Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2021/02825

 

2021 оны 12 сарын 03 өдөр          Дугаар 183/ШШ2021/02825              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15-р дугаар хороо, 13 хороолол, 00 байр 0 тоот хаягт байрлах, Ч овогт Ж.А /РД:ШГ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 хэсэг, Бэлла виста АОС байр, 0 тоот хаягт оршин суух Г овогт ҮН/РД: ХА00000000/, нарт холбогдох,

14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Ж.А миний бие 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ж.Н-д 14,168,888 төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар, хүүгүй зээлүүлсэн. Гэрээний зүйлийг Хаан банк дахь Ж.Н-гийн нэр дээрх 0000000000 тоот дансанд шилжүүлсэн. 170,000 төгрөгийг өмнө нь Ж.Н-гоос авсан тул зээлсэн 14,000,000 төгрөгийн хамт 168,888 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед АТМ машины 0 тоо ажиллахгүй байсан тул 168,888 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч Ж.Н- шүүх хуралдаанд өгсөн тайлбар, 2019.03.12-ны өдөр шүүхэд тайлбар өгснөө зөрж байна /х.х-ийн 91 хуудас/. Шүүх хуралдааны тэмдэглэлээр өөрөө болон ах,эгч, хадам эгчийнхээ мөнгийг өгсөн гэж, гэрч У-ийн мэдүүлэгт 5 сарын 10-ны өдөр 4 хүний мөнгө өгсөн гэх тайлбар өгдөг. Гэтэл 2017.01.27-ны өдөр У-ээс 2,000,000 төгрөгийн гүйлгээ орсон байдаг. 2017.02.04-ний өдөр урамшуулал 1,376,100 төгрөг Жи-тайм компаниас хариуцагч Ж.Н-гийн дансанд шилжүүлсэн байдаг. 90 сая төгрөгийн зээл авч өгөх урамшуулалд 2,800,000 төгрөг авахаар тохиролцсон гэж өмнөх хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд тайлбарлаж байсан бол одоо 3,800,000 төгрөг гэх хариуцагч Ж.Н-гийн тайлбарууд нь дандаа зөрүүтэй тайлбаруудыг шүүхэд гаргаж байхыг анхаарч үзнэ үү. Дөрвөн хүний Жи-тайм сүлжээний мөнгийг Анхтуяад өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг мөнгийг авсан 2017.10.24-ний өдрөөс хойш ах дүүгийнхээ мөнгийг өгөөгүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдог. Хариуцагч Ж.Н- өөрөө Жи-тайм сүлжээнд элсээд тус компаниасаа урамшуулал авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог атал нэхэмжлэгчийн доор элсүүлэхээр 4 хүний төлбөрийг нэхэмжлэгчид өгсөн гэдэг нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн хүн өөрийн доороо хэдийн чинээ олон хүн элсүүлнэ төдий чинээ урамшуулал авдаг, гэтэл хариуцагч өөрийн авах ашгаа бодохгүйгээр нэхэмжлэгчийг ашиг олох боломж олгосон мэт тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй, нөгөөтээгүүр өөрийн ах дүү хамаатан саднаа эрсдэлд оруулаад Жи-тайм сүлжээнд бүртгэсэн нь ч тодорхойгүй, мэдэхгүй нэхэмжлэгчид тэдгээрийн Жи-тайм сүлжээнд элсүүлэх төлбөр өгсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчээс 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Иргэн Ж.А-тай зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж, мөнгө зээлдэж аваагүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зөрүүтэй тайлбар өгсөн үйл баримтын талаар маргахгүй, Хоёр жилийн дараа мөнгөний асуудлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, үйл баримтыг мартсан. Миний бие 2017 оны 1 сард Жи-тайм сүлжээнд орсон. Орохдоо 2,5 төгрөг төлсөн. Жи-таймд орохдоо Н гэх зуучлалаар орсон. Ороод А-тай танилцсан. G-time гэх сүлжээнд оруулахаар хамаатан садны 4 хүний бүртгэлийн хураамж болох 10,000,000 төгрөг, Н-ийн 1,200,000 төгрөг нийт 11,200,000 төгрөгийг А-д 13 дугаар хороолол, бөхийн өргөөний хажуугийн байрны үүдэнд би өөрийн биеэр бэлнээр өгсөн. Н-ийн өгсөн сүлжээний мөнгийг А цаашаа Жи-Таймд бүртгүүлээгүй байсныг 2017 оны 7 сард мэдсэн тул А-аас мөнгөө нэхсэн. 90,000,000 төгрөгийн зээл Анхтуяа авахад нотариат, барьцаалбарын зардал гэж 170,000 төгрөгийг надаас зээлсэн. Нэхэмжлэгч нь 14,168,888 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаан байхгүй. Уг мөнгөний 2017.08.16-нд Ж.Н-гоос нарангэрэлийн мөнгө гэж А-д шилжүүлсэн мөнгө, 10,200,000 төгрөг нь Жи-тайм сүлжээнд элсүүлэх 4 хүний сүлжээний бүртгэлийн төлбөр, 3,800,000 төгрөг нь би Ж.А90 сая төгрөгийн зээл өвч өгсний урамшуулал төлбөр болно. Иймд нэхэмжлэгч Ж.А-гаас авсан авах ёстой авлагуудаа авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Ж.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,168,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ж.А гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Н-гоос үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулахад гарсан зардлыг зээлж авсан тул 170,000 төгрөгийг хасаж, зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Н-гоос нэхэмжилжээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хариуцагч Ж.Н- Жи-тайм сүлжээнд оруулна гэж 10,200,000 төгрөг, 90 сая төгрөгийн зээл олж өгсний урамшуулал 3,800,000 төгрөг, 2017.08.16-ны өдөр Ж.А-д Нараа нэрээр 1 сая төгрөг тус тус шилжүүлсэн төлбөрөө авсан, нэхэмжлэгчээс ямар ч мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж.А 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Ж.Н-гийн 0000000000 тоот Хаан банкны данс руу 14,168,888 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. / хэргийн 7-р хуудас/

Ж.Н- нь дээрх мөнгөн төлбөрийг авсан талаар маргаагүй, харин өөрийн авах ёстой мөнгөө авсан гэж тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Зохигчдын хооронд харилцсан мессеж захианд Жи-тайм сүлжээний талаар дурдагдаж, энэ талаарх харилцаанд зохигчид оролцсон байгаа боловч уг маргааны зүйл болох 14,000,000 төгрөгөөс 10,200,000 төгрөгийг хариуцагч Ж.Н- нэхэмжлэгч Ж.А-д Жи-тайм сүлжээний бүртгэлийн төлбөрт шилжүүлж өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна. /хэргийн 52-53, 94-97 хуудас /

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Ж.Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...чиний олсон хүнээс мөнгө зээлдэж авъя гэхээр нь найзынхаа олж өгсөн мөнгө зээлдэх хүнийг түүнтэй холбож өгснөөр тэрээр 90,000,000 төгрөгийг зээлдэж авсан байсан. Ингээд тохирсон ёсоор дээрх мөнгөний 10 хувь гээд 8,000,000 төгрөгийг болон Жи-таймд гэх хуурамч сүлжээнд оруулна гээд надаас авсан мөнгөний үлдэгдэл нийт 14,168,888 төгрөгийг миний Хаан банк дах дансанд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ж.Ашилжүүлсэн.... шүүхийн хэлэлцүүлэгт ... жи-тайм сүлжээнд оруулна гэж 11,200,000 төгрөгийг 13 дугаар хорооллын Хөх нуруутын тэнд машин дотор надаас авсан. Мөн 90,000,000 төгрөгийн зээл олж өгсөн гэж урамшуулалд нь 3,000,000 төгрөг өгөөд 14,168,888 төгрөгийг над руу шилжүүлсэн ... гэх тайлбарыг гэрч Л.У-ийн мэдүүлэгт ... Харсан. Ж.Н- бид 2 ярьж байгаад бэлнээр 10,000,000 төгрөг өгсөн, ... Баянзүрх дүүргийн 13 хорооллын тэнд Хөх нуруут гээд байрны тэнд байшингийн ард гадаа гудамжинд 10 сая төгрөг өгсөн гэх мэдүүлэг зэргийг харьцуулан үнэлэхэд хариуцагчийн хариу тайлбар, шүүхэд гаргаж буй тайлбар зэрэг нь зөрүүтэй байна. /хэргийн 23-24, 100 дугаар нүүр, түүний ар тал/

Одоо шүүх хуралдаанд хариуцагч Ж.Н- дээрх 14,000,000 төгрөгийн задаргааг тайлбарлахдаа ...10,200,000 төгрөг нь 4 хүний Жи-тайм сүлжээний бүртгэлийн төлбөрт 10,200,000 төгрөг, 90 сая төгрөгийн зээл олж өгсний урамшуулалд 3,800,000 төгрөг, 2017.08.16-ны өдөр Ж.А-д Нараа нэрээр 1 сая төгрөг өгсөн мөнгийг буцааж нэхэмжлэгчээс авсан... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Ж.Н- 2017.08.16-ны өдөр нэхэмжлэгч Ж.А-гийн 0000000000 дугаартай Хаан банк дахь дансанд Номин нарангэрэл гэсэн гүйлгээний утгаар 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байна. /хэргийн 243 хуудас/

