Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/00018

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/00018

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо Сургалтын 12 дугаар байр 23 тоотод оршин суух Б овогт М О

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо Сөүлийн гудамж-42 өөрийн байр УБТЗ /РД:  /

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг 3 дугаар хороо Сургалтын 12 дугаар байр 23 тоотод оршин суух Боржигон овогт С. Ц /

 

Орон сууцанд эгүүлэн оруулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О

                                   нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А

                                  хариуцагчийн төлөөлөгч Н.Б

                                  гуравдагч этгээд С.Ц

                                   гэрч Н.Д

                                  нарийн бичгийн дарга О.З нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.О миний бие нь 1981 оноос Улаанбаатар вагон депогийн нийтийн хоолны салбарт ажиллаж байгаад 2014 онд тэтгэвэртээ гарсан. Харин миний нөхөр Б.Н 1973 оноос Улаанбаатар төмөр замын вагон депод нас бартлаа ажилласан. Манай гэр бүл Улаанбаатар төмөр замын вагон депогийн нийтийн байр болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар байрны 23 тоотод анх 1989 оноос эхлэн амьдарч байсан. Гэтэл Улаанбаатар төмөр замын вагон депогоос 2005 онд Баянгол дүүргийн шүүхэд хандаж манай нөхөр болон биднийг тус байрнаас албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс биднийг тус байрнаас нүүлгэн гаргах шийдвэрийг гаргасан боловч давж заалдах шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад Улаанбаатар төмөр замын вагон депогоос хууль бусаар 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүчингүй болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг гаргуулан авсан. Энэ байдлыг бид засуулахаар шүүхэд хандахад шүүгч уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжаа өөрөө хүчингүй болгосон. Тодруулбал шүүхийн гүйцэтгэх хуудсыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар хүчингүй болгуулсан. Манай гэр бүлийг тухайн орон сууцнаас гаргуулахгүй талаар шүүхийн шийдвэр байсаар байхад, мөн намайг нөхрөө алдаж, дээр нь орон гэргүй болж, хаашаа яахаа мэдэхгүй байхад миний болон нөхөр маань ажиллаж байсан энэ байгууллага хууль бусаар намайг, миний гэр бүлийг амьдарч байсан орон сууцнаас гаргасан тул миний амьдарч байсан Баянгол дүүрэг 3 дугаар хороо 12 дугаар байрны 23 тоотод эгүүлэн оруулахыг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гол үндэслэл нь нэхэмжлэгчийг Баянгол дүүрэг 3 дугаар хороо *орон сууцанд оршин суудаг байхад нь хариуцагч этгээдээс хууль бусаар буюу 5, 6 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж хууль бусаар албадан орон сууцнаас гаргасан гэж үзэж байгаа. Ингэж орон сууцнаас гаргах үед нэхэмжлэгчийн зүгээс ямар учир шалтгааны улмаас гаргаж байгаа талаар тодруулахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 04456 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж байна гэж тайлбарласан байдаг. Улмаар гэрийнх нь бүх эд хогшлыг нь орцонд гаргасан үйл явдал болсон байдаг. Гэтэл тус шүүгчийн захирамж нь хууль бус байсныг захирамж гаргасан шүүгч нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу шүүгчийн захирамжаа хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12387 дугаартай захирамжаар өмнөх өөрийнхөө захирамжийг хүчингүй болгож шийдсэн. Ийм учраас хүчингүй болсон буюу хууль бус шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг гэрээс нь албадан чөлөөлүүлсэн байх тул эргүүлэн байранд оруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.  

Хариуцагчийн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.О УБТЗ” ХНН-д холбогдуулан байранд эргүлэн оруулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар байр Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн мэдлийн бөгөөд зөвхөн тус депогийн ажилтнуудыг тодорхой хугацаанд амьдрах байраар хангаж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зориулалттай байр юм. Нэхэмжлэгч М.О нөхөр Б.Н нь Зорчигчийн вагон депод 1973 онд ажилд орсон, "УБТЗ" ХНН-ийн өмчлөлийн тус депогийн мэдлийн 12 дугаар байрны 23 тоот нийтийн байранд 1989 оноос эхлэн амьдарч байгаад 2002 онд сахилгын шийтгэлээр ажлаас халагдсан. Б.Н нь 2002 онд ажлаас халагдсанаас хойш "УБТЗ"-ын аль нэг байгууллагад ажилд ороогүй, ажиллаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч М.О нь УБТЗ-ын Нийтийн хоолны төвд ажиллаж байсан боловч Нийтийн хоолны төв нь Зорчигчийн вагон депогоос тусдаа өөр чиг үүрэг "УБТЗ" ХНН-ийн нэг салбар нэгжид хамаардаг. Түүнчлэн тус төвийн даргын 1999 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 тоот тушаалаар нарийн боовны цехийн орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр М.Огийн хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байна. Иймд түүний нөхөр Б.Н нь ажлаас халагдсан үеэс хойш тухайн байрыг хууль бусаар эзэмшиж ирсэн байх бөгөөд "УБТЗ"-ын Зорчигчийн вагон депогийн тухайн байгууллагын ажилтнууд ажиллаж байх хугацаандаа амьдрах зориулалт бүхий нийтийн байрыг тухайн байгууллагын ажилтан бус нэхэмжлэгч М.О нь эзэмшиж, ашиглах эрхгүй болно. Сургалтын 12 дугаар байрны 23 тоотоос Б.Н нүүлгэн гаргахаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар магадлал нь Б.Н болон М.О нарыг "УБТЗ"-ын Зорчигчийн вагон депогийн мэдлийн нийтийн байрыг хууль ёсоор эзэмших эрхтэй, эсхүл хугацаагүй ашиглах эрхтэй болохыг тогтоосон ямар ч агуулгагүй. Харин орон сууц хөлслөх гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид өгч байсан эсэх тодорхойгүй, тэр тухай баримт хэрэгт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1-д зааснаар ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй. Улаанбаатар дахь вагон депогийн байр орон сууцны комиссын 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар батлагдсан "УБ дахь вагон депогийн ажилчдын нийтийн байр эзэмшилтэд мөрдөх дотоод журам"-ын 1-д "Улаанбаатар дахь вагон депогийн нийтийн байр эд ажилладаг, депогоос тэтгэвэр, группт гарсан байр орон сууц, хувийн гэр байшингүй амьдрал хүнд ажилтнуудыг ажиллах, амьдрах боломж нөхцөлөөр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэх бөгөөд УБ дахь вагон депогийн захиргааны удирдлагын дор үйл ажиллагаа явуулна", 10 /в/-д "нийтийн байранд оршин суугч нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тушаал гарсан өдрөөс эхлэн 7 хоногийн дотор байраа орон суллаж, СЭХ-ны дарга болон байр орон сууцны комисст хүлээлгэн өгнө" гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч М.О нь байрыг эзэмших эрхгүй болно. Мөн УБТЗ-ын даргын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 дугаартай тушаалаар батлагдсан "Орон сууцны дүрэм"-ийн 2 дугаар бүлэгт орон сууцны ангиллын талаар зохицуулсан бөгөөд дүрмийн 2.13-д Нийтийн байр нь шинээр их, дээд сургууль, МСҮТ төгссөн залуу боловсон хүчин, шугам замд томилогдсон ажилтан, дадлагажигч нарыг тухайн өртөө, зангилаанд богино хугацаанд ажиллах болон өөрийн сууцтай болтлоо түр амьдрахад зориулагдана, 2.17-д Нийтийн байранд оршин ажилтны хөдөлмөрийн болон бусад гэрээ нь дуусгавар болсон, цуцлагдсан эсвэл энэ дүрмийн 2.15, 2.16-д заасан хугацаа дууссан тохиолдолд өөр сууц олгохгүйгээр нийтийн байрыг үл маргах журмаар чөлөөлүүлнэ гэж тус тус заасныг үндэслэн М.Оюуны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид байрыг чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулах ажиллагааг хийдэг ч нэхэмжлэгч өөрөө огт авдаггүй.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн гол үндэслэлээ хууль бусаар орон сууцнаас албадан чөлөөлсөн тул эргүүлэн орон сууцанд оруулахыг даалгах тухай гэж сая үндэслэлээ тайлбарлаж байна. Аливаа шаардаж эрх гэдэг хууль болон гэрээний үндсэн дээр үүсдэг. Тиймээс нэхэмжлэгчид тухайн орон сууцыг хууль ёсоор эзэмших эрх байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй. Мөн тухайн орон сууц нь хэний өмч вэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Гуравт энэ хууль бусаар албадан чөлөөлсөн үйл ажиллагааг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг хийсэн эсэхийг тогтоох ёстой гэж үзэж байна. Энэ хэрэг нь өмнө анхан болон давж заалдах шатны шүүхээр хянагдаад шийдвэрлэгдсэн. Тухайн маргаж буй нийтийн байр нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн өмчлөлийн байр. Өмчлөлийн асуудлаар нэхэмжлэгч талаас маргахгүй байгаа. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан байгаа. Ийм учраас өмчлөгч нь өөрийнхөө өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бүрэн эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд орон сууцаа хэнд ашиглуулж, хэнд хуваарилах уу гэдгээ өмчлөгч өөрийнхөө дотоод дүрэм, журмаараа тогтоодог. Энэ дүрмийн дагуу Улаанбаатар төмөр замын өмчлөлийн байрыг манай байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад ажиллаж байх хугацаанд нь ашиглуулах зориулалттай байр. Гэтэл нэхэмжлэгч нь нэгдүгээрт Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депод ажилладаггүй. Хоёрдугаарт нөхөр н.Нямдорж нь 2002 онд Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогоос сахилгын зөрчлийн улмаас ажлаас халагдаад буцаж ямар нэгэн байдлаар ажилд ороогүй байдаг. Ингээд 2002 оноос хойш хууль бусаар эзэмшиж ирсэн байдаг. Мөн тухайн байрнаас хууль бусаар чөлөөлүүлсэн гэдэг асуудлыг нэхэмжлэгчийн зүгээс ярьдаг. Тэр хууль бусаар чөлөөлсөн гээд байгаа ажиллагааг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс зохион байгуулаагүй. Хариуцагчийн зүгээс сүүлд хэрэгт өгсөн баримтууд дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зорчигчийн вагон депогоос хандсан баримт байгаа. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гээд шийдвэр гүйцэтгэхээс татгалзсан байдаг. Үүгээр л манай ажиллагаа дуусгавар болсон. Мөн өмнө нь гарсан давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгчийн маргаж байгаа орон сууцыг эзэмших ямар нэгэн эрхтэй байна гэж тогтоогоогүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо процессын алдаа гаргасан буюу мэдэгдэл хүргүүлээгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзсэн. Тэгэхээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэж энэ байрыг би эзэмших эрхтэй гэж шаардаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйл дээр эзэмших гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Нэхэмжлэгчид орон сууцыг эзэмших гэрээ байхгүй. Тухайн орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа манай байгууллагаас шаардаж байсан боловч чөлөөлж өгөөгүй. Нэхэмжлэгчийн нөхрийн өвчтэй байдлыг харгалзаж үзээд байгууллагын зүгээс орон сууцанд байлгаад байдаг байсан. 15, 16 жилийн хугацаанд ямар нэгэн гэрээ болон эзэмших эрхгүйгээр орон сууцанд амьдарч ирсэн. Орон сууцыг чөлөөлж өгөх процесс нь заавал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар хийгдэх ёстой биш, нэхэмжлэгч эзэмших эрхгүй учраас өөрөө сайн дураараа чөлөөлж өгөх ёстой. Зорчигчийн вагон депо нь энэ нийтийн байрны эзэмших, ашиглах асуудлыг дотооддоо шийдвэрлэдэг. Хэрэгт авагдсан баримтаар орон сууцны комиссын хурлын тэмдэглэлүүд дээр маргаж байгаа байрыг суллаж өгөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан байдаг. Мөн энэ айлыг энэ байранд нь байлгах үүднээс Б.Н ажлаас халаад буцааж ажилд нь 2,3 удаа авсан байдаг. Харин 2018 оны 5 сард хурлаар орж одоо тухайн байранд байх боломжгүй, дараагийн эрх үүссэн хүмүүст нь шилжүүлж өгөх талаар шийдвэр гарч, мэдэгдлүүдийг хүргүүлдэг байсан. Манайхаас мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг л хийсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Гуравдагч этгээд С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 онд намайг нэхэмжлэгчийн амьдарч байсан байранд оруулна гэсэн хурлын шийдвэр гарсан. Тэр үед би өрх толгойлсон 4 хүүхэдтэй эмэгтэй байсан. Тиймээс намайг байр орон сууцаар хангаж өгөөч гэж хүсэлт гаргаж байсан. Тэгээд н.Н байрыг мэдэгдэх хуудас өгч суллаж өгнө гэж байсан боловч суллаж өгөөгүй. Би 2009 онд талийгаач нөхөртэйгөө танилцаж гэр бүл болсон. Ингээд 5 хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг, нөхөр өвчний улмаас ажил хийх боломжгүй, жил болгон зээл авдаг хүнд нөхцөлд байсан. Ингээд 2018 онд энэ байрыг надад олгохоор шийдвэрлэж гэрчилгээ олгосон. Тэр үед нь би одоо дахиж шүүхээр явбал бүтэхгүй, аль 2002 оноос хойш гаргаж чадаагүй айлыг дахиж шүүх, цагдаагаар явбал мөд бүтэхгүй гэж нөхөртөө хэлж байсан. Тухайн үед манай нөхцөл байдал үнэхээр хүнд байсан би нөхөртөө дахиж түрээс төлж чадахгүй, хүүхдүүдийн хичээл сургуулийн бэлтгэл гээд мөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас ямар нэгэн аргаар энэ байранд ормоор байна чи зохицуул гэж нөхрөөсөө шаардсан. Зорчигчийн вагон депогоос М.О эгчид мэдэгдэл хүргүүлж байсан ч байрнаасаа гараагүй. Бид нар өмнө нь М.О эгчтэй нүүр тулаад хэлж байсан та байраа суллаж өгөхгүй бол бид нар хүчээр гаргана шүү, хуулийн дагуу хүлээх арга байхгүй гэдгийг хэлсэн. Тэгээд байрнаасаа гарахгүй байхаар нь одоо энэ хүмүүсийн ая талыг хараад байж чадахгүй, шүүхээр яваад ч дахиад сар, жилээр хугацаа алдаад байж чадахгүй, ганц хүний цалинг түрээсэнд өгөөд цаашид амьдрах боломжгүй байсан. Би энэ айлыг гарахыг зөндөө хүлээсэн, байгууллагаас мэдэгдэл өгөөд байхад байрнаас гараагүй хүн угаасаа гарахгүй тиймээс зүгээр байрнаас гарга гэж нөхөртөө хэлсэн. Ингээд нөхөр маань хүн олоод очиж гаргасан.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан Баянгол дүүрэг 3 дугаар хороо *орон сууцанд эгүүлэн оруулахыг даалгах шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчийн тайлбараас дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлагыг “Баянгол дүүрэг 3 дугаар хороо *орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах” гэсэн агуулгаар тодорхойлсон гэж үзэв.  

