Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2022/00553

 

"А И" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/00244 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "А И" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БХЗХТБАА-д холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаяр, Н.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Х, Л.Г, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Маргаан бүхий газрыг олон жил түрээслэн ашиг, орлого олж байсан бөгөөд энэ талаарх баримтыг үйлчлүүлэгчээс гаргуулах авах гэсэн хуулийн заалтыг зөрчиж орлогын хандлагын аргыг ашиглалгүй зөвхөн жишиг үнийн аргыг дангаараа хэрэглэсэн нь хууль зөрчсөн. Тухайн газар нь Цайз зах буюу зах зээлийн голлох үйл ажиллагаа явуулдаг, хүн амын нягтрал ихтэй, хотын А бүсийн газар бөгөөд замын хажууд 2 метрийн зайд байршилтай, гүний худагтай, тодорхой хэмжээний хөрөнгө буюу байшин баригдсан, хажуудаа үерийн далан, өндөр хүчдэл, дулаан, цэвэр, бохир усны шугамтай зэрэг дэд бүтэц зэрэг газрыг үнэ цэнэтэй болгож буй гол нөхцөлүүдийг харгалзан үзээгүй нь үнэлгээ бодитой бус болсон. Жишиж буй объектууд нь үнэлж байгаа хөрөнгөтэй ойролцоо биш, туслах замын дагуу эсвэл туслах замаас хоёр, гурав дахь эгнээнд байршилтай хөрөнгөтэй харьцуулсан. Тухайн газар дээр байгаа эд хөрөнгийг хамт үнэлэх ёстой байтал салгаж үнэлсэн нь үнэлгээ хийхдээ үзлэг хийх заалтыг зөрчсөн. Иймд +++ газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор Мөнх-Оргил” ХХК-ийг томилж зах зээлийн бодит үнэлгээг тогтооход 58,700,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч"А И" ХХК болон өмчлөгч Л.Гд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 55.3-т заасны дагуу оршин суух хаягт баталгаат шуудангаар мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнэлгээний 70 хувь буюу 41,090,000 төгрөгөөр оруулахад 43,090,000 төгрөгөөр худалдан борлогдож бусад барьцаа хөрөнгийг тус газрын 2019 оны 06 дугаар сарын 04-ний санал болгох хурлаар төлбөр авагчид шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр санал болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/Ш32019/05611 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Үнэлгээчин хуулийн дагуу ажиллаж зах зээлийн үнэлгээг тогтоосон, үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Хгийн гаргасан тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд оролцож, маргааны зүйл болох +++ газрын дуудлага худалдааны ялагч болж, 43,090,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед худалдан авсны дараагаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар нэгэн маргаан байхгүй, та дуудлага худалдааны ялагч болсон тул 14 хоногийн дараа үлдэгдэл мөнгөө тушааж газрын өмчлөх болох эрх чинь нээгдэж байгаа гэж тайлбарлаж хэлсэн. Үүний дагуу заасан хугацаанд мөнгийг байршуулж, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дээрх газрыг гэрчилгээг надад шилжүүлж өгсөн. Миний хувьд тус газарт одоогоор 278,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Гын гаргасан тайлбарын агуулга: "А И" ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоолгүй үргэлжлүүлсэн нь хууль бус. Тухайн газар дээр барьсан хашаа, байшин, худгийг үнэлээгүй нь үнэлгээнд нөлөөлсөн. Үнэлж буй хөрөнгөтэй ямар газрыг харьцуулж байгаа талаараа жишиж буй газрын зарын вэб холбоос /линк/-ыг тайландаа байршуулаагүй нь тухайн газар байдаг эсэх нь тодорхойгүйгээс үнэлгээний тайлан бодитой бус болсон. "А И" ХХК-ийн нэхэмжлэл гаргасан хугацааны хувьд миний бие өвчтэй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд өгсөн гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БХЗХТБАА-д холбогдох +++ газрын үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч "А И" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь Шүүхийн шиндвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг түүний 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан давж заалдах гомдлоос харж болно. Нийслэлийн иргэннй хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 260 дугаар магадлалд “ ..."А И" ХХК нь үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 05 дугаар сарын 03-ны 5611 захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу дахин нэхэмжлэл гаргах эрхтэй...”, мөн магадлалд “...2019 оны 05 дугаар сарын 03-ны 5611 захирамжаар хэргийг эцэслэн шийдээгүй, буцаасан тул ИХШХШТХуулийн 65.1.6-д заасан үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн болон гуравдагч этгээдийн тайлбар, гомдол үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж тус тус дүгнэснийг анхаарна уу.  

Шүүх нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцсэн гэж үзэхгүй бөгөөд буцааснаас хойш нэхэмжлэгч ямар хугацааны дотор дахин нэхэмжлэл гаргах зохицуулалтыг Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаас өөрөөр хуульчлаагүй байх тул 2020 оны 06 дугаар сарын 16-нд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоног нь шүүхэд нэхэмжлэл гаргах харилцааг зохицуулахаас буцаагдсан нэхэмжлэлийг дахин гаргасан тохиолдлыг зохицуулахгүй гэж үзэж байна.  Шүүх шийдвэр гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг голлон анхаарснаас болоод нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбар, бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хуульд нийцээгүй болох нь батлагдана гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Гын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүгч нь үйл баримтыг тодорхойлохдоо нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийгээгүй. Нотлох баримтуудыг, тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг чухам хэзээ хүлээн авсан, гарын үсэг зуруулж, тэмдэглэл хөтөлсөн эсэх талаар баримтаар үнэлж дүгнэх ёстой байв. Энэ ажил хийгдээгүй. Нотлох баримтыг үнэлсэн бол 8 сарын 18-25 гэсэн хугацааг тогтоох шаардлагагүй болох нь ойлгогдоно.

