Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00315

 

Ж.А.гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01358 дугаар шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1733 дугаар магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: Ж.А.

          Хариуцагч: Ж.Н.

 

          Зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжин, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2017-10-24-ний өдөр Ж.Н.д 14,168,888 төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар, хүүгүйгээр зээлж, амаар зээлийн гэрээ байгуулсан. Ийнхүү зээлийг Хаан банкин дахь Ж.Н.гийн нэр дээрх тоот дансанд шилжүүлснээр бидний хооронд Иргэний хуулийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан. 2018-10-24-ний өдөр зээлийг төлөх байсан ч “зээл аваагүй” хэмээн дайрч, хохироосоор байна. Иймд Ж.Н.гоос 14,168,888 төгрөгийг гаргуулж өгнө үү. үл хөдлөх хөрөнгө худалдахад татварын төлбөр дутсан тул хариуцагчаас 170,000 төгрөг авч байсан, мөн 168,888 төгрөгөөр нэхэмжлэлээ багасгаж байгаа тул 14,000,000 төгрөгийг Ж.Н.гоос гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч талаас тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй. Өмнө нь өгсөн мөнгөө эргүүлэн авсан асуудал байдаг. Ж.А. нь Жи тайм сүлжээнд намайг оруулахын тулд надаас 11,200,000 төгрөг авсан. 13 дугаар хорооллын цагаан байрнуудын урд авто зогсоол дээр машин дотроо байхдаа өгсөн бөгөөд манай хадам ээж хамт байсан. Нэхэмжлэгчээс авлагатай байснаа буцаан авсан. Талууд харилцсан фэйсбүүкны болон утасны зурвас, гэрчийн мэдүүлэгт Ж.Н.гоос 14,000,000 төгрөг нэхэмжилсэн талаар огт үг, өгүүлбэр байхгүй байна. Зээлийн харилцаа үүсээгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 183/ШШ2019/01358 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан Ж.Н.гоос 14 ,000,000 төгрөг гаргуулж Ж.А.д олгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 228,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Ж.Н.гоос 228,795 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1733 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01358 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 228,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

