Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00504

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00504

 

 

“Ц ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/00129 дугаар шийдвэртэй,

“Ц ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Э-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 463,716,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр төлсөн 4,174,670 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.Э- нь “Ц ББСБ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 41,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн, мөн 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, мөн зориулалтаар зээлсэн. Дээрх гэрээнүүдийн хүүгийн төлбөрт 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,430,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1,744,670 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлбөр огт төлөөгүй.

Иймд хариуцагчийн төлөх үүргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар тасалбар болгон тооцон үзвэл 215 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд 41,000,000 төгрөг, зээлийн хүү 125,077,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,358,667 төгрөг, 216 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 60,000,000 төгрөг зээлийн хүүү 182,640,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүү 32,640 төгрөг нийт 463,716,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.Амардэлгэрийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 66 дугаар байрны 000 тоот хаягт оршин байх 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.

Дээрх зээлийн гэрээнүүдийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ба нэхэмжлэгчид мөнгө орж ирэх өдрөөр буюу 2014 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөр гэрээг огноолсон. Хариуцагчийн хүсэлтийн дагуу “И ББСБ” ХХК-аас “Ц ББСБ” ХХК-д зээлийн гэрээг  шилжүүлсэн гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр БНСУ руу явсан хойгуур “Итгэлт миллион” ББСБ XXК нь миний зээлийг надад огт хэлж мэдэгдэлгүйгээр “Ц ББСБ” ХХК-д шилжүүлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-аас ирэхэд зээлийг өөр банк бусад шилжүүлсэн, гэрээнд гарын үсэг зур гэж шаардсаны дагуу гарын үсэг зурсан. Тухайн гэрээгээр мөнгө аваагүй, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. “Итгэлт миллион” ББСБ ХХК-д төлөх төлбөртэй.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Зээлийн гэрээнүүдээр 101,000,000 төгрөгийг Б.Э-д өгөөгүй, түүний зөвшөөрөлгүйгээр “Ц ББСБ” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг “И ББСБ” ХХК-д шилжүүлсэн нь хууль зөрчсөн. Зээлийн гэрээнүүдийн дагуу бэлэн мөнгө олгоогүй, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Дээрх хүчин төгөлдөр бус гэрээний төлбөрт 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,430,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,744,670 төгрөг төлж нийт 4,174,670 төгрөгийн хохирол учирсан.

Иймд зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, “Ц ББСБ” ХХК-аас 4,174,670 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч зээл олгох хүсэлттэй холбоотой баримтуудаа гаргаж өгснөөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр. Тухайн зээлийн гэрээний дагуу авсан мөнгөөр “И ББСБ” ХХК-ийн өрийг дарсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-аас 96,825,330 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 366,890,670 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,546,730 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 642,077 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Нэхэмжлэгч талын зүгээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд хариуцагч тал хүсэл зоригоо бүрэн илэрхийлэн гэрээг байгуулсан гэж үзэж байна.

Хариуцагч нь зээл авах хүсэлтийг бичгээр гаргасан, зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, барьцааны гэрээг өөрийн биеэр улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн гэрээний дагуу хүүгийн төлбөр төлсөн, зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа зээл төлөх хугацаа хойшлуулж өгөх талаар хүсэлтээ гаргаж байсан, мөрдөн байцаах шатанд “Цэн шижир” ББСБ-аас зээл авсан, уг зээлээ төлнө гэсэн гэрчийн мэдүүлгүүдийг тус тус өгч байсныг шүүх анхааран үзэж хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээнд зурсан гарын үсгийн хувьд маргаагүй. Зөвхөн зээлийн гэрээний дагуу зээлийг хүлээн аваагүй, “И ББСБ” ХХК-д шилжүүлсэн нь хуульд нийцэхгүй байна гэж маргасан байхад анхан шатны шүүхийн дүгнэлт мэтгэлцэх зарчимд нийцээгүй.

Хариуцагчийн зүгээс “И ББСБ” ХХК-ийн зээлийн өр дарагдсаныг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч талтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь хариуцагчийг хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан гэж үзэх хангалттай үндэслэл гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Хариуцагч нь гэрээ байгуулсан хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргаагүй, зөвхөн зээлийн гэрээний дагуу төлбөрийг өөрөө хүлээн авсан эсэх талаар маргасан гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 215, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 216 дугаар зээлийн гэрээний дагуу зээл авах хүсэл зориг Б.Э-д байгаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Б.Э- нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсаас гарч 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн. Б.Э-ыг Монгол улсад ирэхэд нь дээрх 2 банк бус санхүүгийн байгууллага 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 40,024,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 60,642,670 төгрөгийг шилжүүлсэн, зээлийн гэрээг байгуулсан. Тухайн хүн өөрөө хүсэл зоригоо илэрхийлээгүй, зээлийн гэрээг байгуулах ямар нэгэн эрмэлзэл байгаагүй. Мөн яагаад “И ББСБ” ХХК-аас “Ц ББСБ ХХК-д шилжсэнийг ойлгоогүй. Тэгэхээр дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд шүүх зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ

 

2. Нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 463,716,000 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Ц ББСБ” ХХК болон Б.Э- нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 215 тоот зээлийн гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 216 тоот зээлийн гэрээ  тус тус байгуулагджээ.

 

3.а. Хариуцагч Б.Э- нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн байна. /1 дэх хавтасны 206 дахь тал/ Иймд дээрх зээлийн гэрээнд хариуцагч хэзээ гарын үсэг зурсан нь тодорхойгүй, уг гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 41,000,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 60,000,000 төгрөгийг бэлнээр Б.Э- хүлээн авсан гэх байдал нэхэмжлэгчийн кассын зарлагын ордер баримтаар үгүйсгэгдэж байна. Иймд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардахад зээлийн гэрээнд заасан зээл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн байх учиртай.

3.б. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтыг иргэний хэрэгт нотлох баримт талууд гаргаж өгсөн болон шүүх талуудын хүсэлтээр цуглуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мөрдөн шалгах зарчим дээр тулгуурлан явагддаг бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  нь талуудын зарчим дээр суурилагддаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-51, 109-111 дүгээр зүйлд заасан журмыг баримталсан нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 109 дүгээр зүйлд заасан журмаар авагдаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

 

4. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолгүй, мөн хуульд заасан журмын дагуу цуглараагүй нотлох баримтыг хасах эсэх асуудлыг шийдвэрлэх байжээ. Ийнхүү шүүх уг асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хангасан нотлох баримт гаргаж өгөх боломжтой болох байжээ.

Дээрх алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан  гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/00129 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,084,248 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                               

                                      ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                                                 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА