Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00409

 

 

 

 

 

                                     Ж.Агийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/02825 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Агийн хариуцагч Ж.Нгоос 14,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Ж.Нгоос 14,000,000 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ж.А 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ж.Нд 14,168,888 төгрөг нэг жилийн хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. 14,168,888 төгрөгийг Ж.Нгийн 5007959292 тоот дансанд шилжүүлсэн. 170,000 төгрөгийг өмнө нь Ж.Нгоос авсан тул зээлсэн 14,000,000 төгрөгийн хамт шилжүүлсэн. Хариуцагч Ж.Нгийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар зөрүүтэй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлээр өөрөө болон ах, эгч, хадам эгчийнхээ мөнгийг өгсөн гэж, гэрч н.Умэдүүлэгт 5 дугаар сарын 10-ны өдөр 4 хүний мөнгө өгсөн гэх тайлбар өгдөг. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр н.Уранчимэгээс 2,000,000 төгрөгийн гүйлгээ орж ирсэн. 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр урамшуулалд 1,376,100 төгрөг ...компаниас Ж.Нгийн дансанд шилжүүлсэн байдаг. 90,000,000 төгрөгийн зээл авч өгөх урамшуулалд 2,800,000 төгрөг авахаар тохиролцсон гэж өмнөх шүүх хуралдаанд тайлбарлаж байсан бол одоо 3,800,000 төгрөг гэж хариуцагчийн тайлбарууд дандаа зөрүүтэй байна. Ж.Н ...сүлжээнд элсээд тус компаниас урамшуулал авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог атал нэхэмжлэгчийн доор элсүүлэхээр 4 хүний төлбөрийг нэхэмжлэгчид өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Тухайн хүн доороо хэдэн хүн элсүүлнэ төдий чинээ урамшуулал авдаг. Гэтэл хариуцагч өөрийн авах ашгаа бодохгүйгээр нэхэмжлэгчийг ашиг олох боломж олгосон мэт тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй.  Хамаатан саднаа эрсдэлд оруулж ...сүлжээнд бүртгэсэн нь ч тодорхойгүй, нэхэмжлэгчид тэдгээрийн ...сүлжээнд элсүүлэх төлбөр өгсөн гэдэг нь үндэслэлгүй гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэгчтэй амаар болон бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө зээлдэж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зөрүүтэй тайлбар өгсөн үйл баримтын талаар маргахгүй. Хоёр жилийн дараа мөнгөний асуудлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, үйл баримтыг мартсан. Хариуцагч 2017 оны 1 сард ...сүлжээнд орж, 2,500,000 төгрөг төлсөн. Жи таймд орохдоо н.Нарантуяа гэх хүнээр зуучлуулж, Ж.Атай танилцсан. Уг сүлжээнд оруулахаар хамаатан садны 4 хүний бүртгэлийн хураамж болох 10,000,000 төгрөг, н.Нарантуяагийн 1,200,000 төгрөг нийт 11,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид 13 дугаар хороолол, Бөхийн өргөөний хажуугийн байрны үүдэнд өөрийн биеэр бэлнээр өгсөн. Уг  сүлжээний мөнгийг нэхэмжлэгч цааш нь ...сүлжээнд бүртгүүлээгүй байсныг 2017 оны 07 сард мэдсэн тул мөнгөө нэхсэн. Нэхэмжлэгч 90,000,000 төгрөгийн зээл авахад нотариат, барьцаалбарын зардалд 170,000 төгрөгийг хариуцагчаас зээлсэн. Нэхэмжлэгч 14,168,888 төгрөгийг шилжүүлсэн талаар маргахгүй. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ж.Нгоос н.Нарангэрэлийн мөнгө гэж нэхэмжлэгчид шилжүүлсэн, 10,200,000 төгрөг нь ...сүлжээнд элсүүлэх 4 хүний сүлжээний бүртгэлийн төлбөр, 3,800,000 төгрөг нь Ж.Ад зээл өвч өгсний урамшуулал төлбөр байсан. Иймд нэхэмжлэгч Ж.Агаас авсан авах ёстой авлагуудаа авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Нгоос 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ад олгож, нэхэмжлэгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 228,795 төгрөгийг улсын орлогод үлдээж, Ж.Нгоос улсын тэмдэгтийн хураамжид 227.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ад олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Ж.А, Ж.Н нар н.Нарангэрэл гэх хүнээр дамжуулан ...сүлжээнд элсэн орж танилцаж байсан. Ж.Н өөрийн төрсөн эх, хадам ээж, бэр дүүгийнхээ аав, ээж нарыг Ж.Агийн амласан өндөр цалинтай, өргөн багт оруулахаар 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4 хүний элсэлтийн хураамж 10,000,000 төгрөг, Нарангэрэлийн элсүүлэх хүний тал мөнгө 1,200,000 төгрөгийн хамт нийт 11,200,000 төгрөгийг Ж.Ад бэлнээр өгсөн. Гэтэл Ж.А уг хүмүүсийг ...сүлжээнд бүртгүүлэхгүй, бүртгэлийн хураамжинд авсан 11,200,000 төгрөгийг хувьдаа завшсан болохыг 2017 оны 7 дугаар сард мэдэж өгсөн мөнгөө буцаан шаардсан. Улмаар фэйсбүүк чат, rap утасны зурвасаар харилцаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ж.Агийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нь найзаараа дамжуулан барьцаалж, 90,000,000 төгрөгийн зээл гаргуулж өгснөөр нийт 14,166,666 төгрөгийг дансаараа авсан.  Ж.А залилангийн хэрэг үйлдсэн асуудал нь намжингуут Ж.Нгоос бэлнээр мөнгө авч, буцааж өгөхдөө дансаар өгснөө далимдуулж зээлдүүлсэн гэж шүүхэд хандсан. Шүүх зээлийн гэрээний харилцаа үүсээгүй буюу Ж.А Ж.Нд ззэл олгоогүй гэдгийг зөв дүгнэсэн атлаа хэрэгт цугласан нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, буруу ойлгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасанд гомдолтой байна.

