Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 02080

 

 

 

С.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02218 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-д холбогдох, 8 186 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. С.Энь Ц.Д-гээс автомашины мотор авахаар тохиролцсны дагуу урьдчилгаа төлбөр 50 хувь болох 97 000 рубль буюу 4 093 400 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр түүний охин Д.А-гийн 5920040247 тоот данс руу уг төлбөрийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 50 хувийг мотороо хүлээн авсны дараа өгөхөөр тохиролцсон боловч 3 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үлдэгдэл 50 хувийг шилжүүлчих, Москвагийн компани нь төлбөрийг 100 хувь төлөхөөр явуулна гэсэн тул үлдэгдэл 4 093 400 төгрөгийг мөн Д.А-гийн 5920042047 тоот данс руу дахин шилжүүлсэн. Ингээд нийт 8 186 800 төгрөг шилжүүлсэн боловч мотороо авч чадаагүй. Иймд Д.А-аас 8 186 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчийн данс руу нэхэмжлэлд дурдсан мөнгийг шилжүүлсэн боловч тус мөнгийг Д.А нь хувьдаа хэрэглээгүй бөгөөд зөвхөн дамжуулах үүрэг гүйцэтгэж оролцсон. Ц.Днь Д.А-гийн эцэг бөгөөд Д.А Чингис хаан банкинд ажилладаг учраас төгрөгөөс рубль руу хөрвүүлж Оросын холбооны улсын авто кассын данс руу шилжүүлэхэд илүү хялбар байсан тул Д.А-гийн данс руу уг мөнгийн шилжүүлсэн. Иймээс Д.А нь эцэг Ц.Д-ийн даалгаварыг биелүүлсэн болохоос С.Эрхэмбаяр, Д.А хоёр хоорондоо гэрээ хэлцэл байгуулаагүй, даалгаварын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг Д.А-аас нэхэмжлэх нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүы болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.А-гийн 8 186 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 146 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-аас 146 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс 8 186 800 төгрөгийг хариуцагч шилжүүлсэн, мөн гүйлгээний утга дээр моторын үнэ гэж бичсэн зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний байгуулагдсан байна. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй. Учир нь С.Эрхэмбаяр, Д.А нарын хооронд бус, харин Ц.Д, С.Энарын хооронд үүссэн бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний ямар ч харилцаа үүсээгүй. Ц.Доос ОХУ-аас автомашины моторыг захиалан авч өгөхийг нэхэмжлэгч хүссэн тул талууд энэ талаар тохиролцсон. Моторын үнийг ОХУ руу шилжүүлэхэд хүндрэлтэй тул Д.Айданагаар дамжуулан шилжүүлэг хийлгэсэн. Ц.Днь моторыг захиалж авчирсан боловч өөр байсан тул буцаалт хийсэн. Д.А-гийн данс руу мөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд нарын хэлцэл хийгдсэн, энэ хэлцэл нь худалдах, худалдан авах гэрээ юм гэж үзэх үндэслэлгүй. Мөн хариуцагч Д.А нь Ц.Д-ийн хэлсэн зааврын дагуу С.Э-аас шилжүүлсэн 8 186 600 төгрөгийг ОХУ-ын Авторсорт компани руу шилжүүлж үлдэгдэл 1 688 000 төгрөгийг Ц.Дид өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Дийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь хариуцагч өөрийн тайлбар, татгалзлаа нотлох баримтыг цуглуулах боломжийг олгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Энь хариуцагч Д.А-д холбогдуулан автомашины моторын үнэд шилжүүлсэн 8 186 800 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “уг мөнгөн хөрөнгийг Оросын Холбооны Улсын Авторсорт компанийн дансны шилжүүлэхэд дамжуулах үүрэг гүйцэтгэсэн” гэж маргажээ.

С.Энь Ц.Доос Ренаулт магнум маркийн автомашины мотор 8 168 800 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар моторын үнийг Д.А-гийн эзэмшлийн 5920042047 тоот дансанд шилжүүлсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй мотор худалдах, худалдан авах талаар тохиролцоогүй, моторын үнэд төлсөн мөнгөн хөрөнгийг дамжуулан өгсөн гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Д-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2020/11701 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хариуцагчийн эрхийг зөрчсөн байна. Гэрч асуулгах хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагаанд хамаарах бөгөөд маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой гэж үзнэ. Учир нь шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийг дуудаж мэдүүлэг авах ба энэхүү гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрчийн мэдүүлгийг авахгүйгээр маргаж буй мөнгөн хөрөнгийг хэн захиран зарцуулсан талаарх шүүхийн дүгнэлт нь нотлох баримтад үндэслэгдээгүй буюу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. 

Хэрэгт гадаад хэл дээр үйлдэгдсэн төлбөрийн даалгаврын баримт авагдсан нь “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч монгол хэл дээр орчуулсан байна” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 146 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                Д.БАЙГАЛМАА