээн авахаас татгалзаж, Автосорт компанид мэдэгдсэн. С.Эын шилжүүлсэн 8 186 400 төгрөгөөс 6 622 000 төгрөгийг гэрээний дагуу Автосорт компанид шилжүүлсэн, 824 827 төгрөгийг Эрхүү мужаас Улаан-Үд хүртэл 2 удаа, Улаанбаатараас Улаан- Үдэ 1 удаа явж ажилласан зардалд тооцсон, 899 973 төгрөгийг Эрхэмбаярт буцааж шилжүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.А нь хариуцагч биш гэж үзэж байгаа. Учир нь үндсэн тохиролцоог С.Этай хийгээгүй, зөвхөн оруулж ирсэн мөнгийг оросын холбооны улс руу шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч С.Эаас хоёр удаа буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүд 2 удаа мөнгө оруулж ирсэн энэ даруй өдөрт нь шууд оросын холбооны улсын данс руу нийт 154 000 рубль, 77 000 рублээр хоёр удаагийн гүйлгээг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн данс руу нэхэмжлэлд дурдсан мөнгийг шилжүүлсэн боловч тус мөнгийг хариуцагч Д.А нь хувьдаа хэрэглээгүй бөгөөд зөвхөн дамжуулах үүрэг гүйцэтгэж оролцсон. Ц.Днь Д.Агийн аав бөгөөд Д.А Чингис хаан банкинд ажилладаг учраас төгрөгөөс рубль руу хөрвүүлж Оросын холбооны улсын авто кассын данс руу гүйлгээ хийсэн. Д.А нь эцэг Ц.Д-ийн даалгаврыг биелүүлсэн болохоос С.Э, Д.А хоёр хоорондоо гэрээ хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Дамдиндоржоос 7 291 622 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эт олгож, хариуцагч Д.Ад холбогдох 8 186 800 төгрөг, хариуцагч Ц.Дамдиндоржид холбогдох 895 178 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дамдиндоржоос улсын тэмдэгтийн хураамжид 136 616 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Ддавж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд Худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд С.Э өөрийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхийг Ц.Дамдиндоржид олгоогүй буюу энэ тухай баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн Ц.Днь ОХУ-ын “Автосорт” ХХК-тай гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд Даалгаврын гэрээний харилцаа үүсээгүй, даалгаврын гэрээний хүсэл зоригийг талууд хэн хэндээ илэрхийлээгүй” хэмээн маргааны талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэж, шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарласан бөгөөд С.Э руу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шижлүүлсэн 895 178 төгрөгийг хасаж, үлдэх хэсгийг нь гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрээс хариуцагч Ц.Дминий бие 824 822 төгрөгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Анхан шатны шүүхийн шийдвэр талуудын хооронд үүссэн харилцааг зөв дүгнэж чадаагүй. Нэхэмжлэгч С.Э нь намайг ОХУ-д томилолтоор ажиллаж байх үед миний дүүгээр дамжуулан надтай холбогдож “мотор олоод өгөөч” гэж гуйсан бөгөөд тус гуйлтын дагуу би мотор хайж эхэлсэн. Тэрнээс ОХУ-ын Автосорт компанитай гэрээ байгуулж, мотор худалдан авах нь миний хүсэл зориг байгаагүй. Бичгээр байгуулсан гэрээнд миний бие гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан Даалгаврын гэрээний дагуу “Даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс хэлцэл хийсэн” гэх нөхцөлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Нөхцөл байдлыг харгалзаж үзвээс нэхэмжлэгч нь тус компанитай гэрээ байгуулах боломжгүй байсан, мөн “Мотор олоод өгөөч” гэх даалгаврын хүрээнд гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, моторыг нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргүүд багтаж байгаа. Өөрөөр хэлбэл Даалгаврын гэрээний үед даалгавар гүйцэтгэгч өөрийн нэрээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах боломжтой бөгөөд энд гагцхүү даалгавар өгөгчийн ашиг сонирхлоор байх, даалгаврын мөн чанар, талуудын тохиролцоо л чухал үүрэгтэй. Миний бие 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан зардлаа хасаад үлдсэн 895 178 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Үнэхээр шүүгчийн үзэж буйгаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан юм бол хариуцагчид үлдэгдэл мөнгө шилжүүлэх шаардлагагүй байсан, тухайн үедээ нэхэмжлэгчид ч гэсэн зардлаа хасаад үлдэгдэл төлбөрийг шилжүүлж байгаагаа ч хэлж байсан. Гэтэл шүүгч энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв дүгнэж өгнө үү. Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн өмнөөс даалгаврыг гүйцэтгэхэд гарсан зардлыг төлөх нь Даалгавар өгөгчийн үндсэн үүрэг билээ. Иймд мотор худалдаж авахтай холбогдуулж гаргасан зардал 824 822 төгрөгнйг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Ц.Дамдиндорж, Д.А нараас 8 186 800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ц.Дамдиндоржид Оросын холбооны улсаас мотор захиж авахуулахаар тохиролцож, тухайн худалдагч байгууллага нь моторын үнийг 100 хувь урьдчилж төлөх шаардлага тавьсан тул Ц.Д-ийн охин Д.Агийн дансанд 8 186 800 төгрөгийг шилжүүлсэн” гэж тайлбарлажээ.