 

Дээрх шаардлагын үндэслэлээ “маргаан бүхий орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хүчингүй болсон шийдвэрийг үндэслэн орон сууцнаас хууль бусаар гаргасан” гэж тайлбарлаж байх ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа хийгдээгүй, нэхэмжлэгч орон сууцыг өөрөө чөлөөлж өгсөн” гэсэн агуулгаар маргав.  

 

Маргаан бүхий “орон сууц” нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам /Улаанбаатар зорчигчийн вагон депо/-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн ажилтнуудыг тодорхой /ажиллах/ хугацаанд амьдрах, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ашиглаж буй нийтийн байрны зориулалттай өрөө бөгөөд тухайн байрыг хэнд, хэзээ, хэрхэн эзэмшиж, ашиглуулахыг Улаанбаатар төмөр замын Орон сууцны дүрмээр зохицуулдаг байна.  

 

Энэхүү журмын дагуу нийтийн байрны зориулалттай 23 тоот өрөөг нэхэмжлэгч М.Огийн нөхөр Б.Н 1989 оноос эзэмшүүлж байжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын орон сууц эзэмшүүлэх дотоод журмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байх хугацаанд амьдрах зориулалтаар олгосон байх ба энэ талаар зохигч маргаагүй байна. Иймд Б.Н, Улаанбаатар төмөр замын хооронд Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ.   

 

Б.Н ажлын байранд архи ууж, үүрэг даалгавар биелүүлээгүй үндэслэлээр 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар зохигч маргаагүй бөгөөд ажлаас чөлөөлөгдсөний дараа эзэмшиж байсан өрөөгөө хүлээлгэж өгөөгүйгээс албадан чөлөөлүүлэхээр 2005 онд хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ.   

