Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/00129

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Ц ББСБ” ХХК

 

Хариуцагч: Б.Э

 

Нэхэмжлэлийн шаардлага: 463,716,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 215 тоот зээлийн  гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 216 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн төлбөрт төлсөн 4,174,670 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Б.Э нь “Ц ББСБ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 41,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн, мөн 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн. Дээрх гэрээнүүдийн хүүгийн төлбөрт 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 2,430,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1,744,670 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлбөр огт төлөөгүй.

 

1.2 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.Амардэлгэрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Уг хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

 

1.3 Дээрх зээлийн гэрээнүүдийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ба нэхэмжлэгчид мөнгө орж ирэх өдрөөр буюу 2014 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөр гэрээг огноолж, зээлийг хариуцагчийн хүсэлтийн дагуу “И ББСБ” ХХК-д шилжүүлсэн гэжээ.

 

2. Хариуцагч Б.Э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр БНСУ руу явсан хойгуур “И ББСБ” XXК нь миний зээлийг надад огт хэлж мэдэгдэлгүйгээр “Ц ББСБ” ХХК-д шилжүүлсэн. 2015 оны 1  дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-аас ирэхэд зээлийг өөр банк бусад шилжүүлсэн, гэрээнд гарын үсэг зур гэж шаардсаны дагуу  гарын үсэг зурсан. Тухайн гэрээгээр мөнгө аваагүй, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан, “И ББСБ” ХХК-д төлөх төлбөртэй гэжээ.

 

3. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээнүүдийг хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн зээлийн төлбөрт төлсөн 4,174,670 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

 

3.1. Зээлийн гэрээнүүдээр 101,000,000 төгрөг өгөөгүй, зөвшөөрөлгүйгээр зээлийг шилжүүлэн авч хууль зөрчсөн. 

 

3.2. Мөн зээлийн гэрээнүүдээр “бэлэн мөнгө” зээлсэн гэж байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

 

3.3. Дээрх хүчин төгөлдөр бус гэрээний төлбөрт 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 2,430,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1,744,670 төгрөг төлж нийт 4,174,670 төгрөгийн хохирол учирсан.  

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 215 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 215 дугаартай барьцааны гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 216 дугаартай зээлийн гэрээ,2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 216 дугаартай барьцааны гэрээ,зээл, хүүгийн тооцоолол, кассын зарлагын ордер, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн “Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол”, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлстийн мөрдөн байцаагчийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын “Эрүүгийн хэргийг хэргсэхгүй болгох тухай” 2123 дугаартай прокурорын тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” 1018 дугаартай прокурорын тогтоол, 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 5/12 дугаартай, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 5/353 дугаартай Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1/1210 дугаартай Улсын Ерөнхий Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн санал, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4/1262 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11/4-3056 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2769 дугаартай, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 201625022035 дугаартай, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1414 дугаартай, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолууд, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 4/1770 дугаартай Ерөнхий Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1008 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, 2020 оны  8 дугаар сарын 24-ний өдрийн 4/773 дугаартай Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн “Ц ББСБ” ХХК-д гаргасан Б.Эын хүсэлт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 26/2015 дугаартай “Ц ББСБ” ХХК-ийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Ц ББСБ” ХХК-ийн зээлдэгч Б.Этай хийсэн ярилцлага, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б.Эын бичгэн тайлбар, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 52/2017 дугаартай “Ц ББСБ” ХХК-ийн “Өргөдөл гаргах нь” албан бичиг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн Б.Эыг дахин байцаасан тухай тэмдэглэл, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн гэрчээс мэдүүлэг авсан тухай  тэмдэглэл, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2-5а/10186 дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, хавсралт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 36591 дугаартай захирамж, мөн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00193 дугаартай шүүгчийн захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1141 дугаартай тогтоол /I-ХХ-8-10-13, 15-39, 55-70, 72-75/

 

5. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.Үүнд: 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаартай Чингэлтэй дүүргийн Прокурорын  газрын прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2021/07046 дугаартай захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04/2665 дугаартай албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 40/148 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39/58 дугаартай “Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, Б.Э, Г.Цэцгээ нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, М.Жавзандулам, М.Цогт-Очир нарын төрсний гэрчилгээ, М.Янжиндуламын төрсний бүртгэлийн лавлагаа /I-ХХ-90-93, 190-202 дугаар тал/

 

6. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1414 дугаартай Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5/935 дугаартай Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1008 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б.Эыг дахин байцаасан тэмдэглэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Эаас “Ц ББСБ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Баримт бичигт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр, 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрүүдийн гэрчийн мэдүүлэг, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн санал, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 330 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 88 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2/1773 дугаартай албан бичиг, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Улсын Ерөнхий Прокурорын газрын 1/48 дугаартай прокурорын тогтоол, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 5/2387 дугаартай албан бичиг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Ерөнхий прокурорын газрын 5/2887 дугаартай албан бичиг, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн хохирогчоос авсан мэдүүлэг, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдийн гэрчийн мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчүүдийг нүүрэлдүүлсэн мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2769 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол /I-ХХ-103-114, 138-175 дугаар тал/

 

7. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: Чингэлтэй дүүргийн Прокурорын газар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас гаргуулсан нотлох баримтууд, “Ц ББСБ” ХХК-иас Б.Эд холбогдох зээлийн хувийн хэрэг, “И ББСБ” ХХК-иас Б.Эд холбогдох зээлийн баримтууд, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс барьцаа хөрөнгийн лавлагаа /I-ХХ-ийн 132-175 дугаар тал, 222-250, II-ХХ-ийн 1-71 дүгээр тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 41,000,000 төгрөг, үндсэн болон хугацаа хэтэрсэн хүү 125,077,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,358,667 төгрөг нийт 188,436,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 60,000,000 төгрөг, үндсэн болон хугацаа хэтэрсэн хүү 182,640,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,640,000 төгрөг нийт 275,280,000 төгрөг буюу 2 гэрээний үүрэгт нийт 463,716,000 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, Монгол Улсад байгаагүй үед “И ББСБ” ХХК-иас авсан зээлийн төлбөрийг зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчид шилжүүлж хууль зөрчсөн, бэлэн мөнгө зээлсэн мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан гэж марган татгалзалтайгаа холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 215 дугаар зээлийн  гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 216 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн төлбөрт төлсөн 4,174,670 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №215 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь хувийн хэрэгцээний зориулалтаар 41,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. Мөн талууд 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр №216 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч хувийн хэрэгцээний зориулалтаар 60,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтэрсэн өдрөөс нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. Уг гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.А өмчлөлийн орон сууцыг барьцаалж 2014 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зохигчид барьцааны гэрээ байгуулсан байх ба 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлжээ. Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагчид шилжүүлэх зээлийн мөнгөн хөрөнгөөс 303,000 төгрөгийг зээлийн шимтгэлд суутган авч, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 40,024,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 60,642,670 төгрөгийг “И ББСБ” ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар нэхэмжлэгч маргаагүй. /I-ХХ-ийн 8-15, 19-21 дүгээр тал/

 

Хариуцагч нь “И ББСБ” ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан байх ба уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.Амардэлгэрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалжээ. Энэхүү гэрээний үүргээ хариуцагч 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд огт биелүүлээгүй байна. Тухайн гэрээний үүрэгт “И ББСБ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн үндсэн төлбөрт 20,000,000 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүү 20,024,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн үндсэн төлбөрт 60,000,000 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүү 642,670 төгрөг нийт 100,666,670 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөөр төлүүлж, Б.Эын гэрээгээр хүлээсэн үүргийг дуусгавар болгосон гэжээ. /I-ХХ-ийн 239-250 дугаар тал, II-ХХ-ийн 1 дүгээр тал/

 

Хариуцагч 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн байна. /I-ХХ-ийн 206 дугаар тал/

 

Тухайн үйл баримтуудаас дүгнэвэл хариуцагчийг Монгол Улсад байхгүй үед нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК-иас “И ББСБ” ХХК-д 100,666,670 төгрөг шилжүүлж, хариуцагчийн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон үйл баримт тогтоогдов.