            Хариуцагч Ц.ДОХУ-ын “Автосорт” компанитай 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1350/2809 дугаартай бараа нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу Рено магнум маркийн Дотоод шаталтын хөдөлгүүр иж бүрнээр, дагалдах тоноглолын хамт 154 000 рублиэр худалдан авахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 80-88 дугаар тал/ Дээрх бараа нийлүүлэх гэрээг хариуцагч Ц.Днь нэхэмжлэгч С.Эын нэрийн өмнөөс ОХУ-ын “Автосорт” компанитай байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч С.Э, хариуцагч Ц.Днарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ байгуулагдсан бөгөөд анхан шатны шүүхээс Иргэний хуулийг 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой. Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

            Нэхэмжлэгчийн хувьд даалгаврыг гүйцэтгүүлэх буюу ОХУ-аас мотор авчруулах зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4 093 400 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 4 093 400 төгрөгийг хариуцагч Ц.Д-ийн охин буюу хариуцагч Д.Агийн данс руу шилжүүлж, хариуцагч Ц.Дамдиндоржоос 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 77 000 рубль, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 77 000 рублийг Оросын холбооны улсын “Автосорт” компанид тус тус шилжүүлсэн байна. /хэргийн 5,6,80,81 дүгээр тал/

            Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.4 дэх хэсэгт “Ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах, даалгавар гүйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгчээс даалгаврын гэрээнээс татгалзаж, даалгаврын гэрээний дагуу шилжүүлсэн  8 186 800 төгрөгийг буцаан хариуцагчаас шаардсан гэж үзнэ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцаан өгөх үүрэгтэй.” Хариуцагч Ц.Днь ОХУ-ын “Автосорт” компанитай байгуулсан бараа нийлүүлэх гэрээний зүйлийг хүлээн аваагүй, өөр төрлийн бараа ирж буцаан өгсөн болон эрүүгийн журмаар журмаар шалгуулсан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол, бараа хүлээн авахаас татгалзсан тухай акт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 104-108 дугаар тал/

            Хариуцагч Ц.Дамдиндоржоос 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 895 178 төгрөгийг нэхэмжлэгч С.Эын данс руу шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 80 дугаар тал/

            Нэхэмжлэгч нь даалгаврын гэрээний зүйлийг хариуцагчаас хүлээн аваагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул даалгаврын гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс шилжүүлсэн 8 186 800 төгрөгөөс хариуцагчийн буцаан шилжүүлсэн 895 178 төгрөгийг хасч, 7 291 622 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, талаас нь үнэлсэн гэж үзнэ.

            Нэхэмжлэгч С.Э, хариуцагч Д.А нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд хариуцагч Д.Агийн данс руу нэхэмжлэгч барааны үнэ шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна. Иймд Д.Ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

            Хариуцагч Ц.Днь “Эрхүү мужаас Улаан-Үдэ хүртэл 2 удаа, Улаанбаатараас Улаан-Үдэ хүртэл 1 удаа явж ажилласан тээврийн зардал, хоолны зардал нийт 824 822 төгрөгийг даалгавар гүйцэтгэхэд гаргасан зардал гэх агуулгаар тайлбарлаж, хасч тооцох үндэслэлтэй” гэж маргажээ. Даалгаврын гэрээний хувьд талууд харилцан тохиролцсон тохиолдолд даалгавар гүйцэтгэгчид хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд талууд хөлс төлөх талаар тохиролцсон агуулга талуудын хооронд байгуулагдсан гэрээнд байхгүй байна. Түүнчлэн, хариуцагчийн дээр дурдсан зардал нэхэмжлэгчийн даалгаврыг гүйцэтгэсэнтэй шууд шалтгаант холбоотой, зайлшгүй гарах зардал гэж үзэхэд эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ОХУ-д ажиллаж амьдарч байх хугацаандаа нэхэмжлэгчээс өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тодруулан асуухад тайлбарласан, талууд эдгээр зардал төлөх талаар тохиролцоогүй байх тул тухайн даалгаврыг гүйцэтгэхэд зайлшгүй зардал гарсан гэх үндэслэлгүй.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/00729 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “243 дугаар зүйлийн 243.1” гэснийг “399 дүгээр зүйлийн 399.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Ц.Д-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                  Г.ДАВААДОРЖ

                   

                                                            С.ЭНХТӨР