4.2 Шүүгч хэрэгт авагдсан, талуудын хооронд харилцсан фэйсбүүк чат, гap утасны зурваст үзлэг хийсэн тэмдэглэлийг үнэлж зохигч нарыг ...сүлжээнд элссэн бөгөөд энэ тухай маргасан гэж дүгнэсэн атлаа уг чат, зурвас зэрэгт тодорхой дурдагдсан баримтыг огт үнэлэхгүйгээр, Ж.Нг 4 хүний бүртгэлийн мөнгийг Ж.Ад олгосон нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй үнэлэх хуулийн шаардлагад нийцээгүй. Хавтаст хэргийн 52 дах талд rap утасны зурваст үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Үүнээс гадна Ж.Н 4 хүний бүртгэлийн хураамж 10,000,000 төгрөг, Нараа гэх хүний тал мөнгө 1,200,000 төгрөг, нийт 11,200,000 төгрөгийг Ж.Ад өгсөн, уг мөнгийг тогтмол шаардаж байсан тухай бичвэр хэрэгт зөндөө байдаг ба зурвас болон чатад Ж.А уг мөнгөн дүнтэй огт маргахгүй, төлнө, өгнө, дансаа явуул гэж бичсэн байгаагаас харахад Ж.А 11,200,000 төгрөгийг Ж.Нгоос авсан болох нь хангалттай тогтоогдож байна.

4.3 Шүүгч нотлох баримтыг зөв ойлгохгүйгээр дүгнэлт өгч буруу ойлгосон зүйлдээ үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч Ж.Н 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Ж.Агийн 5099004141 дугаартай Хаан банкны дансанд “Номин Нарангэрэл” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн 1,000,000 төгрөгийн талаар маш олон удаа тайлбарласан. Уг мөнгийг Ж.Н Ж.Ад бус Ж.А Ж.Нд шилжүүлсэн. Ж.Н удаа дараа Ж.Агаас 11,200,000 төгрөг шаардаж Ж.А нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нарангэрэл гэх хүний 1,200,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг Ж.Нд буцааж өгсөн. Энэ талаар rap утасны зурваст тусгагдсан байсныг шүүх хуралдаанд хангалттай тайлбарлаж судлуулсан. Ж.Агийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ж.Нд зээлдүүлсэн гэх нийт 14,166,666 төгрөгийн зээл хөөцөлдөх үед Ж.А нь Ж.Нгоос зээлсэн 170,000 төгрөг, 4 хүний ...сүлжээний бүртгэлийн хураамж 10,000,000 төгрөг, Нарангэрэл гэх хүний 1,200,000 төгрөгийн үлдэгдэл 200,000 төгрөг, зээл бүтээж өгсний урамшуулал 3,800,000 төгрөг болж задарч байгаа. Гэтэл шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1,000,000 төгрөгийг Ж.Н нь Ж.Ад шилжүүлсэн гэж мушгиж шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

4.4 Шүүх хариуцагч Ж.Нгийн шүүхэд өгсөн тайлбар нь зөрсөн гэдэг. Зохигчдын хооронд Жи таймын бүртгэлийн мөнгө авч завшсан тухай маргаан 2017 оны 7 дугаар сараас эхэлж 10 дугаар сард Ж.А нь Ж.Нгийн мөнгийг буцааж өгснөөр дууссан. Гэтэл нэхэмжлэгч 2019 онд буцааж өгсөн мөнгөө зээлдүүлсэн мэтээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч санаж, хольж хутгаад үнийн дүнгийн хувьд буруу зөрүү ярьсан асуудал байдаг. Мөн тухайн үөд Ж.Нг төлөөлж, өмгөөлж, тайлбар бичиж өгсөн хүмүүсийн буруу бий. Хариуцагчийн андуурч, будилсан асуудлыг бичгийн нотлох баримтаар залруулж, тайлбарласаар байтал шүүгч хариуцагчийг буруутгасанд гомдолтой байна. Ж.Нгийн хувьд хэлж ярьсан зүйлийнх нь агуулга өөрчлөгдөөгүй. Зөвхөн мөнгөн дүнгийн хувьд андуурч буруу зөрүү ярьсан. Шүүх Ю.Айлтгүй, Г.Болдбаяр нарын мөнгийг Ж.Агаас мөнгө авснаас хойш өгсөн нь сүлжээний мөнгө буцааж өгсөн гэж харагдахгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хариуцагч дурдсан 4 хүнээс гадна өөр олон хүмүүсийг ...сүлжээнд бүртгүүлсэн ба түүний нэр хүнд нь танил тал, найз нөхдийн дунд сэвтэх болсон тул дотно биш, гадны хүмүүсийн мөнгийг өөрөөсөө гаргаж өгсөн талаар хуралдаанд тайлбарласан. Ж.А нь хариуцагч Ж.Нд 14,000,000 төгрөг зээлдүүлсэн гэдгийг няцаах гол баримтын нэг болох 2018 оны 9 дүгээр сард түүний 94002646 гэх дугаараас Ж.Н руу 300,000 төгрөг зээлдүүлээч гэсэн зурваст үзлэг хийлгэсэн ба үүнтэй нэхэмжлэгч тал маргадаггүй. Нэгэнт нэхэмжлэгч тал маргаагүй, мөн нэхэмжлэл гаргах үедээ Ж.А уг утасны дугаарыг нэхэмжлэл дээрээ бичиж байсан зэргээс шалтгаалж 94002646 дугаарын эзэмшигчийн лавлагааг авах хүсэлтээсээ татгалзсан. Хавтаст хэргийн 52 дах талд rap утасны зурваст үзлэг хийсэн тэмдэглэл байх ба уг тэмдэглэлд 2017 оны 07 дугаар сарын 31-ний 15:10 цагт “Ж.Н: Гэрт чинь очино. Цагдаа аваад очино за. Даварцан гар вэ чи яасан ... 4 хүний мөнгө шилжүүл, одоо”, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11:13 цагт “Ж.А: Дансаа. Уучлаарай хадам муудаад аргагүй явсан. Ж.Н: ... Нийт 4 хүний мөнгө, бас Нараагийн төл мөнгийг хийгээрэй”, 2017 оны 08 дугаар сарын 15-ны 14:33 цагт “Ж.Н: ... Чи бүхэл бүтэн 11,200,000 төгрөг аваад нялх нойтон хүүхэдтэй хүнийг ингэж явуулснаараа хэзээ ч сайн юманд хүрэхгүй за...” гэж бичсэн байдаг.

Гэтэл ямар шалтгаанаар дээрх хүсэлтээсээ татгалзсан болохыг захирамжиндаа тайлбарлаагүй, уг үйл баримтыг яагаад үнэлээгүй болохыг дурьдахгүйгээр зөвхөн хариуцагчийг буруутгасан өнгө аясаар хүсэлтээсээ татгалзсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүх хариуцагчийн гаргаж өгсөн шүүх хуралд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг яагаад үндэслэл болгоогүй талаар шийдвэрт тайлбарлаагүй. Хариуцагч нь Ж.Агаас 11,200,000 төгрөгөө буцааж авахын тулд түүний хүсэлтээр найзынхаа танилд үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалж зээл гаргуулж өгсний урамшуулалд 3,800,000 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан гар утасны зурвас, чатад хийсэн үзлэг, нэхэмжлэгчийн дансны хуулга, талуудын тайлбар зэргээр хангалттай тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ...  Анхан шатны шүүх хууль ёсны байх үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2-д заасан шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 14,000,000 төгрөгөө шүүхэд тайлбарлахдаа “8,000,000 төгрөгийг би урамшуулалд авсан. Харин надаас авсан мөнгөний үлдэгдэлтэй нийлүүлээд 14,000,000 төгрөгийг би Ж.Агаас авсан” гэж, “би 11,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, өгөхдөө машин дотор буюу 13 дугаар хорооллын Хөх нуруут гэх барилгын гадаа машинд өгсөн. Харин 3,000,000 төгрөгийг би урамшуулалд авсан” гэж өөрөөр тайлбарладаг. Хариуцагч 3 гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуулгасан ба гэрч н.Уранчимэг “Хөх нуурт гэх байрны гадаа 11,000,000 төгрөгийг Ж.А өгсөн, бусдыг нь бол би сайн мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн. Харин бусад 2 гэрч нь Ж.Нд мөнгө өгсөн цаашаагаа хэнд өгснийг мэдэхгүй, Ж.А гэдэг хүнийг танихгүй гэсэн. Сүүлийн өгсөн гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Ж.Н 10,000,000 төгрөгийг Ж.Ад биш н.Нараа гэх эмэгтэйд өгөөд алдсан. Уг мөнгөө яаж буцааж олж авах, холбогдох боломж байна уу гэсэн агуулгаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд харилцан яриа өрнөдөг. Ж.Н цалин, урамшуулал 1,300,000 төгрөгийг авсан болох нь нотлогддог. Хариуцагчийн гаргасан тайлбарууд зөрүүтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 14,168,888 төгрөг зээлдүүлсэн учир буцаан шаардаж байна гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч уг мөнгөн дүнг зээлдэж аваагүй, авах ёстой авлага бөгөөд 170,000 төгрөг өмнө зээлсэн байсан, 10,000,000 төгрөг нь 4 хүний ...сүлжээний бүртгэлийн хураамж, 200,000 төгрөг н.Нарангэрэлд өгөх төлбөрийн үлдэгдэл, 3,800,000 төгрөг зээл бүтээж өгсний урамшуулал байсан гэж тайлбарлалаа.

3. Хэрэгт нэхэмжлэгч Ж.А 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Ж.Нгийн ХААН банкны 5007959292 тоот дансанд 14,168,888 төгрөг шилжүүлсэн дансны хуулга байх бөгөөд нэхэмжлэгч нь уг мөнгөн дүнг хариуцагчид зээлдүүлсэн гэх баримтгүй байна. /1хх-7/ Зохигчид 14,168,888 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл, татгалзлын талаар харилцан адилгүй тайлбар гаргасан.

4. Анхан шатны шүүх 14,000,000 төгрөгийг хариуцагчийн тайлбарууд, гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй гэх үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

4.а. Маргаан бүхий асуудлаар талуудын  гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, тухайн цаг хугацаанд зохигчид гар утас болон фэйсбүүк зурвас /facebook chat/-аар  харилцаж байсан үзлэгийн тэмдэглэлийг харьцуулан дүгнэхэд хариуцагч нь 4 хүний ...сүлжээний бүртгэлийн хураамжид 10,000,000 төгрөг нэхэмжлэгчид өгсөн, уг мөнгөн дүнг шаардаж байсан гэж үзэхээр байна. 

4.б. Нэхэмжлэгчийн хувьд 14,168,888 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үндэслэл нь тодорхойгүй, тэдний хооронд уг мөнгөн дүнгийн хэмжээгээр зээлийн гэрээний харилцаа  үүссэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

4.в. Хэрэгт авагдсан гар утас болон фэйсбүүк зурвас /facebook chat/-т хийсэн үзлэгийн тэмдэглэлд хариуцагч нь нэхэмжлэгчээс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө хэдэн сарын хугацаанд мөнгөө шаардаж байсан, нэхэмжлэгч мөнгө өгөх боломжгүй байгаа шалтгаанаа бичиж байсан нь тусгагдсан байна. Тодруулбал, 1 дүгээр хавтаст хэргийн 52-53, 96 дах талд гар утас болон фэйсбүүк зурвас /facebook chat/-т хийсэн үзлэгийн тэмдэглэлд Ж.Нгоос Ж.Ад 2017 оны 07 дугаар сарын 31-ний 15:10 цагт “... 4 хүний мөнгө шилжүүл, одоо”, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11:13 цагт “нийт 4 хүний мөнгө, бас Нараагийн тал мөнгийг хийгээрэй”, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 14:33 цагт “... Чи бүхэл бүтэн 11,200,000 төгрөг аваад нялх нойтон хүүхэдтэй хүнийг ингэж явуулснаараа хэзээ ч сайн юманд хүрэхгүй ..”, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 11:48 цагт “.., мөнгөө авмаар байна.., дахиад 7 хоног хэтэрвэл ...гээд цагдаагаар явъя даа. Бүх учраа хэлээд явбал чи хэцүүдэх байх даа. Шивж бариагүй ” “.., хүний мөнгийг авчихаад санаа чинь зовохгүй тайван нойртой хонож чадаж байна уу ..,” гэж, Ж.А, Ж.Нд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11:13 цагт “Дансаа. Уучлаарай хадам муудаад аргагүй явсан, Нараагийн мөнгийг эхлээд хийе,  .. ”, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14:44 цагт “ би та хэдийн өмнө итгэл алдчихсан ..,”, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “сүрдүүлээд байгаа юм уу”, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 23:44 цагт “Би чамд өрөө төлсөн нь чамд тус болсонтой ялгаагүй” гэж харилцаж байсан нь авагджээ.

Дээрхийг гэрч Л.У “хариуцагч Ж.Н 10,000,000 төгрөг нэхэмжлэгч Ж.Ад өгсөн” гэх мэдүүлэг, талуудын ...сүлжээний бүртгэлтэй холбоотой асуудлаар харилцаж байсан тухай тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд нэхэмжлэлийн шаардлагаас 4 хүний ...сүлжээний бүртгэлийн хураамжийн 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. /1хх88-89/

4.г. Харин хариуцагчийн “н.Нарангэрэлд өгөх төлбөрийн үлдэгдэл 200,000 төгрөг”, “зээл бүтээж өгсний урамшуулал 3,800,000 төгрөгийг авах байсан” гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна. Үзлэгийн тэмдэглэл болон бусад баримтуудаар талууд зуучлалын гэрээ байгуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, н.Нарангэрэлд өгөх төлбөрийн үлдэгдлийг хариуцагч нэхэмжлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй тул 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

            Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/02825 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Нгоос 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,795 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Нгоос улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ад олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

    ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                          А.МӨНХЗУЛ