 2019 оны 08 дугаар сарын 17-нд шийдвэр гүйцэтгэгч үнэлгээтэй холбоотой ямар нэгэн мэдэгдэл танилцуулах ажиллагаа хийгдээгүй, би тийм мэдэгдэл, тэмдэглэл, танилцуулга хүлээж аваагүй. Тийм болохоор 2019.08.18-2019.08.25 гэсэн хугацаа миний гаргасан нэхэмжлэлд хамааралгүй. Хэрэв шийдвэр гүйцэтгэгч шинжээчээр үнэлгээ хийлгээгүй бол дурдсан хугацаанд нэхэмжлэл гаргахгүй байж болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийн үндэслэл болсон.

2019 оны 02 дугаар сарын 22-нд үнэлгээний талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч үнэлгээний талаарх гомдлоо 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу хуульд заасан хугацаанд гаргасан байна” гэж дүгнэсэн мөртлөө шүүхэд нэхэмжлэлээ сэргээх хугацааг 2019 оны 8 сарын 18-25 гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа нь нь 55.3-т хамааралтай хугацаа юм. Бусад тохиолдолд энэ 7 хоногийн хугацаа үйлчлэхгүй.

Би 2019 оны 05 дугаар сарын 13-нд эмнэлгээс гарч 05 дугаар сарын 14-ний өдөр гэртээ ахуйн ослоос болж хөлөө гэмтээн эмчид очиход хөдөлгөөнөө хорьж, хэвтрийн дэглэм дэглэм сахиж, жорын дагуу эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн. Хөлийн шөрмөс сунах, зөөлөн эд гэмтэх нь 2-3 жилийн тасралтгүй эмчилгээ шаарддаг өвчин бөгөөд энэхүү нөхцөл байдал бүтэн 1 жил үргэлжилсэн. Энэ талаарх нотлох баримт байгаа бөгөөд шүүгч энэ талаар дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Дээрх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй. Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс хөөн хэлэлцэх хугацааг буруу тогтоосон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг нотлох баримтуудад тулгуурлан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ямар ч мөнгө төлөлгүй 4 жил болж байна гэжээ.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Хгийн гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь захирамжийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гардан авсан, 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн, хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж даалдах шатны шүүх хэргийг зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч "А И" ХХК нь хариуцагч БХЗХТБАА-д холбогдуулан +++ байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Мөнх-оргил трейд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “үнэлгээчин хууль болон үнэлгээний олон улсын стандарт, үнэлгээчний ёс зүйн дүрэм болон үнэлгээ хийхэд баримтлах зарчмуудыг зөрчсөн, хөрөнгийг үнэгүйдүүлсэн” гэсэн агуулгаар тайлбарлажээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “үнэлгээчин хуулийн дагуу үнэлгээ тогтоосон, уг үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн” гэж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Л.Г нь нэхэмжлэгч "А И" ХХК-ийн, Н.Х нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарыг тус тус дэмжиж оролцжээ.  

 

 3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, тухайн маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Тухайлбал,

 3а. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 336 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 04848 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /1хх-97, 98-110/

3б. Талууд барьцаа хөрөнгийг хураан авч, битүүмжилсэн болон дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар маргаангүй. Харин нэхэмжлэгч үнэлгээний талаарх гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

3в. Хэргийн баримтаас үзвэл, төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 53 дугаар тогтоол гарган, “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /1хх117/

Шинжээч нь +++ газрыг 58,700,000 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ. /1хх 118-119/

3г. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийн үнэлгээг "А И" ХХК болон Л.Г нарт 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр,  танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4/4563, 4/4562 дугаар мэдэгдэл, энэ талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцсэн байна.  /1хх 120-122/

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Нэхэмжлэгч "А И" ХХК нь “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо хуульд заасан хугацааны дотор буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2019/05611 дугаар шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй” гэсэн үндэслэл заан нэхэмжлэлийг буцаасан үйл баримт тогтоогдсон байна. /хх 86-87, 92/

4б. Ийнхүү нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч дахин гомдол буюу нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд уг захирамжийг гардаж авсан, улмаар захирамжид гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн эсэхээс хамааран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг шинээр тоолж, гомдол гаргах хугацааг тодорхойлно. Нэхэмжлэгч "А И" ХХК-ийг төлөөлөх эрх бүхий Л.Г нь нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн 102/ШЗ2019/05611 дугаар захирамжийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гардаж авсан боловч уг захирамжид гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргасан байна. /1хх 1-2/

 4в. Анхан шатны шүүх гомдол гаргах хугацааны талаар дүгнэлт хийхдээ хэргийн болон тухайн цаг үеийн нийгмийн нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгч "А И" ХХК-ийг  2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш шүүхэд гомдлоо гаргах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Хууль хэрэглэх зарчмын хувьд тусгай харилцааг тухайлан зохицуулсан зохицуулалт байгаа тохиолдолд тухайн зохицуулалтыг хэрэглэх журамтай. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед гарсан үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргах тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт тухайлан зааснаар 7 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй.  

5. Түүнчлэн, цар тахлын буюу нийгмийн нөхцөл байдал нь шүүгчийн дээрх захирамжийг гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл болохгүй байна.

6. Нэхэмжлэгч "А И" ХХК нь хуульд заасан журмын дагуу төлөөлөгчөөрөө дамжуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, эрх ашгаа хамгаалуулах боломжтой байсныг дурьдах нь зүйтэй.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч "А И" ХХК-ийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч "А И" ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Г нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Дээр дурьдсанаар нэхэмжлэгч нь гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул эд хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагааг хуульд нийцсэн, үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч "А И" ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Г нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/00244 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч "А И" ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Г нарын төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                 ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

                                                                            Д.ЦОГТСАЙХАН