 

Дээрх зээлийн гэрээнүүдтэй холбоотой асуудлаар Б.Эд холбогдуулан “И ББСБ” ХХК-ийн захирал Д.Дүгэрийн гаргасан гомдлыг шалгаж Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1414 дугаар тогтоолоор Б.Эын үйлдэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, “Ц ББСБ” ХХК-ийн захирал Д.Дүгэрийн гаргасан гомдлыг шалгаад Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2769 дугаар тогтоолоор “тухайн хэрэгт өөр газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа буюу ижил утга, агуулга бүхий гэмт хэрэг тус бүрд мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэсэн үндэслэлийг зааж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. Өөрөөр хэлбэл “И ББСБ” ХХК болон “Ц ББСБ” ХХК-ийн гаргасан гомдлуудыг нэг ижил утга, агуулгатай гэж үзжээ.  /I-ХХ-ийн 35, 174-175 дугаар тал/ 

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж тодорхойлжээ. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ нь тодорхой мөнгөн хөрөнгийг зээлдэгчид тодорхой хэрэгцээ шаардлагад нь зориулж эргэн төлөх нөхцөл, баталгаатай /санхүүгийн чадвар, эргэн төлөх боломжит хугацаа/, хүүтэй, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг гаргуулж, дээрх баталгаа хангагдсан нөхцөлд олгодог зээл юм. Өөрөөр хэлбэл дээрх баталгаа хангагдсан нөхцөлд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлийг олгох талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан. Иймд зээл эргэн төлөхбаталгаа /барьцаа, батлан даалт/ байхгүй буюу хуульд заасан баталгаа хангагдаагүй байхад зохигчийн хоорондбанк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдах үндэслэлгүй. Иймд хариуцагчийг Монгол Улсаас явахаас өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээнүүдийг байгуулсан байсан гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. 

 

Талууд 2014 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нотариатчаар гэрчлүүлж, барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул дээрх гэрээнүүдийг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нөхөж байгуулсан гэж үзэхээр байна. “И ББСБ” ХХК-ийн захирал Д.Дүгэр нь Б.Эын зээлийн өрийг “Ц ББСБ” ХХК-иас Б.Эын авсан зээлээр төлүүлж, гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо мэдүүлсэн атлаа дээрх компаниудыг аль алиныг нь төлөөлж цагдаагийн байгууллагад “Б.Э нь “И ББСБ” ХХК-иас 80,000,000 төгрөг, “Ц ББСБ” ХХК-иас 101,000,000 төгрөг авч залилан мэхлэсэн” гэж гомдол гаргаж, тус тусад нь шалгуулж байсан үйл баримт тогтоогдсон байна. Энэ үйл баримтаас дүгнэвэл тухайн үед “И ББСБ” ХХК-ийн зээл бодитоор төлөгдсөн гэж үзэхэд эргэлзээтэй байх боловч “И ББСБ” ХХК нь гуравдагч этгээд буюу “Ц ББСБ” ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан болохоо шүүхэд гаргаж өгсөн баримтаар илэрхийлжээ. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Харин тухайн үед “И ББСБ” ХХК-ийн зээлийг /гэрээний хугацаа дуусаагүй байсан/ “Ц ББСБ” ХХК-иас зээл авч төлөх хүсэл зориг хариуцагчид байсан болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна. Иймд дээрх үйлдлийг хариуцагчийн хүсэл зоригоос үл хамааран хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийг хожим хүсэл зоригоо илэрхийлж зээлийн гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэж үзэхгүй. Дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдаагүй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна. 

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь барьцаалагчид өөрийн шаардлагаа бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулж авах эрхийг олгодог бөгөөд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар салгаж үл болох эрх юм. Өөрөөр хэлбэл үндсэн шаардах эрх байхгүй бол барьцааны эрх үүсэхгүй гэж ойлгоно. Иймд нэхэмжлэгч барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй.

 

Хариуцагч зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурсан нь “Ц ББСБ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлээс татгалзаагүй хүлээн авсныг илэрхийлэх үйлдэл. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь “И ББСБ” ХХК-д шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 101,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. 

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцохгүй бөгөөд уг гэрээ хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй, харин тухайн гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэг үүснэ. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд тухайн гэрээний үр дагаврыг арилгах шаардлагын үндэслэл болж байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 4,174,670 төгрөг гаргуулах гэж тодорхойлов. 

 

Гэрээ байгуулагдсан нөхцөлд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэх ба гэрээ байгуулагдаагүй бол хүчин төгөлдөр байдал яригдахгүй. Иймд зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх шаардлагагүй. Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс 4,174,670 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4,174,670 төгрөгийг хасаж хариуцагчаас 96,825,330 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлээс 366,890,670 төгрөгийн шаардлага болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Эаас 96,825,330 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 366,890,670 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,546,730 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 642,077 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА