Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/00244

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “А И ” ХХК

 

Хариуцагч: Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Л.Г

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Н.Х

 

Үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э, Н.А, хариуцагчийн төлөөлөгч Б.У, гуравдагч этгээд Н.Х, Л.Г 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Хгийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх гуравдагч этгээдийн хүсэлтийг үндэслэн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А И ” ХХК нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан хөрөнгийн үнэлгээчин хууль болон үнэлгээний олон улсын стандарт, ёс зүйн дүрэм, үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг зөрчиж үнэлгээг буруу тогтоон хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэн газрын үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Маргаан бүхий газрыг олон жил түрээслэж ашиг, орлого олж байсан бөгөөд энэ талаарх баримтыг үйлчлүүлэгчээс гаргуулах авах гэсэн хуулийн заалтыг зөрчиж орлогын хандлагын аргыг ашиглалгүй зөвхөн жишиг үнийн аргыг дангаараа хэрэглэсэн нь хууль зөрчсөн.

 

1.2. Тухайн газар нь Цайз зах буюу зах зээлийн голлох үйл ажиллагаа явуулдаг, хүн амын нягтрал ихтэй, хотын А бүсийн газар бөгөөд замын хажууд 2 метрийн зайд байршилтай, гүний худагтай, тодорхой хэмжээний хөрөнгө буюу байшин баригдсан, хажуудаа үерийн далан, өндөр хүчдэл, дулаан, цэвэр, бохир усны шугамтай зэрэг дэд бүтэц зэрэг газрыг үнэ цэнэтэй болгож буй гол нөхцөлүүдийг харгалзан үзээгүй нь үнэлгээ бодитой бус болсон. 

 

 1.3. Жишиж буй объектууд нь үнэлж байгаа хөрөнгөтэй ойролцоо биш, туслах замын дагуу эсвэл туслах замаас хоёр, гурав дахь эгнээнд байршилтай хөрөнгүүдтэй харьцуулсанаар тохируулга буруу хийгдсэн.

 

1.4. Тухайн газар дээр байгаа эд хөрөнгийг хамт үнэлэх ёстой байтал салгаж үнэлсэн нь үнэлгээ хийхдээ үзлэг хийх заалтыг зөрчсөн.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Үнэлгээчин хуулийн дагуу ажиллаж зах зээлийн үнэлгээг тогтоосон, үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Х хариуцагчийн татгалзлыг дэмжиж дараах тайлбарыг гаргасан байна.

 

3.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зарласан нээлттэй дуудлага худалдаанд оролцож, маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 11 дүгээр гудамж 155 тоотод байршилтай 566 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг шударгаар олж авсан.

 

3.2.  “А И ” ХХК-ийн үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийг нэхэмжлэгчийг ирээгүй гэж буцаасан, уг захирамжид 10 хоногийн дотор гомдол гаргаагүй. Дуудлага худалдаа болоод 2 жил өнгөрсөн, гомдол гаргах хуульд заасан хугацаа дууссан.   

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Г нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж дараах тайлбарыг гаргав. 

 

4.1. “А И ” ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоолгүй үргэлжлүүлсэн нь хууль бус.

 

4.2. Тухайн газар дээр барьсан хашаа, байшин, худгийг үнэлээгүй нь үнэлгээнд нөлөөлсөн. Үнэлж буй хөрөнгөтэй ямар газрыг харьцуулж байгаа талаараа жишиж буй газрын зарын вэб холбоос /линк/-ыг тайландаа байршуулаагүй нь тухайн газар байдаг эсэх нь тодорхойгүйгээс үнэлгээний тайлан бодитой бус болсон.

 

4.3. “А И ” ХХК-ийн нэхэмжлэл гаргасан хугацааны хувьд миний бие өвчтэй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд өгсөн.

 

5. Нэхэмжлэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, эмнэлэгт болон амбулаториор эмчлүүлсэн баримтууд, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хот байгуулалт, хөгжлийн газрын албан бичиг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, “Мөнх  оргил трейд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын албан бичиг, Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны дүгнэлт, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Шинжээчийн ажиллах журам /I-ХХ-ийн 7-29, 76-77, 150-155, 157-164, 166-167, 169-172, 174-201, II-ХХ-ийн 52-54, 197-206 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас 17250509 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг /I-ХХ-ийн 72-124 дугаар тал/-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

7. Гуравдагч этгээд Н.Хгээс газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /I-ХХ-ийн 41-43, 51-53 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

8. Гуравдагч этгээд Л.Гаас эмнэлэгт болон амбулаториор эмчлүүлж байсан талаарх баримтууд, Хаан банкны депозит дансны хуулга /II-ХХ-ийн 63-77, 181-196 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  

 

9. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Ч.Э, Х.Ц, Б.Энхболд нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2019/05611 дугаар захирамжтай хэргээс нэхэмжлэл, шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2019/05611 дугаар захирамж, уг захирамжийг гардуулсан баримт /I-ХХ-ийн 206-211 дугаар тал, II-ХХ-ийн 150-154 дугаар тал, II-ХХ-ийн 43-50 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