        Хариуцагчийн өмгөөлөгч З.Ганчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хоёр шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэргийн нөхцөл байдлын тухайд: Шүүх шийдвэртээ “... ИХШХШТХ-н 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэж заасан бөгөөд Ж.Н. шүүхэд гаргасан хариу тайлбар, гэрч Л.Уранчимэгийн мэдүүлэг зэрэг нь зөрүүтэй байх ба хариуцагчийг үнэн зөв мэдүүлэг өгч байгаа гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч Жи тайм сүлжээнд 11,200,000 төгрөгийг Ж.А.д өгсөн нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна..” гэжээ. ХХША-ны явцад Ж.Н.гийн гар утсанд Ж.А.тай харилцаж байсан мессеж, мөн цахим сүлжээний захидалд үзлэг хийсэн бөгөөд Ж.А., Ж.Н. нарын харилцсан мессеженд Жи тайм сүлжээнд элсэхээр 11,200,000 төгрөг Ж.Н.гоос өгсөн болох нь хангалттай нотлогдсон. Ийм байхад шүүх шүүхэд хариуцагч талаас ач холбогдолтой гэж үзэж үзлэг хийлгэсэн үзлэгийн тэмдэглэлийг огт үнэлэлгүй дан ганц тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийг хангасан нь шүүх уг үзлэгийг хэрхэн үнэлсэн талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу байна. Магадлалд “... шүүх талуудын хооронд үүссэн харилцааг тодруулахаар фэйсбүүк цахим сүлжээний чатанд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн боловч ИХШХШТХ-н 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Зээлийн харилцааны талаар тодорхой мэдээлэл үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдээгүй..” талаар дүгнэжээ. Тухайн мэдээлэлд зээлийн харилцааны талаар мэдээлэл тусгагдаагүй, тусгагдах ч учиргүй. Учир нь талуудын хооронд шүүхийн үүссэн гээд байгаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй юм. Фэйсбүүк цахим сүлжээний чатанд Ж.А. нь Ж.Н.гоос Жи тайм сүлжээнд элсүүлнэ гэж мөнгө авсан тухай мэдээлэл агуулагдаж байхад энэ үйл баримтыг хэрхэн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа нь буруу байна. Ж.А. нь авсан мөнгөө буцаан шилжүүлсэн байхад зээлийн гэрээний харилцаа үүсээгүй юм. Энэ байдлуудаас үзэхэд шүүх хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв талаас нь хуульд заасан зарчмыг баримталж үнэлээгүй байх бөгөөд хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-н 116.2, 118.4-т заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ж.А. 2019-02-01-ний өдөр шүүхэд хандаж, Ж.Н.гоос 14,000,000 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...2017-10-24-ний өдөр нэг жилийн хугацаатай хүүгүй 14,168,888 төгрөг зээлүүлсэн.. боловч мөнгөө төлөөгүй... хариуцагчаас 170,000 төгрөг авч байсан тул... уг мөнгийг хасаад 14,000,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна...” гэжээ.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...зээлийн гэрээ байгуулж байгаагүй... мөнгө зээлээгүй....өмнө нь өгсөн мөнгөө л эргүүлэн авсан... Ж.А. нь Жи тайм сүлжээнд намайг оруулахын тулд надаас 11,200,000 төгрөг авсан бөгөөд би тэр мөнгөө л буцааж авсан...” гэжээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... хариуцагчийн хариу тайлбар, шүүхэд гаргаж буй тайлбар зэрэг нь зөрүүтэй... үнэн зөв тайлбар өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.... Ж.Н. 11,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгч байсан нь тогтоогдохгүй байна... Ж.А. 2017-10-24-ний өдөр Ж.Н.д 14,168,888 төгрөг шилжүүлсэн байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ “...Ж.А. Ж.Н.д 14,168,888 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байна... хариуцагчийн тайлбар нотлогдоогүй байна... мөнгөн хөрөнгийн зээл байсан гэж тайлбарлаж байх тул зээлийн гэрээний харилцаа үүссэн байна... шүүх фэйсбүүк цахим сүлжээний чатанд үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн боловч хариуцагчийн тайлбар, зөрүүтэй зээлийн харилцааны талаар тодорхой мэдээлэл үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдээгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна...” гэжээ. 

 

        Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо “...талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй...шүүх үзлэгийн тэмдэглэлийг огт үнэлээгүй... зээлийн харилцааны талаар тодорхой мэдээлэл үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдээгүй нь зээлийн гэрээний харилцаа үүсээгүйтэй холбоотой... цахим сүлжээний чатанд Ж.А. нь Ж.Н.гоос Жи тайм сүлжээнд элсүүлнэ гэж мөнгө авсан тухай мэдээлэл агуулагдаж байгаа... Ж.А.д өгсөн мөнгөө хариуцагч буцааж авсан...” гэжээ.

 

        Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

       Зохигч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн үндэслэлээ шүүх заагаагүй боловч 2017-10-24-ний өдөр шилжүүлсэн гэх мөнгийг “...зээлийн гэрээний зүйл..” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөрчжээ.   

        2. Шүүх үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн, үзлэгээр тогтоогдсон үйл баримтын талаар  дүгнэлт хийсэн атлаа уг баримтаа “...үнэлэх боломжгүй...” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцээгүй байна.

    

       Өөрөөр хэлвэл, үзлэг хийсэн ажиллагааны талаар шүүх “...зээлийн харилцааны талаар тодорхой мэдээлэл үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдээгүй...” гэсэн дүгнэлт хийсэн хэдий ч зохигчийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзсэн нь зөрчилтэй болжээ.

 

        3. Хэргийн үйл баримт тогтоогдоогүй буюу талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн эсхүл өөр үйл баримттай холбоотой эсэх /Жи тайм гэх сүлжээ/ зэрэг нөхцөл байдал тодорхойгүй байна.

 

        Хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх нөхцөл бүрдээгүй байх тул хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх буюу шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай зааж, дүгнэлт хийсний эцэст  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01358 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1733 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 228,795 төгрөгийг Ж.Н.д захирамжаар буцааж олгосугай.

 

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                      Б.УНДРАХ

                                                                                                                 Х.СОНИНБАЯР

                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