Гэвч уг 1,000,000 төгрөгийг Жи-тайм сүлжээний бүртгэлийн төлбөрт элсэхээр Ж.А-д өгсөн болох нь гүйлгээний утгаар тогтоогдохгүй байх бөгөөд 4 хүний Жи-тайм сүлжээний төлбөрт 10,200,000 төгрөг буюу 200,000 төгрөг илүү шилжүүлсэн талаар шүүхэд тайлбар гаргахгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Жи-тайм сүлжээний бүртгэлийн төлбөр 1 хүний 2,500,000 төгрөг 4 хүний төлбөр 10,000,000 төгрөг байхаар байна. Гэтэл дээрх дансны гүйлгээнд тохируулж Жи-тайм сүлжээнд илүү төлсөн төлбөр 200,000 төгрөгийг хариуцагч тайлбарлаагүй, гэрч Л.У- ... Нараа гэх охин нэмж 1,200,000 төгрөг нийлээд 11,200,000 төгрөг өгсөн... гэх тайлбар өгч мэдүүлэг, тайлбарууд зөрж /хэргийн 88 хуудас/ байх тул хариуцагч Ж.Н-, гэрч Л.У- нарыг шүүх үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч Ж.Н- 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Жи-тайм корпорейшн ХХК-иас урамшуулалд 1,371,760 төгрөг авсан атал / хэргийн 206 хуудасны ар тал/, 2019.06.11-ний шүүх хуралдаанд ... хариуцагч: Манай эх, эгч, хадам ээж, миний мөнгө байсан. Тэгээд Нараагийн 1,200,000 төгрөг нэмэгдээд 11,200,000 төгрөг өгсөн.../хэргийн 100 ар тал/ , гэрч У-ийн мэдүүлэгт ... Н бид хоёр 2017 оны 5 сарын 10-ны үеэр байх сайн санахгүй байна 10 сая төгрөг Ж.А-д өгсөн. Нараа гэх охин 1,200,000 төгрөг нэмж өгсөн... гэх мэдүүлэг үйл баримтыг дүгнэвэл хариуцагч Ж.Н- нь Жи-тайм сүлжээнд бүртгүүлээд, 2017.02.04-ны өдөр Жи-тайм корпорейшн ХХК-иас урамшуулал авсан атлаа, өөрийгөө бүртгүүлэхээр 2,500,000 төгрөгийг 2017.05 сард өгсөн тайлбар үнэнд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн хариуцагч Ж.Н- 2017.10.24-ны өдөр нэхэмжлэгчээс ах, эгч, хадам ээжийнхээ Жи-тайм сүлжээнд бүртгүүлсэн гэх төлбөрийг нэхэмжлэгч Ж.А-гаас авсан гэж тайлбарлаж байгаа атал ах, эгч гэх Ю.А, Г.Б нарын Жи-тайм сүлжээнд бүртгүүлсэн төлбөрийг 2019.09.04-д 1,000,000 төгрөг, 2018.02.01-ний өдөр 1,500,000 төгрөгийг төлсөн нь гэрч Ю.А, Г.Б нарын мэдүүлэг, банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 193-195, 196-197/

Иймээс нэхэмжлэгч Ж.А-гаас 2017.10.24-ний өдөр шилжүүлсэн төлбөр хариуцагч Ж.Н-гийн ах, эгч болох Ю.А, Г.Б нарын мөнгө гэж шүүх үзэх үндэслэлгүй байна.

Ж.Н- нь 14,000,000 төгрөгийг өөрийн авах ёстой төлбөр, түүнийгээ авсан гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 25.1.3., 26 дугаар зүйлийн 26.2., 38 дугаар зүйлийн 38.1., 38.6.-д заасны дагуу тайлбар, татгалзлаа нотолсон нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүй гэж үзнэ

Нэхэмжлэгч Ж.Азээлийн гэрээний үүрэг шаардсан боловч зээлийн гэрээний дагуу хэлцэл хийгдсэн үйл баримтыг нотолсон баримт байхгүй, харин 14,168,888 төгрөг шилжсэн л үйл баримт хэрэгт авагдсан. Хариуцагч Ж.Н- өөрийн авах ёстой төлбөрийг авсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар татгалзлаа нотолж чадаагүй тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тул хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул Ж.Ань Ж.Н-гоос 14,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

Иймд хариуцагч Ж.Н-гоос 14,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Н-гоос 14,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 228,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж.Н-гоос улсын тэмдэгтийн хураамжид 227.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          Ц.ОЮУНБИЛЭГ