Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00260

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00260

 

 

 

 

АИ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03157 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч АИ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БХЗХТБАА-д холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4848 дугаар захирамжаар АИ ХХК-аас 404 499 906 төгрөгийг гаргуулан Капитал банканд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь манай компанийн барьцаалагдсан хөрөнгөд бидний өгсөн үнийн саналыг Капитал банк хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр хөндлөнгийн үнэлгээчин томилж Мөнх-Оргил ХХК ажиллажээ. Бид эхлээд манай барьцаанд байгаа нийт 3 орон сууц, 1 хашааны газар, үйлдвэрийн барилгын газрын хамт зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байна гэж гомдол гаргасан боловч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 26-29 тоот 3 өрөө байр, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16-40 тоот 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 25-1 тоот аж ахуйн зориулалтаар зассан 2 өрөө байр, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 19-225 тоот үйлдвэрийн барилга, газар зэргийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан юм. Харин 58 000 000 төгрөгөөр үнэлэгдэж анхдугаар дуудлага худалдаагаар 43 000 000 төгрөгөөр зарагдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах 566,6 м.кв талбай бүхий Өлгийн 11-155 тоот хашаа, байшинг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байгаа.Дээр дурдсан 566,6 м.кв талбай бүхий газар нь төв замын дэргэд, хүйтэн усны шугамд ойр, цахилгааны 0,4 квт буюу 380 вольтын шугамд холбогдсон, дулааны шугам 10 метр зайтай, бохирын шугам 16 метр зайтай, холбооны шугам 18 метр зайтай, дэд бүтэц сайтай газрыг 43 000 000 төгрөгөөр зарна гэдэг нь хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн үйлдэл юм. Би энэ газрыг Фэйр Валуэшн үнэлгээний компаниар үнэлүүлэхэд үнэлгээг 368 700 000 төгрөг гэж тогтоосон. Иймд манай компанийн барьцаанд байсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 11-155 тоот хашааны газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 04848 дугаар шийдвэрээр АИ ХХК-аас 404 995 906 төгрөгийг гаргуулж Капитал банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч АИ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 47 м.кв талбайтай 3 өрөө хувийн сууц, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот хаягт байрлах 40 м.кв, 3 өрөө хувийн сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 01 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамж 155 тоотод байрлах 566,6 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор Булгачин гудамжны 225 тоотод байрлах 1400 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 11 хороо, Хонхор Булгачин гудамжны 225 тоот хаягт байрлах 594 м.кв талбайтай үйлдвэрийн байрнуудыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасны дагуу битүүмжлэн, хураан мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасны дагуу хураах ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулсан. Төлбөр төлөгч АИ ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Г-2204001318 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамжны 155 тоот хаягт байрлах 566,6 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн, 177.1.1-т заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор Мөнх-Оргил ХХК-ийг томилж зах зээлийн бодит үнэлгээг тогтооход 58 700 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч АИ ХХК болон өмчлөгч Л.Гэрэлнямд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 55.3-т заасны дагуу оршин суух хаягт баталгаат шуудангаар мэдэгдсэн. Төлбөр төлөгч АИ ХХК-ний барьцаа хөрөнгө болох 566,6 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнэлгээний 70 хувь буюу 41 090 000 төгрөгөөр оруулахад 43 090 000 төгрөгөөр худалдан борлогдож бусад барьцаа хөрөнгийг тус газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ний санал болгох хурлаар төлбөр авагч Капитал банкны эрх хүлээн авагчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр санал болгож шийдвэрлэсэн.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/Ш32019/05611 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч АИ ХХК-ийн захирал Л.Гэрэлням нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд 7 хоногийн дотор гаргаагүй, мөн таны гаргасан 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/Ш32019/05611 дүгээр захирамжид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасны дагуу гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Х- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан. Тус албадан дуудлага худалдаагаар би оролцож, маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 11 дүгээр гудамж, 155 тоотод байрлах, 566 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрын дуудлага худалдааны ялагч болж, 43 090 000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед худалдан авсны дараагаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар нэгэн маргаан байхгүй, та дуудлага худалдааны ялагч болсон тул 14 хоногийн дараа үлдэгдэл мөнгөө тушааж газрын өмчлөх болох эрх чинь нээгдэж байгаа гэж тайлбарлаж хэлсэн. Үүний дагуу тухайн заасан хугацаанд мөнгийг байршуулж, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дээрх газрыг гэрчилгээг надад шилжүүлж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээч томилуулсан бол мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй байсан. Үүний дагуу нэхэмжлэгч АИ ХХК нь 2019 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг гаргасан байдаг.Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 05611 тоот захирамжаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан. Миний хувьд өнөөдрийн байдлаар тус газартаа 6 давхар барилга барих зөвшөөрөл авсан, дулаан болон цэвэр ус татсан, 10 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-аас барилгын материал ирнэ, одоогоор 278 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 11-155 тоотод байршилтай, 566,60 м.кв талбайтай газрыг 58 719 590 төгрөгөөр үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 18-04/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70 200 төгрөгийг гаргуулан АИ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Төлбөр төлөгч АИ ХХК болон захирал Л.Гэрэлням нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо "...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан боловч нэхэмжлэгч АИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлням шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул тус шүүхийн шүүгч З.Доржнамжин нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/Ш32019/05611 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн байна. Төлбөр төлөгч АИ ХХК болон захирал Л.Гэрэлням нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжины гаргасан 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/Ш32019/05611 дугаар захирамжтай холбогдуулан шүүхэд гомдол гаргаж байгаагүй бөгөөд тухайн шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу өнөөдрийг хүртэл хүчингүй болгох эсвэл өөрчилсөн шийдвэр гараагүй байгаа нь дээрх захирамж хүчин төгөлдөр болохыг нотолж байна. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан гэж заажээ. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч З.Доржнамжин нь өөрийн гаргасан захирамж нь хүчин төгөлдөр хэвээр байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хуулийн хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг хүлээн авч хууль бус шийдвэр гаргасан нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны үйл ажиллагааг доголдуулсан төрийн байгууллагыг төлбөрт оруулах нөхцөл байдал үүсэж байна. Мөн дээрх газрыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оролцож хууль ёсны өмчлөгч болсон гуравдагч этгээд иргэн Н.Х-гийн хууль ёсны эрхийг зөрчиж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Х- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд хандан гаргах эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч АИ ХХК-аас 2019 оны 3 дутаар сарын 01-ний өдөр хандан гаргасан байгаа тул хуулийн хугацаа хэтрүүлээгүй хэмээн хуулийг өөрийн санаачлагаар худал тайлбарлан шийдвэрлэсэн байна. Угтаа бол тухайн АИ ХХК нь газрын хөрөнгийн үнэлгээтэй гомдлыг 2019 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 2019 оны 5 дугаар сарын 03-ний өдөр товлогдсон шүүх хуралд нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Баянгол дүүргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин нь 102/Ш32019/05611 тоот захирамж гарган хөрөнгийн үнэлгээтэй холбоотой АИ ХХК-ийн нэхэмжлэлийг буцаасан бөгөөд тухайн захирамжид эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор тухайн шүүхэд талууд гомдол гаргах эрхтэйг дурджээ. Гэтэл дээрх захирамжид талууд гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацаа хэтэрсэн бол сэргээх хүсэлтээр хандаагүй зэргээр хүчин төгөлдөр захирамж болсон байна. Улмаар миний бие дээрх Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 11-155 тоот хаягт байрлах газрыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зарлагдсан албадан дуудлага худалдаанд оролцож, ялагч болон хуулийн дагуу өмчлөх эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ямар ч асуудалгүй хэмээн иргэн надад шилжүүлж өгсөн. АИ ХХК нь Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд анх 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хандан гаргасан байх тул хуулийн хугацаа хэтрүүлээгүй байна хэмээн шийдвэртээ тусгасан мөртлөө энэхүү нэхэмжлэл нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/Ш32019/05611 тоот өөрийнхөө гаргасан захирамжаар хүчин төгөлдөр шийдвэрлээд дууссан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг байтал 1 жил 3 сарын дараа гаргаж буй шаардлага нэгэн адил нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь үнэхээр учир дутагдалтай шүүгчийн ёс зүйгүй, хууль хэрэглээг буруугаар тайлбарлан шийдвэрлэсэн үйлдэл байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч АИ ХХК нь хариуцагч Банк Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 11-155 тоотод байрлах, 566.6 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, байшинг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

Хариуцагч байгууллага нь Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг АИ ХХК-ийн захирал Л.Гэрэлнямд 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гардуулж, тэмдэглэл үйлдсэн ба АИ ХХК нь Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд анх 2019 оны 2 сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/Ш32019/05611 тоот захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу дахин нэхэмжлэл гаргах эрхтэй. /хх-ийн 86-88, 92-93 122/

 

Гэтэл шүүх 2019 оны 5 дугаар сарын 03-ний өдрийн 102/Ш32019/05611 тоот захирамж болон буцаасан нэхэмжлэлийг нэхэмжлэгч хэзээ хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад өмнө нь нэхэмжлэлийг хүлээн авсан хугацаагаар тооцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ний өдрийн 102/Ш32019/05611 тоот захирамжаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, нэхэмжлэлийг буцаасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар урьд өмнө гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн болон гуравдагч этгээдийн тайлбар, гомдол үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэлийг буцаасан дээрх шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч хэзээ гардан авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул ийнхүү гардан авсан үеэс хойш уг захирамжид гомдол гаргах хугацааг тооцох, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааны талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүйгээс давж заалдах шатны шүүхээс хариуцагч байгууллага үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