 

Дээрх нэхэмжлэлтэй хэргийг Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 3 дугаар хороо Сургалтын 12 дугаар байрны 23 тоотоос Б.Н нүүлгэн гаргахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар магадлалаар хүчингүй болгож, Б.Н орон сууцнаас албадан нүүлгэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “...ажил олгогчийн мэдлийн орон сууцыг хариуцагч Б.Н тодорхой бус хугацаагаар хөлсөлж байсан гэж үзэх үндэслэлтэй, ...эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй, Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан орон сууц хөлслөх гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2004-06-04-ний өдрөөс эсвэл 2004-11-17-ны өдрөөс хойш хариуцагчид өгч байсан тухай баримт хэрэгт байхгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна” гэж заасан хугацааг баримтлаагүй гэж дүгнэсэн байна. Дээрх магадлалд талуудын хэн аль нь гомдол гаргаагүй, энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаагүй байна.  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдррийн 102/ШЗ2018/04456 дугаар захирамжаар Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дугаар шийдвэрийг /хүчингүй болсон шийдвэр/ албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр орон сууцнаас хууль бусаар гаргасан гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй болох нь тус газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр тогтоогдов.

 

Дээрх шийдвэр албадан гүйцэтгэх захирамжийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04ий өдрийн 102/ШЗ2019/12387 дугаар захирамжаар “...хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг үндэслэж тухайн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь илт үндэслэл муутай байна” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байгааг дурдах нь зүйтэй.  

 

Б.Н нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсан ба энэ хүртэл хугацаанд хариуцагч нь орон сууцны өрөөг чөлөөлөх буюу гэрээ цуцлах хүсэл зориг илэрхийлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно. Иймд Иргэний хуулийн 306 дугаар зүйлийн 306.7 дахь хэсэгт “Орон сууц хөлслөгч нас барсан тохиолдолд түүнтэй хамт амьдарч, хамтын ахуй эрхэлж байсан гэр бүлийн гишүүдэд хөлслөгчийн эрх, үүрэг шилжих бөгөөд энэ тохиолдолд гэр бүлийн гишүүд нь энэ хуулийн 294.3-т заасан хугацаанд гэрээг цуцлах эрхтэй“, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж заасны дагуу зохигчийн хооронд Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасан хугацааг баримтлан орон сууц хөлслөх гэрээг зохигчийн хэн аль нь цуцлах эрхтэй.

 

Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар маргаан бүхий орон сууцны өрөөг М.Огийн эзэмшлээс чөлөөлүүлж, гуравдагч этгээд С.Ц д олгох шийдвэрийг гаргасан байх ба орон сууцны өрөөг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд чөлөөлж өгөхийг мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээж аваагүй гэж байгаа боловч орон сууцны өрөөг чөлөөлж өгөхийг хүссэн шаардлагыг биелүүлж 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 23 тоот өрөөг суллаж өгсөн байна. Байрыг чөлөөлж өгөхдөө “хууль ёсны шүүхийн шийдвэртэй гэж ойлгож байсан, харин шүүхийн шийдвэр хууль бус байсан гэдгийг хожим олж мэдсэн” гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч Б.Н албадан нүүлгэхээр шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1011 дугаар шийдвэрийг хүчингүй болсныг тухайн үед нэхэмжлэгч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх, дээрх нөхцөл байдлыг 2 жилийн дараа мэдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Мөн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “...хариуцагч байгууллага шахаад байсан тул орон сууцыг чөлөөлж өгсөн” гэсэн тайлбарыг гаргасан байх ба энэ тайлбараараа орон сууц хөлслөх гэрээг цуцлах хариуцагчийн шаардлагын дагуу орон сууцны өрөөг чөлөөлсөн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Иймд тухайн үед маргаан бүхий орон сууцны өрөөг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 294 дүгээр зүйлийн 294.1.3 дахь хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн байрнаас гарсан үйлдлийг хариуцагчийн гэрээ цуцлах хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үзнэ.    

 

Дээрх үндэслэлээр Баянгол дүүрэг 3 дугаар хороо *өрөөнд эгүүлэн оруулахыг даалгах буюу эзэмшилдээ шилжүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох Баянгол дүүрэг 3 дугаар хороо *орон сууцны өрөөнд эгүүлэн оруулахыг даалгах тухай нэхэмжлэгч М. Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ГАНДИЙМАА