10. Гуравдагч этгээд Н.Хгийн хүсэлтээр Б.Эрдэнэбаатараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн дүрэм, Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн дүрэм /II-ХХ-ийн 146-149, 157-173 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч “А И ” ХХК нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан Баянзүрх *тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “үнэлгээчин хууль болон үнэлгээний олон улсын стандарт, үнэлгээчний ёс зүйн дүрэм болон үнэлгээ хийхэд баримтлах зарчмуудыг зөрчиж хөрөнгийн үнэлгээг буруу тогтоосон, тухайн хөрөнгийн давуу байдлуудыг харгалзан үзэлгүй хөрөнгийг үнэгүйдүүлсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Үнэлгээчин хуулийн дагуу үнэлгээ тогтоосон, уг үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаар шийдвэрээр “А И ” ХХК-иас 402,823,593 төгрөг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Дээрх шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон боловч “А И ” ХХК сайн дураар биелүүлээгүйгээс 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 336 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

 

Шүүхийн шийдвэрийг мэдэгдэлд заасан хугацаанд төлбөр төлөгч “А И ” ХХК биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгө болох Л.Гын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 566,60 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-2204001318 дугаарт бүртгэлтэй газрыг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр битүүмжилж, дахин төлбөр төлөх хугацаа тогтоосон байх ба тухайн хугацаанд төлбөр төлөөгүйгээс битүүмжилсэн эд хөрөнгийг 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хураан авч төлбөр төлөх хугацаа тогтоосон байна. Тухайн хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч “А И ” ХХК, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Л.Г нараас үнийн санал авсан байх ба уг үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй буюу талууд харилцан тохиролцоогүйгээс шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийг үнийг тогтоолгохоор шинжээч томилж, үнэлгээг тогтоожээ.

 

Шинжээчээр тогтоолгосон үнэлгээг /шинжээчийн дүгнэлт/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 4/4563 тоот мэдэгдлээр үнэлгээний 70 хувиар тооцож анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг төлбөр төлөгч “А И ” ХХК болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Л.Г нарт мэдэгджээ. Энэхүү ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Үнэлгээ тогтоосон барьцаа хөрөнгийн өмчлөгч болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Г нь нэхэмжлэгч “А И ” ХХК-ийн захирал болно.

 

Төлбөр төлөгч “А И ” ХХК, иргэний шийдвэр гүйцэтгэх ажилагааны журмаар хураасан эд хөрөнгө болох газрын өмчлөгч Л.Г нар нь хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан байх ба энэ талаар маргаагүй болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлоо 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргана. Энэ хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргасан байна. Нэхэмжлэгчийн гомдлын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутад товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2019/05611 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ. Дээрх захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаагүй байх ба гомдол гаргах шаардлагагүй байсан гэж тайлбарлаж байна.

 

Тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г нь оролцохоор явж байх үедээ биеийн эрүүл мэндийн улмаас яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн гэх ба 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтыг гаргаж өгсөн байна. Мөн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд эмнэлгийн магадлагаа олгосон байх ба үүнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй эмнэлэг, сувилал болон амбулаториор эмчлүүлсэн гэж байх бөгөөд энэ талаарх баримтуудыг гаргаж өгчээ. Иймд дээрх хугацаанд шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэв. Үүнээс хойш хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх ямар нэг баримт ирүүлээгүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаанд хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах онцгой нөхцөл шалтгаанууд хамаарна. Иймд 2019 оны 12 дугаар сараас хойш мэдрэлийн эмчийн хяналтад байгаа нөхцөл байдал нь хүндээр өвчилсөн хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Мөн дээрх хугацаанд Л.Г иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн биеэр оролцож байсан болох нь түүний болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүхэд хүрэлцэн ирэх, гомдол гаргах боломжгүй нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нөхцөл байдал байхгүй байжээ.     

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 18-25-ны өдрийг хүртэл хугацаанд үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргах боломжтой байжээ. Энэ хугацаанд шүүхэд гомдол гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй гэж үзэв.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт үнэлгээний талаарх гомдол гаргах хугацааг тусгайлан заасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан хугацаа хамаарахгүй. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зорилго нь шүүхийн шийдвэрийг “албадан гүйцэтгэж”, зөрчигдсөн эрхийг бодитоор сэргээхэд орших ба хуульд заасан журмаар, тодорхой хугацаанд явагддаг ажиллагаа болохыг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. Иймд нэхэмжлэгчийг үнэлгээний талаарх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны үр дагавар нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй буюу нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан үнэлгээний талаар шаардлага гаргах эрхээ алдаж буй явдал юм. Иймд Баянзүрх дүүрэг  тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 566,60 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-*дугаарт бүртгэлтэй газрын үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо * тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 566,60 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-* дугаарт бүртгэлтэй газрын үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч “А И ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА