Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02047

 

 

 

 

 

 

 

     2022         11           25                                            210/МА2022/02047

 

 

“***” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний  өдрийн 102/ШШ2022/03138 дугаар шийдвэртэй,

“***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

**д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 463,716,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр төлсөн 4,174,670 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ** нь “***” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 41,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар,  2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар тус тус зээлсэн.

Тус зээлийг хариуцагчийн хүсэлтээр “****” ХХК-д шилжүүлсэн ба зээлийн хүүгийн төлбөрт 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,430,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,744,670 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлбөр огт төлөөгүй.

Иймд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 41,000,000 төгрөг, үндсэн хүү 122,647,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,358,667 төгрөг, нийт 188,436,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 60,000,000 төгрөг, үндсэн хүү 180,895,330 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,640,000 төгрөг, нийт 275,280,000 төгрөг, 2 зээлийн гэрээний төлбөрт 463,716,000 төгрөг гаргуулна.

1.2. **тай байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, *ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, *** дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, ** м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Иймд хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Намайг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр **** руу явсан үеэр “****" XXК миний авсан зээлийг надад мэдэгдэлгүйгээр “***” ХХК-д шилжүүлсэн.

2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ****-аас ирэхэд “зээлийг өөр банк бусад шилжүүлсэн, гэрээнд гарын үсэг зур” гэж шаардсаны дагуу гэрээнд гарын үсэг зурсан.

Миний бие тухайн гэрээний дагуу мөнгө аваагүй, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байсан.

Түүнчлэн, гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгчид төлөх төлбөргүй. Харин “****” ХХК-д төлөх төлбөртэй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 101,000,000 төгрөг хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүйгээр зээлийг шилжүүлэн авч хууль зөрчсөн.

Дээрх зээлийн гэрээнүүдээр бэлэн мөнгө зээлсэн гэж байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд хүчин төгөлдөр бус гэрээний төлбөрт 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,430,000 төгрөг, мөн оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,744,670 төгрөг, нийт 4,174,670 төгрөгийн хохирол учирсан тул буцаан гаргуулна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Талууд харилцан тохиролцож, зээлдэгч бичгээр хүсэлт гаргаж зээлийн гэрээ байгуулсан. Тухайн зээлийн гэрээний дагуу авсан мөнгөөр “****” ХХК-ийн өрийг төлсөн. “***” ХХК-аас авсан зээлээ төлнө, одоогоор боломжгүй байна гэх хариуцагчийн бичгийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. 

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **аас 96,825,330 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “***” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 366,890,670 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,546,730 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч **аас улсын тэмдэгтийн хураамжид 642,077 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “***” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43,109 дүгээр зүйлд заасан журмаар явагдаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр 3 иргэнийг гэрчээр асуулгаж, хэрэгт дурдагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн бусад гэрчүүдийн мэдүүлгийг бичмэл нотлох баримтын хүрээнд үнэлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргахад хангахаас татгалзсан нь хуульд нийцээгүй.

6.2 Анхан шатны шүүх “...талуудын хооронд  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдаагүй гэж үзэн, зээлийн гэрээний үүрэгт шаардах эрхгүй байна” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

6.3 Анхан шатны шүүх “...тухайн үед “****” ХХК-ийн зээлийг “***” ХХК-аас  зээл авч төлөх хүсэл зориг хариуцагчид байсан, энэ талаар тохиролцоо хийсэн болохыг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч нь шүүх хуралдаанд “...зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, “****” ХХК-д шилжиж зээл хаагдсаныг ойлгосон” гэж тайлбарласан. Энэ нь хариуцагчийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гэрээнд гарын үсэг зурсныг илтгэнэ.

Хариуцагч нь “****” ХХК-ийн зээлийн өр дарагдсаныг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгө байршуулсан нь хариуцагчийг хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд зээлийн гэрээг чөлөөтэй байгуулах үндсэнд байгуулсан учраас гэрээний үүргийн дагуу шаардах эрхтэй.

6.4. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хувьд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс салгаж үл болох буюу хязгаарлагдмал эрхтэй холбоотой учраас барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй гэж дүгнэсэн. Зээлийн гэрээ байгуулаад мөнгө шилжүүлсэн бөгөөд гэрээний үүрэг биелэгдээгүй тул барьцаа хөрөнгөөр хангуулах үүрэг үлдэх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эрүүгийн журмаар шалгагдсан материалуудад байсан прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийдвэр бус зөвхөн гэрчийн мэдүүлэгтэй холбоотой хэсгүүдийг нотлох баримтаас хассан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

7.2. Зээлийн гэрээнд сүүлд хариуцагчаар гарын үсэг зуруулсан бөгөөд 101,000,000 төгрөг нь банктай хамааралгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус байна. Барьцаанд бүртгүүлэхдээ өөрөө очиж бүртгүүлсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Зээлийг “****” ХХК-аас шилжүүлэх хүсэл зориг байгаагүй. “****” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан баримт хэрэгт авагдсан. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн гэжээ.

 

8. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т “...**** ХХК болон “***” ХХК-ийн гаргасан гомдлуудыг нэг ижил утга агуулгатай гэж байжээ...” гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-ийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу үрэг гүйцэтгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна. Мөн цагдаагийн газарт өргөдөл гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

8.2 Шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т “...үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан болохоо шүүхэд гаргаж өгсөн баримтаар илэрхийлжээ. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 210 дугаар 210.1 дэх хэсэгт заасантай нийцжээ...” гэсэн нь үндэслэлгүй. “****” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх зөвшөөрөл өгөөгүй, тохиролцоогүй, “***” ХХК-д төлбөр төлсөн нь **д хамаарахгүй. “**** ХХК нь **аас нэхэмжлэх эрх нээлттэй байна.

8.3 “****” ХХК нь 80,000,000 төгрөгийн зээл, түүний хүүг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлээсээ татгалзсан .

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д “...Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 101,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна...” гэсэн нь хариуцагч нь зээлийн гэрээнүүдийн төлбөр 101,000,000 төгрөгийг бодитоор аваагүй, түүний зөвшөөрлөөр, харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулагдаагүй  атал шүүх ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний  өдрийн 102/ШШ2022/03138 дугаар шийдвэрийн “***” ХХК-д олгох 96,825,330 төгрөгийг **аас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1. Нэхэмжлэгчээс хариуцагчийн зээлийг төлөх үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн. Хариуцагчийн гомдолд хоёр байгууллагын хооронд төлбөр тооцооны гэрээ байгуулах ёстой байсан бөгөөд хариуцагчид хамааралгүй гэх үндэслэлийг дурдсан.

Хариуцагч тал “***” ХХК-аас ямар нэгэн үүрэг, мөнгө шаардаагүй учраас нэхэмжлэгч нь гэрээний үндсэнд төлбөр шилжүүлсэн бөгөөд хариуцагч хүлээн зөвшөөрч, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөнгө шилжсэн.

9.2. Хариуцагч Солонгос улсаас ирээд 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр буюу 15 хоногийн дараа талууд гэрээг нотариатаар гэрчлүүлээд тухайн мөнгө “****” ХХК-д шилжсэнийг мэдээд хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж, тухайн гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан.

Барьцааны гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Улсын бүртгэлд гаргасан мэдүүлгийн маягтууд хэрэгт авагдсан. Тухайн баримтад хариуцагч гарын үсгээ зурсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд улсын бүртгэлд бүртгүүлсэн талаараа тайлбарласан.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч **д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 463,716,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр төлсөн 4,174,670 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. “***” ХХК нь **д 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 41,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн  хүүтэй, 8 сарын хугацаатай зээлдүүлэхээр, мөн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 60,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлдүүлэхээр тус тус тохиролцож бичгээр зээлийн гэрээг хийжээ. (хэргийн 2 дугаар хавтасны 10 дахь тал)

 

3.а. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, *ийн өмчлөлийн *** дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод байрлах ** м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. (хэргийн 2 дугаар хавтасны 13, 15 дахь тал)

 

3.б. Эдгээр 2 зээлийн гэрээнээс гадна ** нь 2014 оны 06 дугаар сарын 10-ны “****” ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлсэн, уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *ийн өмчлөлийн *** дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод байрлах ** м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна. (хэргийн 1 дүгээр хавтасны 237-239, 240-241 дэх тал)

 

3.в. Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч **д маргаан бүхий 2 зээлийн гэрээний дагуу нийт 101,000,000 төгрөг шилжүүлэн өгөөгүй, харин уг мөнгөн хөрөнгийг “****” ХХК-д шилжүүлэн өгснийг тус банк бус санхүүгийн байгууллага нь **ын авсан 80,000,000 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрт тооцсон үйл баримт талуудын тайлбар болон хэргийн баримтуудаар тогтоогдсон.

 

“****” ХХК нь **тай 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “***” ХХК-аас хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4. Дээрх маргаан бүхий 2 зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг “***” ХХК-аас “****” ХХК-д шилжүүлэх үед хариуцагч ** нь Монгол Улсад байгаагүй буюу 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон байна. (хэргийн 1 дүгээр хавтасны 205 дахь тал)

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй гэж зохицуулсан.

 

4.а. Нэхэмжлэгч “***” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч **д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид гэрээний дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй.

 

Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчим хэрэгжихгүй. Энэ талаарх “гэрээг чөлөөт байдлын зарчмаар байгуулсан тул гэрээний үүргийг шаардах эрхтэй” гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч **ын гуравдагч этгээд “****” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэснээр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар зардлаа нөхөн төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Иймээс хариуцагч **аас 101,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “***” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 362,716,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр “***” ХХК-ийн “****” ХХК-д төлбөр төлсөн нь **д хамааралгүй гэх хариуцагч талын гомдлыг хангахгүй.

 

6. Талуудын хооронд үндсэн гэрээ болох зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад нэхэмжлэгч нь хариуцагчаас барьцааны гэрээний үүрэг шаардах эрхгүй. Анхан шатны шүүх барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Учир нь барьцааны эрх нь зээлийн гэрээнээс салгаж үл болох эрх учир энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг үлдэх ёстой” гэх гомдлыг хангахгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:  

7. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчид хариуцагчаас  зээлийн гэрээний үүрэгт 4,174,670 төгрөг төлснийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтыг баримтлан сөрөг нэхэмжлэлийн 4,174,670 төгрөгийг 101,000,000 төгрөгөөс хасаж хариуцагчаас 96,825,330 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

8. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нотлох баримтыг хассан, энэ захирамжид гомдол гаргасныг хянаж, шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг үнэлүүлэх тухай хүсэлтийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

9. Мөн талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт хэрэглэгдэхгүй. Энэ үндэслэлээр  нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагч талын гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/03138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 174 дүгээр зүйлийн 174.1,” гэснийг хасаж, “...96,825,330” гэснийг “...101,000,000” гэж, “...366,890,670” гэснийг “...362,716,000” гэж тус тус өөрчлөн,

2 дахь заалтад “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-аас 4,174,670 төгрөг гаргуулж хариуцагч **д олгосугай.” гэж нэмж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан “...60.1” гэсний дараа “...56 дугаар зүйлийн 56.1” гэж, “...56.2” гэсний дараа “...58 дугаар зүйлийн 58.3” гэж тус тус нэмж,

“...642,077 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.” гэснийг “...662,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “***” ХХК-д, хариуцагч ** сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч “***” ХХК-аас 81,745 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн,

3 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 2,062,605 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЭНХБАЯР

 

             ШҮҮГЧИД                           Д.ЗОЛЗАЯА

 

                                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